Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 277

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Б.Чинзориг,

Хохирогч Ц.Энхзаяа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхцэцэг,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нямдаваа, тэдгээрийн өмгөөлөгч Х.Даваахүү,

Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч А.Цэрэнханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ишгин овогтхолбогдох эрүүгийн 1803 00658 0364 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, , 1981 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, 100 мод 2-132 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:ШД81072472.

 

Шүүгдэгч Г.А нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ согтуурсан үедээ 2018 оны 8 дугаар сарын 03-ны 18 цаг 15 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, зуслангийн замд “Toyota Prius” маркийн 53-42 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа ..хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгоэл жолоодох”, мөн дүрмийн 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ц.Энхзаяагийн жолоодож явсан Toyota Prius маркийн 95-88 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Н.Тэмүүлэнгийн эрүүл мэндэд хөнгөн, жолооч Ц.Энхзаяа, зорчигч Н.Тэргэл нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулан, уг гэмт хэргийн улмаас зорчигч Б.Цэндсүрэнгийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Аоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч Г.Аоос мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /4хх-96-99/ “..Би өмнө нь болсон зам тээврийн ослын талаар бүх мэдэх зүйлээ хэлсэн одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Би болсон асуудалд маш их харамсаж байна, гэмшиж байна, би хохирол гомдлыг бүрэн барагдуулж өгнө, ийм зүйл болсонд хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна. Би бусдад учирсан хохирлыг ял эдлэхийн өмнө болон ял эдэлж байх хугацаандаа төлж барагдуулж байгаа, одоогийн байдлаар хохирогчид нийт 14.500.000 төгрөгний төгрөгний хохирол төлж барагдуулж өгсөн. Би хоригдож байх хугацаандаа ажил хийж цалингаа хохиролдоо өгч байгаа, цаашид өгөх болно, мөн өөр боломж гарвал төлөх болно. Миний биеийн байдал одоо бага сул байгаа, босож суухад толгой эргэдэг, эмчид үзүүлэхээр цус багадалттай гэж хэлсэн. Би одоогийн байдлаар 460 хоног буюу 1 жил 3 сар 5 хоног биеэр ял эдэлж байгаа. ..” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Энхзаяагаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр цаг агаар дулаахан байсан учраас 2 хүүхдээ, ээжтэйгээ хамт салхинд гаргахаар зуслан руу явж байсан. Гэнэт л осол гарсан. Машины урдаас утаа гараад байсан учраас би шатах гэж байна уу л гэж бодсон. Хажуу тийшээ харахад ээж маань цус болчихсон. Охин маань арын суудалд уйлаад байсан. Ээжийгээ гаргах гэхэд хаалга нь чихигдчихсэн учраас болохгүй байсан. Надад олон хүн ирж тусалсан. Тэгээд Гэмтэл, согог судлалын үндэсний төв рүү явсан. Алхах үед миний хөл хазганаад биеийн зүүн хэсэгт хэцүүхэн байсан. Би тухайн үед өөрийнхөө талаар бодоогүй. Би эхээс хоёулахнаа. Намайг шинжээч эмчид үзүүл гэхэд надад тухайн үед боломж байхгүй байсан учраас би эмчилгээ хийлгээгүй. Эрчимт эмчилгээний үед хэзээ дуудах бол гэж хүлэж байсан. Би зүүн талаа MRI-д харуулсан. Зүүн өвдгийг дурангийн хагалгаагаар оёх шаардлагатай. Нурууны L3, L4, L5 үе бүгд цүлхийсэн гэх оноштой. Сүүлд үзүүлэхэд 2 удаагийн физик эмчилгээнд ороод үзье болохгүй бол хагалгаанд орно гэж эмч хэлсэн. Энэ ослоос хойш ээжийгээ асарч, ээжийнхээ оршуулга гэж явсаар би сэтгэл санааны хувьд маш их хохирсон, өөртөө эмчилгээ хийлгэж чадаагүй. Надад санхүүгийн асуудал тулгарсан учраас би эмчилгээ хийгээгүй байгаа. Байнгын өвчин намдаах лаа, эм хэрэглэдэг байсан. Ингэснээр сөрөг нөлөө их үзүүлсэн. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналтай байна..” гэв.

 

Хохирогч Ц.Энхзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-34-39/ “..2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ажлаа тараад гэртээ очоод, ээж Цэндсүрэнг агаарт гаргах зорилготой Шарга морьтын эцэст байдаг лагерийн байшин руу ээж Цэндсүрэн, хүү Тэмүүлэн, охин Тэргэл нарыг машиндаа суулгаад явж баисан. Тэгтэл хойноос Шадивлангийн зам өнгөрөөд явж байтал гэнэт өөдөөс машин урсгал сөрж орж ирээд, миний машиныг мөргөсөн. Тэгээд л нэг мэдсэн чинь миний хажууд сууж явсан ээжийн минь шанаанаас цус гарсан, ухаангүй байсан. Манай охин ээжээ гээд л машины ард уйлаад байсан. Миний хүү Тэмүүлэн машинаас буугаад хэвтчихсэн байсан. Ээжийг минь машинаас буулгах гэтэл хаалга нь онгойхгүй байсан. Машины урдаас уур савсаад байхаар нь айгаад дэлбэрчих болов уу гэж бодоод ээжийгээ машинаас хурдан гаргаж авна гэж бодож байсан. Тэгээд удалгүй эмнэлгийн машин ирээд, манай ээж, хүү бид 3 нэг эмнэлгийн машинд авч явсан. Манай охин өөр эмнэлгийн машинд гэмтлийн эмнэлэг дээр хүргэгдэж ирсэн. Миний ээж эмнэлэг дээр ирэхэд ухаангүй байсан одоо болтол ухаангуй байгаа. Хүү Тэмүүлэн гар нь сойлттой гэртээ хэвтрийн дэглэмд байгаа. Охин Тэргэл нь аарцагны яс хугарсан гэсэн. Мөн баруун гарын шууны яс хугарсан байдалтай байгаа. Миний хөл, цээж хэсгээр өвдөж байгаа. Манай хүү Тэмүүлэн зүүн гар нь сойлттой гэртээ хэвтрийн дэглэмтэй байгаа, охин гар болон ааоцагны яс нь хугарсан байдалтай эмнэлэгт хэвтэж байгаа. Манай ээж Цэндсүрэнгийн биеийн байдал маш муу, одоо ухаангүй байгаа. Би маш их гомдолтой байна. Миний ээж, охиныг босгож өг. Эд хөрөнгө, гарсан бүх хохирлыг төлүүлж авмаар байна..” гэх мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхцэцэгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: /хх-30-32/  “..Тухайн үед ажил тараад явж байхад манай дүү Ц.Энхзаяа залгаад осолд орсон талаараа хэлсэн. 2 жилийн сэтгэл санааы гүн шоконд оруулна гэж бодоогүй байсан. Гэмтэл, согог судлалын үндэсний төвд яараад очиход дүү маань бие нь өвдсөн байдалтай уйлаад, охин нь эрчимт эмчилгээний тасагт боолттой, хүү нь гар нь хугарсан байсан. Ээжийг асуухад сэхээн амьдруулах тасаг руу аваад явчихсан, уулзах боломжгүй байсан. Тухайн үедээ шоконд ороод өчигдөр инээгээд байж байсан ээж маань ийм байдалтай болчихсон гэдэгт итгэж чадаагүй. Ц.Энхзаяа өөрийнх нь бие нь өвдөж байсан ч осол гарах үед хамт байсан учраас ээжийгээ босгоод авах юмсан гээд их явсан. 2 хүүхдээ хүртэл мартаад яаж ээжийгээ босгоод авах уу гээд их зүтгэсэн. Би чи өөрийгөө эмчлүүл гэж хэлж байсан ч зүгээр гээд 2 цаг тутамд өвчин намдаах лаа хийж аргацаадаг байсан. Бид хоёр эмнэлгээр их явсан. Эхээс хоёулахнаа учраас ийм хүнд нөхцөлд хүн хүч их дутагдалтай, хэцүү байдаг юм байна гэдгийг биеэр мэдэрч ойлгосон. Эдийн засгийн хувьд маш хүндрэлтэй байсан. Хүн гэдэг сэтгэлийн амьтан байдаг болохоор бусад осолд орсон хүмүүсийг хохироосон хүмүүс ирээд хохирогч нараасаа юу болсон талаар асууж, туслалцаа байгаа эсэхийг сургалдаг байхад манай осол гаргасан хүн нэг ч удаа асууж сураглаагүйд гомдолтой байгаа. Ээж маань 1 жилийн хугацаанд ухаангүй байсан. Хэдийгээр Г.А өөрөө хоригдсон байсан ч насанд хүрсэн олон тооны гэр бүлийн хүмүүс нь ирж уулзах боломжтой байсан. Хохирсон хүмүүсийг боддоггүй юмаа гэхэд Г.Аыг яагаад бодохгүй байгаад нь гайхаж байна. Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. Ээжийгээ асрах хугацаанд ажлаа хаяж,  өр зээл тавьсан. Энэ хэргээс болж дүү, бид хоёрын амьдрал орвонгоороо эргэсэн..” гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ : / “..2018 оны 08 дугаар сарын 03-ны орой 18 цагийн үед манай дүү Ц.Энхзаяа миний утас руу залгаад дүү нь осолд орчихлоо яаралтай Гэмтлийн эмнэлэг дээр ирээрэй гээд уйлсан. Тэгээд би шууд Гэмтлийн эмнэлэг рүү очсон. Би одоо маш их гомдолтой байна... Би одоо ээж Б.Цэндсүрэнг эрүүл, саруул хөл дээр нь босгочихмоор байна. Нөхцөл байдал маш хүнд байна..” гэх мэдүүлэг,

 

Насан хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нямдаваагаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ажил тарах үед эхнэр маань осолд орсон талаараа хэлээд гар утсаа тасалсан. Би тухайн үед хаашаа явахаа мэдэхгүй 7 буудлын зүг явж байхад осол гарахыг харсан эмэгтэй миний дугаарыг аваад үлдсэн гээд над руу залгасан. Манай машиныг ачих гэж байна гэхэд нь түр байлгаж байгаарай би очиж гэрийн түлхүүрээ авна гэдгээ гар утасны цаанаас хэлсэн. Очоод машинаа харах үед танихааргүй харагдаж байсан болохоор би дотор нь байсан хүмүүсийг амьд гэж бодоогүй. Гэмтэл согог судлалын үндэсний төв явсан гэдгийг сонсоод би Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиход бүгд шоконд орсон байдалтай, охин маань сэхээн амьдруулах тасагт хөл гар нь боолттой, хүү маань боолттой, хадам ээж маань сэхээн амьдруулах тасагт байсан. Эхнэрийн маань шок гараагүй байсан. Би шууд 2 хүүхдээ үзүүлж явсан. Охиноо тухайн өдрөөс эхлээд аарцагны яс гэмтэлтэй, гар хугаралтай гээд 14 хоног би эмнэлэгт сахисан. Охин маань хөл дээрээ босож алхаж чадахгүй байсан. Охиныг маань гэрээр эмчилгээ хийлгэ гээд 14 хоноод эмнэлгээс гарсан. Тэмүүлэн маань дэглэм барьж байсан. Үүнээс хойш бид нар ээждээ хамаг анхаарлаа хандуулж, Тэмүүлэн хүүгээ анхаарч чадаагүй. Охиныгоо улсын эмнэлэгт үзүүлэхээр эмчилгээ дууссан гэдэг ч охины маань бие нь өвдсөөр байсан. Осолын хор уршиг нь сүүлд илэрдэг юм байна. Сүүлийн үед хүүхдүүдийн маань гэмтэл илэрч байна. Манай хүү 05 дугаар сард гэртээ гэнэт ухаан алдсан. Манай охин багаасаа олон улсын тэмцээн, уралдаанд цэнгээнт бүжгээр явдаг байсан. Гэтэл одоо гэртээ байнга байх болсон. Зурагт үзэхээр орилдог болсон. Дахиад хүүхдээ үзүүлье гэхээр эхнээс нь MRI- шинжилгээнүүдээ өг гэж хэлдэгч санхүүгийн асуудлаас болоод чадахгүй байна. Хадам ээж маань өнгөрөөд манай гэр бүл зээлээс зээлийн хооронд амьдрах болсон. 2 хүүхдээ эмчлүүлэх гэхээр төлбөрийн чадваргүй болсон. Авсан цалингаа өрөндөө өгөх болсон. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү..” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нямдаваагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-21-26“..Би 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ажил дээр байж байтал манай эхнэр Ц.Энхзаяа нь над руу утсаар залгаад хойно зусланд ойн жимийн хойно осолд орчихлоо гэж хэлээд утсаа тасалчихсан. Тэгээд тухайн үед удалгүй тэр хавьд нь амьдардаг гэсэн байхаа нэг эмэгтэй манай эхнэрээс миний утасны дугаарыг аваад над руу залгаад эхнэр хүүхдүүдийг нь чинь эмнэлгийн машин ирээд аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би удалгүй ажлаасаа гараад, осол болсон газарт очиход нөгөө машиныг нь аваад явчихсан, манай эхнэрийн машиныг авч явах гээд байж байсан. Тэгээд би машинаасаа гэрийнхээ түлхүүрийг аваад, шууд гэмтлийн эмнэлэг очсон. Намайг очиход манай хоёр хүүхэд, эхнэр шоконд орсон байдалтай юм ярьж чадахгүй, миний охин Н.Тэргэлийн гар нь хугарсан, мөн аарцагны яс нь хугарсан байсан. Манай хадам ээж Б.Цэндсүрэн сэхээнд хэвтчихсэн байсан. Манай хадам ээж Б.Цэндсүрэн одоо хүртэл ухаангүй эмнэлэгт хэвтэж байгаа, миний охин Н.Тэргэл нь осол болсноос хойш одоог хүртэл гэртээ хэвтэрийн дэглэмтэй босож чадахгүй, эм тариа хэрэглээд байж байгаа. Миний охины биеийн байдал маш хүнд байгаа, хааяа аарцаг нь өвдөөд уйлна, орилно, хугарсан гар нь өвдөөд байна гэж дандаа хэлнэ. Мэш хэцүү байгаа. Миний охин Н.Тэргэл нь болсон ослын талаар сайн юм мэдэхгүй байгаа, юм асуухаар нэг мэдсэн чинь эмээ цус болчихсон хөдлөхгүй сууж байсан, ээж орилоод байсан өөр сайн юм санахгүй байна гэсэн юм. хэлж байгаа. Мииий охин Н.Тэргэл нь одоо 10 настай. Ойролцоогоор 500.000 төгрөг эмчилггэнд нь хэрэглэсэн байх. Би эмчилгээнд нь зарцуулсан, эм тарианы баримтыг цуглуулж чадаагүй. Миний охин Н.Тэргэлийн эмчилгээнд жолооч талаас ямар ч хохирол барагдуулаагүй байгаа. Би маш их гомдолтой байна. Охиныхоо эмчилгээнд гарсан бүх зардлыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Н.Тэмүүлэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-28/ “..Би 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байтал миний лэж Ц.Энхзаяа манай эмээ, дүү бид гурвыг гэрээс ирж аваад, хойшоо Шаргаморьтын лагерь руу явж байсан. Тухайн үед би жолоочийн арын суудал дээр хойно сууж явсан. Тэгтэл манай машиныг нэг машин мөргөх шиг болсон тэгээд л би сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь эмч нар ирчихсэн намайг машинаас буулгаж байсан, тэгээд нэг мэдэхэд гэмтлийн эмнэлгийн гадна талд зогсож байсан. Би юу болсон талаар ээжээс асуухад манай эмээ сэхээнд орсон, дүү аарцагны яс хугаралтай гээд амьлихуй гэсэн тасагт хэвтэж байна гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш манай эмээ ухаангүй гэмтлийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасат хэвтэж байгаа, дүү маань эмнэлгээс гарчихсан. Аарцагны яс хугарсан болохоор гэртээ хэвтрийн дэглэмтэй, хэвтэж байгаа. Миний зүүн гарын хуруу болон толгой, нуруу өвдөж байгаа..” гэх мэдүүлэг, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-13/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №8147 дугаартай Химийн шинжээчийн 8147 дугаартай дүгнэлтэнд: “..2. Шинжилгээнд ирүүлсэн “Vlll/03 18 56 Г.А” гэж хаягласан цусанд 2,7 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2,7 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /2хх-57-58/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 987 дугаартай “ 1. Ц.Энхзаяа-н биед зүүн өвдөгний гадна хашлага мөгөөрс /мениск/ -ний урд, арын эвэр, дотор хашлага мөгөөрсний арын эвэр, бүсэлхийн 4-5, бүсэлхийн 5- ууцны 1-р нугалмын мөгөөрсөн цагирагны урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт /2хх-72-73 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 9932 дугаартай дүгнэлтэнд: “..1. Н.Тэргэлийн биед зүүн ацетабулын урд баганын хугарал, баруун шуу ясны хугарал, баруун өвдөг, зүүн гуянд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт, эрүү, баруун шилбэнд нөсөө гэмтэл тогтоогдлоо. 2 Дээрх гэмтэл нь авто ослын үед үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмттмйн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдэлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт /2хх-84/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 9933 дугаартай дүгнэлтэнд: “ 1. Н.Тэмүүлэнгийн биед зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт /2хх-77/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 9906 дугаартай дүгнэлтэнд: “ 1.Г.Аын биед зүүн 10-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна..”гэсэн дүгнэлт /хх-55/,

 

           2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн техникийн шинжээчийн дүгнэлтэнд: 1. “Toyota Prius” маркийн 53-42 УНЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Г.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. “Toyota Prius” маркийн 95-88 УНТ улсын дугаартай автомашины жолооч Ц.Энхзаяа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна. 3. “Toyota Prius” маркийн 53-42 УНЕ улсын дугаартай автомашины хурдыг тодорхойлох боломжгүй. Схем зурагт тормосны мөр байхгүй байна. 4. “Toyota Priis” маркийн 95-88 УНТ улсын дугаартай автомашины хурдыг тодорхойлох болэмжгүй. Схем зурагт тормосны мөр байхгүй байна...” гэсэн дүгнэлт /2хх-88-89/, “Хас Үнэлгээ” ХХК 095 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайланд “... Марк, загвар: Toyota Prius 30 Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 5.453.000 төгрөг...” автомашин техникийн үнэлгээний тайлан /2хх-103-105/, “Хас Үнэлгээ” ХХК 012 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайланд “... Марк, загвар: Toyota Prius 20 Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 2.290.000 төгрөг...” автомашин техникийн үнэлгээний тайлан /2хх-107-108/,

 

                 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 сарын сарын 03-ны өдрийн 1473 дугаартай хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн дүгнэлтэнд “...3.4. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой. 5. Боль овогтой Цэндсүрэн нь их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр хажуугийн ховдолд цус харвалт, аксоны тархмаг гэмтлийн улмаас тархины комын байдалд удаан хугацаанд байснаас олон эрхтэний дутагдлаар хүндэрч нас барсан байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /3хх-137-143/,

                 Шүүгдэгч Г.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-122/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-121/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-116/ зэрэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.А нь архи ууж согтуурсан үедээ 2018 оны 8 дугаар сарын 03-ны 18 цаг 15 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, зуслангийн замд “Toyota Prius” маркийн 53-42 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооодож яваад эсрэг урсгалд орж өөдөөс ирж яваа Ц.Энхзаяагийн жолоодож явсан Toyota Prius маркийн 95-88 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан байна.

Шүүгдэгч Г.А нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа ..хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн, ослын улмаас Энхзаяагийн жолоодож явсан Toyota Prius маркийн 95-88 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н.Тэмүүлэнгийн эрүүл мэндэд хөнгөн, Ц.Энхзаяа, Н.Тэргэл нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан, уг гэмт хэргийн улмаас зорчигч Б.Цэндсүрэнгийн амь нас хохирсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.А болон түүний өмгөөлөгч нараас замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хохирогч нарт учирсан гэмтлийн зэрэг, үхлийн шалтгаан зэрэгт ямар нэг маргаан гаргаагүй бөгөөд улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалыг хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд шүүгдэгч Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас 2 хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Ц.Энхзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад учирсан хохирол гэж эм тариа, асаргаа эмчилгээнд 23.189.920 төгрөг, эмч сувилагчийн хөлс 770.000 төгрөг, /1хх-44-222/, /2хх-199-240/, эмнэлгийн ор хоног 240.000 төгрөг, машины засварын үнэлгээ 5.453.000 төгрөг, цалин 12.000.000 төгрөг /2хх-37,39/, /1хх-40/, /2хх-245/, /2хх-241/, эм тариа, асаргаа эмчилгээнд 11.571.330 төгрөг, эмч сувилагчийн хөлс 1.460.000 төгрөг, машин саатуулсан байрны төлбөр 710.000 төгрөг, цалин 2018 оны 12 сараас 2019 оны 8 сар буюу 9 сарын цалин 18.000.000 төгрөг, /3хх-220-250/, /4хх-1-90/, /1хх-40/, /2хх-241/, /2хх-245/, оршуулгын зардал 6.740.000 төгрөг, зэд буяны 1.261.500 төгрөг, шүүх эмнэлгийн төлбөр 300.000 төгрөг нийт 81.695.750 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Г.Аын ар гэрээс 8.700.000 төгрөгийг төлснийг мөн “Соёмбо даатгал”-аас авсан 5.000.000 төгрөг авсаныг хасч тооцон шүүгдэгч Г.Аоос нийт 67.995.750 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Энхзаяагаас нэхэмжилсэн хохирлын дүнг шүүгдэгч Г.А хүлээн зөвшөөрсөн буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлөхөө илэрхийлсэн бөгөөд хохирол нэхэмжилсэн баримтууд нотлох баримтын шаардлага хангасан, талийгаачийг эмчлэх, асрах болон оршуулах зан үйлдтэй холбоотой гарсан зардал байх тул шүүгдэгч Г.Аоос нийт 67.995.750 төгрөгийг гаргуулж талийгаачийн охин, түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Ц.Энхцэцэгт олгохоор шийдвэрлэлээ.

 

Хохирогч Ц.Энхзаяа, насанд хүрээгүй хохирогч Н.Тэргэлийн хууль ёсны төлөөлөгч Н.Нямдаваа нараас хохиролтой холбоотой баримт хэрэгт хавсаргаж ирүүлээгүй бөгөөд эмчилгээний зардлаа баримтыг бүрдүүлж цаашид нэхэмжлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байх тул хохирогч Ц.Энхзаяа, насанд хүрээгүй хохирогч Н.Тэргэл нарын уг ослоос учирсан гэмтлийг эмчлүүлсэн зардал буюу гэм хорын хохиролыг хохирогч Ц.Энхзаяа, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нямдаваа нар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт шалгагдаж, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болсон шийтгэх тогтоолоор ял эдлэж байсан ялын тооцооны тодорхойлолтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 407 дугаар нээрттэй хорих ангиас гаргаж ирүүлсэн байна. Энэ тодорхойлолтоор 2018 оны 11 сарын 28-ны өдрөөс ял эдлэж эхэлсэн байх тул шүүх хуралдаан болсон 2020 оны 04 сарын 08-ны өдрийг хүртэл 496 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аын шүүх хуралдаан болохоос өмнө цагдан хоригдсон 496 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аод оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аоос 67.995.750 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, хувьсгалчдын Б-6-257 тоотод оршин суух Очирваань овогтой Цэндсүрэнгийн Энхцэцэгт /РД:ЧР71070103/ олгож, хохирогч Ц.Энхзаяа, насанд хүрээгүй хохирогчийнН.Тэргэлийн хууль ёсны төлөөлөгч Н.Нямдаваа нар нь гэм хорын хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Г.Аын бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Аод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.МӨНХБАЯР