Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 792

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                    

                                                                                                                                                                                                                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

Х.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Гансүх, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Бадрал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-ийн өмгөөлөгч Б.Гүнтэвчимэг,

шүүгдэгч Х.О-, түүний өмгөөлөгч Н.Болормаа,

нарийн бичгийн дарга Л.Мөнхцэцэг нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Булганцэцэгийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаар прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Х.О-ийн өмгөөлөгч Н.Болормаагийн гаргасан давж заалдах гомдлоор Х.О-д холбогдох 201725031012 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х.О, 1972 оны 3 дугаар сарын 30-нд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ХХК-д жолооч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн хх дугаар хороо, хххх тоотод оршин суух бүртгэлтэй,

1. Улаанбаатар хотын шүүхийн 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

2. Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 295 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

3. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

 

Х.О- нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Түвшин-Ундраа” зочид буудлын үүдний хэсэгт Н.Б цохиж, түүний биед “...дагзны хуйханд няцарсан шарх, дагзны хуйханд цус хуралт, суурь яс, дагз ясны нийлмэл хугарал, зүүн талын бөмбөлгийн чамархай хэсэг, бага тархины хэсгийн зөөлөн бүрхүүлийн цус хурвалт, тархины эдийн няцрал...” гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Х.О-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржгон овогт Хасбазарын Очирпүрэвийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Х.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.О-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Х.О-ийн цагдан хоригдсон нийт 118 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Х.О-ээс 6,620,806 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Д.Булганцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Х.О- нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Т.У” зочид буудлын үүдний хэсэгт Н.Б-ыг цохиж түүний биед дагзны хуйханд шарх, дагзны хуйханд цус хуралт, суурь яс, дагзны нийлмэл хугарал, зүүн талын бөмбөлгийн чамархай хэсэг, бага тархины хэсгийн зөөлөн бүрхүүлийн цус хурвалт тархины эдийн няцрал гэмтэл учруулан алсан гэх үйлдэлд тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн аваад Х.О-д холбогдох хэргийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн аваад 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд Х.О-ийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ялаар шийтгэж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр заасан боловч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “шүүгдэгчид хорих ял оногдуулсан бол уг ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг заасан үндэслэл”-ийг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

 

Шүүгдэгч Х.О-ийн өмгөөлөгч Н.Болормаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 болон 6 дугаар заалтыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Х.О-ийн үйлдэл нь хэдийгээр санаатай мэт харагддаг ч ийм хүнд хор уршигт хүрч, бусдын амь насыг хохироох санаа зорилго огт байгаагүй болох нь 1073 дугаар шинжээчийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал цохих, цохигдох, унах, мөргөгдөх үед үүсэх боломжтой гэж дүгнэсэн дүгнэлт, Очирпүрэв, гэрч З.Цолмон нарын мэдүүлгээр тус тус тогтоогддог.

2. Х.О-ийн үйлдсэн хэргийн шинж, нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.6 дэх хэсэгт заагдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг агуулсан байгааг харгалзан үзэлгүйгээр ял эдлэх дэглэмийг хаалттайгаар шийдвэрлэсэн. Х.О- нь шүүхийн шатанд 1,600,000 төгрөгийн хохирол төлсөн ба ялаа эдлэх хугацаандаа хөдөлмөр эрхэлж, төлж дуусаагүй байгаа хохирлоо бүрэн төлөх хүсэлтэй, үүнийгээ шүүх хуралдаан дээр өөрөө ч илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, хорих ангийн дэглэмийг нээлттэй болгон өөрчилж өгнө үү.

3. Хохирогчид учирсан бодит хохирол буюу оршуулгын зардалтай холбоотой зардлыг тооцохдоо хавтаст хэргийн 152 дугаар хуудсанд байгаа 940,000 төгрөгийн, 154 хуудсанд байгаа 63,350 төгрөгийн баримт, 218-222 дугаар хуудсанд байгаа 1,363,200 төгрөгийн, 1,235,400 төгрөгийн баримт нийт 3,601,950 төгрөгийн нотлох баримтын шаардлага хангахгүй, орчуулгагүй баримтуудыг үнэлж тооцоог буруу гаргасан. Иймд дээрх баримтуудыг хасч тооцон, өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-гийн өмгөөлөгч Б.Гүнтэвчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн зүгээс зөвхөн оршуулгын зардлыг нэхэмжилж байхад хохирол дээр маргаж байгаад гайхаж байна. Гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Прокурор Э.Бадрал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “шүүгдэгчид хорих ял оногдуулсан бол уг ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг заасан үндэслэл”-ийг заавал тусгахаар заасан байхад энэ талаар тогтоолд дурдаагүй нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Х.О-ийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг үндсэнд нь хэвээр үлдээж, эсэргүүцлийг хангаж зохих өөрчлөлт оруулах саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Х.О-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Х.О- нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Т.У” зочид буудлын үүдний хэсэгт Н.Б-ыг цохиж түүний биед дагзны хуйханд шарх, дагзны хуйханд цус хуралт, суурь яс, дагзны нийлмэл хугарал, зүүн талын бөмбөлгийн чамархай хэсэг бага тархины хэсгийн зөөлөн бүрхүүлийн цус хурвалт тархины эдийн няцрал гэмтэл учруулан алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч З.Цолмонгийн “...Тэгээд ойролцоогоор 18 цаг өнгөрч байхад тэд нар дээр нэг танихгүй залуу ирсэн юм. Тэгээд тэд нар өрөөндөө сууж байгаад 19 цаг 50 минутын үед хоёр залуу нь гарсан юм. Сүүлийн залуу ирэхээс өмнө танихгүй хүүхэн гараад явчихсан юм. Тэр хүүхэн хэдэн цагийн үед гарсныг анзаарч сайн хараагүй юм. Сүүлийн залуу ирэх үед Болороо зүс таних залуутай хоёулаа байсан. Тэдний өрөөний урдуур явсан чинь Болороо орон дээр унтаж байсан нөгөө 2 залуу гарч байсан. Зүс таних залуу нь доошоо бууж байхад утас цэнэглээд байж байгаач буцаж орж ирнэ гэж хэлсэн юм. Би тэр хоёр залуутай 1 дүгээр давхрын шатан дээр таарсан. Тэгээд 3 давхарт гарч ирээд утсыг нь цэнэглээд байж байхад манай нийтийн байрны нэг өрөөг түрээсэлдэг Мядагмаа эгч доор үүдэнд хүн цусанд хутгалдсан хэвтэж байна гэж хэлсэн. Тэгээд би буугаад очоод зүсийг нь харж чадахгүй дээшээ гүйж гарч цагдаа дуудсан юм. Тэр үед Болороо 303 тоот өрөөг авсан байсан. Өрөөний хаалга нь дэлгээтэй байсан тэр хүмүүсийн яриа нь сонсогдож байсан. Тухайн үед тэд нар хоорондоо муудалцсан, зодолдсон зүйл болоогүй...” /1-р хх-32-33 тал/,

 Х.О-ийн “...Тэгээд бид 2 өрөөнд нь ороод архиа задлаад Болдоотой анх явж байсан Болороо гэдэг хүүхэн 1 хундага архи уусан үлдсэн архийг Болдоо бид хоёр хувааж уугаад архи дууссан би маргааш ажилтай гэр лүүгээ явж амарлаа гэж Болдоод хэлсэн чинь намайг хориод явуулахгүй байхаар нь түүнийг орон дээр нь хэвтүүлчихээд өрөөнөөс нь гарсан чинь миний араас гүйгээд гараад ирэхээр нь түүнээс зугтаагаад доошоо 2 давхар луу гүйсэн чинь араас ирээд бариад авахаар нь би маргааш ажилтай шүү дээ чи нийтийн тээвэр ойлгоно биз дээ гэж учирлаад хэлсэн чинь ойлгохгүй байхаар нь түлхчихээд доошоо нэг давхар луу гүйсэн чинь Болдоо араас гүйж ирээд үүдний таамбарт миний араас бариад авахаар нь чи яах гээд байгаа юм бэ ямар ядаргаатай пизда вэ гэж хэлээд Болдоогийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохьчихоод л эргэж хараагүй яваад өгсөн. Би Болдоог надад цохиулаад ямар байдалтай унасныг хараагүй...” /1-р хх-ийн 114-119 тал/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1073 дугаар “...Н.Б-ын биед дагзны хуйханд няцарсан шарх, дагзны хуйханд хуралт, суурь яс, дагз ясны нийлмэл хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсэг, бага тархины хэсгийн зөөлөн бүрхүүлийн цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал цохигдох, унах, мөргөгдөх үед үүсэх боломжтой. Талийгаач нь дээрх гэмтлүүдийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь ABO системээр O /I/ бүлгийн цустай байна. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 01.20 цагийн байдлаар нас бараад 4-6 цаг болсон байжээ...” /1-р хх-ийн 51-54 тал/,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 5-17 тал/,

цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 18-20 тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Х.О-ийн гэм буруутай үйлдлийн улмаас Н.Б-ын бие махбодид “...дагзны хуйханд няцарсан шарх, дагзны хуйханд цус хуралт, суурь яс, дагз ясны нийлмэл хугарал, зүүн талын бөмбөлгийн чамархай хэсэг, бага тархины хэсгийн зөөлөн бүрхүүлийн цус хурвалт, тархины эдийн няцрал...” гэмтэл учирч уг гэмтлүүдийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан үйл явдал /факт/ гарсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын хохирлыг зөв тооцож шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардал болон бусад гэм хорын хохиролд нэхэмжилсэн зарим баримтаа бүрдүүлж чадаагүй оршуулгын ажлын үеэр тулгамдаад шууд хүн явуулж зарим зүйлсийг дэлгүүрээс авахуулсан тул баримтыг нь гаргаж өгч чадахгүй байгаа. Мөн зан заншлын холбогдолтой баримтыг гаргах боломжгүй.” гэсэн тайлбар үндэслэлтэй байх тул уг зардлыг Х.О-ээс гаргуулсан нь буруу биш гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Түүнчлэн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын “...хавтаст хэргийн 152 дугаар хуудсанд байгаа 940,000 төгрөгийн, 154 хуудсанд байгаа 63,350 төгрөгийн баримт, 218-222 дугаар хуудсанд байгаа 1,363,200 төгрөгийн, 1,235,400 төгрөгийн баримт нийт 3,601,950 төгрөгийн нотлох баримтын шаардлага хангахгүй, орчуулгагүй баримтуудыг үнэлж тооцоог хийсэн...” гэсэн үндэслэлээр тус зардлуудыг амь хохирогчийн оршуулгын ажлын үеэр гараагүй гэж үзэж няцаах боломжгүй юм.

 

Иймд шүүгдэгч Х.О-ийн өмгөөлөгч Н.Болормаагийн шийтгэх тогтоолын хохирол гаргуулсан хэсэг дээр маргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно”, мөн 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт “Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд санаатай гэмт хэрэг анх удаа үйлдэж 4-6 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хөнгөн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан 4 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 6 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл урьд өмнө хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ” гэж заасныг харгалзан шүүгдэгч Х.О-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд түүний үйлдсэн “Хүнийг алах” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, Х.О-ийн урьд шийтгүүлж байсан хорих ялаа жирийн дэглэм /1-р хх-ийн 229-231 тал/, чанга дэглэм /1-р хх-ийн 226-227 тал/-д тус тус ял эдэлж байсан хувийн байдалд тохирсон байх тул Х.О-ийн өмгөөлөгчийн “...хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй болгон өөрчилж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг эдлүүлэх дэглэмийг тогтоохдоо зохих үндэслэлээ шийтгэх тогтоолд дурдаагүй нь “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “шүүгдэгчид хорих ял оногдуулсан бол уг ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг заасан үндэслэл”-ийг тусгах тухай заалтыг зөрчсөн байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Мөн түүнчлэн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оршуулгын зардлыг гаргуулах Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан “Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах” заалтыг баримтлаагүй, дэглэм заахдаа Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгийг дутуу баримталсан зэргийг зөвтгөн өөрчлөхөөр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолын:

           

            тодорхойлох хэсэгт “...Шүүгдэгч Х.О-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй...” гэсэн нэмэлт дүгнэлт оруулж,

 

            тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.О-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.О-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай...” гэж,

           

            тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар...” гэж тус тус өөрчилж,        

 

            тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Х.О-ийн өмгөөлөгч Н.Болормаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ