| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 105/2017/0086/Э |
| Дугаар | 822 |
| Огноо | 2017-11-23 |
| Зүйл хэсэг | 091.2.1, 091.2.11, 091.2.12, |
| Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 822
Б.А, Б.Ө нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар,
цагаатгагдсан этгээд Б.А, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв,
цагаатгагдсан этгээд Б.Ө, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Туяа, Б.Баян-Очир,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 444 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .................., түүний өмгөөлөгч Д.Туяа, Б.Баян-Очир нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.А, Б.Ө нарт холбогдох 201625012681 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
1. .................. овогт Б.А 1996 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, гурван дүүгийн хамт .................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................../,
2. .................. овогт Б.Ө, 1996 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт .................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................../,
1. Б.А нь Б.Ө, Б.Б нартай бүлэглэн, шунахай сэдэлтээр 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Маршалын гүүр”-ний доор ..................г алахыг завдсан.
2. Б.Ө нь Б.А, Б.Б нартай бүлэглэн, шунахай сэдэлтээр 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Маршалын гүүр”-ний доор ..................г алахыг завдсан,
Б.Бтай бүлэглэн, 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Бага тэнгэр”-ийн ам гэх газарт ..................г шунахай сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироож, бусдыг санаатай алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: ..................ы үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсэгт зааснаар, Б.Өын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ад 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсэгт зааснаар, Шүүгдэгч Б.Өт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатган, эрүүгийн 201625012681 дугаартай хэргийг прокурорт буцааж,
шүүгдэгч Б.А, Б.Ө нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 96 хуудастай улаан эрээн дэвтэр, Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтэр, камерийн бичлэг 25 ширхэг сиди, мөрдөн байцаалтад туршилт мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанаас хийсэн бичлэг, фото зураг, бэхжүүлж авсан 3 ширхэг сиди, унадаг дугуй 2 ширхэг, хуванцар иштэй заазуур 2 ширхэг, хутга 1 ширхэг, өнгийн эвхдэг хутга 1 ширхэг, төмөр иштэй хутга 1 ширхэг, чулуу 6 ширхэг, цэнхэр өнгийн товч 1 ширхэг, юнителийн сим картны үүр 2 ширхэг, толгойны хамгаалалтын малгай 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, хар хөх өнгийн цамц 1 ширхэг, ягаан хөх өнгийн өмд 2 ширхэг, хар өнгийн хутганы гэр 1 ширхэг, хар өнгийн пүүзэн гутал 1 ширхэг, саарал өнгийн хос оймс 1 ширхэг, шаргал өнгийн футболк 1 ширхэг, хөх өнгийн шорт 1 ширхэг, хар хөх өнгийн дотоож 1 ширхэг, бургасны мөчир, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн футболк 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, “Нокиа” Ч-6 загварын гар утас 1 ширхэг, саарал өнгийн “Нокиа” загварын гар утас 1 ширхэг, хар өнгийн үүргэвч 1 ширхэг зэргийг хэргийн хамт тус тус прокурорт буцааж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .................., түүний өмгөөлөгч Д.Туяа, Б.Баян-Очир нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн Б.Б, Б.Ө, Б.А нар Б.Бын худалдан авсан дугуйны үнийг төлөх хугацааг хойшлуулах зорилгоор 2013 оны 8 дугаар сарын 6-ны орой хохирогч А.Цтэй уулзахаар Маршалын гүүрэн доор очсон гэсэн тэдний мэдүүлгийг /таамаг/ цагаатгасан шийдвэрийнхээ үндэслэл болгож Б.Ө, Б.А нарт холбогдох Б.Бтай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Маршалын гүүрэн доор хохирогч А.Цн дуудаж алахаар завдсан хэргийг, Б.Ө нь Б.Бтай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг “Бага тэнгэрийн ам” гэх газарт А.Цг алсан гэх хэрэгт гэрчүүд 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр А.Цг Б.Бтай хамт явсан болохыг гэрчилдэг, хэрэг болсон газраас хураагдсан 3 ширхэг хутга, 2 ширхэг заазуураас шинжээчийн 6316, 2516 тоот дүгнэлтүүдээр цус, гарын хээ, дардас илрээгүй зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нотолбол зохих байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалсан боловч гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдоогүй гэж үзэж тус тус хэрэгсэхгүй болгон цагаатгажээ. Эдгээр дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй. Хэрэгт 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Б.Б, Б.Ө, Б.А нар өөр хоорондоо дугуйны үнийг төлөх хугацааг хойшлуулах талаар хохирогчтой ярилцая гэж тохиролцсон ярилцсан зүйл байхгүй, ийм яриа болоогүй, мөн үүнийг нотлох ямар нэгэн үйл баримт байхгүй. Харин мөрдөн байцаалтын шатанд Б.Ө “Дугуйны мөнгө өгөх хугацаа 7 хоног хойшлуулаач гэж байсан, манай ажлын цалин 7 хоногийн дараа буух байсан юм аа, тэрийг хэлье гэж бодсон” гэж, мөн Б.А “Өлзийбаяр бид хоёрын санаа бол дугуйны мөнгө өгөх хугацааг хойшлуулж өгөөч гэж гуйна гэж бодож байсан” гэсэн сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлгийг шүүх “Маршалын гүүрний доор очиж хохирогчтой уулзах гэсэн зорилго” гэж дүгнэсэн. Гэвч тухайн үед Б.Б, Б.Ө, Б.А нарт хохирогчид дугуйны төлбөрт өгөх мөнгө байгаагүй, хохирогчийг хуурч мэхлэн огт байхгүй зүйлсийг буюу “ах голын эрэг дээр ирчихсэн амарч байна, одоо дугуйны мөнгийг чинь өгье гэнээ, хурдан гарч ирээд авчих” гэх зэргээр бодит байдлаас огт өөр, байхгүй зүйлсийг санаанаасаа зохион худал мэссеж бичин түүнийг гэрээс нь оройн цагаар, хүний хөлөөс зайдуу, хүний нүдэнд ил үл үзэгдэх орчинд дуудсан байдаг. Мөн тухайн үед хохирогч нь ийм орой гарч очихгүй тухай хариу бичихэд Б.Б “Ахад би тэгж хэлбэл бүр уурлаад мөнгө өгөхгүй, мөнгөтэй байгаа дээр нь авчих, ах удахгүй явах гээд байнаа тэхүү, би ахыг гуйж байгаа болохоор хэцүү байнаа, за чи тэгвэл ирэхгүй гэсэн үг үү, мөнгө чинь байгаа юм чинь маргааш өдөр гэрэлтэйд уулзах уу, маргааш би хамаатны нэг ахаасаа мөнгө авчихаар болчихлоо, хоёулаа цуг ганц өдөр дугуй унах уу” гээд хамгийн сүүлд 12 цаг 02 минутад буюу шөнийн 00 цаг 2 минутад “за за сая ах ийм орой явуулахгүй гээд байсан юм намайг уучлаарай” гэсэн мессежүүдийг Б.Бын 88130816 дугаарын гар утаснаас тасралтгүй 4 цагийн турш илгээсэн байгаа нь хохирогч А.Цгийн 99012892 дугаарын гар утсанд хадгалагдаж үлдсэнийг үзлэг хийн фото зургаар бэхжүүлж тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан байгаа. Хэрэгт цугласан эдгээр бичгийн нотлох баримтуудаас Б.Б, Б.Ө, Б.А нар нь хамтран оролцогчоо сонгож буюу гурвуулаа нэг нэгнээ дэмжин, гэмт хэрэг үйлдэх газар, орон зайг сонгон, бусармаг санаа агуулан түүнийг худал хэлэн дуудсан болох нь харагдаж байхад шүүх “Б.Б, Б.Ө, Б.А нарыг 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр А.Цтэй уулзаж дугуйн үнэ төлөхийг хойшлуулахаар очсон” гэж илтэд үндэслэлгүй дүгнэжээ. Дээрхи олон мессэж илгээсний алинд ч ийм санаа агуулагдаагүй байгааг анхааралгүй орхисон байна. А.Цг ирүүлэхийн тулд “дугуйны мөнгийг чинь өгье, ав” гэж худал мессэж бичээд байгаа ба тухайн үед тэдэнд төлөх мөнгө байгаагүй гэдэг нь хэрэгт тогтоогдсон байдаг. Үнэхээр хойшлуулах гэж очсон бол “мөнгөө ав, ах төлөх гэж байна, хурдан ирээд авчих” гэж дуудах уу. Шүүх ийнхүү хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгахдаа гэмт этгээдүүдийг “мөнгө төлөхийг хойшлуулах гэж очсон” гэдэг гэмт этгээдүүдийн үйлдэлтэй нь зөрчилдсөн мэдүүлгийг цагаатгах шийдвэрийнхээ үндэслэл болгов. Нөгөөтэйгүүр Б.Ө, Б.А нар дугуйг аваад зугтах талаар Б.Бтай тохиролцсон нь тогтоогдож байхад “дугуйны мөнгө төлөх хугацааг хойшлуулах гэсэн” гэдэг ийм алдаатай зөрчилдсөн /мөнгийг нь төлөхгүй байх зорилго агуулж дугуйг нь авч зугтаах атлаа/ дүгнэлтэд хүрэв. Шүүхийн энэхүү шийдвэр нь гэмт этгээдүүдийн Маршалын гүүрэн дор очсон зорилгыг /бүтэн 4 цагийн турш хохирогчийг “Мөнгөө ирж ав” гэж худал мессэж бичин дуудаж ирэхэд нь зодолдож дугуйг нь авч зугтаах, хохирогчийн амь биед нь халдах гэмт халдлага үйлдэх гэсэн/ саармагжуулж, хэрэгт авагдсан нотлох баримтаар нэгэнт тогтоогдож буй тухай бодит нөхцөл байдлыг үгүйсгэж “зүгээр л нэг” очсон мэт харагдуулж байна. Иймд магадлалын дээрхи дүгнэлтийг хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Зөвхөн Б.Ө, Б.А нарын мэдүүлснийг үндэслэн Маршалын гүүрэн дор очсон зорилго гэдгийг тогтоож байгаад гомдолтой байна. Харин хохирогч А.Ц ирсэн бол тэдний зохион байгуулж буй гэмт халдлагад өртөж амь насаа алдах бодит нөхцөл бүрдсэн, тэд бүрдүүлсэн гэж үзэж байна. А.Цг “мөнгө чинь бэлэн ирж ав” гэж хуурч мэхлэн шөнийн цагаар, хүний хөлөөс зайдуу эзгүй газрыг сонгон дуудан ирүүлж зориуд гэмт хэргийн халдлага зохион байгуулж алах гэж байсныг 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр бусдын гарт А.Ц амь насаа алдсан явдал гэрчилнэ. Б.Б нь Б.Ө, Б.А нартай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Маршалын гүүрний доор хохирогчийг өгөх ёстой дугуйны мөнгөө өгөх хугацааг хойшлуулах зорилгоор дуудсан бол түүнээс хойш хэдхэн цагийн дараа буюу 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн өглөө гэхэд яагаад түүний амь насыг санаатайгаар хохироох болов, 2013 оны 8 дугаар сарын 7-ны өглөө дээрх 3 этгээд өглөө 07 цаг 25 минутад уулзахаар тохирч бие биенээ хүлээж байсан нь тэдний хоорондоо харьцсан гар утасны мессэжээр тогтоогддог. Хэргийн дээрхи байдлууд нь бусдыг санаатай алахаар завдсан гэмт хэргийн тухайлбал Б.Ө, Б.А нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж байна. Шүүх чухал ач холбогдол бүхий 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн, хохирогчийг дуудан ирүүлж зориуд гэмт халдлага зохион байгуулж амь насанд нь халдах гэсэн энэ бодит байдлыг орхигдуулж, харин Б.Ө, Б.А нарын “Цэрэн-Өлзийг ирэхээр Б.Бын авсан унадаг дугуйны үнийг төлөх хугацааг хойшлуулах талаар хэлнэ гэж бодож байсан” гэдэг мэдүүлгийг илүү ач холбогдолтойд тооцон үнэлж хэргийг шийдвэрлэснийг, мөн шүүгдэгч Б.Өын Б.Бтай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар буюу А.Цг олон удаа хутгалж санаатай алсан хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгахдаа хэрэгт авагдсан баримтад бүхэлд нь бус, зөвхөн хохирогч А.Цг Б.Бтай хамт уул руу гарч явсныг гэрчлэх болон Б.Быг дугуй түрэн явахыг харсан гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газраас хураагдсан хутга, заазууранд ул мөр илрээгүй тухай цагаатгах баримтуудыг үндэслэсэн байна. Ингэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл нөхцөл журмын дагуу авагдсан, шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгох ач холбогдол бүхий хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл нь гэрч Дагвадоржийн мэдүүлэг болсон хэргийг бүхэлд нь нотлохгүй байгаа талаархи бодит байдалд, тэрээр хэргийн зөвхөн нэгээхэн хэсгийг гэрчилж буйг, Б.Ө 2013 оны 8 дугаар сарын 8-ны өглөө 07 цаг 25 минутад Б.Бтай уулзахаар хүлээж байгаагаа түүний гар утсанд мессэжээр илгээсэн тухай гар утсанд хийсэн үзлэг болон шинжээчийн дүгнэлт, хохирогчийн өмсөж явсан цамцанд хийсэн криминалистик шинжээчийн дүгнэлтээр хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн 11 удаагийн зүсэгдэлт үүссэн, эдгээр нь Т, Ү, зуйван хэлбэртэй болох, эдгээр зүсэгдэлт нь хэрэгт хураагдсан 2 ширхэг хутгаар үүсгэгдсэн байж болохыг дүгнэсэн, гэрч С.Ононгийн мэдүүлэг, ажлын цагийн бүртгэлд засвар хийснийг нотлох шинжээчийн дүгнэлтүүд зэрэг баримтыг үнэлж дүгнэсэнгүй. Иймд шүүхийн энэ шийдвэрийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.2-ийн “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхааран үзэлгүй орхигдуулсан бол”, 319.1.3-ын “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авч бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заах” тухай хуулийн энэ шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ..................н өмгөөлөгч Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр Б.Б, Б.Ө, Б.А нар Б.Бын худалдан авсан дугуйны үнийг төлөх хугацааг хойшлуулах зорилгоор 2013 оны 8 дугаар сарын 6-ны орой хохирогч А.Цтэй уулзахаар Маршалын гүүрэн доор очсон гэсэн тэдний мэдүүлгийг цагаатгасан шийдвэрийн үндэслэл болгосон. Мөн Б.Ө Б.Бтай бүлэглэн А.Цг дуудаж алахаар завдсан хэргийг, Б.Ө нь Б.Бтай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг “Бага тэнгэрийн ам” гэх газарт А.Цг алсан гэх хэрэгт гэрчүүд 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр А.Цг Б.Бтай хамт явсан болохыг гэрчилдэг, хэрэг болсон газраас хураагдсан 3 ширхэг хутга, 2 ширхэг заазуураас шинжээчийн дүгнэлтүүдээр цус, гарын хээ, дардас илрээгүй зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна гэж үзэж тус тус хэрэгсэхгүй болгон цагаатгасан. Эдгээр дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй. Шүүх чухал ач холбогдол бүхий, хохирогчийг худал хэлэн дуудаж ирүүлж амь насанд нь халдах гэсэн бодит байдлыг орхигдуулсан гэж үзэж байна. Мөн Б.Ө, Б.А нар А.Цг ирэхээр Б.Быг авсан унадаг дугуйн үнийг төлөх хугацааг хойшлуулах талаар хэлнэ гэж бодож байсан гэх мэдүүлгийг илүү ач холбогдолтой гэж үзэж хэргийг шийдвэрлэснийг, мөн шүүгдэгч Б.Өын Б.Бтай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар буюу А.Цг олон удаа хутгалж санаатай алсан хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгахдаа хэрэгт авагдсан баримтад бүхэлд нь бус, зөвхөн хохирогч А.Цг Б.Бтай хамт уул руу гарч явсныг гэрчлэх болон Б.Быг дугуй түрэн явахыг харсан гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газраас хураагдсан хутга, заазууранд ул мөр илрээгүй тухай цагаатгах баримтуудыг үндэслэсэн байна. Ингэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл нөхцөл журмын дагуу авагдсан, шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгох ач холбогдол бүхий хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг анхаарч үзээгүй. Яагаад гэхээр гэрч Дагвадоржийн мэдүүлэг болсон хэргийг бүхэлд нь нотлохгүй байгаа талаарх бодит байдалд, тэрээр хэргийн зөвхөн нэгээхэн хэсгийг гэрчилж байгаа байдлыг анхаарагүй. Б.Ө 2013 оны 8 дугаар сарын 8-ны өглөө 07 цаг 25 минутад Б.Бтай уулзахаар хүлээж байгаагаа түүний гар утсанд мессэжээр илгээсэн тухай гар утсанд хийсэн үзлэг болон шинжээчийн дүгнэлт, хохирогчийн өмсөж явсан цамцанд хийсэн криминалистик шинжээчийн дүгнэлтээр хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн 11 тооны зүсэгдэлт үүссэн, эдгээр нь Т, Ү, зуйван хэлбэртэй болох, эдгээр зүсэгдэлт нь хэрэгт хураагдсан 2 ширхэг хутгаар үүсгэгдсэн байж болохыг дүгнэсэн. Гэрч Дагвадоржийн мэдүүлгээр бол шүүгдэгч хэргийг ганцаараа үйлдсэн гэдгийг нотолж байгаа баримт биш юм гэдгийг хэлэх гээд байгаа юм. Гэрч С.Ононгийн мэдүүлэг, ажлын цагийн бүртгэлд засвар хийснийг нотлох шинжээчийн дүгнэлтүүд зэрэг баримтыг үнэлж дүгнэсэнгүй. Иймд шүүхийн энэ шийдвэрийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхааран үзэлгүй орхигдуулсан бол”, 319.1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авч бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заах” тухай хуулийн энэ шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ..................н өмгөөлөгч Б.Баян-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний зүгээс 2014 оны 8 дугаар сарын 6-ны оройн үйл явдалд хууль зүйн үндэслэлтэй үнэлт өгөөсэй гэж хүсэж байна. 2014 оны 8 дугаар сарын 7-ны орой 8 цаг 16 минутаас эхлээд 12 цаг 2 минут хүртэл “мөнгийг чинь авчирсан, мөнгийг чинь өгье, яваад ир” гэдэг байдлаар бодит байдлаас худлаа зөрүүтэй байдлаар мессеж бичиж Б.Б, Б.А, Б.Ө нар амь хохирогчийг харанхуй шөнө гарч ирэхийг ятгадаг юм. Гурван шүүгдэгч тухайн үед ямар зорилгоор очсон болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоохыг эрмэлзсэн, нотлох баримтуудыг цуглуулсан. Энэ дуудсан, газар байршилаа сонгож авсан нөхцөл байдлыг өмгөөлөгчдийн зүгээс амь хохирогчийг дуудаж, амь насанд нь халдах гэсэн үйлдэл гэж дүгнэж байгаа. Яагаад гэхээр хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тухайн нөхцөл байдалд хуурч авчирсан нөхцөл байдал мөн шүүгдэгч нарын зөрүүтэй мэдүүлэг өгсөн учраас. Шүүгдэгч нар нь тус тусдаа зогсож мессеж бичсэн, харанхуй шөнө тусдаа зогсож хохирогчийг дуудсан энэ нөхцөл байдал нь анхаарал их татаж байна. 4 цаг орчим дуудсан мөртлөө шүүгдэгч нар мэдүүлэхдээ “удаагүй” гэж худлаа ярьдаг. Хэрэгт цугларсан баримтаар шөнийн 12 цаг хүртэл дуудсан байдал харагддаг. Энэ цаг хугацаанд хохирогч хүрээд ирсэн бол ямар нөхцөл байдал үүсэх байсныг тааварлашгүй байна. Аминд нь халдах байсан гэдэг нь нотлогддог. Яагаад гэхээр энэ үйл явдлаас хойш хэдхэн цагийн дараа амь хохирогч ирээд биендээ олон тооны гэмтэл авч амь хохирсон. Өөрөөр бусад хүн амины гэмт хэргийг бодохын бол энэ гэмт хэрэг нь нилээн нарийн төлөвлөсөн, зохион байгуулсан байдал харагддаг. Мөн нууц далд аргаар үйлдсэн гэдэг нь харагддаг. Тухайн гэмт хэрэгт завдах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзсэн. Хэргийг Улсын Дээд шүүхээс буцаагаад анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх үед Шинэчлэн баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуультай давхцсан. Шинэ хуулиар хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцсэн. Урьд нь энэ хэргийг шийдвэрлэхдээ нууц ажиллагааны журмаар авагдсан баримтыг шүүх бүрэлдэхүүн танилцаж хэргийг шийдвэрлэж, гэм буруутай болохыг тогтоосон шийдвэр гаргасан. Мөн Улсын Дээд шүүхээс хэргийг буцаахдаа нууц ажиллагааны материалаас үнэлэгдэх баримтыг хавтаст хэрэгт авах талаар буцаасан. Шинэ хууль хэрэгжихтэй холбоотойгоор гүйцэтгэх ажиллагааны материал хэрэгт авагдах байдал орхигдсон учраас шийдвэр гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлыг судлаагүй учраас шийдвэрт нөлөөлсөн байдал байна. Энэ бүгдийг харгалзан үзнэ үү.” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Өын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч болон гэрч Дагвадоржийн мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргаж байна. Үүнд тайлбар хэлэх боломжгүй. Учир нь цагаатгах тогтоол гаргахдаа шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсан бусад гэрчийн мэдүүлгийг хангалттай дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл гэрч Цогтоо, Өлзийбаяр, Онон болон бусад гэрчүүдийн мэдүүлгийг хангалттай дурдсан байдаг. Ийм учраас дан ганц гэрч Дагвадорж болон шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдсон гэдэг нь үндэслэлгүй юм. Мөн хохирогч том биетэй, шүүгдэгч жижиг биетэй учраас энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн байх боломжгүй гэх хийсвэр дүгнэлтийг хийдэг. Гэвч хэрэгт авагдсан баримтаар болон шүүгдэгч Б.Бын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр ганцаараа үйлдсэн байдаг. Өмгөөлөгчөөс гэрч Ононгийн мэдүүлгийг иш татаж байна. Гэтэл Ононгийн мэдүүлгээс гадна Өлзийбаяр мэдүүлэхдээ “намайг гарсаны дараа байж магадгүй” гэсэн байдаг. Б.Ө ажлын байран дээрээ байсан гэдгийг гэрч Чинбат гэрчилдэг. Чинбаярын мэдүүлэгт “Өлзийбаяр тэр өдрийн орой ажлын байрандаа байхыг өөрийн нүдээр харсан гэж” мэдүүлдэг. Мөн гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэдэг маань гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл хийгээд энэ нь тухайн этгээдийн хүсэл зоригоос хамаарч туйлдаа хүрээгүй бол завдах гэж тайлбарладаг бөгөөд өмгөөлөгчийн яриад байгаа байр суурьтай тохирохгүй юм. Тухайн үед мессеж бичсэн тэр үйл баримт болон бусад байдлыг одоогийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн “гэмт хэрэг үйлдэхээр завдсан” гэж үзэх боломжгүй юм. Гүйцэтгэх ажлын баримт байгаагүй. Өлзийбаярын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэдгийг ганц Дагвадоржийн мэдүүлгээр тогтоосон зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бодитой гарсан гэж үзэж байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Цагаатгагдсан этгээд ..................ы өмгөөлөгч Б.Ганпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан тайлбартай санал нэг байна. Бүлэглэж бусдыг санаатай алахыг завдах гэсэн. Бүлэглэж гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзвэл энэ этгээдүүд өөр хоорондоо гэмт хэрэг үйлдэхээр завдах талаараа, гэмт хэрэг үйлдэх талаараа хүсэлт зоригоо нэгтгэсэн, ярьж тохиролцсон, зөвшилцсөн үйл баримт тогтоогдох ёстой. Гэтэл ийм үйл баримт байдаггүй. Хэрэгт авагдсан баримтаар сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгээр тогтвортой мэдүүлсэн бөгөөд зөвшилцсөн, ярилцсан байдал байдаггүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад Батням мэдүүлэхдээ “би очоод хохирогчтой уулзахаар нь миний хохирогчоос худалдаж аваад үнийг нь төлөөгүй байгаа дугуйг аваад зугтаагаарай, тэгэхээр хохирогч худалдаж авсан дугуйг нь хүнд булаалгачихаар мөнгөө авахаа хойшлуулах байх” гэсэн талаар нөгөө хоёртоо хэлсэн, энэ үгийг нь тоглож байна гэж бодоод ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй гэж мэдүүлдэг. Энэ байдлыг ярилцаж тохиролцон санаатай алах байсан гэж үзэх нь үндэслэлгүй. Тэр нууц ажлын материалыг урьд давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт прокурор Батхишигээс асуусан “ямар гүйцэтгэх ажлын материал байгаа бэ, хэрэгт авагдаагүй материалыг ярьж байна” гэж асуухад “наад хавтаст хэрэгт чинь угаасаа ямар ч гүйцэтгэх ажлын материал байхгүй” гэж тодорхой хэлсэн. Иймд анхан шатны шүүхийн тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх зүйл байхгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх зүйл байхгүй, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “.................., Б.Ө нарт холбогдох хэрэгт хоёр удаа анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн цагаатгах тогтоолд эсэргүүцэл бичээгүй. Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, дүгнэсэн байх гэж бодож байна гэв. Хэрэгт авагдсан баримтаар дээрх хоёр хүмүүсийг тухайн хэрэгт хамааралтай байж болох бүхий л хяналт шалгалтын ажиллагаа явагдсан. Тухайн үед энэ хүмүүсийг сэжиглэх хангалттай баримт байсан. Учир нь 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Б.Б, Б.Ө, Б.А нар талийгаачийн дугуйны мөнгийг өгөхгүй байх зорилготой үгсэн тохиролцож Маршалын гүүрний доор очсон байдаг. Хэрэг гардаг өдрийн өглөө тухайн хүмүүс хоорондоо мессеж бичилцсэн байдаг. Ажлын байрандаа Б.Ө очоогүй, Б.А очсон байдаг. Үүнийг юугаар нотолж байна бэ гэхээр ажилтны цагийн бүртгэл байдаг. Цагийн бүртгэлд Б.А цагаа бүртгүүлсэн боловч тухайн бүртгэл дээр засвар орсон байгаа, яг өөрсдийнх нь гарын үсэг биш, тухайн ажилтан очоогүй болохыг барилгын даамал Оюун гэрчилдэг. Өмгөөлөгч нарын яриад байгаа Чинбат гэж хүн Б.Өыг ажил дээрээ байсан юм гэдгийг нотолдог. Б.Ө Батнямын хамаарал бүхий этгээд байсан.” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Б.Б, Б.Ө, Б.А нарт холбогдох 201301022326 дугаартай эрүүгийн хэргийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэж 147 дугаартай тогтоолоор шүүгдэгч Б.Бд холбогдох хэсгийг хэвээр үлдээж, харин шүүгдэгч Б.Ө, Б.А нарт холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Ийнхүү Б.Б, Б.Ө, Б.А нарт холбогдох 201301022326 дугаартай эрүүгийн хэргээс Б.Ө, Б.А нарт холбогдох хэргийг тусгаарлаж 201625012681 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн 201301022326 дугаартай эрүүгийн хэргээс холбогдох нотлох баримтуудыг хуулбарлан авсан байна. Уг хуулбарласан 11 хавтас нотлох баримтуудыг хэзээ, хэрхэн хуулбарлаж авсан нь тодорхойгүй, хуулбарлаж авсан баримтуудын “Үнэн зөв”-ийг баталгаажуулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтад тавигдах шаардлагыг ноцтой зөрчсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийг зөрчиж бэхжүүлсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж хянаж үнэлэх хууль зүйн боломжгүй байхад анхан шатны шүүх энэхүү зөрчлийг арилгуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй болжээ.
Мөн анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар хэрхэн тогтоогдож байгаа болон ямар нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагдаж байгаа талаар ямар ч дүгнэлт хийгээгүй атлаа “...шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдохгүй байна, ...шүүгдэгч Б.А, Б.Ө нарын үйлдэл оролцоонд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдохгүй байх тул шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тогтоох үндэслэлгүй байна.” гэсэн дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 444 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.А, Б.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 444 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.А, Б.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл шүүгдэгч Б.А, Б.Ө нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
Ц.ОЧ