Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2018/0939/З |
Дугаар | 221/МА2021/0129 |
Огноо | 2021-03-11 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2021/0129
2020 оны 07 сары | Дугаар 221/МА2019/0000 | Улаанбаатар хот |
“БТ” ОНӨААТҮГ-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, гомдол гаргагчийн өмгөөлөгч А.К, хариуцагч Э.Б, Т.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 793 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлын дагуу “БТ” ОНӨААТҮГ-ын гомдолтой, Багануур дүүргийн татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Б, Э.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 793 дугаар шүүхийн шийдвэрээр:
“...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 зүйлийн 13.5.12 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Багануур дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын (ахлах) байцаагч Т.Б, Э.Б нарын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 271720016 дугаартай шийтгэлийн хуудсын 6 дахь заалтыг эрх бүхий улсын байцаагч нар нь дахин захиргааны шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6-д заасны дагуу Нийслэлийн Багануур дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын (ахлах) байцаагч Т.Б, Э.Б нар нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Багануур дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын (ахлах) байцаагч Т.Б, Э.Б нарын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 271720016 дугаартай шийтгэлийн хуудсын 6 дахь заалт хүчингүй болохыг мэдэгдэж” шийдвэрлэжээ.
Хариуцагч Багануур дүүргийн татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б, Т.Б нар давж заалдах гомдолдоо:
“...“БТ” ОНӨААТҮГ-ийн гомдолтой, Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Б, Т.Б нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0793 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүх маргааны үйл баримт маргаж буй үндэслэл, нэхэмжлэгч шүүхэд илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхаарч үзээгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж, 3 сарын хугацаатай дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэг. Илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлтийн тухайд
Тухайн маргаан бүхий захиргааны акт нь эрх зүйн зөрчилтэй эсхүл илт хууль бусын аль нь болохоос хамаарч эрх зүйн үр дагавар буюу нэхэмжлэлийн шаардлагын өөр өөр төрлийг сонгон хэрэглэх зохицуулалттай. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актын зөрчил буюу харагдах байдал нь хэлбэрийн хувьд хэн ч харсан илэрхий зөрчилтэй, алдаа нь тодорхой бөгөөд түүнтэй хэн ч маргахгүй тохиолдолд илт хууль бус бөгөөд тэрхүү акт нь гарсан цагаасаа эрх зүйн ямар нэгэн үйлчлэлгүй, үр дагавар үүсгэхгүй.
Энэ тохиолдолд маргаан бүхий акт хэлбэрийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус шинжийг агуулж байгаа эсэхийг шүүх хянах бөгөөд татварын улсын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 271720016 дугаар шийтгэлийн хуудас нь хэлбэрийн хувьд хуулиар олгогдсон эрх бүхий этгээдээс бичгээр гаргасан, Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас БТ ОНӨААТҮГ-т олгосон (2016 онд)-д санхүүжилтэд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (2016.01.01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн)-ийн 7 дугаар зүйлийн 7.2.15 дахь заалтад зааснаар НӨАТ ногдуулах ёстой атал ногдуулалгүй, чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнасан зөрчилд нь хариуцлага ногдуулсан нь ямар нэгэн илэрхий алдаатай, зөрчилтэй биш байх тул илт хууль бус буюу эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй.
Гэтэл шүүх хууль бус захиргааны актыг хянах буюу хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын төрөлтэй адилтган үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлээс хэтэрсэн дүгнэлтийг хийж шийдвэрлэсэн.
Хоёр: Маргааны үйл баримтыг буруу дүгнэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн талаар,
Татварын улсын байцаагч нар нь БТ ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа буюу үзүүлж буй үйлчилгээ, ажилчдын цалин хөлсөнд НӨАТ ногдох, ногдуулахгүй асуудал биш, гагцхүү ИТХ-аас БТ-д олгосон 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтэд хуульд зааснаар НӨАТ ногдуулаагүй, чөлөөлөгдөх орлогоор тайлагнасан нь зөрчил гэж үзсэн маргааны үйл баримтын талаар талууд маргаж байхад шүүх “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.5.12-д зааснаар төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ нь НӨАТ-аас чөлөөлөгдөхөөр байна.
БТ ОНӨААТҮГ нь төсвөөс санхүүждэг, уг санхүүжилтээр олгогдсон зардлаар нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ, тохижилт, үйлчилгээний ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байх тул төрийн ажил, үйлчилгээ гэж үзэх үндэслэлтэй байна” гэж ажил үйлчилгээ, цалин хөлс, зардалд НӨАТ ногдуулсан мэтээр дүгнэсэн нь маргааны үйл баримтыг буруу тодорхойлсон гэж үзэж байна. Энэ талаар өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлалд санхүүжилтээр авсан орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлөх ёстой орон нутгийн эсэхийг дүгнэх замаар маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой" талаар дурдсаныг шүүх анхаарч үзсэнгүй.
Мөн БТ нь төрийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр орон нутгийн санхүүжилтээр гүйцэтгэж байгаа нь төрийн ажил, үйлчилгээ гэж үзэх үндэслэлтэй" гэж дүгнэсэн атлаа" төрийн үйлчилгээ мөн эсэхийг тодруулахгүйгээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлого гэж үзсэн нь үндэслэлгүй. Энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, захиргааны байгууллага зайлшгүй тодруулах шаардлагатай” гэж эсрэг тэсрэг өөрийн үндэслэлээ үгүйсгэсэн дүгнэлт болсон байна. Энэ тохиолдолд шүүх эрх хэмжээний хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан. Нөгөөтээгүүр БТ ОНӨААТҮГ нь хэлбэрийн хувьд аж ахуйн тооцоотой, гэрээний үндсэн дээр тохижилт үйлчилгээний ажлыг гүйцэтгэж, төсвөөс санхүүжилтийг /татаас байдлаар/ авдаг тул төрийн байгууллага гэж үзэх үндэслэлгүй бөгөөд ямар ч тохиолдолд төрийн байгууллага бусад аж ахуйн нэгжтэй гэрээний үндсэн дээр ажил үйлчилгээ үзүүлэх, энэхүү үйлчилгээ үзүүлсний төлөө орлого олох үйл ажиллагааг (хуулиар хориотой бөгөөд төрийн байгууллагын байранд ч хувийн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах, түрээслүүлдэггүй) явуулах хууль зүйн боломжгүй. Гэтэл “БТ" ОНӨААТҮГ нь хот тохижилтоос гадна мод үржүүлэг, нас барагсдад үзүүлэх үйлчилгээ, гэрэлтүүлэг рекламны угсралт засвар үйлчилгээ, Авто замын гэрлэн дохионы ажиллагаа засвар, хуурай хог хаягдлын ачилт тээвэрлэлт, хогийн цэгийн түрэлт булалт, хадгалалт, хамгаалалт, муур нохой устгал эрхэлж 94,874,940.47 төгрөгийн орлого гэх мэт үйл ажиллагаа тайлагнасан байдаг.
БТ ОНӨААТҮГ нь хэлбэрийн хувьд аж ахуйн тооцоотой, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.5.12-т хамаарах үндэслэлгүй талаар 2020.12.16-ны өдөр маш тодорхой хариу тайлбарыг шүүхэд өгсөн болно.
Татварын улсын байцаагч нар нь хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй бөгөөд 2016.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.15-д төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилтэд НӨАТ ногдуулах талаар маш тодорхой хуульчилсан. ИТХ олгосон санхүүжилтдээ НӨАТ-таа тооцоолоогүй, урьд чөлөөлөгддөг байсан тэр л ойлголтоор төсөвлөж, БТ ч урьдийн адил чөлөөлөхөөр тайлагнаж, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн үйлдэлд хариуцлага ногдуулсан. Хуулийг (өөрчлөгдснийг) мэдээгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтад зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар оны 17-ны өдрийн 128/ШШ2020/0793 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс “Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Т.Б, Э.Б нарын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай 271720016 тоот шийтгэлийн хуудсын 6 дахь заалт буюу 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 1.400.367.500,0 төгрөгийн нийслэл болон орон нутгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнаж, 1.273.061.363.6 төгрөгийн татвар ногдох орлогыг буруу тайлагнасан зөрчилд 127.306.134.4 төгрөгийн нөхөн татвар, 38.191.840,9 төгрөгийн торгууль, 19.248.648 төгрөгийн алданги, нийт 184.746.661,3 төгрөгийн шийтгэл ногдуулсан хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны 04 дүгээр тогтоолоор дүүргийн 2016 оны төсвийн дотор “Хот нийтийн тохижилт, үйлчилгээний зардал”-д 1.309.630,3 төгрөг, 2016 оны 02 дугаар “Төсөвт өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор төсвийг нэмэгдүүлж, нийт 1.400.366.900 төгрөгийн санхүүжилтийг баталснаар дүүргийн “А” /тухайн үеийн нэршлээр/ ОНӨААТҮГазар /цаашид “Бт” гэх/-т хавсралтаар санхүүжилтийг олгосон байна.
Энэхүү санхүүжилтийг Нийслэлийн Багануур дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын (ахлах) байцаагч Т.Б, Э.Б нарын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 271720016 дугаартай шийтгэлийн хуудсын 6 дахь заалтаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15-д зааснаар төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас, урамшуулал гэж үзэн орлогыг нэмэгдсэн өртгөөс чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнаж, 1.273.061.363,6 төгрөгийг татвар ногдох орлогыг дутуу тайлагнасан зөрчилд 127.306.136,4 төгрөгийн нөхөн татвар, 38.191.840,9 төгрөгийн торгууль, 19.248.684,0 төгрөгийн алданги ногдуулжээ.
Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан шатны шүүх ”...ажил, үйлчилгээний зардлыг төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ мөн эсэхийг тодруулалгүйгээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлого гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ. ... гомдол гаргагч нь төрийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байгаа байгууллага мөн бөгөөд маргаан бүхий тохиолдол нь орон нутгийн санхүүжилтээр орон нутагт хийгдсэн төрийн ажил, үйлчилгээ гэж үзэх үндэслэлтэй байна...” гэсэн үндэслэлээр маргаан бүхий заалтыг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж, хариуцагчаас дахин шинэ акт гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй байна.
Нийслэлийн Багануур дүүргийн татварын хэлтсийн татварын татварын хяналт шалгалтын тасгийн улсын (ахлах) байцаагч Т.Б, Э.Б нарын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 271720016 дугаартай шийтгэлийн хуудсын 6 дахь заалт нь илт хууль бус захиргааны акт болох үндэслэлийн тухайд:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэгт дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар орох бөгөөд тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилна”, 15.2-т “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч “БТ” ОНӨААТҮГ нь төрийн өмчид үндэслэсэн өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл нийтийн эрх ашгийн үүднээс хот, дүүргийн тохижилт, орчны ариун цэвэр, нийтийн эд хогшлыг хамгаалах, арчлах, аюулгүй бүрэн бүтэн байдлыг хангахын тулд төрийн үйлчилгээг хийлгүүлэхээр орон нутгийн захиргааны байгууллага “БТ” ОНӨААТҮГ-тай гэрээ байгуулсны үндсэн дээр төсвөөс тодорхой хэсгийг санхүүжүүлж, үлдэх хэсгийг өөрийн үйл ажиллагаагаа явуулж орлого олсноор нэмэгдсэн өртгийн татвар төлөгч мөн гэж үзнэ. Энэ утгаараа шийтгэлийн хуудасны бусад зүйл, заалттай маргаагүй бөгөөд харин маргаан бүхий 6 дугаар заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр илт хууль бус захиргааны актад тооцуулах шаардлагын хүрээнд хянаж шийдвэрлэсэн болно.
2. Хариуцагч татварын улсын байцаагч нарын “дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “БТ” ОНӨААТҮГ-т төсвийн санхүүжилт олгож байгаа нь төрөөс үзүүлж байгаа үйлчилгээ учир тухайн санхүүжилт нь нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөгдөхгүй” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.
Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д ““төсөв” гэж төрийн чиг
үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг”, 4.1.27-д “орон нутгийн төсөв” гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг” тус тус ойлгох бөгөөд энэ тохиолдолд маргаан бүхий 1.400.366.900 төгрөг нь Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан төсвөөс зарцуулах хот нийтийн тохижилт, үйлчилгээний зардал юм.
Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.16-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын дарга тухайн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч байна;” 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах;” 22 дугаар зүйлийн 22.1-д “Төсвийг тогтоосон ангиллын дагуу төлөвлөж, гүйцэтгэлийг хэрэгжүүлж, бүртгэн, 22.2.3-д “эдийн засгийн ангиллаар тайлагнана” гэж заасны дагуу энэхүү иргэдийн Хурлаас олгосон төсвийн санхүүжилтийг Багануур дүүргийн Засаг даргын баталсан “Хот тохижуулах газрын 2016 оны тодотгосон төсөв”-т Байр ашиглалттай холбоотой зардал, Хангамж, бараа материалын зардал, эд хогшил, урсгал засварын зардал, Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардал гэсэн ангиллаар зардлуудыг тооцож, сар, улиралд хуваарилж зарцуулахыг Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга хянан баталгаажуулснаар зориулалтаар нь сар, улирлын хуваарийн дагуу зарцуулах, мөн хууль тогтоомжид зааснаар тайлагнах үүргийг нэхэмжлэгч хүлээхээр байна.
Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн жилд багтаан жил бүр нийтийн эрх ашгийн үүднээс ажил, үйлчилгээ гүйцэтгүүлэхээр орон нутгийн төсвийн санхүүжилтээр төрийн сангаар санхүүжилтээр олгогдсон зардалд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцогдож олгогдоогүй байхад татвар ногдуулж буй нь ойлгомжгүй.
Нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах албан татварыг ойлгох бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нарын “... орон нутгийн иргэдийн Хурлын тогтоолоор олгож байгаа санхүүжилт нь төрөөс гүйцэтгэгч байгууллагад олгож байгаа үйлчилгээ учир нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулснаар тайлагнах ёстой” гэх тайлбарыг хүлээж авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг шинэчлэн найруулж, 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс дагаж мөрдсөн ба хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15-д зааснаар төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас, урамшуулал гэж үзэн орлогыг нэмэгдсэн өртгөөс чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнасан гэж үзвэл энэхүү санхүүжилтийг уг хууль үйлчлэхээс өмнө буюу 2015 онд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийг баталсан байдлыг харгалзан үзэх ёстой байсан.
Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Дараах үйлчилгээг албан татвараас чөлөөлнө:”, 13.5.12-д “төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ. Үүнд Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна” гэж зааснаас үзвэл төрийн байгууллагаас нийтийн үйлчилгээнд зориулан орон нутгийн зам нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ, тохижилт, үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэх санхүүжилт авсан орон нутгийн өмчит байгууллага нь албан татвар ногдуулах байгууллагад хамаарахгүй гэх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь уг үйлчилгээг үзүүлж байгаа төсөвт байгууллагын ангилалд хамаарах боломжтой эсэхийг хариуцагч нягталж тодорхойлоогүй нь шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, татварын байцаагч нар “бусад дүүргийн адил төстэй ажил, үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд ийм асуудал гарахгүй байгаа” талаар дурьдсанаар нотлогддог.
Харин хариуцагч Багануур дүүргийн төсвөөс олгосон “Хот нийтийн тохижилт, үйлчилгээний зардал”-д зориулсан 1.400.366.900 төгрөгийн санхүүжилт нь маргаан бүхий шийтгэлийн хуудсын 6 дахь заалтыг үндэслэж буй Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15 дахь заалтад хамаарахаар байвал бусад зарим нэг төсвийн санхүүжилтийн нэгэн адил нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцож олгосон байхаас гадна тухайн зардлын задаргааны дагуу тайлагнаагүй бол хуулийн дагуу захиргааны шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан нөхцөл байдал тогтоогдвол шүүх захиргааны акт анх гарсан цагаас эхлэн эрх зүйн үйчлэлгүй, илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэнэ.
Энэ тохиолдолд гомдол гаргагчийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохгүй үйл ажиллагаанд хариуцагч нараас шийтгэл оногдуулсан нь анхнаасаа эрх зүйн үндэслэлгүй байх ба уг шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэхээр байна.
Хэдийгээр гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс “анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасан гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн тул буцаах” хүсэлт ирүүлсэн ч гомдол гаргах хугацаа хэтэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн боловч маргаан бүхий шийтгэлийн хуудсын холбогдох заалт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус байх шинжийг агуулж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 793 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.16, 16 дугаар зүйлийн 16.5.5, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “БТ” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Багануур дүүргийн татварын хэлтсийн татварын татварын хяналт шалгалтын тасгийн улсын (ахлах) байцаагч Т.Б, Э.Б нарын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 271720016 дугаартай шийтгэлийн хуудсын 6 дахь заалтыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг хасч, бусад заалтыг хэвээр үлдээн хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА