Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 693

 

 

 

 

 

 

 

 

   2020         04          16                                      2020/ШЦТ/693

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,

улсын яллагч Х.Еркебулан,

шүүгдэгч Э.Б., түүний өмгөөлөгч Ж.Гантулга /ҮД:1163/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н. овогт Э.ын Б.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902 00346 0174 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн 4 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н. овогт Э.ын Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б. нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 63-85 УБУ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уут, тугалган цаасны хамт нийт 20 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                                                /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б. мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...63-85 УБУ улсын дугаартай саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн машин байв. Уг машины дотор талд үзлэгийг үргэлжлүүлэхэд машины зүүн талд жолоочийн эсрэг талын суудал дээр мөнгөлөг өнгийн цаасанд хагас шатсан байдалтай үл мэдэгдэх ургамал, цагаан өнгийн уутанд ногоон өнгийн үл мэдэгдэх ургамал байсныг криминалистикийн шинжээч 3 номерын дугаар байрлуулан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 12-17/,

- Эд зүйл хураан авсан “...Э.Баасан-Эрдэнийн унаж явсан гэх 63-85 УБУ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн машины суудал дээрээс мөнгөлөг өнгийн цаастай хагас шатсан байдалтай үл мэдэгдэх ургамал граммлах боломжгүй, цагаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн үл мэдэгдэх ургамал граммлах боломжгүй... зэргийг хураан авав.” гэх тэмдэглэл /хх-ийн 20/,

- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...Иргэн Н. овогт Э.ын Б., ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг илэрсэн гэж зааж байгаа нь..., мансууруулах, сэтгэцэд  нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав.., иргэн Сартуул овогт Батцэцэгийн Баасангарав.., ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг илэрсэн гэж зааж байгаа нь .., мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав.” гэх тэмдэглэл /хх-ийн 18/,

- Гэрч Б.Баасангаравын өгсөн: “Би 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ байж байхад манай 10 жилийн ангийн охины нөхөр болох Э.Б. нь  над руу 15:00 цагийн үед мессэж бичсэн, усанд цуг явъя гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад гудамжинд байж байхад Э.Б. Приус-20 маркийн машин унаад ирэхээр нь би “ийм машинтай болсон юм уу?” гэхэд “үгүй ээ, манай хадам ээжийн машин” гэж байсан. Тэгээд бид 2 Дамбын рашаан явж байхад Э.Б. надад “нэг ийм өвс байна” гэхээр нь “чи хаанаас, хэнээс авсан юм бэ?” гэхэд “үгүй, олсон” гэж байсан. Тэгээд дэлгүүрээс гараад уул руу уруудаад, нэг жалганд зогсоод Э.Б. машины суудал дороос нэг цагаан өнгийн гялгар ууттай нунтаг ургамал гаргаж ирсэн. Дотор нь мөнгөлөг цаас байсан. Тэгээд тэр мөнгөлөг цаасандаа нөгөө ургамлаа хийж, дээрээс нь шатааж байгаад Э.Б. 7-8 удаа сорсон. Тэгээд өгөхөөр нь би аваад 3-4 удаа сорж байхад цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,

- Гэрч Б.Баасангаравын дахин өгсөн: “...Э.Б. намайг татаж байсан “өвс” гэх ургамлыг сорж үзэх үү гэхээр нь би “үзье” гээд татсан юм. Тэгээд бид хоёр тухайн өвс гэх зүйлийг татчихаад байж байсан чинь цагдаа нар хүрч ирээд цагдаагийн газар луу бид хоёрыг авч явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 214-216/,

- Гэрч И.Шижиртуяагийн өгсөн: “Надад Приус-20 маркийн 63-85 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа. Одоо миний нэр дээр байдаг. Би өөрийн хүргэн Э.Б.д унуулдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

- Техникийн тодорхойлолт /хх-ийн 99/,

- Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 29-31/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2570 тоот: “...шинжилгээнд ирүүлсэн “УИ96091333 Э.Б.” гэж хаягласан шээс, “ИЭ99070217 Б.Баасангарав” гэж хаягласан шээс тус бүрт тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөд бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг.” гэх дүгнэлт, гэрэл зургууд /хх-ийн 53-54/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2569 тоот: “...шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ургамал мэт зүйл, тугалган цаастай ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ургамал мэт зүйл, тугалган цаастай ургамал мэт зүйл тус бүрээс Дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт, гэрэл зургууд /хх-ийн 59-60/,

- Гэрч Б.Чөлүгэний өгсөн: “Э.Б. нь архи тамхи огт хэрэглэдэггүй хүн юм. Тэгтэл хар тамхины хэргээр шалгагдаж байгаа гэхээр их гайхаж байна. Яагаад гэвэл өөрөө хүмүүжил сайтай, одоо эхнэр, хүүхдийн хамт амьдарч байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

- Гэрч Ө.Ариунбаярын өгсөн: “Э.Б. нь суурь хүмүүжил сайтай, ямар нэгэн муу зуршил байхгүй. Гэтэл өнөөдөр хар тамхины хэргээр шалгагдаж байгаа гэхээр их гайхаж байна. Э.Б. ийм үйлдэл гаргах ёсгүй хүн.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

- Гэрч Д.Цацралын өгсөн: “Манай  нөхөр хэрэг төвөгт орооцолдоод байдаггүй, архи, тамхи ч хэрэглээд байдаггүй. Яаж явж байгаад ийм хэрэгт орооцолдсон гэдгийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

- Гэрч Л.Цацралын өгсөн: “Миний хүү Э.Б. нь их зөөлөн, дөлгөөн, хамт олонтойгоо их нийтэч, анги хамт олондоо нэр хүнд сайтай, зураг зурах дуртай, ямар нэгэн муу зуршил байхгүй, хүнийг хүндэлдэг, их уяхан сэтгэлтэй хүү байгаа юм. Би өөрийн хүү Э.Баасан-Эрдэнийг хар тамхи хэрэглэж байна, хадгалж байна гэсэн сэжиг таамаг урьд өмнө нь огт төрж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,

- Э.Баасан-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “Надад хар тамхи, мансууруулах бодисын талаар ойлголт байхгүй. Би энэ “өвс” гэх зүйлийг сонирхож хэрэглэж үзсэн. Тэрнээс биш яг ямар үйлчилгээтэй гэдгийг нь огт мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88/,

- Э.Баасан-Эрдэнийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 90-97, 99-115/,

- Э.Баасан-Эрдэнийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн: “...Фэйсбукээр хараад сонирхож үзсэн. Олж авсан 20 грамм өвсөө бусдад худалдаалаагүй. Ийм зүйл дахиж хэрэглэхгүй. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 147/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Э.Б. нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 63-85 УБУ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уут, тугалган цаасны хамт нийт 20 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрч Б.Баасангаравын мэдүүлэг, гэрч И.Шижиртуяагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2570, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2569 тоот дүгнэлтүүд Э.Баасан-Эрдэнийн яллагдагчаар болон 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Баасан-Эрдэнийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Б.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Э.Б.д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал буюу үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг нь харгалзаж үзэж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Б. нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд нийт 20 грамм жинтэй, 2 тусдаа ууттай /шинжилгээ хийгдсэний дараа 17.6 грамм жинтэй болсон/ “өвс” гэх нэршилтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлс хадгалаатай байгаа, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Н. овогт Э.ын Баасан-Эрдэнийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б.д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Б.д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

           5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа нийт 20 грамм жинтэй, 2 тусдаа ууттай /шинжилгээ хийгдсэний дараа 17.6 грамм жинтэй болсон/ “өвс” гэх нэршилтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА