Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2020/ДШМ/714

 

Б.Цт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Д.Алтансүх, Б.Мөнгөнхүү,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/275 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг, Д.Алтансүх нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.Цт холбогдох 1809052620165 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ө овгийн Бн Ц, 1969 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “КАОС” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Шинэ төгөл 19в байрны 22 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            Б.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины кузов засварын газарт иргэн Х.Батсайхантай “ажлын байранд архи уусан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хэвлийн тус газар өшиглөн зодож, хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задрал, цооролт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас Х.Батсайхан нь 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө овогт Бын Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бын Цыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б Цд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Д.Алтансүх хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Иймд бидний зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзэж байна. Үндэслэл нь: Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байдаг. Тус шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн гэм бурууг тогтоогдсон гэж үзэхдээ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1493 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн байдаг. Тус шинжээчийг томилсон 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 49 дугаартай “Дахин шинжилгээ хийлгэх тухай” тогтоолоор шинжээчээс нийт 8 асуултыг асууж тодруулсан байх ба маш оновчтой хэрэгт ач холбогдолтой асуудлыг тодруулах гэсэн зорилго харагддаг. Гэтэл уг дүгнэлтийн хэд хэдэн ноцтой алдаануудыг шүүх түүнийг анхааралгүй орхигдуулсан. Уг шинжээч томилсон тогтоолын 6 дугаар асуултаар “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт амь хохирогч Х.Батсайханд эмнэлгийн тусламж үйлчилгээ зохих ёсоор хийгдсэн эсэх, тус эмнэлэгт шилжин хэвтэж эмчлүүлсэн өвчтөн Х.Батсайханы амь насыг аврах боломжтой байсан эсэх” гэх асуулт тавигдсан ба дүгнэлтийн 6-д “Ирүүлсэн материалд “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн бичиг баримт үгүй байх тул асуултад хариулах боломжгүй” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, асуултад хариулаагүй тул шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т зааснаар бүрэн бус гарсан байгааг харж болно. Угтаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13.1 дугаар зүйлийн 13.1.3-т зааснаар шинжээч нарт шинжилгээ хийж дүгнэлт гаргахад шаардлагатай нэмэлт материал гаргаж ирүүлэхийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс хүсэх эрх нь хуулиар олгогдсон билээ. Гэтэл уг хуулийн дагуу нэмэлт материал авах боломжтой байсаар байхад авалгүйгээр дүгнэлтийг бүрэн бус гаргасан тул нэмэлт шинжилгээ хийлгэх эрх зүйн үр дагаврыг бий болгосон байдаг. Угтаа энэ асуултыг тодруулах нь туйлын чухал ач холбогдолтой ба хэргийн зүйлчлэлд илтэд нөлөөлөх юм. Бас эргэлзээтэй зүйл байгаа нь 1 дүгээр хавтас хэргийн 203-218 дугаар хуудсанд “Сонгдо” эмнэлгийн материалууд авагдсан байх ба гаргасан дүгнэлт нь 228-239 дугаар хуудсанд байх тул зарчмын хувьд шинжээч байгаа материалыг байхгүй гэсэн мэт харагдаж байна. Уг шинжээч томилсон тогтоолын 3 дугаар асуултаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үзсэн эмч, хэвлийн ЭХО хийсэн эмч нар эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлсэн болох, шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан эсэх талаарх асуултад, мөн 4 дүгээр асуултаар “уг эмч нар хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний цооролтыг илрүүлэх боломжтой байсан эсэх” гэх асуултуудад шинжээчид “Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч үзсэн эмч, хэвлийн ЭХО хийсэн эмч нар эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн байна.” гэж хариулсан байх ба энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 18.1.8-д заасан шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр бичих гэсэн шаардлагыг, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасан Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна гэх шаардлагуудыг хангаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, энэ дүгнэлт нь нэмэлт бус дахин хийгдэж байгаа буюу эргэлзээтэй учраас хийгдэж байхад дүгнэлт гаргахдаа өмнөх дүгнэлтүүдийг хуулан бичиж байснаа шууд дүгнэлт хэсгийг ийнхүү товч байдлаар бичсэн байдаг билээ. Угтаа бол шинжээч нь өмнөх дүгнэлтийг хуулан бичих бус учир шалтгаан үндэслэлийг тайлбарлах учиртай. Ийм учраас хуулийн байгууллага тусгай мэдлэгтэй хүмүүсээр дүгнэлт гаргуулдаг юм. Яагаад 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр амь хохирогчийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиход оношийг тогтоож чадаагүй. Яагаад эхо-д харчихаад шууд явуулчихдаг юм. Энэ байдал нь эмнэлгийн тусламж үйлчилгээг ямар учир шалтгаанаар зохих түвшинд үзүүлсэн болчихдог юм гээд олон асуулт, хариултаа хүлээж байна. Мэргэжлийн эмч хүнд бусдад зодуулж гэмтсэн тухайгаа амь хохирогч ярьсаар түргэн тусламжаар хүргэгдэн ирж байхад онцын өөрчлөлтгүй, томографт үзүүлэхийг зөвлөөд явуулж болж байгаа юм уу. Ийм бол жижүүр эмч байхын хэрэгцээ, шаардлага байна уу /1хх 201-202 эмч Б.Олз-Эрдэнийн мэдүүлгээс/. Угтаа амь хохирогчийн хэвлий цардгар хатуурсан байдалтай, хэвлийн битүү гэмтэлтэй байсан учраас Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн талаараа яаралтай түргэн тусламжийн эмч Г.Отгон-Эрдэнэ нь мэдүүлсэн байдаг /1хх 199-200/. Эмч бус хуульч хүний үүднээс харахад түргэн тусламжийн эмч оношийг хэвлийн битүү гэмтэл болохыг гаднаас хараад оношлоод зохих шатны эмнэлэгт хүргээд өгсөн байхад хүлээн авсан эмч яагаад эхо-д хараад явуулав. Энэ эхо-н эмчээс өөр мэс заслын эмч юм уу, өөр эмч нар уг эмнэлэгт тухайн өдөр байсан уу эсэх асуудал ч бүрхэг ойлгомжгүй байдаг. Учир нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч О.Гантогтох нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Х.Батсайхан гэх хүнийг хүлээн авах дээр хэзээ ирснийг мэдэхгүй /1хх 188-189/, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хагалгаанд орж дуусаад эрчимт эмчилгээний тасагт орж ирэхэд нь анх хүлээж авсан гэж мэдүүлдэг. Хамгийн гол анхаарах зүйл нь амь хохирогч гэмтэл авснаас хойш хугацаа алдаж эмнэлэгт ирж эмчилгээ хийгдсэн тул амь нас аврагдах боломжгүй байсан талаар 1493 тоот дүгнэлтэд дурдсанаас гадна Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч Х.Батдэлгэрэх нь өгсөн мэдүүлэгтээ “энэ өвчтөний хувьд 3 хоносон учраас маш их хугацаа алдсан нь биеийн байдал хүндрэх шалтгаандаа оржээ” /1хх 29-33/ гэсэн байдаг. Гэтэл хэрэг учрал 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр болж, амь хохирогч 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эмнэлэгт очоод байгаа шүү дээ. Энэ өдөр амь хохирогчид зохих эмнэлгийн үйлчилгээг хэрхэн үзүүлсэн гэдэг асуулт хариултгүй байна. Хэрэгт авагдсан 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 315 дугаартай дүгнэлтийн 7-д “Талийгаачийн хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдлыг цаг алдалгүй оношилж, мэс заслын эмчилгээ хийгдсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой” гэж дүгнэжээ. Гэтэл хугацаа алдсан шалтгаан нь талийгаач өөрөө 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эхний удаа 103 очиход татгалзаад яваагүй, өөрөөс нь шалтгаалсан байх ч мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн жижүүр бүрэлдэхүүн нь амь хохирогчид ЭХО зураг авснаас өөр үйлчилгээ үзүүлээгүйтэй холбоотой байж болох нөхцөлийг шүүх анхаарах учиртай. Энгийнээр бодоход 103-ийн эмч оношилчихсон байхад яагаад шууд яаралтайгаар томографт харж хагалгаа хийсэнгүй вэ. Зөвлөгөө өгөөд явуулах нь эмнэлгийн тусламж үйлчилгээ мөн үү.

            Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хүний биед хийсэн Шүүх эмнэлтийн шинжээчийн 13898 дугаартай дүгнэлтээр Х.Батсайханы биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задрал цооролт, хэвлийн хөндийд хий хуралдалт, гэдэсний агууламжаар бохирлогдсон хэвлийн гялтангийн түгмэл үрэвсэл гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна гэжээ. Тодруулбал, талийгаач 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бусдад зодуулсны улмаас хүнд гэмтэл авсан байх ба эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр нас барсан. Өөрөөр хэлбэл, дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг бус 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг байх ба хэрэглэвэл зохих энэ заалтыг анхан шатны шүүх хэрэглээгүй. Гэхдээ гомдлын үндэслэлд дурдсан асуудлыг тодруулалгүйгээр хэргийн зүйлчлэлийг ярих ямар ч боломжгүй. Учир нь, амь хохирогчид 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар зохих эмнэлгийн тусламж үзүүлсэн эсэх талаарх дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуульд нийцээгүй, мөн амь хохирогчийн нас барсан эмнэлэгт эмчилгээ хэрхэн хийгдсэн талаарх асуултад материал байсаар байхад шинжээч хариулаагүй байна. Мөн шинжээч хариулаагүйгээс гадна мөрдөгч, прокурор нь яаралтай түргэн тусламжийн төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төв нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд зааснаар хойшлуулшгүй үзүүлэх эмнэлгийн яаралтай түргэн тусламжийг хэрхэн зөв зохион байгуулж үзүүлснийг тодруулахын тулд холбогдох журам, дүрмийг судлаагүй. Хэрэгт энэ талаарх баримтыг цуглуулж бэхжүүлээгүй. Зөвхөн шинжээч нарт найдахаас илүүтэй хэргийг тал бүрээс нь шалгахын тулд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрх зүйн орчинг тодруулах нь зүй ёсны хэрэг юм. Товчхондоо эмч, эмнэлгийн байгууллага өөрөө хугацаа алдсан бол хэргийн зүйлчлэлд маш том өөрчлөлт орно. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/275 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчингүй болсон тохиолдолд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авахуулах хүсэлттэй. Учир нь, түүнд ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчингүй болж байгаа тул тухайн хүчингүй тогтоолоор миний үйлчлүүлэгчийг үргэлжлүүлэн хорих учиргүй ба тэрээр оршин суух тодорхой хаягтай, урьд нь таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж байсан удаагүй. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч Б.Мөнгөнхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Сонгдо” эмнэлгээс ирүүлсэн баримт хавтас хэргийн материалд байдаг. Гэвч Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулахад “Сонгдо” эмнэлгээс ирүүлсэн ямар ч баримт байгаагүй гэдэг. Уг баримтыг сүүлд хавтас хэргийн материалд оруулсан бөгөөд хэзээ, хаанаас, хэдэн хуудас материал хавтас хэргийн материалд тусгасан талаарх тус эмнэлгийн албан бичиг, нотолгоо байдаггүй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд “ийм материал хавтас хэргийн материалд байхгүй байгаа тул дүгнэлт гаргах боломжгүй байна” гэж заасан. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө буюу 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүсэлт гаргасан боловч авч хэлэлцээгүй. Б.Ц тухайн хүний амь насыг санаатай хохироосон хэрэг биш. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаад тухайн хэрэг маргаан болсноос хойш 17 хоногийн дараа нас барсан байдаг. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүдээр амь хохирогч яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авсан бол амь аврагдах боломжтой гэсэн байдаг. Тухайн үед амь хохирогч 3 өдөр дараалан архи уусан, эхний удаа Гэмтлийн эмнэлэгт түргэнээр очиход согтуу байна гэдэг үндэслэлээр буцаасан. Маргааш өдөр нь очиж ЭХО-д харуулахад КТГ-ын шинжилгээ хийлгэх гэж явуулсан байдаг. Би Сүхбаатар дүүргийн Ерөнхий прокурор Бат-Очирт зүйлчлэл буруу, хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул нийцүүлж гаргаж өгөхийг хүссэн хүсэлт өгөхөд 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 5/146 дугаартай хариу мэдэгдэх хуудас ирүүлсэн. Тухайн үед бүрэлдэхүүнтэй шинжээч томилогдож, хэргийн материал шинжээч рүү явсан байсан. Мөн 2-3 гэрч нарыг асуух ажиллагаа дутуу байсан. Прокурорын хариу мэдэгдэх хуудсанд нэмэлт шинжилгээ хийлгэсний дараа гэрчүүдийг байцаана. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа гэмт хэргийн зүйлчлэлийг дахин хянах боломжтой гэх хариуг өгсөн. Шинжилгээний дүгнэлтүүдэд өмгөөлөгчөөс өгсөн асуулт болон прокуророос тавьсан асуултуудад Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн бүрэн гүйцэд хариулт өгөөгүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж, хэргийн зүйлчлэл болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчээс асуусан асуултууд, хэргийн материалд байхгүй гэсэн баримт зэргийг тусгуулж дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хангаагүй” гэв.

            Шүүгдэгч Б.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарын гаргасан саналыг дэмжиж байна. Миний хувьд амь хохирогчтой найз нөхдийн харилцаатай байсан ба санаатай амь насыг нь хохироогоогүй. ...” гэв.

            Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шинжээчийн дүгнэлтэд дахин шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас уг томилсон шинжээч асуусан асуултад бүрэн бус тайлбар өгсөн гэх асуудлыг ярьж байгаа боловч прокурорын зүгээс бүрэн хариулт авсан гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ хэрэгт “Сонгдо” эмнэлгийн өвчний түүх байгаагүй учир тухайн эмнэлэгт гэмтлийн тусламж, үйлчилгээ зохих ёсоор хийгдсэн эсэхэд хариулт өгөөгүй. Энэ талаар прокурорын зүгээс тухайн асуултад хариулт авах шаардлагагүй гэж үзсэн. Учир нь, тогтоолд тавьсан асуултуудтай адил байсан. Амь хохирогч Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхдаа, “Сонгдо” эмнэлэгт ирэх үед биеийн байдал нь ямар байдалтай байсан, тухайн үед амь насаа алдах хэмжээнд байсан эсэх асуудал нь тухайн өвчтөнд эмчилгээ хийсэн эмч нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, амь хохирогчийн биед 4-5 удаа хийсэн шинжээчийн дүгнэлтүүдээс тодорхой харагдсан. “Сонгдо” эмнэлэгт очих үед амь насыг нь аврах боломжгүй байсан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон учир дээрх асуултад хариулт авах шаардлага байгаагүй буюу шинжээч асуултад бүрэн хариулсан гэж үзэх үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс амь хохирогчийг эмнэлгийн байгууллагад хүргэгдэн очихдоо согтуу байсан тул буцаасан гэж ярьж байгаа боловч энэ талаар хэрэгт цугларсан баримт хэрэгт байхгүй. Харин эхний удаа очиход хэвлийн дотоод эрхтнүүдийг ЭХО дурангаар харж, хэвлийн нарийвчилсан оношилгоо хийлгэх тухай зөвлөгөөг өгсөн. Энэ ажиллагааг эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих журмаар үзүүлсэн гэж үзнэ гэсэн дүгнэлт гарсан байдаг. Хэргийн зүйлчлэлийн тухайд, амь хохирогч нь хэвлийн дотор гэдэсний цооролтоос болж хэвлий бохирдолд орж нас барсан байдаг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн амь нас эрсдсэн гэх үйлдэл, хор уршиг шалтгаант холбоотой байгаа тул хүнийг алах гэмт хэргээр зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Б.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины кузов засварын газарт иргэн Х.Батсайхантай “ажлын байранд архи уусан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хэвлийн тус газар өшиглөн зодож, хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задрал, цооролт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас Х.Батсайхан нь 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Батсайханы “...Ц орж ирээд намайг архи дарс уусан гэж загнаад миний нуруу хэсэг рүү түлхэж унагаан, гэдэс цээж хэсэг рүү өшиглөж байгаад гараад явсан. ...” /1хх-70-71/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Солонго “...Эгч над руу залгаад “манай аав хүнд зодуулаад Гэмтлийн эмнэлэгт очсон байна” гэж хэлсэн. ...Шөнийн 5 цагийн үед манай эгч “аав хагалгаанд орчихлоо” гэсэн. ...9 цагийн үед хагалгаанаас гарч тасагт шилжсэн боловч 1-2 цагийн дараа Сэхээн амьдруулах тасаг руу шилжсэн. ...Гэмтэлд хэвтэн эмчлүүлж байхад биеийн байдал нь сайжирч өгөхгүй байсан. ...Тэгээд “Сонгдо” эмнэлэг рүү шилжүүлээд тэр өдрийнхөө шөнө нас барсан. ...” /1хх 18/,

гэрч Г.Батын “...Бооёо ах Батсайхан ахыг зодож газар унагаагаад гэдэс, цээж рүү нь өшиглөсөн. Тэгээд би Батсайхан ахыг тэвэрч босгоод үүрч гэр рүү нь оруулсан. ...Ер нь харилцан зодолдоод байсан зүйл байхгүй. Тэр Бооёо гэгч илт Батсайханыг цохиж, зодож өшиглөж байсан. Батсайханы чихнээс нилээн цус гарч байсан. ...” /1хх 21-22/,

гэрч П.Халиуны “...Би граш руу орсон чинь ... Батсайхан ахын зүүн талын чихнээс нь цус гарчихсан, ... толгойн баруун талын хэсэг нь цус болсон, ... бас хамраас нь цус гарсан байсан. ...Би юу болсон талаар Батсайхан ахтай хамт байсан Батаас асуусан чинь Бооёо захирал нь ирж цээж рүү нь өшиглөж, зодчихоод явчихлаа. ...” гэж хэлсэн. ...Маргааш нь Батсайхан ах “даралтаа үзүүлмээр байна” гэж хэлсэн. ...Эмийн санд ороод даралтыг нь үзсэн чинь 65, 29 болсон байсан. ...103-ын эмч үзээд “авч явна” гэж хэлсэн. ...Тэр үед даралтыг нь үзэхэд 70, 40 болсон байсан. ...Гэтэл Батсайхан ах эмнэлэг явахгүй гэж зүтгэсэн ба эмчид явахгүй гэдгээ гараараа бичиж өгсөн. ...Эмчийг явсны дараа Батсайхан ахын бие улам муудсан. ...” /1хх 23-24/,

гэрч Х.Батдэлгэрэхийн “...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 4 цагийн орчим Гэмтэл согог судлалын үндэсний төвд Х.Батсайхан дээр өвчний түүх нээгдсэн. ...Жижүүрийн эмч нар үзээд яаралтай хагалгаа хийх шаардлагатай гээд намайг дуудсан. Би үзээд 5 цагт хэвлийн хагалгаа хийсэн. Хэвлийг нээхэд хэвлий өмхий үнэртсэн, ногоон шаргал, цэрхэг шингэнтэй, гэдэсний агууламж хий ихтэй байсныг соруулж, ариун уусмалаар сайтар угааж шалгахад, сэмж нэлэнхүйдээ үхжиж харалсан, хэвлий бүх хэсгийг хамарсан идээрхэг өнгөр үрэвсэл нэвчлэг ихтэй, наалдацтай, нарийн бүдүүн гэдэсний хана хөөнгөтсөн, хаван ихтэй, нарийн гэдэсний 3/1 хэсэгт гэдэс цоорсон, гэдэсний агууламж гарч байсан. Задарлыг оёж, шаардлагатай арга хэмжээг авсан. Хагалгааны дараа биеийн байдал дээрдэж, хордлого багасаж ирсэн. ...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өвчтөнийг үзэхэд биеийн байдал хүндэрч, оёдол задарсан шинж тэмдэг илэрсэн тул яаралтай хагалгаанд давтан ороход гэдэсний оёдол суларсан, зарим хэсгээр томорсон, гэдэсний агууламж шүүрч гарсан байсан тул нарийн гэдсийг тайрч залгах, гуурс тавих, угаах болон бусад ажиллагааг хийсэн. Өвчтөний биеийн байдлын улмаас шаардлагатай бүх эмчилгээг хийсэн боловч биеийн байдал сайжраагүй. 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр “Сонгдо” эмнэлэгт өвчтөний өөрийн болон ар гэрийн хүсэлтээр шилжүүлсэн. Гэмтэл авснаас хойш 3 хоногийн дараа ирсэн. Гэмтэл авсан даруй ирсэн бол амь насыг аврах бүрэн бололцоотой байсан. Хэвлийн гялтангийн түгээмэл үрэвслийн үеийн амьдрах амь насны аврах магадлал тавилан нь гэмтсэнээс хойш мэс засалд орох хүртэлх хугацаанаас шууд хамааралтай байдаг. Өвчтөнийг үргэлжлүүлэн эмчилсэн бол амь нас аврах бололцоотой гэж хэлж чадахгүй. Учир нь биеийн байдал нь хүндэрсэн байсан. ...” /1хх 29-31/,

гэрч Г.Энхтүвшингийн “...Нэг өдөр оройхон гараш дээр очиход Батсайхан ах орон дээрээ согтуу хэвтэж байсан ба татах гээд байгаа юм шиг сонин болсон. Тэгэхээр нь түргэн дуудсан. Удалгүй түргэн ирээд үзээд нэг цагаан өнгийн эм өгөөд, эмч “аваад явъя” гэхэд Батсайхан ах өөрөө явахгүй гээд түргэний эмчтэй хамт яваагүй. ...” /1хх 184/,

гэрч Д.Ганбатын “...Надад талийгаач Батсайхан “та хүрээд ир миний бие муу, ...даралт бага болчихсон байна” гэж хэлсэн. Би орой 20 цаг өнгөрч байх үед Батсайхан дээр, граш дээр ирэхэд бие нь муу байдалтай хэвтэж байсан. Би хувцсыг нь өмсүүлээд Гэмтлийн эмнэлэг рүү бид хоёр явсан. ...” /1хх 185/,

гэрч О.Гантогтохын “...Өвчтөнийг хүлээн авч, ... хэвтүүлээд маргааш нь 5 цагийн үед яаралтай хагалгаанд орсон. Эрчимт эмчилгээний тасагт үрэвслийн эсрэг хордлого тайлах, бөөрний дутагдал арилгах эмчилгээ хийгдсэн. Биеийн байдал ирсэн үеэс дээрдэж, бөөрний дутагдал арилж, шээсний гаралт хэвийн болж, хордлого багассан тул 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хавсарсан гэмтлийн тасагт шилжүүлсэн. ...” /1хх 188/,

гэрч Г.Отгон-Эрдэнийн “...Дуудлагаар очиход Х.Батсайхан гэдэг хүн эзэн нь ирээд зодсон гэсэн тайлбартайгаар нэг орон дээр хэвтэж байсан. Амин үзүүлэлтүүдийг нь үзсэн чинь даралт нь 80/50 байсан учраас дексасетазол гэдэг тариа хийгээд гэмтэл нь ил харагдахгүй байсан учраас Гэмтэл согог судлалын үндэсний төв хүргэх гэтэл Батсайхан нь өөрөө явахгүй гээд байсан. Тэгэхээр нь “бичиг хийж өг” гэхэд бичиг хийж өгсөн. Тэгтэл шөнө 2 цагийн үед дахин дуудлага өгсөн ба би яваад очиход хэвлий нь цардгар хатуурсан байдалтай, битүү гэмтэлтэй байсан учраас гэмтэл хүргэсэн. ...” /1хх 199-200/,

Б.Цын яллагдагчаар өгсөн “...би ... очихоосоо өмнө Батсайхан руу утсаар яриад “машины аккумулятор бэлдээд тавьсан байгаарай” гэж хэлсэн байсан. Тэгээд граш дээр явж очоод Батсайхантай уулзахад Батсайхан нь согтуу, аккумулятор бэлдээгүй ... байсан. ...Тэгээд бид хоёр маргалдаад Батсайхан нь согтуу намайг хэл амаар доромжлоод намайг заамдаж авсан. ...Би ... Батсайханы зүүн шанаа руу 1 удаа гараараа цохисон. Тэр үед Батаа гэх залуу ... согтуу бид хоёрыг салгах гээд дундуур ороод байсан. ...” /1хх 109-111/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Х.Батсайханы биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задрал, цооролт, хэвлийн хөндийд хий хуралдалт, гэдэсний агууламжаар бохирлогдсон хэвлийн гялтангийн түгмэл үрэвсэл гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. ...Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт /1хх 37-38/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаачийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, задрал, чацархайн цус хуралт, цөсний хүүдийн хууларсан шарх, хүзүү, мөчдөд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хүний хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ...Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний урагдал, задралын улмаас, хэвлийн гялтангийн ялгадаст түгмэл үрэвсэл, олон эрхтний дутагдалд орж нас баржээ. ...Талийгаачид эмнэлгийн анхны тусламжийг яаралтай үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой байсныг үгүйсгэхгүй. ...” гэсэн дүгнэлт /1хх 42-44/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаач Х.Батсайханы цогцост хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, задрал, чацархайн цус хуралт, цөсний хүүдийн хууларсан шарх, амны зүүн буланд, хамрын зүүн угалзанд шарх, амны баруун буланд зулгаралт, хүзүү, баруун эгэм, баруун, зүүн бугалга, шуу, бугуйд хүрэн ягаан өнгийн цус хуралт, тарианы зүүний оромтой, хэвлийн голын хагалгааны шарх, хэвлийн зүүн доод хэсгийн шарх эдгэж буй шарх, ууцны хэсгийн хүрэн улаан 0.5х0.4 см хэмжээтэй зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач Х.Батсайханы цогцост хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, задрал, чацархайн хуралт, цөсний хүүдийн хууларсан шарх, амны зүүн буланд, хамрын зүүн угалзанд шарх, амны баруун буланд зулгаралт нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Харин хүзүү, баруун эгэм, баруун, зүүн бугалга, шуу, бугуйд хүрэн ягаан өнгийн цус хуралт, тарианы зүүний оромтой, хэвлийн голын хагалгааны шарх, хэвлийн зүүн доод хэсгийн эдгэж буй шарх нь эмчилгээний үйлдлийн үед үүссэн байх боломжтой. Ууцны хэсгийн хүрэн улаан 0.5х0.4 см хэмжээтэй зулгаралт нь холголтын үед үүссэн байх боломжтой. ...Талийгаач Х.Батсайханы биед учирсан хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, задрал гэмтэл нь нас барахын өмнө үүссэн бөгөөд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Талийгаач Х.Батсайхан нь хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний урагдал, задралын улмаас хэвлийн гялтангийн ялгадаст түгмэл үрэвсэл, олон эрхтний дутагдалд орж нас баржээ. ...Талийгаачийн хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдалыг цаг алдалгүй оношилж мэс заслын эмчилгээ хийгдсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой. ...” гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1хх 55-58/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаач Х.Батсайхан нь хоёр уушгины хатгаа өвчин нь олон хоног хэвтэрт байсны улмаас үүссэн байна. ...Цөсний хүүдий бүтэн байх ба цөсний хүүдийн толгой хэсэг элэгний хэвтэшнээс хууларсан нь цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдож байна. Хэвлийн битүү гэмтэл нь цөсний хүүдийн үхжилт идээт үрэвслээр хүндэрсэн байх ба уг үрэвслийн улмаас Гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. ...Гэмтэл согог судлалын үндэсний төвийн жижүүр эмч нар зохих журмын дагуу эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн байна. ...” гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1хх 64-67/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн “...Гэмтэл авснаас хойш хугацаа алдаж эмнэлэгт ирж эмчилгээ хийгдсэн тул амь нас аврагдах боломжгүй болжээ. ...Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболор, Ц.Бадрал, О.Болороо нарын гаргасан 896 дугаартай дүгнэлтийн 5-д Гэмтэл согог судлалын үндэсний төвийн жижүүр эмч нар зохих журмын дагуу эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байна гэсэн нь үндэслэлтэй байна. ...” гэсэн дүгнэлт /1хх 228-239/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 8-9/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 10-11/, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 12-16/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /1хх 190/, эмчилгээний баримтууд /1хх 75-99, 204-218/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Б.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд хэргийн болж өнгөрсөн жинхэнэ үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ Б.Цэрэжавыг хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон бөгөөд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Б.Ц нь хүнийг алах гэмт хэргийн сэдэлт санаа зорилго, үйл баримт тогтоогдохгүй байна.

Хүнийг санаатай алах болон хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн ялгаа нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, уг зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдлээс учирсан гэмтлийн улмаас хохирогч үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалсан эмчилгээ, сувилгаа, бусад байдлаар учирсан хүнд гэмтэлтэй шууд шалтгаант холбоогүй хүндрэл үүсч нас барсан зэргээр тус тус ялгагдана.

Шүүх хүнийг алах гэмт хэргийг шийдвэрлэхдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдсэн шалтгаант холбоо, хор уршиг зэрэг нөхцөл байдалт тал бүрээс нь бүрэн бодиттой бичгийн нотлох баримтын хүрээнд үндэслэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэх нь хуульд нийцнэ.

Хэргийг судлахад, гэрч П.Халиунаагийн “...Батсайхан ах гараш дотор ...Зүүн талын чихнээс нь цус гарч, ...толгойн баруун талын хэсэг нь бас цус болсон, ... хамраас нь цус гарсан байсан. ...Батсайхан ах даралтаа үзмээр байна гэхээр нь эмийн сан руу ... орж үзүүлэхэд 65/29 болсон ... уначих гээд байсан. 103 дуудсан ба ирж даралтыг нь үзэхэд 70/40 байсан. Батсайхан ах эмнэлэг явахгүй гэж зүтгэж, бичиг хийж өгсөн. Эмч явсны дараа улам муудаж ... байсан. ...Би дахиж 103 дуудлага өгөөд гэр рүүгээ орсон. ...Батсайхан намайг өрөөндөө дуудсан. ...Би 103 дуудаж үзүүлсэн ба эмнэлэг рүү авч явах гэтэл Батсайхан өөрөө явахгүй гэсэн ба тэр эмчид цаасан дээр бичиг бичиж өгч байсан. ...” /1хх 23-24/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Солонгын гэрчээр өгсөн “...Аавыг Бооёо гэдэг хүн зодсон гэсэн. Эмчилгээний дэвтэр гэж байдаггүй байсан ба өөрөө эмнэлгээр яваад байдаггүй, эмнэлэгт очдоггүй хүн байсан. ...” /1хх 25-26/,

гэрч Г.Энхтүвшингийн “...Нэг өдөр оройхон гараш дээр очиход Батсайхан ах орон дээрээ согтуу хэвтэж байсан ба татах гээд байгаа юм шиг сонин болсон. Тэгэхээр нь түргэн дуудсан. Удалгүй түргэн ирээд үзээд нэг цагаан өнгийн эм өгөөд, эмч “аваад явъя” гэхэд Батсайхан ах өөрөө явахгүй гээд түргэний эмчтэй хамт яваагүй. ...” /1хх 185/

гэрч Д.Ганбатын “...би орой 20 цаг өнгөрч байхад Батсайханыг аваад гэмтлийн эмнэлэг явсан. Бид хоёр тэр өдөр ЭХО-д үзүүлсэн. Тэгтэл ЭХО-ны эмч гэдэс нь дүүрээд юу байгаа нь мэдэгдэхгүй байна маргааш 9 цагт ир гэсэн. Тэгээд би оочирлож байгаад цээжний зураг авахуулах гээд байж байтал охин нь нөхрийн хамт ирсэн. Би тэд нарт маргааш өглөө 9 цагт ир гэж байна, үзүүлээрэй гээд Батсайханыг граш дээр хүргэж өгөөд явсан...” /хх 185/,

гэрч Г.Отгон-Эрдэний “яаралтай түргэн тусламжийн дуудлагаар очиход Х.Батсайхан гэдэг хүн эзэн нь зодсон гэсэн тайлбартайгаар орон дээр хэвтэж байсан. Амин үзүүлэлтийг нь шалгаад ...Гэмтэл согог судлалын төв хүргэх гэтэл Батсайхан нь өөрөө явахгүй гээд байсан. тэгэхээр нь би бичиг хийж өг гэхэд бичиг хийж өгсөн...” /хх 199/,

гэрч Б.Олз-Эрдэний “тухайн өвчтөн Х.Батсайханыг үзэхэд таван цул эрхтэн онцын гэмтлийн өөрчлөлтгүй, гэдэс парезтай байсан учир дараагийн нарийн шатлалын шинжилгээ болох хэвлийн тодосгогч бодистой комьпютер томографийн шинжилгээг хийлгэх шаардлагатай гэж давтан ЭХО үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн...” /хх201/ гэх мэдүүлэгүүдээр амь хохирогч Х.Батсайхан нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас татгалзаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Мөн Х.Батсайханд учирсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтлүүд нь нас барахын өмнө үүссэн бөгөөд амь нас аврах боломжтой байсан ба гэмтэл авснаас хойш хугацаа алдаж эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийгдсэний улмаас нас барсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13898 дугаартай /1хх 37-38/, 08 дугаартай /1хх 42-44/, 315 дугаартай /1хх 55-58/, 896 дугаартай /1хх 64-67/, 1493 дугаартай /1хх 228-239/ дүгнэлтүүд, шинжээч Х.Батдэлгэрэхийн “...гэмтэл авсанаас хойш 3 хоногийн дараа ирсэн. Гэмтэл авсан даруй ирсэн бол амь насыг аврах бүрэн бололцоотой байсан. Хэвлийн гялтангийн түгээмэл өрөвслийн үеийн амьдрах магадлал тавилан нь гэмтсэнээс хойш мэс засалд орох хүртэлх хугацаанаас шууд хамааралтай байдаг” гэх тайлбар /1хх 29/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Дээрх шинжээч нарын дүгнэлт тайлбараар Х.Батсайханы эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан ба түүний амь нас хохирсон хор уршиг, шалтгаан нөхцөлийг өөр хоороноо ямар нэгэн зөрүүгүйгээр тодорхойлжээ.

 Нөгөөтэйгүүр, шинжээч нар хуульд заасны дагуу өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулбал зохих зүйлсийг хариулсан байх ба эдгээр баримтад тулгуурлан гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн болно.

Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хангалттай, хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, гомдолд заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаан мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй байна.

Шүүгдэгч Б.Цын үйлдсэн гэмт хэргийн тухайд, хохирогчийн амь насыг хохироох санаа зорилго агуулаагүй хэдий ч хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ санаатай хандсан шүүгдэгчийн гэмт үйлдлийг “хохирогчид хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хэргийн бодит байдалд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршиг буюу амь хохирогчийн оршуулах ажиллагаатай холбоотой гарсан зардалд нэхэмжилсэн төлбөрийг нөхөн төлж барагдуулсан нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баяраагийн “...Манай гэр бүлээс нэхэмжилсэн мөнгө, сэтгэл санааны хохирлыг барагдуулсан тул гомдолгүй. ...” /2хх 30-31/ гэсэн хүсэлт шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Цд 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг, Д.Алтансүх нарын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан шатны шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзэж байна. ...Эмч, эмнэлгийн байгууллага өөрөө хугацаа алдсан бол хэргийн зүйлчлэлд маш том өөрчлөлт орно. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/275 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг, Д.Алтансүх нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/275 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Прокуророос Б.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Шүүгдэгч Өвгөн овгийн Баасанжавын Цыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай." гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар Баасанжавын Цыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар ...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б Цд оногдуулсан 5 жилийн хугацаагаар ...” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг, Д.Алтансүх нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ