Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 275

 

 

 

 

 

 

 

   2020          3           30                                      2020/ШЦТ/275

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

иргэдийн төлөөлөгч Н.Уянсэтгэл,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Б.Мөнгөнхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ц холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809052620165 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, "КАОС" ХХК-ийн захирал ажилтай, ам бүл-7, эхнэр хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Ц /регистрийн дугаар /,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто машины кузов засварын газарт иргэн Х.Батсайхантай ажлын байранд архи уусан гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газар өшиглөн зодож, хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задрал, цооролт бүхий гэмтэл учруулсны улмаас Х.Батсайхан нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд “...2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай эхнэр Теди төв рүү гар утсаа янзлуулахаар явсан. Манай эхнэр над руу залгаад “хүүхдүүд хөгжим оролдож байгаад машин унтарчихлаа аккумулятор яаралтай хэрэг болсон бид нар ялалтын зогсоол дээр байна” гэсэн. Тухайн үед би Батсайхан руу залгаад “аккумулятор бэлдчих би очоод авъя” гэсэн. Тэгтэл Батсайхан би очно гэхээр нь гайхаад “би хүн гуйчихлаа” гээд өөр хүний машинтай гарааш дээр очсон.  Намайг очиход Батсайхан янз бүрийн шалтаг хэлээд аккумулятор гаргаж өгөхгүй байсан. Би хүүхдүүд даараад байна хурдан аккумулятор олоод өгөөч гэхэд холбогч гаргаж ирээд үүгээр холбоод асаачих гэсэн. Тэр үед би “аккумулятор олоод өгчих, хүний машин гуйгаад явж байна” гэсэн. Тэнд байсан машины аккумулятор салгаж авах гэсэн. Батсайхан бид 2  гарааш руу  хамт орсон. Гарааш дотор манайд ажилладаггүй Батка гээд залуу байсан. Батсайхан бид хоёрын хооронд аккумулятор гаргаж өгөх асуудлаар маргаан үүссэн. Би эхлээд Батсайханыг архи уусныг нь мэдээгүй байсан. Намайг аккумулятор нэхэхэд гаргаж өгөхгүй “Би бэлдэж өгөх ёстой юу “ гэж над руу агсам тавих үед нь би хохирогчийг архи уусан гэж мэдсэн. Бид 2 хоорондоо зууралдсан ба Батсайхан миний куртикийг урж, намайг хэл амаар доромжилсон. Бид 2 эхэндээ зодолдоогүй зууралдсан. Вьетнам засварын газарт бид 2 өнхрөлдөөд унасан. Батсайхан аккумулятор олж өгөхгүй байсан тул  би холбогчоо аваад хамт ирсэн ахын машинтай очиж өөрийн машинаа холбож асаагаад 1 цагийн дараа буцаж ирсэн. Намайг буцаж ирэх үед хохирогч “би түрүүн тасарсан байна муухай юм боллоо, намайг уучлаарай” гэж хэлсэн. Би “чи архи уухаа болиорой” гэж хэлээд  явсан. Маргааш нь Батсайхан над руу яриад “аккумулятор аваад очих уу” гэж хэлэхээр нь би “аккумулятор болсон одоо хэрэггүй” гэж хэлсэн.  Тэр өдрөөс хойш 2, 3  хоногийн  дараа  манай дүү утсаа яриад “Батсайхан ах өглөө хагалгаанд орсон байна та мэдсэн үү” гэж хэлсэн. Тэгээд  намайг цагдаагийн газраас дуудаж би очсон...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…би өөрийн гарааш дээрээс Ланд 77 гэх миний гараашид байсан машины аккумуляторыг авах гэж очсон. Очихоосоо өмнө Батсайхан руу утсаар яриад машины аккумулятор бэлдээд тавьсан байгаарай гэж хэлсэн байсан. Тэгээд гарааш дээр явж очоод Батсайхантай уулзахад Батсайхан нь согтуу аккумулятор бэлдээгүй миний авчих гэсэн машины аккумуляторыг аваагүй тухайн машины түлхүүрийг олохгүй байсан. Тухайн үед би өөрөө машингүй учраас хүний машин гуйгаад холбоод асаачих гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаад Батсайхан нь согтуу намайг хэл амаар доромжлоод намайг заамдаж авсан. Тэгээд бид хоёр газар унасан байх үедээ би Батсайханы зүүн шанаа руу 1 удаа гараараа цохисон. Тэр үед Батаа гэх залуу хажуу согтуу бид хоёрыг салгах гээд дундуур ороод байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-109-111/,

 

Хохирогч Х.Батсайханы “...Цэрэнжав орж ирээд намайг архи дарс уусан гэж загнаад миний нуруу хэсэг рүү түлхэж унагаан гэдэс цээж хэсэг рүү өшиглөж байгаад гараад явсан” ...” гэсэн мэдүүлэг /1хх-70-71/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Солонго “…Цэрэнжав гэх хүнийг би олон жилийн өмнөөс аавтай холбоотой, манай аавд ажил төрөл олж өгч хамт зугаалганд авч явдаг дотно найзууд байсан мөн надтай сайн харьцдаг, олон нялх хүүхэдтэй байдлыг харгалзан үзэж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1хх-183/,

 

Гэрч Г.Батын “…Бооёо ах Батсайхан ахыг зодож газар унагаагаад гэдэс, цээж рүү нь өшиглөсөн. Тэгээд би Батсайхан ахыг тэвэрч босгоод үүрч гэр рүү нь оруулсан. ...Ер нь харилцан зодолдоод байсан зүйл байхгүй. Тэр Бооёо гэгч илт Батсайханыг цохиж зодож өшиглөж байсан. Батсайханы чихнээс нэлээн цус гарч байсан.” /1хх-99-101/,

 

Гэрч П.Халиуны “…Би гарааш руу орсон чинь Батсайхан ах гарааш дотор байсан ванны түшлэг дээр сууж байсан. Батсайхан ахын зүүн талын чихнээс нь цус гарчихсан байсан. Толгойны баруун талын хэсэг нь бас цус болсон байсан. Бас хамраас нь цус гарсан байсан. Тэгээд би юу болсон талаар Батсайхан ахтай хамт байсан Батаас асуусан чинь Бооёо захирал нь ирээд зодчихоод явчихлаа. цээж рүү нь өшиглөсөн…” гэсэн мэдүүлэг /1хх- 70/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ¹13898 тоот актын “…Х.Батсайханы биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задрал, цооролт, хэвлийн хөндийд хий хуралдалт, гэдэсний агууламжаар бохирлогдсон хэвлийн гялтангийн түгмэл үрэвсэл гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... “ гэх дүгнэлт /1хх-37-38/,

 

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний  2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ¹08 тоот актын “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хэвлий битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, задрал, чацархайн цус хуралт, цөсний хүүдийн хууларсан шарх, хүзүү, мөчдөд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хүний хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ...Талийгаачид учирсан гэмтэл нь үхэлд хүргэжээ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Учирсан гэмтлүүд нь амьддаа үүсгэгдсэн. ...Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний урагдал, задралын улмаас, хэвлийн гялтангийн ялгадаст түгмэл үрэвсэл, олон эрхтний дутагдалд орж нас баржээ. ...Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ...Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно. ...Талийгаачид эмнэлгийн анхны тусламжийг яаралтай үзүүлсэн тохиолдолд aмь насыг аврах боломжтой байсныг үгүйсгэхгүй. ...Талийгаач нь цус нь цусны АВО системээр 01-р бүлгийн цустай байна.” гэсэн дүгнэлт /1хх-42-44/,

 

Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹315 тоот актын “…Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн газрын шинжээч эмч Т.Амартүвшингийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. ...Талийгаач Х.Батсайханы цогцост хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, задрал, чацархайн цус хуралт, цөсний хүүдийн хууларсан шарх, aмны зүүн буланд, хамрын зүүн угалзанд шарх, амны баруун буланд зулгаралт, хүзүү, баруун эгэм, баруун, зүүн бугалга, шуу, бугуйнд хүрэн ягаан өнгийн цус хуралт, тарианы зүүний оромтой, хэвлийн голын хагалгааны шарх, хэвлийн зүүн доод хэсгийн шарх эдгэж буй шарх, ууцны хэсгийн хүрэн улаан 0,5x0,4см хэмжээтэй зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач Х.Батсайханы цогцост хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, задрал, чацархайн хуралт, цөсний хүүдийн хууларсан шарх, амны зүүн буланд, хамрын зүүн угалзанд шарх, амны баруун буланд зулгаралт нь мохоо зүйлийн хэдэн хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Харин хүзүү, баруун эгэм, баруун, зүүн бугалга, шуу, бугуйнд хүрэн ягаан өнгийн цус хуралт, тарианы зүүний оромтой, хэвлийн голын хагалгааны шарх, хэвлийн зүүн доод хэсгийн эдгэж буй шарх нь эмчилгээний үйлдлийн үед үүссэн байх боломжтой. Ууцны хэсгийн хүрэн улаан 0,5x0,4см хэмжээтэй зулгаралт нь холголтын үед үүссэн байх боломжтой. ...Талийгаач Х.Батсайханы биед учирсан хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, задрал гэмтэл нь нас барахын өмнө үүссэн бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Талийгаач Х.Батсайхан нь хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний урагдал, задралын улмаас хэвлийн гялтангийн ялгадаст түгмэл үрэвсэл, олон эрхтний дутагдалд орж нас баржээ. ...Талийгаач нь Х.Батсайхан нь нойр булчирхай, цөсний хүүдийн архаг үрэвсэл өвчтэй байжээ. Эдгээр өвчин нь гэмтлээс үүсэхгүй бөгөөд талийгаачийн үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. ...Шүүх химийн шинжилгээгээр Х.Батсайханы цогцосноос авсан цусанд спиртийн агууламж илрээгүй байна. ...Талийгаачийн хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдалыг цаг алдалгүй оношилж мэс заслын эмчилгээ хийгдсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой. ...Нойр булчирхайн архаг үрэвсэл нь согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн үед сэдрэх боломжтой боловч тухайн тохиолдолд үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй байна. ...Талийгаач Х.Батсайхан нь уушигны хатгаа, саарал элэгшилийн өвчтэй байсан ба уг өвчин нь олон хоног хэвтэрт байсны улмаас үүссэн байх боломжтой. Уушигны хатгаа нь дангаараа үхлийн шалтгаан болохгүй бөгөөд үхлийн шалтгаанд шууд бусаар нөлөөлнө. ...Талийгаачид Гэмтэл согог судлалын үндэсний төвд хийгдвэл зохих эмчилгээ хийгдсэн байна…” гэсэн дүгнэлт /1хх-55-58/,

 

Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹896 тоот актын “…Талийгаач Х.Батсайхан нь хоёр уушигны хатгаа өвчин нь олон хоног хэвтэрт байсны улмаас үүссэн байна. Томуугийн А,В хүрээний вирусээр үүсгэгдээгүй байна. Хатгаа нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. ...Ирүүлсэн материалд цусан дахь сахарын болон нойр булчирхайн энзимүүдийн түвшин ямар байсныг илтгэх лабораторийн шинжилгээ үгүй байна. Талийгаачид нойр булчирхайн гэмтэл тогтоогдсонгүй. ...Цөсний хүүдий бүтэн байх ба цөсний хүүдийн толгой хэсэг элэгний хэвтэшнээс хууларсан нь цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдож байна. Хэвлийн битүү гэмтэл нь цөсний хүүдийн үхжилт идээт үрэвслээр хүндэрсэн байх ба уг үрэвслийн улмаас гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. ...Ирүүлсэн материалд яаралтай түргэн тусламжийн эмчийн эмчилгээ үйлчилгээний талаарх тэмдэглэл үгүй байна. ...Гэмтэл согог судлалын үндэсний төвийн жижүүр эмч нар зохих журмын дагуу эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн байна…” гэсэн дүгнэлт /1хх-64-67/,

 

Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹1493 тоот актын “…2018.11.18-нд өгсөн дуудлагын дагуу очиж ажилласан яаралтай түргэн тусламжийн эмч өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн байна. ...ГССҮТ-д 2018.11.18-нд хүлээн авч үзсэн эмч, хэвлийн ЭХО хийсэн эмч нар эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн байна. ГССҮТ-д 2018.11.18-нд хүлээн авч үзсэн эмч, хэвлийн ЭХО хийсэн эмч нар хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цооролтыг оношилж яаралтай журмаар мэс засал хийсэн байгаагаас үзэхэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй зөв үзүүлсэн байна. Гэмтэл авснаас хойш хугацаа алдаж эмнэлэгт ирж эмчилгээ хийгдсэн тул амь нас аврагдах боломжгүй болжээ. Ирүүлсэн материалд Улаанбаатар Сонгдо эмнэлгийн бичиг баримт үгүй байх тул уг асуултад хариулах боломжгүй. ...ШШҮХ-н шинжээч эмч Ч.Эрдэмболор, Ц.Бадрал, О.Болороо нарын гаргасан 2019 оны 896 дугаартай дүгнэлтийн 5-д ГССҮТ-н жижүүр эмч нар зохих журмын дагуу эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байна гэсэн нь үндэслэлтэй байна…” гэсэн дүгнэлт /1хх-228-239/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-8-9/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-10-11, 13-15/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-12/, хохирлын баримт /1хх-123-144/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-112/, оршин суугаа газрын тодорхойлолт /1хх-113/, ял шалгах лавлагаа /1хх-194/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /1хх-114-121/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /1хх-219-220/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто машины кузов засварын газарт иргэн Х.Батсайхантай ажлын байранд архи уусан гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газар өшиглөн зодож, хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задрал, цооролт бүхий гэмтэл учруулсны улмаас Х.Батсайхан нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нас барсан болох нь дээр дурдсан хохирогч Х.Батсайхан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Солонго, гэрч Г.Бат, П.Халиун нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ¹13898 дүгнэлт, Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний  2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ¹08 тоот акт, Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹315 тоот, ¹896 тоот,  ¹1493 тоот дүгнэлтүүд, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Б.Цын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад баримтууд нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Цын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Цыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баяраа, Б.Солонго нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад 23.180.789 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Ц нь бүрэн төлж барагдуулсан байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Цыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Цын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.

Мөн шүүх шүүгдэгч Б.Цын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.9, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Шүүгдэгч Б.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Б.Ц 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч Б.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, ялтан Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР

 

                                           ШҮҮГЧИД                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                                Б.ДУЛАМСҮРЭН