Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 960

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 135/2016/00662/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 01-р хороо, *** сургуулийн байр, 2 давхарт байрлах “К**** Маркет” ХХК  /регистрийн дугаар **** , утас 8800***, 9908****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугээр баг, 05-р хороолол, *** байрны *** тоотод оршин суугч С*** овогт Ч**Б*** /регистрийн дугаар ТЗ*** утас 99***/-д  холбогдох ,

 “21,311,000 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С***, хариуцагчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.

                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К**** маркет нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Манай компани нь АНУ-ын мах махан бүтээгдэхүүний экспортоор дэлхийд тэргүүлэгч “Tyson Foods”-ийн албан ёсны борлуулагч, “McCain Foods”-ийн хагас боловсруулсан бүтээгдэхүүний борлуулагчаар тус тус ажиллан зах зээлд тахианы мах болон хагас боловсруулсан төмс нийлүүлэн үйл ажиллагаа явуулдаг болно.
Ч.Б*** нь тус байгууллагаас тахианы мах, махан бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авч төлбөрийг дараа тооцоогоор төлдөг харилцаг юм. 
Ч.Б*** нь 2015 онд 63,744,000 төгрөгийн үлдэгдэл тооцоотой эхэлж үүн дээр нэмж 298,620,000 төгрөгийн барааны татан авалт хийж 341,053,000 төгрөгийг төлсөн бөгөөд 2015 оны 09-р сарын 25-ны өдөр 21,311,000 төгрөгийн үлдэгдэл тооцоотой үлдсэн. 
Манай компаний нягтлан бодогч С.О***, Ч.Б*** нар 2015-2016 онд нийт 3 удаа тооцоо нийлж тооцоо үлдэгдлийн баталгаа үйлдсэн юм. Үүнд:

1.    2015.05.07-ны өдөр 47,304,000 төгрөгт
2.    2015.08.18-ны өдөр 26,158,000 төгрөгт
3.    2016.01.19-ны өдөр 21,311,000 төгрөгт тус тус тооцоо нийлсэн.
2016.01.19-ны өдөр Ч.Б*** нь манай компанид хандан 21,311,000 төгрөгийн тооцоог 2016.01.30-с эхлэн 2016.10.31-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдөр 2,000,000 төгрөгөөр хувааж төлөхөөр хүсэлт гаргаж манай компани хүсэлтийг хүлээн авч хугацаа олгосон боловч тохиролцсон хугацаанд төлбөрийг төлөхгүй төлбөр тооцоотой үргэлжилж бидэнд бараа, бүтээгдэхүүн борлуулсны орлогыг хүлээн авахад саад учруулж үйл ажиллагаанд сөрөг үр дагавар үүсэж байна. 
Иймд  Ч.Б***гээс 21,311,000 (хорин нэгэн сая гурван зуун арван нэгэн мянган) төгрөгийг гаргуулж “К**** маркет” ХХК-д олгож  өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Ч.Б*** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“...К**** Маркет ХХК-аас тахианы цээж, гуя, мөч Зээлээр худалдан авдаг байсан. Тахианы цээж мах, гуя, мөч нь өөр өөр үнэтэй байдаг бөгөөд 1 хайрцагандаа цэвэр жингээр 15 кг байх ёстой бөгөөд хайрцаг нь өөрөө 600-700 гр байдаг.
Гэтэл “К**** Маркет” ХХК манайд тахианы махаа нийлүүлэхдээ дараах байдлаар дутуу нийлүүлдэг байсан. Энэ дутагдлыг тухай бүр нь мэдэгддэг байсан боловч нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцоогүй байх тул дараах үнийг дүнг зөвшөөрөхгүй. Үүнд:
2014.12.27-ны өдөр  -75 кг-412,500 төгрөг,
2014.12.29-ны өдөр  -20 кг-80,000 төгрөг,
2015.01.04-ны өдөр  -50 кг-225,000 төгрөг,
2015.01.10-ны өдөр  -80 кг-350,000 төгрөг,
2015.02.05-ны өдөр  -32 кг-147,500 төгрөг,
2015.03.06-ны өдөр  -114 кг-571,500 төгрөг,
2015.08.04-ны өдөр  -44 кг-381,800 төгрөг,
2015.08.19-ны өдөр  -72 кг-360,000 төгрөг  нийт 2,527,300 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна.” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К**** маркет ХХК нь Ч.Б***гээс бүтээгдэхүүн нийлүүлсний төлбөр болох 21,311,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч Ч.Б*** нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,527,300 төгрөгийг төлөхөөс татгалзаж маргасан болно.

Хариуцагч Ч.Б*** нь 2014 оны 05 дугаар сарын 14-нөөс хойш 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх  хугацаанд нэхэмжлэгч К**** маркет ХХК-иас тахианы цээж мах, гуя, мөч зэрэг бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авч байсан бөгөөд хариуцагч Ч.Б***гийн авсан бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 21,311,000 төгрөг болсон болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хийгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-13/, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ч.Б***гийн К**** маркет ХХК-нд гаргасан  хүсэлт /хх-14/, К**** маркет ХХК-ний 2013 оны 06 дугаар сарын 01-нээс 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх-54-56/ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Ч.Б*** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...“К**** Маркет” ХХК манайд тахианы махаа нийлүүлэхдээ дараах байдлаар дутуу нийлүүлдэг байсан. Энэ дутагдлыг тухай бүр нь мэдэгддэг байсан боловч нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцоогүй байх тул дараах үнийг дүнг зөвшөөрөхгүй. Үүнд: 2014.12.27-ны өдөр  -75 кг-412,500 төгрөг, 2014.12.29-ны өдөр  -20 кг-80,000 төгрөг, 2015.01.04-ны өдөр  -50 кг-225,000 төгрөг, 2015.01.10-ны өдөр  -80 кг-350,000 төгрөг, 2015.02.05-ны өдөр  -32 кг-147,500 төгрөг, 2015.03.06-ны өдөр  -114 кг-571,500 төгрөг, 2015.08.04-ны өдөр  -44 кг-381,800 төгрөг, 2015.08.19-ны өдөр  -72 кг-360,000 төгрөг  нийт 2,527,300 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна” гэсэн тайлбарыг, хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр “...зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж заасан. Гэвч талууд зээлээр худалдах худалдан авах гэрээг хуульд заасны дагуу бичгээр хийгээгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуульд заасан хэлбэрийг зөрчсөн учир хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбарыг тус тус гаргасан болно.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “ эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно”,  262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 263 дугаар зүйлийн 263.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ”,  263.4-д “Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ”  гэж тус тус заасан байна.
Зохигч талууд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасны дагуу гэрээг бичгээр байгуулагаагүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх  үндэслэлтэй байна.
Хариуцагч Ч.Б*** нь “...1 хайрцагандаа цэвэр жингээр 15 кг байх ёстой бөгөөд хайрцаг нь өөрөө 600-700 гр байдаг. Гэтэл К**** маркет ХХК нь манайд тахианы мах нийлүүлэхдээ ...2,527,300 төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутуу нийлүүлсэн” гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч тал нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний доголдлын талаар гомдлын  шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. 
Иймд хариуцагч Ч.Б***гээс бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 21,311,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К**** маркет ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*** нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч тал түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ч.Б***гээс 21,311,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К**** маркет ХХК-нд олгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б***гээс улсын тэмдэгтийн хураамж 264,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К**** маркет ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
 

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                З.ТУНГАЛАГМАА