Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 872

 

 

 

 

 

 

 

 2020           07            02                                         2020/ДШМ/872                                        

 

Г.А-од холбогдох                                                                                                       эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинзориг,

            хохирогч Ц.Э-,

            хохирогч Б.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-,

            насанд хүрээгүй хохирогч Н.Т-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-,

хохирогч нарын өмгөөлөгч Х.Даваахүү,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/277 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.А-ын өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.А-од холбогдох 1803006580364 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

И овгийн Г-ын А, Улаанбаатар хотод 1981 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, 000 модны 0-000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

Г.А- нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 18 цагийн үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн а/ заалтыг зөрчин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Toyota prius” загварын 53-42 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуслангийн замаар явж байхдаа мөн дүрмийн 8.4-т “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчин эсрэг урсгал сөрж Ц.Э-гийн жолоодож явсан “Toyota prius” загварын 95-88 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Н.Т-гийн эрүүл мэндэд хөнгөн, жолооч Ц.Э-, зорчигч Н.Т- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, зорчигч Б.Ц-гийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ. 

Тээврийн прокурорын газраас Г.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Г.А-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 6 жил хорих ял шийтгэж, нээлтэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 496 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйл 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-оос 67,995,750 төгрөг гаргуулан хохирогч Ц.Э-т олгож, хохирогч Ц.Э-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н- нар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд давж заалдах гомдолдоо: “... Г.А-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн бөгөөд гэм буруу, зүйлчлэлийн хувьд ямар нэгэн маргах зүйлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу хохирогч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн баримт, бичиг бусад баримтыг мөрдөгч, прокурор хэрэгт хавсаргана. Мөн зүйлийн 13 дахь хэсэгт хамааралтай нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ, 14 дэх хэсэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзээ төрвөл тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болохгүй гэснийг зөрчсөн. Учир нь, 1 дүгээр хавтаст хэргийн 69-222, 2 дугаар хавтаст хэргийн 1-46 дугаар хуудаст хохирогчийн гаргасан баримтууд байх бөгөөд зарим нь хэрэгт хамааралгүй, өдөр тутмын хоол хүнсний зүйлс худалдаж авсан өрхийн хэрэгцээний жагсаалт бүхий байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн. Шүүгдэгч Г.А-ын холбогдсон хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр, оногдуулсан 6 жил хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.            

            Хохирогч Ц.Э-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-, Н.Н- нар хамтран тус шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... өмгөөлөгч Д.Цэрэнхандын гомдлыг эсэргүүцэж байна. 2,7 промилийн согтолттой, урсгал сөрж явсан жолооч Г.А- нэг ч удаа уучлалт гуйгаагүй, эргэж ирээгүй, хохирол барагдуулах талаар санал санаачилга гаргаагүй атал шат шатны шүүхийн шийдвэрт гомдоллож яваа нь хийсэн хэрэгтээ гэмшихгүй, ухамсарлаагүй, дахин хичнээн гэр бүлийг сүйрүүлж магадгүйг харуулж байна. Миний ээж харамсалтайгаар тэнгэрийн оронд очсон. Бид болон хүүхдүүд маань эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд асар их хохирсон, гомдолтой байна” гэв.  

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зам тээврийн ослоос хойш эхнэр, охин хоёроо асарч, хүү Тэмүүлэнг орхисон байжээ. Зам тээврийн ослын бэртэл сүүлд илэрдэг болохыг мэдэж авлаа. Хүүгийн нуруу өвдөж, хоёр удаа унасан. Охин маань аарцаг ясны хугарал, гэмтэлтэй, Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд мэлхий суултаар суулгадаг. Гэвч энэ талаар Г.А-той уулзах гэхэд уулздаггүй, нэг ч уучлал гуйгаагүй. Иймд хүү Тэмүүлэнгийн эмчилгээний зардлыг нэхэмжлэх хүсэлтэй байна” гэв. 

Хохирогчийн өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд бичгээр ирүүлсэн болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Өнөөдрийн байдлаар хохирол барагдаагүй байна. Хохирол барагдуулах 5 хоногийн завсарлага авах асуудал яригдахад шүүгдэгч татгалзсан. Осол гаргахдаа хүнд зэргийн согтолттой байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын дагуу хохирол төлөхөө илэрхийлэх асуудал байхгүй. Хохирол бүрэн төлөгдсөн байхыг шаарддаг. Иймд шүүгдэгчид ял хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч нэхэмжлэлийн талаар ямар нэг маргах, татгалзах зүйл байхгүй, төлж барагдуулхаа илэрхийлсэн” гэв.

            Прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүнэлтдээ: “Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч хохирол төлөөгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жил хасаж, 6 жил хорих ял шийтгэсэн болно” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.А-од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.А- нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 18 цагийн үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн а/ заалтыг зөрчин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Toyota prius” загварын 53-42 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуслангийн замаар явж байхдаа мөн дүрмийн 8.4-т “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчин эсрэг урсгал сөрж Ц.Э-гийн жолоодож явсан “Toyota prius” загварын 95-88 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Н.Т-гийн эрүүл мэндэд хөнгөн, жолооч Ц.Э-, зорчигч Н.Т- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, зорчигч Б.Ц-гийн амь нас хохирсон болох нь:

зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн зураглал /1-р хх 8-13/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /1-р хх 14/,

хохирогч Ц.Э-гийн “...ээж Б.Ц-, хүү Н.Т-, охин Н.Т- нарын хамт зуслан явахаар Шадивлан өнгөрөөд явж байтал гэнэт автомашин урсгал сөрж орж ирээд манай машиныг мөргөсөн...” /1-р хх 35-36, 37, 38-39/,

насанд хүрээгүй гэрч Н.Т-гийн “...Би жолоочийн арын суудалд сууж явсан. Гэнэт манай автомашиныг нэг автомашин мөргөх шиг болсон...” /1-р хх 28/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Ц.Э-д зүүн өвдөгний гадна хашлага мөгөөрс /мениск/-ний урд, арын эвэр, дотор хашлага мөгөөрсний арын эвэр, бүсэлхийн 4-5, бүсэлхийн 5 ууцны 1 дүгээр нугалмын мөгөөрсөн цагирагны урагдал бүхийн хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 987 дугаартай дүгнэлт /2-р хх 72-73/,

насанд хүрээгүй хохирогч Н.Т-д зүүн ацетабулын урд баганын хугарал, баруун шуу ясны хугарал, баруун өвдөг, зүүн гуянд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт, эрүү, баруун шилбэнд нөсөө бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 9932 дугаартай дүгнэлт /2-р хх 84/,

насанд хүрээгүй хохирогч Н.Т-д зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 9933 дугаартай дүгнэлт /2-р хх 77/,

хохирогч Б.Ц-д их, бага тархины аалзан хальс доор болон хоёр хажуугийн ховдолд цус харвалт, баруун 2, 3, 4, 5, 8, 9, зүүн 7, 8, 9, 10 дүгээр хавирга, өвчүүний хугарал, зулай, чамархай, хацрыг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйханд шарх, баруун дух, хацарт зулгаралт бүхий хүнд зэргийн гэмтэл учирч тархины комын байдалтай удаан байснаас олон эрхтний дутагдалд орж нас барсан болохыг тогтоосон шинжээчийн 9931, 1473 дугаартай дүгнэлтүүд /2-р хх 81, 137-141/,

“Toyota prius” загварын 53-42 УНЕ улсын дугаартай автомашиныг жолооч Г.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний 2.7-д “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно” гэсний а/-д “согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалт, 8.4-т “эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн талаар техникийн шинжээчийн дүгнэлт /2-р хх 88-89/,

шүүгдэгч Г.А-ын цусанд 2,7 промиллийн спиртийн агууламж илэрсэн болохыг тогтоосон шинжээчийн 8147 дугаартай дүгнэлт /2-р хх 57-58/,

автомашины хохирлын үнэлгээ /2-р хх 103-108/, 

шүүгдэгч Г.А-ын мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

Анхан шатны шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан, яллах, өмгөөлөх талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч Г.А-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Г.А-ын гэм буруу, хувийн байдал, хүнд зэргийн согтолт /цусанд 2,7 промиллийн спиртийн агууламж илэрсэн/-той автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцон, урсгал сөрж зам тээврийн осол гаргасан хэргийн нөхцөл байдал, үүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 6 жил хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчим, ялын зорилгыг хангасан гэж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлахад үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтуудыг анхан шатны шүүх бодитой үнэлж, төлөгдсөн хохирлыг хасч тооцон 67,995,750 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул ял хөнгөрүүлэх, хохирлыг дахин нягтлан шалгуулахыг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Г.А- нь энэ хэрэгт нийт 497 хоног цагдан хоригдсон байхад шийтгэх тогтоолд “... 496 хоног ...” гэж нэг хоногоор дутуу тооцсныг давж заалдах шатны шүүхээс залруулж, тогтоолд өөрчлөлт оруулан бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н- нь хохирол нэхэмжлэх эрхийг шийдвэрт тусгасан эсэхээс үл хамааран гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/277 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “... цагдан хоригдсон 496 хоногийг ...” гэснийг “... цагдан хоригдсон 497 хоногийг...” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнхандын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ         

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН