Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 311

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Г даргалж,

           нарийн бичгийн дарга Б.С,

           улсын яллагч А.Г,

            шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш овогт М.Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1908003930272 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дархад, бүрэн дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, “Алтан Аураг” ХХК-д засварчин ажилтай, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 34 дүгээр гудамжны 11б тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян-Уулын 5-6 тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Ш овогт М М.Н, РД: ...........,

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч М.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян-Уулын 5-6 тоотод “...эхнэртэйгээ архи уусан... гэр бүлийн асуудалд оролцлоо...” гэх шалтгаанаар иргэн П.А-ыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч М.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян-Уулын 5-6 тоотод “...эхнэртэйгээ архи уусан... гэр бүлийн асуудалд оролцлоо...” гэх шалтгаанаар иргэн П.А зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч П.А-ын:... 2019 оны 01 дүгээр сарын 15-ны орой...Болормаа бид хоёр таксигаар модны хоёрт очиж нэг караокед орж сууцгаасан ба Болормаа бид хоёр тус караокед нэг хүний гурван шил пиво хувааж ууцгаасан. Тэгээд 01 цагийн орчим гараад такси барьж Б-гийн гэрт ирсэн. Тэгсэн Б-гийн нөхөр Н уурлаж босч ирээд эхнэртэйгээ маргалдсан бөгөөд би Н-д “чи болиоч” гэж хэлтэл Н над руу уурлаад миний баруун шанаа руу алгадсан. Тэгээд шалан дээр унахад миний дээрээс дараад намайг боосон. Тэгтэл Б салгасан, би боссон чинь миний шилэн хүзүүн дээрээс атгаж аваад миний толгойны зүүн хойд хэсгээр ханан пийшин мөргүүлсэн. Би шалан дээр унасан бөгөөд босож ирээд цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-7-9/

- гэрч Ц.А:... 2019 оны 01 дүгээр сарын 15-ны орой манай эхнэр А найзтайгаа уулзана гээд гарсан бөгөөд шөнө унтаж байтал 04 цагийн үед манай эхнэр А над руу утсаар залгаад “би Н-гийн гэрт байна намайг ирж ав” гэж хэлсэн. Тэгээд би Н-ийн гэрт яваад очиход Нэргүйгийн гэрт манай эхнэр А мөн Н бас Н-ийн эхнэр Б нар бас хоёр цагдаа ирсэн байсан ба юу болсон талаар тэд нараас асуухад “Нэргүй манай эхнэр А-ыг зодсон” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-20-21/

- гэрч Т.Б-гийн:... 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр...А бид хоёр модны хоёрт ирж нэг караокед орж суусан бөгөөд А бид хоёр хүний гурваас дөрвөн шил пиво хувааж уусан. Тэгээд караокеноос хэдэн цагт гарсан гэдгээ сайн санахгүй байгаа бөгөөд А бид хоёр такси бариад манай гэрт ирсэн. Манайд ороход манай нөхөр Н хоёр хүүхэдтэйгээ унтаж байсан. А бид хоёрыг ороход манай нөхөр сэрсэн ба “та хоёр дуугүй байгаач” гэж хэлээд босоод ирсэн. Манай нөхөр Н А-тай муудалцсан. А- Н хоёр бие биенийгээ бариад авах шиг болсон. Н,, А-ыг ямар ч байсан хоёр удаа алгадах шиг болсон. Би тэр хоёрын дундуур орж салгах гэсэн боловч би дийлэхгүй байсан ба удалгүй цагдаа нар хүрээд ирсэн байсан...гэх мэдүүлэг /хх-15-17/

- гэрч Я.Б-ын:... 2019 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө хэдэн цагт гэдгийг нь сайн санахгүй байна. Миний хариуцдаг хороо буюу Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян-Уулын 5-6 тоотод найзынхаа нөхөрт зодуулчихлаа гэсэн утгатай дуудлага ирсний дагуу очиж шалгасан ба уг дуудлаганд ирэхэд хоёр согтуу эмэгтэй мөн нэг эрүүл эрэгтэй байсан. Эрэгтэйгээс нь юу болсон талаар асуухад А гэх эмэгтэй манай эхнэртэй хамт архи ууж ирчихээд шөнө унтуулахгүй бас гэр бүлийн асуудалд ороод байсан гэж хэлсэн. А гэх эмэгтэйн нүүр бага зэрэг улайсан байсан. А гэх эмэгтэйгээс юу болсон талаар асуухад “Нэргүй намайг мөргүүлсэн” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-22-23/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн 1419 дугаартай:... П.А-ын биед баруун хацар, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүн гарын алганд цус хуралт, баруун зүүн гарын шуунд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-25/

- шүүгдэгч М.Н-н:... 2019 оны 01 дүгээр сарын 15-ны орой манай эхнэр надад би ойрхон гарчихаад ирье гэж хэлээд гэрээс гарсан. Шөнө 02 цагийн орчим надтай хамт ажилладаг А-гийн эхнэр А-тай хамт архи уучихсан согтуу гэртээ орж ирээд А-тай чанга чанга яриад байхаар нь би босож ирээд эхнэртээ “чи одоо болиоч хүүхдүүд сэрээлээ” гээд уурлахад А- голоор орж ирээд намайг “чи яах гэж эхнэрээ гомдоогоод байгаа юм” гэж хэлэхээр нь би уурлаад А “бид хоёрын асуудал чамд хамаагүй” гээд гараараа А-ын баруун шанаа руу нь хоёр удаа алгадсан. Тэгтэл А газар унахаар нь би дээрээс нь дартал манай эхнэр намайг салгасан. Босож ирээд чи муу намайг зоддог хэн юм бэ? гээд дайраад байхаар нь би шилэн хүзүүн дээрээс нь гараараа атгаж аваад цааш нь түлхчихсэн чинь толгойгоороо хана мөргөчихсөн. Тэгээд Ацагдаад дуудлага өгсөн. Шинжээчийн гаргасан дүгнэлттэй танилцсан бөгөөд П.А-ын биед учирсан гэмтлүүдийг би учруулсан нь үнэн... гэх мэдүүлэг /хх-62-66/

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... хэргээ хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.                                                                                                           

Иймд шүүгдэгч М.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:   

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байна. 

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй, шүүгдэгч гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-11/ гэх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхэлдэг зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулав.

Бусад асуудал    

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Н-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Нэ-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Н нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.     

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч М.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР