Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 662

 

Э.Б д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1178 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 938 дугаар магадлалтай, Э.Б д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, .... овогт Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б-ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйл, 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Э.Б д мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Б д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь ...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохироогүй...” гэжээ.

Анхан шатны шүүх Э.Б д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтаар түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан зохицуулалтын хүрээнд хуульд нийцсэн үндэслэл бүхий шийтгэх тогтоол гаргасан. Анхан шатны шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тэнсэж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хууль зүйн үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд хууль тогтоогч хуульчилсан бөгөөд ...аль үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон хууль зүйн үндэслэлээ ...давж заалдах шатны шүүх шийдвэртээ тусгаагүй, тодорхой заагаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасныг зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн давж заалдах шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хэргийн бодит байдалд нийцээгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчимд нийцээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих асуудлыг шалгасан.

Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хэрэг нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, хүн амын эрүүл мэнд аюулгүй байдалд хор хохирол учруулсан үр дагаврыг үүсгэж байдаг.

Энэ байдлыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

Иймд магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан гомдлыг үндэслэн Э.Б д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Э.Б-ийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн .....нутаг дэвсгэрт ..... улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай гялгар уут, тугалган цаасны хамт нийт 20 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдах үндэслэлтэй гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Б-ийн дээрх үйлдлийг хуульд заасан заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн байна.

Энэ төрлийн гэмт хэргийн хор уршиг нь хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдлын эсрэг чиглэсэн үр дагавраар илрэн гарч байдгаараа онцлогтой.

Анхан шатны шүүх Э.Б д үйлдсэн гэмт хэрэгт нь хуулиар тогтоож өгсөн ялыг оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэсэн үндэслэлийг л иш болгожээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “Тэнсэх” арга хэмжээг авахдаа “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” байх шаардлагыг хангахаас гадна үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хэрэглэхээр хуульчилсан болно.

Гэтэл анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн ямар нөхцөл байдал, Э.Б-ийн ямар хувийн байдалд тэнсэх арга хэмжээ авах нь тохирсон талаар огт дүгнэлт хийгээгүй нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тавигдах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн шаардлагыг хангаагүй, энэ нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтын ноцтой зөрчилд хамаарч байх тул уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Түүнчлэн, анхан болон давж заалдах шатны шүүх Э.Б д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ прокуророос тогтоож, шүүхэд шилжүүлсэн үйл баримтад нотлох баримттайгаар дурдагдаж буй сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад өгч буй Э.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хориглогдсон эсэхэд дүгнэлт хийлгүй орхигдуулж, уг үйлдэл хуулиар зөвшөөрөгдсөн мэт ойлголт төрүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хавтаст хэргийн материалаас үзэхэд сэжигтэн Э.Б-ийн “...Б-т үзүүлээд “Энэ өвс ш дээ, сорж үзэх үү” гэж хэлэхэд...” гэрч Б.Б-ын “...тэгээд надад өгөхөөр нь би 3-4 удаа сорж байхад цагдаа ирсэн” гэх мэдүүлгүүд цугларчээ.

Эрүүгийн хуулиар хориглосон гэмт хэргийн шинжид хамаарч болох үйлдэл, эс үйлдэхүйн шинжийг орхигдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлж болохуйц нөхцөл байдал бөгөөд “Шүүх эрх мэдэл”-ийн хувьд төрийн зүгээс хийгдсэн аливаа ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, түүнийг хууль зүйн арга хэрэгслээр баталгаатай хангах үүрэгтэйгээс гадна төрөөс тогтоосон хууль, хэм хэмжээ буюу “Эрх зүй”-г хамгаалах чиг үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.

Мөрдөн байцаалт, прокурорын шатанд Э.Б-ийн холбогдсон гэмт хэрэгт “Бусдад өгсөн бол...” гэсэн шинж тогтоогдсон эсэх, уг үйлдэлд ял сонсгох, яллагдагчаар татах эсэх талаар ямар нэг шийдвэр гараагүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал бөгөөд шүүх хуралдаанаар уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус  хүчингүй болгон хэргийг прокурорт буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1178 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 938 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Э.Б д холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                              ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН