Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00977

 

“П” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/03183 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 516 дугаар магадлалтай,

“П” ХХК-ний нэхэмжлэлтэй

“А Т”ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 54 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 82 698 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 10 тоот дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Буянт-Ухаа 1 цогцолбор хорооллын сувгийн сантехник, агааржуулалтын угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Уг гэрээгээр “П” ХХК нь өөрийн механизм тоног төхөөрөмжөөр сувгийн сантехникийн угсралтын үл хөдлөх тулгуур, труба хоолой угсрах, худгийн хаалт, арматурын угсралтын ажил, труба, хоолойн дулаалгын ажил болон дулааны шугамын 1, 2 дугаар хэлхээний дулаан, цэвэр усны шугам сүлжээг үл нэвтрэх суваг сантехникийн холбогдолтой угсралтын ажлыг гүйцэтгэн захиалагчийн мэдэлд шилжүүлэх бөгөөд нийт ажлын хөлс 200 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Гэрээ байгуулсны дараа “П” ХХК нь салхивчийн ажлыг хийхээ больсон учир талууд амаар тохиролцож гэрээний үндсэн төлбөрийг 150 000 000 төгрөг болгон бууруулсан. Буянт-Ухаа 1 хорооллын ажил бүрэн дуусч барилгыг “П” ХХК, “А Т”ХХК болон Төрийн орон сууцны корпораци зэрэг байгууллагууд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 53/2015 тоот эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар хүлээлцсэн. Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн боловч “А Т”ХХК нь 96 000 000 төгрөгийг төлж, үлдэх 54 000 000 төгрөгийг төлөхгүй гэдэг. Ажил хүлээлцэхээс өмнө нэмэлт 48 000 000 төгрөг шилжүүлж түүгээр компенсатор авч тавьсан бөгөөд уг мөнгийг ажлын хөлсөнд орохгүй тусдаа шилжүүлсэн. Ажлын захиалагч нь ТОСК бөгөөд гүйцэтгэгч нь “А Т”ХХК болон “П” ХХК юм. Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийн үлдэгдэл 54 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “А Т”ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажлын хөлсөнд 96 000 000 төгрөгийг шилжүүлсэн. “П” ХХК нь гүйцэтгэсэн ажлаа манай компанид биш Төрийн орон сууцны корпорацид хүлээлгэн өгсөн. “П” ХХК нь үлдэгдэл ажлаа хийлгүй орхиод явсан тул Оновчлол ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн. Гэрээгээр сувгийн сантехник угсралтын ажлыг хийхээр тохирсон. “П” ХХК нь гүйцэтгэсэн ажлаа чанаргүй хийсэн боловч цаг хугацаанд шахагдаж ТОСК ТӨҮГазар хүлээн авсан. 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ”А Т”ХХК нь “П” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан, ТОСК ТӨҮГ-ын захиалгаар Буянт Ухаа-1 хорооллын инженерийн шугам сүлжээний хонгилийн системийн ажлыг гүйцэтгүүлж нийт 149 000 000 төгрөгийг “П” ХХК-д санхүүжилтээр олгосон. “П” ХХК-ийн угсралтын ажил чанарын шаардлага хангаагүйгээс ТОСК ТӨҮГ нь нийт 36 удаа албан тоот хүргүүлж ажлаа стандартын дагуу хийхийг шаардаж мөн 2013 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 322 тоот, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 252 тоот албан бичгээр гэрээг шинэчлэн хийх буюу гэрээнд өөрчлөлт оруулах, албан ёсоор хариу өгөөгүй тохиолдолд гэрээг цуцлах хүсэлт явуулсан ч хариу ирүүлээгүй тул гэрээг цуцалсан гэж үзэн ажлыг үргэлжлүүлсэн. Гэрээний нийт дүн 200 000 000 төгрөгөөс “П” ХХК-д 149.000.000 төгрөгийн санхүүжилт олгож, үлдэгдэл 51 000 000 төгрөгийг гэрээ цуцалсан үндэслэлээр олгоогүй. Тус компани нь ТОСК ТӨҮГ-тай үндсэн гэрээгээр 2 888 001 354 төгрөг, нэмэлт гэрээний ажлын хүрээнд төсөв зурагт ороогүй ажил 192 745 905 төгрөг, төсөвт суугаагүй буюу 2-р хэлхээний шугамын 362 427 050 төгрөгийн ажлуудыг гүйцэтгэсэн боловч “П” ХХК-ийн шугам сүлжээний гүйцэтгэлийн ажил стандартын бус чанаргүй байсан учраас нэмэгдэл ажлын төсвийн дүн 555 172 955 төгрөг авахаас “А Т”ХХК-ийн хийгдээгүй ажлын 152 958 940 төгрөгийг хасч, 402 214 015 төгрөг авах байснаас “П” ХХК-ийн ажил чанар хангаагүйн улмаас 109 905 935 төгрөгийн ажлын гүйцэтгэл нэмэлт гэрээгээр авч 292 308 080 төгрөгийн алдагдал хүлээсэн. Захиалагч ТОСК ТӨҮГ гүйцэтгэгч “П” ХХК-ийн хооронд хийсэн 29 389 270 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээний материалын үнэ 56 000 000 төгрөгийг “А Т”ХХК гаргасан боловч ТОСК ТӨҮГ нь уг материалын үнийг төсвийн гүйцэтгэлээс хасч тооцсон тул “П” ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд чанарын баталгаа 7 450 000 төгрөг, НӨАТ-ын үлдэгдэл 16 000 000 төгрөг, магадлашгүй ажлын зардал 2 980 000 төгрөг, нормчлолын сангийн шимтгэл 268 200 төгрөг, нийт 82 698 200 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүн 82 698 200 төгрөгийг ямар үндэслэлээр бодсон нь тодорхойгүй байна. Нийт шилжүүлсэн мөнгө 200 000 000 төгрөгөөс хасч тооцохдоо гэрээний үндсэн төлбөр бус 48 000 000 төгрөгийг хасчээ. Энэ мөнгө нь гэрээнээс тусдаа нийлүүлсэн компенсаторыг худалдан авсан үнэ юм. Оновчлол ХХК-тай байгуулсан гэрээний ажил нь “А Т”ХХК-тай “П” ХХК-ийн байгуулсан ажлаас өөр тусдаа ажил байсан юмаа. Манайд 149 000 000 төгрөгийг шилжүүлээгүй 96 000 000 төгрөг шилжүүлсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/03183 дугаар шийдвэрээр Иргэний хээлийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч ”А Т”ХХК-иас 51 000 000 төгрөгийг гаргуулан ”П” ХХК-д олгож, үлдэх 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол болох 82 698 200 төгрөгийг “П” ХХК-иас гаргуулах тухай “А Т”ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2. дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428 000 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 571 441 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 412 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 516 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/03183 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэг. Үндсэн нэхэмжлэлийн талаар: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнээгүй, давж заалдах шатны шүүх ч мөн адил дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Ажил гүйцэтгэх гэрээ бусад гэрээнээс ялгагдах ялангуяа хөлсөөр ажиллах гэрээнээс ялгаж байдаг онцлог шинж нь “ажлын үр дүнг нийлүүлэх” үүрэг байхаар хуульд заасан. Гол нь ажлын үр дүн бөгөөд ажлыг захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг талууд 2013 оны 9 сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 1.4-т заасан байна. Мөн хуулийн 343.3-т “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан, мөн гэрээнд заасаар байхад “П” ХХК нь захиалагч “А Т”ХХК-д биш, ТОСК-т хүлээлгэн өгсөн, улмаар улсын комисс хүлээн авсан мэтээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүйн зэрэгцээ хуулийн дээрх заалтуудтай нийцэхгүй байна. 2013 оны 9 сарын 10-ны өдөр “А Т”“П” ХХК-иудын хооронд ажил гүйцэтгэх 10 дугаартай гэрээ байгуулагдаж, гэрээгээр гүйцэтгэх ажлыг тохиролцсон. Гэрээний явцад “П” ХХК нь ажлаа гэрээнд заасан хугацаанд нь, чанартай хийж гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн тодорхой хэмжээний ажил нь чанаргүй, шаардлага хангахгүй байсан тул гэрээгээ цуцалсан. Гэрээ цуцлах, ажлын чанарын талаар 2013 оны 12 сарын 24-ний өдөр 323 дугаартай гэрээ цуцлах мэдэгдэл, 2014 оны 6 сарын 21-ний гэрээ цуцлах, өөрчлөлт оруулах мэдэгдэл, 2014 оны 7 сарын 24-ний өдөр 14/252 дугаартай гүйцэтгэсэн ажлын чанарын талаарх мэдэгдлүүдээ тус тус хүргүүлсэн, хүлээн авсан боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй. Иргэний хуулийн заалт болон гэрээнд “ажлын үр дүнг хүлээн авч” хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг нь зөвхөн гэрээний талуудад байна. Харин “П” ХХК нь “А Т”ХХК-нд ажлыг хүлээлгэн өгөөгүй, гэрээ цуцлагдсан, харин “П” ХХК-д хийсэн ажилд нь тохирсон хөлс 96 000 000 төгрөг төлсөн. Хоёр: Сөрөг нэхэмжлэлийн талаар: Нэгэнт “П” ХХК-тай гэрээ цуцлагдсан учраас “П” ХХК-ний дутуу орхисон ажлуудыг иргэн З.Оргилоор, Оновчлол ХХК-иар үлдэх ажлыг гүйцэтгүүлж дуусгасан. “П” ХХК нь гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгсөн гэж байгаа боловч манай компанид хүлээлгэж өгөөгүй, Төрийн орон сууцны корпорацид хүлээлгэн өгсөн байдаг. “П” ХХК нь үлдэгдэл ажлаа хийлгүйгээр орхиод явсан тул үлдсэн ажлыг манайх Оновчлол ХХК-тай гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн. Ажлын гүйцэтгэлийн явцад ““П”” ХХК-ийн шугам сүлжээний угсралтын ажил чанарын шаардлага хангаагүйн улмаас ТОСК ТӨҮГ нь удаа дараалан нийт 36 удаа албан тоот хүргүүлж угсралтын ажлыг стандартын дагуу хийхийг шаардаж байсан. Иймд гэрээний дагуу чанарын шаардлага хангасан угсралтын ажил хийхийг ““П”” ХХК-д шаардлага хүргүүлж байсан боловч тус компаниас албан ёсны хариу ирүүлээгүй тул гэрээг цуцалсан хэмээн үзэж ажлыг цааш үргэлжлүүлсэн болно. Нийт гэрээний дүн 200.000.000 төгрөг, үүнээс ““П”" ХХК-ийн авсан санхүүжилт 149.000.000 төгрөг үлдэгдэл 51.000.000 төгрөгний санхүүжилтыг дээрх гэрээг цуцалсан үндэслэлээр олгоогүй болно. Тус компани нь ТОСК ТӨҮГ-тай үндсэн гэрээгээр 2 888 001 354 төгрөг, нэмэлт гэрээний ажлын хүрээнд төсөв зурагт ороогүй ажил 192 745 905 төгрөг, төсөвт суугаагүй ажил буюу 2-р хэлхээний шугамын ажил 362 427 050 төгрөгийн ажлуудыг гүйцэтгэсэн боловч ““П”” ХХК-ийн шугам сүлжээний гүйцэтгэлийн ажил стандартын бус чанаргүй байсан учраас нэмэгдэл ажлын төсвийн дүн /362 427 050+192 745 905/ 555 172 955 төгрөг авах байснаас “Атимос трейд” ХХК-ийн хийгдээгүй ажлын 152 958 940 төгрөг хасаж үлдэгдэл 402 214 015 төгрөг авах тооцооноос ““П”” ХХК-ийн ажлын чанар хангаагүйгээс 109 905 935 төгрөгийн ажлын гүйцэтгэлээ нэмэлт гэрээгээр авч 292 308 080 төгрөгийн алдагдлыг тус компани хүлээсэн болно. Гэрээ ёсоор бол сувгийн сантехник угсралтын ажлыг хийхээр тохирсон. “П” ХХК нь гүйцэтгэсэн ажлаа чанаргүй хийсэн боловч цаг хугацаанд шахагдаж Төрийн орон сууцны корпораци хүлээн авсан. 2013 оны 9 сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Иймд учирсан хохирлоо “П” ХХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарсныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гурав: Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээт ажлын гүйцэтгэл, дутуу ажлын хийж гүйцэтгэсэн З.Оргил нь маргааныг эцэслэн шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэрч байхад шүүх хүсэлтийг хангаагүй, гэрчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь хэргийн бодит үнэнийг тогтоож чадаагүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх зохигч талуудын хооронд үүссэн ажил гүйцэтгэх харилцааг зөв тодорхойлсон хэдий ч нэхэмжлэлийн шаардлагын талаарх бодит байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.3, 118.5-д заасан зохицуулалттай нийцэхгүй болжээ.

Нэхэмжлэгч “П” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч “А Т”ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 54 000 000 сая төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 82 698 200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон “А Т”ХХК, “П” ХХКомпанийн байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл нь гүйцэтгэх ажил байдаг бөгөөд ажлын үр дүнг тодорхой тохирсон байх ёстой байна.  

Ажил гүйцэтгэх гэрээнд “П” ХХК нь “Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр баригдаж буй Буянт-Ухаа хорооллын дотуур явж байгаа дулааны шугамын 1, 2 дугаар хэлхээний дулаан, цэвэр усны шугам сүлжээг үл нэвтрэх сувгийн санхтехникийн угсралтын үл хөдлөх тулгуур, труба хоолой угсрах, худгийн хаалт, арматурын угсралтын ажил, труба хоолойн дулаалгын ажил, салхивч агааржуулалтын угсралтын ажил хийж гүйцэтгэх” гэж бий болох ажлын үр дүнг тусгасан боловч салхивч, агааржуулалтын ажлыг гэрээний үүргээс хасч, ажлын хөлсний үнийг өөрчилжээ. /хх 8-9 дэх тал/

Харин ажлын үр дүнг бий болгохын тулд хийсэн ажлын талаар гэрээний талууд зөрүүтэй тайлбар гарган мэтгэлцэж, нэхэмжлэгч нь ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэсэн бол хариуцагч ажлаа дутуу орхиж явснаас бусдаар ажлыг гүйцэтгүүлж, хохирол учирсан гэж мэтгэлцсэн байна.

Хоёр шатны шүүх маргааны зүйлийг тодорхойлж чадаагүйгээс ач холбогдол бүхий үйл баримтыг анхаараагүй, маргааны бодит үйл баримт тогтоогдоогүй тул хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх боломжгүй гэж үзэв.  

Зохигч талууд ажлын үр дүн бүрэн бий болсон эсэх талаар маргахдаа хийсэн ажлыг нэрлэн заасан, ажлын үр дүнг бий болгоход хийвэл зохих ажлыг зөрүүтэй тайлбарласан байхад энэ талаар тодруулаагүйгээс гэрээнд заасан ажлаас аль нь биелэгдсэн, ажлын үр дүнг бий болсон эсэхийг дүгнэх боломжгүйд хүрчээ. “А Т”ХХК-ийн Оновчлол ХХКомпаниар гүйцэтгүүлсэн ажлыг “П” ХХК болон “А Т”ХХКомпанийн хооронд  гэрээгээр тохирсон ажилд хамаарахгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий баримтад тулгуурлаж чадаагүй байна.

Хариуцагч нь гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчид 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 323, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 14/252 тоот албан бичгээр, ажлын доголдлыг арилгах талаар 2014 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 14/234 тоот албан бичгээр мэдэгдсэн гэдгээ нотлоогүйгээс гадна гэрээнд заасан ямар ажлыг нэхэмжлэгч хийж гүйцэтгээгүй талаар тодорхой үндэслэл, тооцоо гаргаагүй байна. 

“П” ХХК нь ерөнхий захиалагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГазарт гүйцэтгэсэн ажлыг 2013 оны 10 дугаар сарын 25, 2014 оны 01 дүгээр сарын 23, 12 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд шалгуулан, акт үйлдсэн нь хэргийн 12-22, 71-77 дугаар талд авагдсан Гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт, цэвэр усан хангамжийн системийг угсарсан сорилтоор шалгасан акт, тоног төхөөрөмж хүлээлцсэн акт зэрэг баримтуудаар тогтоогдсон байх боловч энэ баримтад дурдсан ажил нь ажлын үр дүн бүхэлдээ, эсвэл тодорхой хэмжээний ажил эсэхийг талуудаас тодруулаагүй, зохигч бүрэн мэтгэлцэж чадаагүй байв.

Буянт-Ухаа 1 хорооллын инженерийн шугам сүлжээний хонгилын системийн ажлын хүрээнд хийгдсэн дулааны шугам сүлжээ, дулаанжуулалтын тоноглол, дулаан дамжуулах төвийн барилга байгууламжийг улсын комисс хүлээн авч 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 53/2015 тоот акт үйлдсэн, “П” ХХКомпани уг актыг үйлдэхэд туслан гүйцэтгэгчийн хувьд оролцсон хэдий ч ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн эсэх талаар ажил гүйцэтгэх гэрээний талууд маргасан тохиолдолд гэрээний талууд үүргээ биелүүлсэн эсэхийг дүгнэх шаардлагатай юм.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль буюу шүүхийн шийдвэрт заасан этгээдэд хүлээлгэн өгснөөр үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэж үзэхийг заажээ. “П” ХХК нь “А Т”ХХКомпанид ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч ерөнхий захиалагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГазарт ажлыг хүлээлгэн өгснийг “А Т”ХХК хүлээн зөвшөөрч, ажлын хөлсийг “П” ХХКомпанид төлж байсан байх тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар ажил гүйцэтгэгч “П” ХХК нь “А Т”ХХКомпанид дээрх баримтын хэмжээнд ажлыг хүлээлгэн өгсөн гэж үзнэ. Харин энэ нь ажлын үр дүн бүхэлдээ гэж үзэх эсэхийг дүгнэх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс  “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГазрын эрх бүхий этгээдэд ажлыг хүлээлгэн өгсөн эдгээр баримтад тулгуурлаж, ажлын үр дүнг бий болгосон гэж байгаа бол хариуцагч энэ нь ажлын үр дүн бүхэлдээ биш гэж маргасан тул шүүх “П” ХХК-ийн хийсэн ажлын хэмжээг тодруулах шаардлагатай байжээ. 

Ажил хүлээлгэн өгч, ажлын чанарыг шалгуулсан актуудаас үзэхэд “П” ХХКомпанийг төлөөлж З.Оргил оролцож байсан байх ба З.Оргил нь Оновчлол ХХК-ийн захирал байгаагаас үзвэл Оновчлол ХХК-ийн гүйцэтгэсэн ажил зохигч талуудын гэрээнд заасан ажилд хамаарах эсэхийг тодруулах боломжтой байхад хэргийн оролцогч аль аль анхаараагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцдэг. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогч өөрөө олж авах боломжгүй бол нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх талаар хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заажээ.

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадаагүй, хэргийн бодит байдал тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5  дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/03183 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 516 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 428 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 551 441 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА