Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2021/0406

 

З ангийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 298 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч болон гуравдагч этгээд “С л р” ХХК-ийн давж заалдах гомдлын дагуу З ангийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 298 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 17 дугаар зүйлийн 17.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д тус тус баримтлан З ангийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Т аймгийн А сумын нутагт байрлах ашигт малтмалын ашиглалтын **-****** дугаар “С л р” ХХК, **-****** дугаар “П л” ХХК-ниудад олгосон тусгай зөвшөөрлүүдийг нэхэмжлэгчийн хамаарал бүхий газартай давхцаж буй хэмжээгээр илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 298 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч хариуцагч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 114.1-д заасан эрхийнхээ дагуу давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:

Нэг. Т аймгийн А сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн */*** дугаар захирамжаар А сумын нутаг Н нэртэй 34196.01 гектар талбайг Хээрийн сургалтын буудлагын талбай нэртэйгээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, нэгж талбарын дугаар олгосон нь хуульд нийцсэн захиргааны акт гэж үзэхээргүй байна ... гэж дүгнэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 14.3-д “Төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ” гэж заасан байдаг. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд Т аймгийн А сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн */*** дугаар захирамжаар А сумын нутаг Н нэртэй 34196.01 гектар талбайг Хээрийн сургалтын буудлагын талбай нэртэйгээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, нэгж талбарын дугаар олгосон нь хуульд нийцсэн захиргааны акт биш гэж дүгнэж байгаа нөхцөлд Ашигт малтмалын тухай хуулийн 14.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад тусгай хэрэгцээнд авсныг бүртгүүлэхээр ирүүлсэн өөр шийдвэр байхгүй бөгөөд мөн хуулийн 14.3-д заасны дагуу бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцох нөхцөл бүрдэж байна.

Төрийн захиргааны байгууллагын кадастрын системд тусгай хэрэгцээнд авсан талаарх бүртгэл байхгүй /маргаан бүхий шийдвэр гарах өдөр тусгай хэрэгцээний бүртгэл байгаагүй/ нөхцөлд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13-11.1.23-д заасны дагуу хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлтэй. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу давхацсан хэсгээр маргаан бүхий актыг илт хууль бус захиргааны актад тооцож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” заасныг хангахгүй байна.

Хоёр. Төрийн захиргааны байгууллага хуулиар олгосон эрх хэмжээ, чиг үүргийнхээ хүрээнд Т аймгийн А сумын нутаг Н нэртэй талбайд 877.81 гектар талбайг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1261 дүгээр шийдвэрээр “Т” ХХК-д ашигт малтмалын -**-****** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг анх олгосон байна. “Т” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хянаж үзээд Т аймгийн А сумын нутаг Н нэртэй талбайд Н 536.14 гектар талбайг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 346 дугаар шийдвэрээр **-****** дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2042 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 30 жилийн хугацаатайгаар олгосон.

“Т” ХХК-ийн ашигт малтмалын **-****** дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн тодорхой хэсгийг хэсэгчлэн шилжүүлэхээр гаргасан өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хянаж үзээд “С л р” ХХК-д 153.19 гектар талбайг Ашиг малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 146 дугаар шийдвэрээр бүртгэж, ашигт малтмалын ашиглалтын **-****** дугаар тусгай зөвшөөрлийг олгож, улмаар “С л р” ХХК нь ашигт малтмалын **-****** дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн тодорхой хэсгийг хэсэгчлэн шилжүүлэхээр гаргасан өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хянаж үзээд “П л” ХХК-д 60.38 гектар талбайг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр бүртгэж, ашигт малтмалын ашиглалтын **-****** дугаар тусгай зөвшөөрөл олгосныг бүртгэсэн.

Т аймгийн А сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн */*** дугаар захирамжаар А сумын нутаг Н нэртэй 34196.01 гектар талбайг Хээрийн сургалтын буудлагын талбайн зориулалтаар 60 жилийн хугацаагаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсныг 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Геологи, уул уурхайн кадастрын системд бүртгүүлсэн байна.

Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасны дагуу орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талаарх бүртгэл нь “С л р” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын ашиглалтын **-****** тоот тусгай зөвшөөрөл, “П л” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын **-****** тоот тусгай зөвшөөрлийг олгосон цаг хугацаанаас хойш төрийн захиргааны байгууллагад хүсэлт ирүүлж бүртгүүлсэн болох нь нотлох баримтаар тогтоогддог.

Мөн тус талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл анх олгосон шийдвэртэй нэхэмжлэгч тал огт маргаагүйг дурдах нь зүйтэй.

Нийслэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 252 дугаар магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэх заалтуудыг тус тус зөрчиж хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 298 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “С л р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2021/0298 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь анх 2008 онд “Т” ХХК-д олгогдсон бөгөөд “С л р” ХХК нь 2013 онд тухайн компанид олгогдсон талбайгаас хэсэгчлэн шилжүүлэн авсан билээ. Маргаан бүхий газарт тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш 10 гаруй жил болоход З ангиас ямар ч гомдол санал гаргаж байгаагүй бөгөөд 2019 онд албан бичиг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж байсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тодорхой тусгагдсан байсан билээ. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд дээрх тусгай зөвшөөрлүүд нь нэхэмжлэгчийн талбайтай давхацсан эсэх нь тодорхойгүй, нотолгоо байхгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь “С л р” ХХК-ийн **-******, “П л” ХХК-ийн **-****** тоот тусгай зөвшөөрлүүдээр олгогдсон талбай нь нэхэмжлэгчийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсэхийг тогтоох зорилгоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх өөрийн санаачлагаар шинжээч томилолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үнэн бодиттой бус шийдвэр гаргахад нөлөөлж, шүүхийн шийдвэрийг ойлгомжгүйгээр гаргасан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь үндэслэх хэсэгтээ /ш.ш 6-р хуудас ... нэхэмжлэгчийн газар, гуравдагч этгээд нарын тусгай зөвшөөрлүүдийн хамаарах газрууд бүхэлдээ эсхүл хэсэгчлэн давхцаж байгаа эсэхийг тодруулах боломжгүй .../ гэж дүгнэсэн нь хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлэсэн гэхэд эргэлзээтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг зөрчсөн.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “... Т аймгийн А сумын нутагт байрлах ашигт малтмалын ашиглалтын **-****** дугаар “С л р” ХХК, **-****** дугаар “П л” ХХК-ниудад олгосон тусгай зөвшөөрлүүдийг нэхэмжлэгчийн хамаарал бүхий газартай давхцаж буй хэмжээгээр илт хууль бус болохыг тогтоосугай” гэсэн нь нэхэмжлэгчийн газар нь дээрх тусгай зөвшөөрлүүдээр олгогдсон газартай хэрхэн давхацсаныг тогтоолгүйгээр шийдвэр гаргасан байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2021/0298 дугаар шийдвэрээс “С л р” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч З ангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч зарим нотлох баримтыг буруу үнэлсэн, хэргийн оролцогчдын маргаагүй үйл баримтыг үнэлж дүгнэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлт оруулж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газар нь Газрын тухай 1994 оны хуулийн[1] 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна: ... 3/улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон газар” гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 3/энэ хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 4-т зааснаас бусад газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, эрх бүхий байгууллагынхаа мэдэлд шилжүүлэх, эдгээр газрын хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох;” гэж,

Монгол Улсын батлан хамгаалах тухай 1993 оны хуулийн[2] 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Засгийн газар нь Засгийн газрын тухай хуулийн 1З дугаар зүйлд заасан бүрэн эрхээс гадна дараахь тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... З/ ... цэргийн анги, байгууллагын байршлыг тогтоох, батлан хамгаалах хэрэгцээний эзэмшил газрын зөвшөөрөл олгох;” гэж тус тус заасан бүрэн эрхийн хүрээнд 2000 оны 87 дугаар тогтоолоор Т аймгийн А сумын нутагт З ангийн тусгай хэрэгцээнд авах газрыг тодорхой солбицол, хэмжээ зааж, шинэчлэн баталж, 1994 оны 89 дүгээр тогтоолоо хүчингүй болсонд тооцсон, мөн Газрын тухай 2002 оны хуулийн дагуу Монгол Улсын Их хурлын тогтоолоор нэхэмжлэгч З ангийн тусгай хэрэгцээний газрыг баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Засгийн газрын тогтоолоор тусгай хэрэгцээнд тухайн газрыг авах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай 1997 оны хуулийн[3] 8 дугаар зүйлийн 2-т “Геологи, уул уурхайн кадастрын алба тусгай хэрэгцээний газрыг ашигт малтмалын хайгуулын буюу ашигт малтмал ашиглах лицензийн бүртгэл, лицензийн зураг зүйн бүртгэлд бүртгэнэ” гэж заасан байх тул хариуцагч Кадастрын алба нь уг чиг үүргийн хүрээнд дээрх тусгай хэрэгцээний газрыг лицензийн зураг зүйн бүртгэлд бүртгэх үүрэгтэй байсан боловч хариуцагч байгууллага нь уг үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч цэргийн ангийн тусгай хэрэгцээний газрын мэдээллийг зураг зүйн бүртгэлд бүртгээгүй байна.

Үүний улмаас хариуцагч Кадастрын хэлтэс нь анх 2008 оны 1261 дүгээр шийдвэрээр Т аймгийн А сумын Н нэртэй газарт “Т” ХХК-д 878 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг, 2012 оны 346-р шийдвэрээр 536,14 га талбайд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож, 2013 оны 146 дугаар шийдвэрээр 153,19 га талбайг шилжүүлэхийг зөвшөөрсөн өргөдлийн дагуу “С л р” ХХК-д **-****** дугаар тусгай зөвшөөрлийг, 2013 оны 350 дугаар шийдвэрээр 60,38 га талбайг шилжүүлэх өргөдлийн дагуу **-****** тоот тусгай зөвшөөрлийг “П л” ХХК-д олгож, үлдэх 92,1 га талбайтайгаар “С л р” ХХК-ийн **-****** дугаар ашиглалтын тусгай тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт оруулжээ.

Эдгээр тусгай зөвшөөрлөөр олгосон талбай нь нэхэмжлэгчийн тусгай хэрэгцээний газартай хэсэгчлэн давхцалтай болох нь хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 8/2876 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан уул, уурхайн кадастрын тойм зураг, Т аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 07/933 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан зураглал зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хариуцагчаас дээрх хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай 2006 оны хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-д “хүсэлтэд дурдсан талбай нь ...тусгай хэрэгцээ, ... талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж, 26 дугаар зүйлийн 26.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1.2-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа дараахь зүйлийг тодруулна: ... 26.2.2.хүсэлт гаргасан талбай нь тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаж байгаа эсэх” гэж, 26.3-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ: 26.3.1.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж тус тус зохицуулжээ.

Эдгээр хуулийн заалтаар ашигт малтмал хайх, ашиглахыг хүссэн өргөдлүүдэд заасан талбай нь тусгай хэрэгцээний газартай давхцалтай бол өргөдлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгох, шилжүүлэх шийдвэр тус тус гаргах эрх зүйн үндэслэлгүй байх тул уг тусгай зөвшөөрлүүдийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж зааснаар анхнаасаа гарах ёсгүй буюу илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс тусгай хэрэгцээний газартай давхцуулан тусгай зөвшөөрлүүдийг олгосон байх тул хариуцагчийн “... Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгохоос өмнө зураг зүйн бүртгэлд бүртгүүлээгүй байсан, ... тусгай зөвшөөрөл олгосноос хойш орон нутгийн тусгай хэрэгцээнд авч бүртгүүлсэн тул түүнээс өмнө олгосон тусгай зөвшөөрлийг хууль бус гэж үзэхгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Учир нь Ашигт малтмалын тухай 2006 оны хууль хүчин төгөлдөр болохоос өмнө эрх бүхий этгээд тусгай хэрэгцээнд авсан газар болох нь тогтоогдож байх тул тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авахтай холбоотой харилцааг зохицуулсан Ашигт малтмалын тухай 2006 оны хуулийн 14 дүгээр зүйлийг хэрэглэхгүй.

Мөн нэгэнт Засгийн газрын шийдвэрээр цэргийн ангийн тусгай хэрэгцээнд авсан газрыг Т аймгийн А сумын Засаг даргын 2011 оны */*** дугаар захирамжийг үндэслэн, 2013 онд Кадастрын албаны зураг зүйн мэдээллийн санд бүртгүүлсэн байх тул тусгай зөвшөөрөл олгосны дараа тусгай хэрэгцээнд авсан гэж үзэх үндэслэлгүй.

Анхан шатны шүүх уг Засаг даргын шийдвэрийг хууль бус эсэх талаар хэргийн оролцогчид маргаагүй, тухайн Засаг дарга нь өөрийн харьяалах нутаг дэвсгэрт хамаарах тусгай хэрэгцээний газрыг орон нутгийн буюу нэхэмжлэгч цэргийн ангийн тусгай хэрэгцээнд авч, Ашигт малтмалын кадастрын мэдээллийн зураг зүйн бүртгэлд бүртгүүлсэн үндэслэлийн талаар Засаг даргын тайлбар баримт байхгүй  байхад тухайн Засаг даргын шийдвэрийг хууль бус талаар дүгнэлт өгсөн нь нэхэмжлэлийн хүрээнээс хэтэрчээ.

Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д “... Засаг дарга нь нутаг дэвсгэртээ байрлаж байгаа цэргийн анги, байгууллага, бие бүрэлдэхүүний албан үүргээ гүйцэтгэх нөхцөлийг хангах асуудлаар харилцан ажиллах чиг үүргийг хэрэгжүүлэх”-ээр зааснаас үзэхэд ашигт малтмалын Кадастрын зураг зүйн бүртгэлд нэхэмжлэгч цэргийн ангийн тусгай хэрэгцээнд ашиглах газрын кадастрын мэдээллийг бүртгүүлсэн Засаг даргын үйл ажиллагааг шууд буруутгах үндэслэлгүй байх тул хариуцагчаас ирүүлсэн тусгай хэрэгцээний газар болон тусгай зөвшөөрлийн талбайн давхцлыг харуулсан зураглалыг үнэлэх боломжтой байна.

Иймд уг зураглалаар гуравдагч этгээд нарт олгосон тусгай зөвшөөрлийн талбай хэсэгчлэн давхацсан болох нь тогтоогдож байх тул шүүх шинжээч томилохгүйгээр бодитой бус, ойлгомжгүй шийдвэр гаргасан гэх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиудыг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт баримталсан хуулийн заалтад өөрчлөлт оруулж хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2021/0298 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтын “Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 17 дугаар зүйлийн 17.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д” гэснийг “Ашигт малтмалын тухай 1997 оны хуулийн 8 дугаар зүйлийн 2, Ашигт малтмалын тухай 2006 оны хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 /2017.11.10-ны өдрийн хуулиар хүчингүй болохоос өмнө үйлчилж байсан/, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг” гэж өөрчилж, шийдвэрийн үлдэх хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг тус тус баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

 

[1] 2002.06.07-ны өдрийн хуулиар хүчингүй болсон.

[2] 2016.09.01-ний өдрийн хуулиар хүчингүй болсон

[3] 2006.06.07-ны өдрийн хуулиар хүчингүй болсон.