Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00058

 

Т.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2017/01351 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1858 дугаар магадлалтай, 

Т.А-ын нэхэмжлэлтэй,

МЦХ ХК-д холбогдох,         

МЦХ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/316 тоот тушаалын 9 дүгээр хавсралтын Т.Ад холбогдох хэсэг, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Х/11 тоот тушаал,  2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Х/79 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-ын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Төвийн бүсийн холбооны газрын борлуулалт үйлчилгээний тасагт борлуулалт үйлчилгээний ажилтнаар ажилд орсон. МЦХ ХК-ийн захиргаа удирдлагын газрын дарга Ж.Буяндалайтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл тус компанийн захирлаар 2017 онд шинээр томилогдсон М.Алтан-Очир нь 2016 онд шинээр ажилд орсон, Ардчилсан намын хүн гэж үзэн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 37 дугаар зүйлийн 37.1.8, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтаар хууль бусаар ажлаас чөлөөлсөн. Мөн намайг ажиллаж байхад анх ажилд авсан тушаалыг түр тушаал болгон хууль бусаар өөрчилсөн бөгөөд уг тушаал гаргасан талаар хэлээгүй. 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ажлаа хүлээлгэн өгч, ажлаас халсан тушаалыг авсан.

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг иш татаж байна. ...Эдгээр тушаал нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалууд байгаа. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах ёстой. Гэтэл тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл заалтыг баримтлахгүйгээр Т.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Х/316 тоот тушаалыг хүчингүй болгох үндэслэл нь хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хариуцагч нь бүтцийн өөрчлөлт хийсэн гэдэг үндэслэлээр гэрээг цуцалсан. Бүх ажилчдыг ажлаас чөлөөлсөн. Хэрвээ бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу мэдэгдэл өгөх ёстой. Мэдэгдэл өгсний дараа тухайн ажилтны ажиллаж байсан орон тоо хасагдсан тохиолдолд тухайн ажил дээр тэнцэхүйц хүнийг шалгаруулж авах ёстой. Гэтэл мэдэгдэл өгөөгүй. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Х/316 тушаалаар Т.Аыг анх ажилд томилсон, байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Х/316 тушаал гарсны дараа 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Х/11 тоот тушаалаар Т.Аыг түр албан тушаалд томилсон. Түр ажилтан болгоод хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Х/79 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар 37.1.8, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг үндэслэж Т.Аыг ажлаас нь чөлөөлсөн. Байнгын ажлын байранд ажиллаж байхад нь түр ажилтнаар авсан тушаалыг 2 удаа гаргасан нь хуульд нийцээгүй.

Энэ тушаал гаргасан гэдгийг Т.А мэдээгүй байсан. Эдгээр тушаалуудыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Т.Аыг хууль бусаар ажлаас чөлөөлсөн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт шимтгэл төлсөн нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага гаргасан. МЦХ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/316 тоот тушаалын 9 дүгээр хавсралтын Т.А надад холбогдох хэсэг, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Х/11 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. МЦХ ХК-ийн Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлж баталсан дотоод журмын 6.2 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээ байгуулах, дотооддоо хөдөлмөрийн харилцааг зохицуулсан. Хөдөлмөрийн гэрээний 6.2.1-д гүйцэтгэх захирлын тушаалаар тухайн иргэнтэй Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулна. 6.2.2-т шинээр ажилд орж байгаа ажилтантай 6 хүртэл сарын хугацаатай туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулна, 6.2.3-т сургалтын нийтлэг хугацаа 2 сар байх ба шаардлагатай гэж үзвэл тухайн ажилтныг хариуцсан нэгжийн даргын саналыг үндэслэн дээрх хугацааг 4 хүртэл сараар сунгаж болно, дадлагажих хугацаанд уг ажилтны цалинг тухайн албан тушаалын үндсэн цалингийн 70 хүртэл хувиар бодож олгоно. 6.2.5-д ажилтан дадлагажих хугацаанд сахилгын аливаа зөрчил гаргасан, сунгалт буюу 6 сарын хугацаа дуусмагц үндсэн ажилтны шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн бол тухайн ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно гэж заасан. Т.Аыг анх томилохдоо хууль тогтоомж ижил тэгш үйлчлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийг шууд ажилд томилсон байдаг. Шууд томилохдоо дадлагажих хугацаа тавиагүй. Т.А нь МЦХ ХК-ийн ажилд томилогдох үндэслэл нь төвийн бүсийн холбооны газрын борлуулалт үйлчилгээний тасагт борлуулалт үйлчилгээний ажилтан Г.Цэрэнпил нь тухайн үед П.Оюунчимэгийн ажилд ажиллаж байсан.

Гүйцэтгэх захирлын Х/198 тоот тушаалаар борлуулалт үйлчилгээний ажлаас чөлөөлөгдөж нягтлан бодогч болсон. Г.Цэрэнпил нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нягтлан болж томилогдон 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Т.А томилогдож байсан. Т.Аыг томилохдоо туршилтын болон сургалтын хугацаанд томилно, П.Оюунчимэгийн оронд томилогдох ёстой байсан. Гэтэл ийм ямар ч үг үсэггүйгээр журмыг зөрчиж томилсон. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр компани бүтцийн өөрчлөлт хийгдсэнтэй холбогдуулаад гүйцэтгэх захирлын Х/316 дугаар тушаалаар холбогдох ажиллагсадыг ажлаас чөлөөлж, ажилд томилсон байдаг. Томилохдоо дотоод журамдаа нийцүүлэн П.Оюунчимэгийн ажлын байрыг ажил олгогч хуульд заасны дагуу хадгалах ёстой байсан. ...Энэ үүргийн дагуу П.Оюунчимэгийн ажилд Т.Аыг томилсон. Т.Аын томилсон тушаалаа танилцуулаад хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. П.Оюунчимэг ажилдаа орсон тул хуульд заасны дагуу П.Оюунчимэгийг ажилд томилж, оронд нь ажиллаж байсан Т.Аыг хүүхэд асрах чөлөөтэй байсан Б.Мөнхтуяагийн оронд томилсон. Энэ талаар тушаал шийдвэр танилцуулаад хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж, ажил олгогч, ажилтан гарын үсэг зураад хөдөлмөрийн гэрээ хуулийн хүчин төгөлдөр болоод ажил үүргээ гүйцэтгэж байсан.

2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Б.Мөнхтуяа чөлөөлөгдөх болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу Т.Атай хугацаатай байсан хугацаа нь дуусгавар болсон. Дээрх хугацаанд хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу туршилтын болон дадлагажих хугацаа явж байсан. Энэ хугацаанд нийт 4 удаа шалгалт авсан. Тухай бүр шалгалт авч, зөвлөж байсан. МЦХ ХК-ийн үйлчилгээний ажилтан нь мэргэжлийн ажил биш. Дээд боловсролтой, эдийн засгийн мэргэжилтэй хүн бүр үйлчилгээний ажилтан байж болдог. Б.Мөнхтуяа 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Х/72 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнөөр Т.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусаж байгаа буюу Т.Аыг хөдөлмөрийн дотоод журмын 6.2.7-д заасны дагуу үндсэн ажилтан болгох эсэх асуудал гарч ирсэн. 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Т.Ааас үндсэн ажилтны шалгалт авахад 20 онооноос 7.5 оноо авсан. Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлсэн хөдөлмөрийн дотоод журмын 6.2.5-д заасны дагуу дадлагажих хугацаандаа шалгалтанд хангалтгүй дүн үзүүлсэн тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ нь Т.Аын эрх зүйн байдлыг дордуулаагүй. Хөдөлмөрийн гэрээний 6.2.11-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор харилцан тохирсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаалдаа 6.2.5-г үндэслэсэн.

Хөдөлмөрийн гэрээний 6.1.11-д дадлагажих хугацаанд уг албан тушаалд тэнцэхгүй нь тогтоогдсон бол сахилгын ноцтой зөрчил гэж тооцож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасан боловч, эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулаагүй асуудлыг хөдөлмөрийн дотоод журамд заасан 6.2.5-г үндэслэсэн. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулаад нэхэмжлэгч нь Б.Мөнхтуяагийн оронд томилогдохоор хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болсон байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу буруу ажилд шилжүүлсэн, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн бол 1 сарын дотор хөдөлмөрийн маргаан таслах комисст болон шүүхэд хандах боломжтой байсан. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гаргаж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2017/01351 дугаар шийдвэрээр,  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Аыг МЦХ ХК-ийн төвийн бүсийн холбооны газрын тооцооны ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч МЦХ ХК-иас 1.895.680 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагч МЦХ ХК нь нэхэмжлэгч Т.Аын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Т.Аын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч МЦХ ХК-иас 45.281 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1858 дугаар магадлалаар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2017/01351 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.281 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдлыг гаргаж байна.

Магадлалын хянавал хэсэгт “Хариуцагч байгууллагад 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бүтцийн өөрчлөлт хийгдэх үед Т.Аын байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаагүй гэрээний үндсэн дээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 19-ний Х/316 тоот тушаалын 9 дүгээр хавсралтаар төвийн бүсийн холбооны ажиллагсдыг томилохдоо нэхэмжлэгч Т.Аыг П.Оюунчимэгийн оронд түр томилох болсон үндэслэл шалтгаан тодорхойгүй байна ” гэжээ.

МЦХ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай х/316 дугаар тушаалаар Т.А нь төвийн бүсийн холбооны газрын хүүхэд асрах чөлөөтэй байгаа П.Оюунчимэгийн оронд тооцооны ажилтнаар томилогдож, талууд хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд нэхэмжлэгч нь энэ асуудлаар ямар нэг шаардлага гаргаагүй хүлээн зөвшөөрч хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт хэсэгт гарын үсэг зурж баталгаажуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 217-д заасны дагуу хүчин төгөлдөр болсон. 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/47 дугаар тушаалаар тус компанийн төвийн бүсийн холбооны газрын борлуулалт үйлчилгээний тасгийн борлуулалт үйлчилгээний ажилтан П.Оюунчимэг нь хүүхэд асрах чөлөө авч түүний оронд Г.Цэрэнпил томилогдсон бөгөөд Г.Цэрэнпил нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тус компанийн нягтлан бодох бүртгэлийн албанд нягтлан бодогчоор томилогдсон тул 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Т.Аыг хуулийн дагуу ажлын байр нь хэвээр хадгалагдаж байсан П.Оюунчимэгийн оронд томилох ёстой байсан талаарх бүхий л баримт, тушаал хэрэгт хавсаргасан байхад үндэслэл шалтгаан тодорхойгүй байна гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Ийнхүү 2017 оны 01 дүгээр сард хүүхэд асрах чөлөөтэй П.Оюунчимэг нь ажилдаа эргэн орох болсон тул гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Х/11 дугаар тушаалаар Т.Аыг урт хугацааны чөлөө авсан Б.Мөнхтуяагийн оронд тооцооны ажилтнаар томилж, талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэхэмжлэгч Т.А нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай х/316 дугаар тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Х/11 дүгээр тушаалуудтай танилцаж, түүнийг гардан авч хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож нэмэлт өөрчлөлтөөр хугацаатай /Б.Мөнхтуяагийн оронд/ тухайн ажил албан тушаалыг гүйцэтгэж байсан зэргээ шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад мэдүүлснийг давж заалдах шатны шүүх үнэлсэнгүй.

Магадлалын хянавал хэсэгт, мөн хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан бичилтийг хариуцагч 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр бичснээр огноолсон атлаа Т.Аыг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн П.Оюунчимэгийн оронд томилсон гэх бичилт хийсэн нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байгаагаас үзвэл уг бичилтийг Т.Ад мэдэгдэлгүй нөхөн бичсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна... Дээрх баримт болон талуудын тайлбараас үзвэл хариуцагч байгууллага нь байнгын ажлын байранд дээр хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан нэхэмжлэгчийн ажлын байрыг өөрчилж чөлөөтэй байгаа ажилтны оронд түр ажиллуулахаар шийдвэрлэж байгаа талаар ажилтанд мэдэгдээгүй гэж дүгнэнэ гэжээ. Гэтэл Т.А нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр анх хөдөлмөрийн гэрээ байгуулах явцдаа хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт хэсэгт он сараа тавьж ажил олгогчийг төлөөлж гэсэн хэсэгт гарын үсгээ зурсан байгаа нь нэхэмжлэгч болон хариуцагч талаас хэрэгт хавсаргасан хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байгаа бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан талаар гэрч Т.Батнасангийн мэдүүлгийг нэхэмжлэгч Т.А хүлээн зөвшөөрснийг анхан болон давж заалдах шатны шүүх үнэлээгүйд гомдолтой байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт хэсэгт гүйцэтгэх захирлын 2016 оны х/316, 2017 оны Х/11 тоот тушаалуудыг танилцуулж, П.Оюунчимэг, Б.Мөнхтуяа нарын оронд түр томилон ажиллуулж байгаа талаарх 2 удаагийн нэмэлт өөрчлөлтөд Т.А нь гарын үсэг зурж хүлээн зөвшөөрөн баталгаажуулж, хөдөлмөрийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу 2017  оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш 2016 оны 4 дүгээр сар хүртэл ямар нэг гомдол санал гаргаагүй байсан бөгөөд харилцан тохиролцож оруулсан нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болсон байхад ажилтанд мэдэгдээгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт,  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Аыг МЦХ ХК-ийн төвийн бүсийн холбооны газрын тооцооны ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай гэжээ... Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2017/01351 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гэтэл нэхэмжлэгч Т.А нь МЦХ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Х/206 дугаар тушаалаар тус компанийн төвийн бүсийн холбооны газрын борлуулалт үйлчилгээний тасагт борлуулалт үйлчилгээний ажилтнаар томилогдон ажилласан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 4-7, 13, 19-41 тал/ гэж дүгнэсэн бөгөөд П.Оюунчимэг, Б.Мөнхтуяа нарын оронд ажиллах талаарх гэрээний нэмэлт өөрчлөлтийг өөрчлөгдсөн гэж үзэхгүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1, 21.3-т зохицуулалтаар нэмэлт өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцсон гэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн атлаа төвийн бүсийн холбооны газрын тооцооны ажилтнаар томилж, хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

МЦХ ХК-д холбогдох тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/316 тоот тушаалын 9 дүгээр хавсралтын Т.Ад холбогдох хэсэг, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Х/11 тоот тушаал, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Х/79 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн  Т.Аын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хоёр шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Т.А МЦХ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Х/206 тоот тушаалаар тус байгууллагын Төвийн бүсийн холбооны газрын борлуулалт үйлчилгээний тасагт борлуулалт үйлчилгээний ажилтнаар ажилд оржээ.

Нэхэмжлэгчийн ажлын байр байнгын ажлын байр учир талууд  хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасантай нийцсэн байна.

Ажил олгогч 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Х/79 тоот тушаал гаргаж, Т.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 37 дугаар зүйлийн 37.1.8, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг баримталж, нэхэмжлэлээс татгалзсан тайлбартаа нэхэмжлэгчийг чөлөөтэй байгаа ажилтны эзгүйд түр ажиллаж байсан, ажиллах хугацаандаа ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн гэжээ.

Нэхэмжлэгч тухайн байгууллагад түр хугацаагаар ажиллаж байсан гэх нөхцөл, мөн  ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байна.

МЦХ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Х/316 тоот тушаалаар тус байгууллагад бүтцийн өөрчлөлт хийхдээ бүх ажилчдыг ажлаас нь чөлөөлж, буцаан томилсон ба байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр ажиллаж байсан нэхэмжлэгч Т.Аын хувьд  2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Х/11 тоот тушаалаар П.Оюунчимэгийн оронд түр томилж шийдвэр гаргасан үндэслэл, шалтгаан тодорхой бус, энэ талаар нэхэмжлэгч Т. Азжаргал мэдээгүй  нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Иймд, эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасантай нийцэхгүй.

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д заасан хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцлах явдал юм.

МЦХ ХК нь нэхэмжлэгч Т.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан аль нэг үндэслэлийг баримтлаагүй, тушаалд тодорхой шалтгаан, нөхцөлийг дурдаагүй тул  тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Х/79 тоот тушаал хууль зөрчсөн гэж үзнэ.

Дээрх байдлаар хоёр шатны шүүх Т.Аын нэхэмжлэлийг хангахдаа маргааны үйл баримтад эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2017/01351 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1858 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Аын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч МЦХ ХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.281 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Г.ЦАГААНЦООЖ

                        ШҮҮГЧ                                                             Г.АЛТАНЧИМЭГ