Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1772

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-92, Юу би платинум оффис центр 705 тоот хаягт байрлах П ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Бага тойруу, 48 дугаар байр 14 давхар 1401 тоот хаягт байрлах А ХХК-д холбогдох

54,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 82,698,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.Амарбат, хариуцагчийн төлөөлөгч Ц.Хишигжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П  ХХК нь барилгын дулаан хангамжийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг. А ХХК нь 2013 оны 9 сарын 10-ны өдөр 10 тоот дугаартай ажил гүйцэтгэх гэрээг П  ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээгээр захиалагч А ХХК нь манай компаниар Буянт-Ухаа 1 цогцолбор хорооллын сувгийн сантехник, агааржуулалтын угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон бөгөөд гэрээний үндсэн дээр дараах ажлыг П  ХХК гүйцэтгэхээр болсон. Үүнд: Сувгийн сантехникийн угсралтын үл хөдлөх тулгуур, труба хоолой угсралтын ажил, худгийн хаалт, арматурын угсралтын ажил, труба, хоолойн дулаалгын ажил, дулааны шугамын 1,2 дугаар хэлхээний дулаан, цэвэр усны шугам сүлжээг үл нэвтрэх суваг сантехникийн холбогдолтой угсралтын ажил багтсан. Дээрх ажлыг ажил гүйцэтгэгч болох П  ХХК нь өөрийн механизм тоног төхөөрөмжөөр гүйцэтгэн захиалагчийн мэдэлд шилжүүлэх бөгөөд нийт ажлын хөлсийг 200,000,000 төгрөг байхаар талууд тохиролцсон. Гэрээ хийсний дараа салхивчийн ажлыг хийхээ больсон учраас талууд амаар тохиролцож гэрээний үндсэн төлбөрийг 150,000,000 төгрөг болгож бууруулсан. П  ХХК нь ажил гүйцэтгэх хугацаандаа А ХХК-ийн зүгээс тавьсан шаардлагуудыг заасан хугацаанд нь залруулж шийдвэрлэсээр ирсэн бөгөөд тухай бүр хийсэн ажлын биелэлтийг сорилтын акт үйлдэн баталгаажуулж байсан.Мөн Буянт-Ухаа 1 хорооллын ажил бүрэн дуусаж барилгыг П  ХХК, А ХХК болон Төрийн орон сууцны корпораци зэрэг байгууллагуудын 2015 оны 12 сарын 14-ний өдрийн 53/2015 тоот “Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-аар хүлээлцсэн. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байхад А ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөөс нийт 96,000,000 төгрөгийг манай компанид төлж, үлдэх 54,000,000 төгрөгийг манай компанид өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа бөгөөд төлөхгүй гэсэн тайлбар гаргадаг. Манай компанийн зүгээс 2015 оны 11 сарын 10-ны өдөр 015/81 тоот албан бичгээр А ХХК-д хандан 2013 оны 9 сарын 10-ны өдрийн 10 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг улсын комисс 2015 оны 12 сарын 14-ний өдөр эцсийн байдлаар хүлээн авсан тул гэрээний үлдэгдэл төлбөр болох 54,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа тухайгаа мэдэгдсэн. Мэдэгдэл хүргүүлсний дараа гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрч байна. Түүнчлэн 2017 оны 1 сарын 6-ны өдөр 01/01 тоот албан бичгээр А ХХК-д үлдэгдэл 54,000,000 төгрөгийг төлөхгүй бол шүүхэд хандах агуулга бүхий мэдэгдлийг хүргүүлсэн. Ажил хүлээлцэхээс өмнө нэмэлт 48,000,000 төгрөгийг шилжүүлж түүгээр компенсатор авч тавьсан. Энэ 48,000,000 төгрөг ажлын хөлсөнд орохгүй тусдаа шилжүүлсэн юм. Бидний хооронд байгуулсан гэрээнд гэрээг цуцлах нөхцөл байгаа, мэдэгдэл өгөөд мэдэгдлийн хариу өгөөгүй тул гэрээг цуцалсан гээд байгаа юм бол Төрийн орон сууцны корпорацид ажил хүлээлцэхэд П  ХХК ажил хүлээлгэн өгөхөөр явж байсан бөгөөд энэ үед А өөрөө хамт явж байсан тул гэрээ цуцлагдаагүй гэдгийг давхар нотолж байна. Бид гүйцэтгэсэн ажлаа Төрийн орон сууцны корпорацид хүлээлгэн өгсөн. Үүнийг Атмимос хүлээн зөвшөөрсөн. Энэ ажлын захиалагч нь Төрийн орон сууцны корпораци  бөгөөд гүйцэтгэгч нь А ХХК болон П  ХХК юм. Гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж А ХХК-д удаа дараа мэдэгдэл хүргүүлэхэд албан ёсны хариу ирүүлээгүй, биечлэн уулзахад амаараа төлбөрийг төлөхгүй гэдэг учир П  ХХК-ийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл болох 54,000,000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.” гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай А ХХК нь нэхэмжлэгч П  ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь үнэн. Ажлын хөлсөнд 96,000,000 төгрөгийг шилжүүлсэн. П  ХХК нь гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгсөн гэж байгаа боловч манай компанид хүлээлгэж өгөөгүй, Төрийн орон сууцны корпорацид хүлээлгэн өгсөн байдаг. П  ХХК нь үлдэгдэл ажлаа хийлгүйгээр орхиод явсан тул үлдсэн ажлыг манайх Оновчлол ХХК-тай гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн. Гэрээ ёсоор бол сувгийн сантехник угсралтын ажлыг хийхээр тохирсон. П  ХХК нь гүйцэтгэсэн ажлаа чанаргүй хийсэн боловч цаг хугацаанд шахагдаж Төрийн орон сууцны корпораци хүлээн авсан. 2013 оны 9 сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.” гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А ХХК нь П  ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан Буянт-Ухаа 1 хорооллын инженерийн шугам сүлжээний хонгилын системийн ажлыг Төрийн орон сууцны корпораци  ТӨҮГ-ын захиалгаар гүйцэтгэсэн ба ажлын гүйцэтгэлээр нийт 149,000,000 төгрөгийг П  ХХК-д санхүүжилтээр олгосон болно. Ажлын гүйцэтгэлийн явцад П  ХХК-ийн шугам сүлжээний угсралтын ажил чанарын шаардлага хангаагүйн улмаас Төрийн орон сууцны корпораци  ТӨҮГ нь удаа дараалан нийт 36 удаа албан тоот хүргүүлж угсралтын ажлыг стандартын дагуу хийхийг шаардаж байсан тул П  ХХК-д удаа дараа шаардлага хүргүүлж байсан боловч тус компаниас албан ёсны хариу ирүүлээгүй болно. А ХХК-ийн зүгээс 2013 оны 12 сарын 24-ний 322 тоот, 2014 оны 7 сарын 24-ний өдрийн 252 тоот албан бичгээр гэрээг шинэчлэн хийх буюу хуульд заасны дагуу тусгагдаагүй нөхцлүүдийг үндэслэн гэрээнд өөрчлөлт оруулах мөн албан ёсоор хариу өгөөгүй тохиолдолд гэрээг цуцлах хүсэлтийг явуулсан боловч хариу ирүүлээгүй болно. Иймд гэрээг цуцалсан хэмээн үзэж ажлыг цааш үргэлжлүүлсэн болно. Бидний хооронд хийгдсэн гэрээний нийт дүн 200,000,000 төгрөг, үүнээс П  ХХК-ийн авсан санхүүжилт 149,000,000 төгрөг, үлдэгдэл 51,000,000 төгрөгийн санхүүжилтийг дээрх гэрээг цуцалсан үндэслэлээр олгоогүй болно. Тус компани нь Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-тай үндсэн гэрээгээр 2,888,001,354 төгрөг, нэмэлт гэрээний ажлын хүрээнд төсөв зурагт ороогүй ажил 192,745,905 төгрөг, төсөвт суугаагүй ажил буюу 2-р хэлхээний шугамын ажил 362,427,050 төгрөгийн ажлуудыг гүйцэтгэсэн боловч П  ХХК-ийн шугам сүлжээний гүйцэтгэлийн ажил стандартын бус чанаргүй байсан учраас нэмэгдэл ажлын төсвийн дүн 555,172,955 төгрөг авах байснаас А ХХК-ийн хийгдээгүй ажлын 152,958,940 төгрөг хасаж, үлдэгдэл 402,214,015 төгрөг авах тооцооноос П  ХХК-ийн ажлын чанар хангаагүйгээс 109,905,935 төгрөгийн ажлын гүйцэтгэлээ нэмэлт гэрээгээр авч 292,308,080 төгрөгийн алдагдлыг тус компани хүлээсэн болно. Захиалагч Төрийн орон сууцны корпораци  ТӨҮГ, гүйцэтгэгч А ХХК хоёрын хооронд хийсэн гэрээ болон П  ХХК-ын ажлын гүйцэтгэлийг үндэслэн дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Захиалагч Төрийн орон сууцны корпораци  ТӨҮГ гүйцэтгэгч П  ХХК хоёрын хооронд хийсэн 29,389,270 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээний материалын үнэ 56,000,000 төгрөгийг А ХХК гаргасан боловч Төрийн орон сууцны корпораци  ТӨҮГ нь уг материалын үнийг төсвийн гүйцэтгэлээс хасаж тооцсон тул П  ХХК-аас нэхэмжилж байна. Энэ нь 2016 оны 1 сарын 18-ны өдрийн гүйцэтгэгч А ХХК захиалагч Төрийн орон сууцны корпораци  ТӨҮГ нарын тооцоо нийлсэн протокол дээрээс тодорхой харагдана. Нийт 149 сая төгрөгийн чанарын баталгаа 5 хувь болох 7,450,000 төгрөг, НӨАТ-ын үлдэгдэл /149 сая-133 сая/ 16,000,000 төгрөг, магадлашгүй ажлын зардал /149 сая 2%/ 2,980,000 төгрөг, нормчлолын сангийн шимтгэл /149 сая 0,18%/ 268,200 төгрөг, нийт 82,698,200 төгрөгийг гэрээнээс учирсан хохиролд нэхэмжилж байна. П  ХХК нь өөрийн албан ёсны хариуг удаа дараалан албан тоотоор ирүүлээгүйн улмаас тус компанийн үүргийг Оновчлол ХХК-ийн захирал З.Оргил ажлыг гүйцэтгэж дуусгасан болно. П  ХХК-д түншлэлийн гэрээг цуцалсан гэж хуулийн дагуу тооцож байна. Улсын комиссын акт болон шугам сүлжээний ажлын гүйцэтгэлийн акт дээр П  ХХК-ийн захирал Энхтүвшин болон түүний төлөөлөл гарын үсэг зураагүй бөгөөд Оновчлол компанийн захирал З.Оргил нь П  ХХК-ийн өмнөөс ажлыг хүлээлгэж өгсөн болно. Захиалагч Төрийн орон сууцны корпораци  ТӨҮГ гүйцэтгэгч А ХХК-ийн тооцоо нийлсэн протокол, ажлын гүйцэтгэл, дүгнэсэн акт дээр П  ХХК-ийн төлөөлөгч оролцоогүй нь уг компани түншлэлийн гэрээнээс татгалзсаныг нотолж байна. Иймд П  ХХК-аас 82,698,200 төгрөгийг гаргуулж А ХХК- д олгуулж өгнө үү гэв.” гэв.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага 82,698,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнг ямар үндэслэлээр бодсон нь тодорхойгүй байна. Мөн нийт шилжүүлсэн мөнгө 200,000,000 төгрөгөөс хасаж тооцож байгаа бөгөөд ийнхүү тооцохдоо уг гэрээний үндсэн төлбөр бус 48,000,000 төгрөгийг хасаж тооцжээ. Энэ мөнгө нь компенсаторын үнэ гэсэн нэрээр орсон ба манай 2 байгууллагын хооронд байгуулсан гэрээнээс тусдаа нийлүүлсэн компенсаторыг худалдан авсан үнэ юм. Оновчлол ХХК-тай байгуулсан гэх гэрээ нь гүйцэтгэгч Буянт-Ухаа 1 хорооллын дулаан цэвэр усны шугамын тунелын дам нуруунд краныг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож хийгдсэн ба энэ ажил нь А ХХК-тай П  ХХК-ийн байгуулсан ажлаас өөр тусдаа ажил байсан юм. Манайд 149 сая төгрөгийг шилжүүлээгүй 96 сая төгрөгийг шилжүүлсэн. Сөрөг нэхэмжлэлд НӨАТ-ын үлдэгдэл суутган төлөх ёстой гэсэн байна. Энэ нь бидний хооронд байгуулсан гэрээнд ороогүй бөгөөд гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2013 оны 12 сарын 23-ны өдрийн гэрээнд 16 сая төгрөг төлсөн тухай баримт байхгүй байна. Мөн 149 сая төгрөгийн чанарын баталгаа 5 хувь гэдэг нь үндсэн гүйцэтгэгч нь өөрөө хариуцлагаа хүлээнэ гэсэн байгаа П  ХХК хариуцна гэсэн зүйл байхгүй, энэ 5 хувийн шаардах эрх үүссэн эсэх нь тодорхойгүй, магадлашгүй ажлын зардал П  ХХК, Атимос ХХК хоёрын хооронд хийсэн гэрээнд байхгүй, нормчлолын сангийн шимтгэл ч мөн адил байхгүй, гэрээ бол материал нийлүүлэх гэрээ биш ажил гүйцэтгэх гэрээ юм. 29,389,270 төгрөг гэж байгаа нь Атимос ХХК, Төрийн орон сууцны корпораци  хоёрын хооронд тооцоо нийлсэн протоколоос харагдаж байгаа бөгөөд шилжүүлсэн мөнгөн дүнд нь ч энэ байхгүй байна. З.Оргил нь П  ХХК-д 2014 оныг дуустал ажилласан. Оновчлол ХХК-ийн гүйцэтгэсэн ажил нь манай ажлыг үргэлжлүүлээд хийсэн ажил биш юм. Манайд ажлаа хийчхээд хийсэн гэрээ байдаг. Энэ гэрээгээр хийх ажил нь тунелийн дам нуруу краныг суурилуулах ажил хийх гэж байгаа гэтэл гэрээгээр хийх манай ажил шал өөр ажил байгаа. 2013 оны 12 сарын 12-нд ажил гараад тус тусдаа хийсэн байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П  ХХК нь А ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 54,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч П  ХХК-ийг ажлаа хүлээлгэж өгөөгүй, дутуу орхиж явсан, гэрээг цуцалсан, гүйцэтгэсэн ажилдаа тохирсон хөлсөө авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ болон П  ХХК-ийн хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний материалын үнэ 56,000,000 төгрөгийг А ХХК гаргасан боловч Төрийн орон сууцны корпораци материалын үнийг төсвийн гүйцэтгэлээс хасч тооцсон тул 56,000,000 төгрөгийг, нийт 149 сая төгрөгийн ажлын гүйцэтгэлийн чанарын баталгаа болох 5 хувьтай тэнцэх 7,450,000 төгрөг, НӨАТ-ын үлдэгдэл 16,000,000 төгрөг, магадлашгүй ажлын зардал 2,980,000 төгрөг, нормчлолын сангийн шимтгэл 268,200 төгрөг, нийт 82,698,200 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

А ХХК-ийн П  ХХК нарын хооронд 2013 оны 9 сарын 10-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” нэртэй гэрээ /хх-8-11 тал/ байгуулагдаж, П  ХХК нь А ХХК-ийн захиалгын дагуу Буянт-Ухаа хорооллын дотуур явж байгаа үл нэвтрэх сувгийн өргөн / 3,5 м.кв шугамын доторх сантехникийн болон агааржуулалтын угсралтын гүйцэтгэлийн ажлыг буюу 1.сувгийн сантехникийн угсралтын үл хөдлөх тулгуур, труба хоолой угсрах, 2.худгийн хаалт, арматурын угсралтын ажил, 3.труба хоолойн дулаалгын ажил, 4.салхивч агааржуулалтын угсралтын ажлыг өөрийн механизм, тоног төхөөрөмжөөр гүйцэтгэн А ХХК-д хүлээлгэн өгөх, А ХХК нь ажлын хөлсөнд 200,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээтэй холбоотой харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу П  ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг А ХХК-аас шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь талууд салхивч агааржуулалтын ажлыг хийхээ больсон бөгөөд талууд амаар ажлын хөлсийг 150,000,000 төгрөг болгон бууруулан тохиролцсон гэсэн тайлбар гаргасныг хариуцагч үгүйсгээгүй, уг үйл баримтын талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу сувгийн сантехникийн угсралтын үл хөдлөх тулгуур, труба хоолой угсрах ажил, худгийн хаалт, арматурын угсралтын ажил, труба хоолойн дулаалгын ажлуудыг хийж гүйцэтгэн ажлын гүйцэтгэлийг сорилтын актаар баталгаажуулан Төрийн орон сууцны корпорацийн  инженерт хүлээлгэн өгч байсан бөгөөд улмаар Буянт-Ухаа 1 хорооллын ажил бүрэн дуусч барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх үед буюу 2015 оны 12 сарын 14-ний өдөр 53/2015 дугаартай “Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт” /хх-68-70 тал/-аар улсын комисст хүлээлгэн өгснөөр  гэрээт ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

Хариуцагч нь нэхэмжлэгч гэрээт ажлын бүрэн гүйцэд хийгээгүй, актаар хүлээлгэж өгөөгүй, дутуу орхин явсан, үлдсэн ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлсэн бөгөөд нэхэмжлэгч өөрийн гүйцэтгэсэн ажилд тохирсон ажлын хөлсөө авсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

Хэрэгт 2014 оны 1 сарын 23-ны өдрийн огноо бүхий “Гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт”, 2014 оны 1 сарын 23-ны өдрийн огноо бүхий “Гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт”, 2014 оны 1 сарын 23-ны өдрийн огноо бүхий “Гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт”, 2013 оны 10 сарын 25-ны өдрийн огноо бүхий 2 дугаартай “Тоног төхөөрөмж хүлээлцсэн акт”, 2013 оны 10 сарын 25-ны өдрийн огноо бүхий, 3 дугаартай “Цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт”, 2013 оны 10 сарын 25-ны өдрийн огноо бүхий, 4 дугаартай “Гадна дулаан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт”, 2014 оны 12 сарын 9-ний өдрийн огноо бүхий, 5 дугаартай “Тоног төхөөрөмж хүлээлцсэн акт”, 2014 оны 12 сарын 19-ний өдрийн огноо бүхий, 6 дугаартай “Гадна дулаан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт”, 2014 оны 12 сарын 20-ны өдрийн огноо бүхий, 7 дугаартай “Гадна дулаан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт”, 2014 оны 12 сарын 20-ны өдрийн огноо бүхий, 8 дугаартай “Гадна дулаан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт”, 2014 оны 4 сарын 15-ны өдрийн огноо бүхий, 9 дугаартай “Тоног төхөөрөмж хүлээлцсэн акт” зэрэг баримтууд /хх-12-22 тал/ нотлох баримтаар авагдсан бөгөөд уг баримтууд нь Буянт-Ухаа 1 хорооллын гадна цэвэр усны шугамын угсралт, гадна хэрэглээний халуун усны ирэх буцах шугамын угсралт, хүзүүвч нэвтрэх шугамд 2 дугаар хэлхээний шугамуудыг бэхэлсэн үл хөдлөх тулгуур, шугам угсралт, цэвэр усны шугамын угсралт, дулааны шугамын угсралт, хаалт, компенсаторын угсралт, тунелтэй нэвтрэх сувгийн угсралт, сувагт байрлах яндан хоолойн угсралт, үл хөдлөх тулгуурын угсралтын ажилтай холбоотой үйлдэгдсэн актууд байх ба дээрх угсралтын ажлуудыг “сайн” дүнтэй болсон гэсэн тэмдэглэгээг актуудад бичиж захиалагчийн төлөөлөгч Б.Батсайхан хүлээн авсан байна.

Шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын хяналтын инженер Б.Батсайхан дээрх актуудад дурдсан ажлыг П  ХХК гүйцэтгэсэн, ажлыг бүрэн гүйцэтгэсэн бөгөөд ажлын гүйцэтгэлд ямар нэгэн доголдол байгаагүй, П  ХХК-аас өөр этгээд уг ажлыг гүйцэтгээгүй гэсэн мэдүүлгийг өгсөн.

Хэргийн баримт, гэрчийн мэдүүлгээс П  ХХК-ийг А ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан сувгийн сантехникийн угсралтын үл хөдлөх тулгуур, труба хоолой угсрах ажил, худгийн хаалт, арматурын угсралтын ажил, труба хоолойн дулаалгын ажлуудыг бүрэн гүйцэд, ямар нэгэн доголдолгүй гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хариуцагчийн гаргасан П  ХХК нь гэрээт ажлын бүрэн гүйцэд хийгээгүй, дутуу орхин явсан, үлдсэн ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

 Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд Оновчлол ХХК гэх компаниар гүйцэтгүүлсэн гэх ажлын талаар тодруулахад Оновчлол ХХК болон А ХХК нарын хооронд 2013 оны 12 сарын 12-ны өдөр байгуулсан “Туслан гүйцэтгэгчийн гэрээ” нэртэй гэрээ /хх-106-108 тал/-ний дагуу гүйцэтгэгдсэн ажлын талаар тайлбарлаж байх боловч уг ажил нь Буянт-Ухаа 1 хорооллын дулаан цэвэр усны шугамын нэвтрэх шугамын тунелийн дам нуруунд кран суурилуулах ажлын талаарх гэрээ байх ба уг ажил нь А ХХК болон П  ХХК нарын хооронд 2013 оны 9 сарын 10-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан сувгийн сантехникийн угсралтын үл хөдлөх тулгуур, труба хоолой угсралтын ажил, худгийн хаалт, арматурын угсралтын ажил, труба хоолойн дулаалгын ажлын хүрээнд гүйцэтгэгдсэн ажил гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Оновчлол ХХК болон А ХХК нарын хооронд 2013 оны 12 сарын 12-ны өдөр байгуулсан “Туслан гүйцэтгэгчийн гэрээ” нэртэй гэрээнд заасан Буянт-Ухаа 1 хорооллын дулаан цэвэр усны шугамын нэвтрэх шугамын тунелийн дам нуруунд кран суурилуулах ажлаас өөр ажлыг Оновчлол ХХК-аар гүйцэтгүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хариуцагчийн зүгээс энэ талаар ямар нэгэн баримт гаргаж, нотлоогүй болно.

Хариуцагчийн гаргасан ажлыг хүлээлгэн өгөөгүй гэх тайлбарын хувьд нэхэмжлэгч тал хариуцагчид гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн баримт байхгүй хэдий ч талуудын маргаж буй үйл баримттай холбоотой барилга байгууламжийг улсын комисс 2015 онд хүлээн авч ашиглалтад орсон, тус улсын комиссын бүрэлдэхүүнд зохигчид өөрсдөө багтсан байгаа, мөн үүнээс хойш хариуцагч ажлын үр дүн, чанар доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргасан талаар баримтгүй байх тул нэхэмжлэгчийг ажлын үр дүнгээ хүлээлгэн өгсөн гэж үзнэ.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу А ХХК нь П  ХХК-д 2013 оны 9 сарын 10-ны өдөр 25,000,000 төгрөг /хх-111 тал/, 2013 оны 9 сарын 18-ны өдөр 15,000,000 төгрөг /хх-112 тал/, 2013 оны 10 сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөг /хх-113 тал/, 2013 оны 12 сарын 3-ны өдөр 1,000,000 төгрөг /хх-115 тал/, 2013 оны 12 сарын 11-ний өдөр 25,000,000 төгрөг /хх-115 тал/, 2014 оны 5 сарын 2-ны өдөр 5,000,000 төгрөг /хх-117 тал/, 2014 оны 5 сарын 23-ны өдөр 1,500,000 төгрөг /хх-119 тал/, 2014 оны 4 сарын 6-ны өдөр 500,000 төгрөг /хх-122 тал/, нийт 93,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдож байх боловч нэхэмжлэгч ажлын хөлсөнд нийт 96,000,000 төгрөг авсан гэсэн тайлбарыг гаргасан байх тул А ХХК-ийг П  ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд нийт 96,000,000 төгрөг төлсөн гэж үзэв.

А ХХК нь П  ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх 150,000,000 төгрөгөөс 96,000,000 төгрөгийг төлсөн байх тул төлөөгүй үлдсэн төлбөрийн хэмжээг 54,000,000 төгрөг гэж үзнэ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2013 оны 9 сарын 12-ны өдрийн 48,000,000 төгрөгийн баримт /хх-114 тал/ нь компенсаторын үнэ гэсэн гүйлгээний утгатай, 2014 оны 3 сарын 22-ны өдрийн 2,000,000 төгрөгийн баримт /хх-116 тал/,  2014 оны 5 сарын 16-ны өдрийн 500,000 төгрөгийн баримт /хх-118 тал/, 2014 оны 6 сарын 11-ний өдрийн 2,000,000 төгрөгийн баримт /хх-120 тал/, 2014 оны 7 сарын 29-ны өдөр 2,000,000 төгрөгийн баримт /хх-121 тал/ 2015 оны 8 сарын 24-ний өдрийн 1,500,000 төгрөгийн баримт /хх-123 тал/-ууд нь мөнгө хүлээн авагчийн гарын үсэг байхгүй байх тул П  ХХК-ийг дээрх мөнгийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр А ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 54,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П  ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

А ХХК нь Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ болон П  ХХК-ийн хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний материалын үнэ 56,000,000 төгрөгийг А ХХК гаргасан боловч Төрийн орон сууцны корпораци материалын үнийг төсвийн гүйцэтгэлээс хасч тооцсон тул 56,000,000 төгрөгийг, нийт 149 сая төгрөгийн ажлын гүйцэтгэлийн чанарын баталгаа болох 5 хувьтай тэнцэх 7,450,000 төгрөг, НӨАТ-ын үлдэгдэл 16,000,000 төгрөг, магадлашгүй ажлын зардал 2,980,000 төгрөг, нормчлолын сангийн шимтгэл 268,200 төгрөг, нийт 82,698,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

Шүүх хуралдаанд Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ болон П  ХХК-ийн хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээ гэдэг нь ямар гэрээ болох, гэрээний материалын үнэ 56,000,000 төгрөг гэсэн дүн хаанаас гарсан дүн болохыг хариуцагчийн төлөөлөгчөөс тодруулахад тодорхой тайлбар хэлээгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлд уг мөнгөн дүнг 2016 оны 1 сарын 18-ны өдөр А ХХК болон Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нарын хооронд тооцоо нийлсэн протокол дээрээс тодорхой харагдана гэж тайлбарласан байна.

Хэрэгт нотлох баримтаар 2016 оны 1 сарын 18-ны өдрийн “Буянт-Ухаа 1 хорооллын инженерийн шугам сүлжээний хонгилын системийн ажлын хүрээнд хийгдсэн дулааны шугам сүлжээ, дулаанжуулалтын тоноглол, дулаан дамжуулах төвийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэсэн А ХХК, захиалагч ТОСК ТӨҮГ-ын тооцоо нийлсэн протокол” нэртэй баримт /хх-100-102 тал/ авагдсан боловч уг баримтаас Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ болон П  ХХК-ийн хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний материалын үнэ 56,000,000 төгрөг гэсэн дүнг тодорхойлон тогтоох боломжгүй байх ба хариуцагч өөрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүргээ биелүүлээгүй, нэхэмжилж буй материалын үнэ гэх мөнгө нь хэзээ, хаанаас, хэн авсан, ямар материалын үнэ болохыг шүүхэд баримтаар нотлоогүй байна.

149 сая төгрөгийн ажлын гүйцэтгэлийн чанарын баталгаа болох 5 хувьтай тэнцэх 7,450,000 төгрөг, НӨАТ-ын үлдэгдэл 16,000,000 төгрөг, магадлашгүй ажлын зардал 2,980,000 төгрөг, нормчлолын сангийн шимтгэл 268,200 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагын хувьд талууд гэрээгээр чанарын баталгаа, НӨАТ, магадлашгүй ажлын зардал, нормчлолын сангийн шимтгэлийн талаар тохиролцоогүй байх тул хариуцагч А ХХК-аас гарсан зардлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд заасан буюу гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд тооцох боломжгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч А ХХК-ийн П  ХХК-д холбогдуулан гаргасан 82,698,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтыг баримтлан хариуцагч А ХХК-аас 54,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П  ХХК-д олгож, хариуцагч А ХХК-ийн П  ХХК-д холбогдуулан гаргасан 82,698,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 9 сарын 6-ны өдөр урьдчилан төлсөн 428,000 төгрөгийн 427,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос, 427,950 төгрөгийг хариуцагч А ХХК-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч П  ХХК-д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 571,441 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.УУГАНБАЯР