Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2021/0405

 

“Т а” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ш нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 63 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Т а” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 63 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Т а” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаар шийдвэрийн “Т а” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ““Т а” ХХК-ийн төлөөлөгч миний бие Б.А нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 63 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Манай компани нь 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн эдүгээ хүртэл хууль тогтоомж, дүрэм журмын дагуу жил бүр тусгай зөвшөөрлийн талбайн төлбөрийг цаг тухайд нь төлсөөр ирсэн бөгөөд 2020 оны хувьд давагдашгүй хүчин зүйл болоод буй улс орон, дэлхий даяар тархаад байгаа цар тахлын улмаас санхүүгийн хүндрэл учирсан тул тухайн жилийн төлбөрийг цаг тухайд нь төлж чадаагүй билээ.

Үүний улмаас Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 8/2378 тоот мэдэгдлээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт заасан хувь хэмжээний алдангийг 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд төлөх боломжтойг мэдэгдсэн мэдэгдлийг манай компанид мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийг хүлээн аваад хуульд заасан хугацааны дотор Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүндэтгэн үзэх шалтгааныг дурдаж, жилийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах боломж олгох тухай хүсэлт гаргасан. Тус байгууллага манай хүсэлтийг хүлээн аваад 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 8/1639 тоот албан тоотоор Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдсэн.

Энэхүү мэдэгдлийг манай компанийн хувьд өнөөгийн үүсээд байгаа санхүүгийн хүндрэл нь зөвхөн манай компани төдийгүй улс орон даяар үүсээд байгаа учраас компанийн зүгээс өгсөн хүсэлтийг нааштайгаар хүлээн авч хэлэлцэх байх гэсэн итгэл үнэмшил төрж сонсох ажиллагаанд оролцсон.

Гэвч цар тахлын улмаас эдийн засгийн хүндрэл үүссэний улмаас төлбөрөө анх удаа л хугацаанд нь төлж чадаагүй нөхцөл байдал бий болсон байхад манай компаниас гаргасан хүсэлтийг хүлээн авалгүйгээр тусгай зөвшөөрлийн гэрчилгээг маань хүчингүй болгон шийдвэрлэсэн нь иргэн, аж ахуйн нэгжүүддээ нэг удаа ч болов хуульд заасан боломжийг нь олголгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байсан тул хуульд заасан “хууль ёсны итгэл хамгаалах зарчим”-ийн үндсэн дээр шүүхэд хандсан.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим юм. Хууль ёсны итгэлийг хамгаалах гэж “нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно” хэмээн хуульчилсан байдаг.

Ийм учраас анхан шатны шүүх хуульд заасан энэ зарчим дээр үндэслэж, манай компанид түр зуурын хугацаанд учирсан санхүүгийн хүндрэлийг анхаарч, мөн энэ онцгой нөхцөл байдлын үед аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагаа аль болох дэмжиж байрыг нь хадгалах нь улс эх оронд маань ч хэрэгтэй байгааг шүүх анхааран үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж үзэх бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түр түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болно хэмээн зохицуулсан байхад хуульд зааснаар иргэн, аж ахуйн нэгжүүддээ хуулиар олгосон хууль ёсны итгэлийг хамгаалж, боломж олголгүй зөвхөн нэг талыг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 63 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.      

“Т а” ХХК нь өөрийн эзэмшиж байсан **-****** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө төлөх ёстой байсан ээлжит жилийн төлбөрөө “Ковид цар тахлын улмаас санхүүгийн хүнд байдалд орсон” гэсэн шалтгаанаар хойшлуулах хүсэлтийг гаргасан боловч хариуцагч Кадастрын хэлтэс нь уг хүсэлтийг хүлээж авалгүй, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төлбөр төлөөгүй үндэслэлээр цуцлах үндэслэл бүрдсэнийг мэдэгджээ.

Гэвч тус компани төлбөрөө төлөөгүй байх тул маргаан бүхий 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 157 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.  

Анхан шатны шүүх Короновируст халдвар /КОВИД 19/ цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөртэй холбоотой асуудлыг зохицуулаагүй байх тул хариуцагчийг төлбөр төлөхийг хойшлуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... ковидын нөхцөл байдалтай хүндрэл улс орон даяар үүссэн учраас манай хүсэлтийг нааштайгаар авч хэлэлцэх байх гэсэн итгэл төрж сонсох ажиллагаанд оролцсон. Захиргааны ерөнхий хуулийн 4.1.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчмын үндсэн дээр санхүүгийн хүндрэлийг анхаарч ажлын байр хадгалах нь улс оронд хэрэгтэйг анхаарч шийднэ гэсэн итгэлээр шүүхэд хандсан” гэжээ.

Ковидын нөхцөл байдалтай холбоотой нийт улс орны бүхий л салбарын аж ахуй нэгж, байгууллага, иргэн санхүүгийн хүндрэлтэй байдалд орсонтой холбоотой Монгол Улсын Их Хурал болон Засгийн газар тодорхой арга хэмжээнүүд авсны дотор ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хойшлуулах талаар ямар нэгэн шийдвэр гараагүй бөгөөд санхүүгийн хүндрэл бэрхшээл нь зөвхөн нэхэмжлэгчид тохиолдсон асуудал биш тул нэхэмжлэгч компанийг тусгайлан авч үзэж, төлбөр төлөхийг нь хойшлуулах хууль зүйн үндэслэлгүй. Энэ тохиолдолд захиргааны байгууллагыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэл хамгаалах зарчим”-ыг зөрчсөн гэж үзэхгүй.

Мөн маргаан бүхий акт гаргах нөхцөл болсон “төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” нь тодорхой байх тул хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д зааснаар шинэ акт гаргах хүртэл 3 сараар маргаан бүхий актыг түдгэлзүүлэхийг хүссэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 63 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т а” ХХК-ийн төлөөлөгч Б.А-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ