Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 504

 

  Г.Н-д холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар магадлалтай, Г.Н-ад холбогдох 1838008740119 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдоржийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Г-н Н.

Г.Н- нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багийн нутаг Баатарын хяр гэх газраас М.Б-н 5 тооны адууг,

мөн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орчим Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багийн нутаг Нарангийн гол гэх газраас Д.Б-н 6 тооны адууг тус тус бэлчээрээс нь хулгайлж, нийт 11 буюу олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Н-ад холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч Г.Н-ыг мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хэргийг тус шүүхэд очтол шүүгдэгч Г.Н-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналаа дэмжиж гомдол гаргасан. Шүүгдэгч Г.Н- нь бусдын олон тооны малыг нэг удаагийн үйлдлээр аваагүй, нэг төрлийн гэмт хэргийг цаг хугацаа, орон зайны хувьд өөр өөрөөр хоёр удаагийн үйлдлээр үйлдсэн байдаг. Хоёр хохирогчтой өөр, өөр хүмүүс, тэдгээр нь тус тусдаа амьдардаг, тус тусын малтай. Тэдний аль альных нь малнаас авсан үйлдэл олон тоонд хүрэхгүй.

Тийм учраас Г.Н-ын үйлдэл нь тус тусдаа бие даасан гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн “давтан” үйлдсэн шинжийг бүрэн агуулсан байхад түүнийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхи ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Прокурор Ш.Одонсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт шинжийг 2 удаагийн үйлдлээр хангасан, үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн байх тул хулгайлсан эд зүйлийн тоо хэмжээг нэгтгэн тоолж, зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдоржийн гаргасан гомдлыг үндэслэн Г.Н-ад холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.   

Анхан шатны шүүх Г.Н-ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр бусдын малыг хулгайлсан үйлдэл тогтоогдсон гэж зөв дүгнэсэн хэдий боловч шүүгдэгч нь хоёр удаагийн үйлдлээр бусдын нийт 11 буюу олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг зүйлчлэхэд мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулж байгаа эсэхэд эргэлзээтэй байна гэж дүгнэн хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэжээ.

Учир нь шүүгдэгч Г.Н- нь “мал хулгайлах” гэмт хэргийг 2 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч М.Б-н 5 тооны адууг, мөн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орчим хохирогч Д.Б-н 6 тооны адууг нийт 11 тооны бод малыг бэлчээрээс нь хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг үйлдсэн байхад үндэслэлгүйгээр хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг зөвтгөн залруулж шүүгдэгч Г.Н- нь хоёр удаагийн үйлдлээр бусдын 11 тооны адуу хулгайлсан үйлдлийг нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, хохирлын хэмжээгээрээ 11 тооны бод мал нь олон тооны мал хулгайлсан гэмт хэргийн шинжид хамаарч байх тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...Г.Н-ын үйлдэл нь тус тусдаа бие даасан гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн “давтан” үйлдсэн шинжийг бүрэн агуулсан байхад үргэжилсэн гэмт хэрэг гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул магадлыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, шүүгдэгч Г.Н-ын өмгөөлөгч Б.Батдоржийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН