Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2021/0410

 

“Л ...” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 320 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Л ...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 320 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.8, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Л ...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдл нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/868 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэлийн Засаг даргын А/868 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 болон Нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1/33 дугаар мэдэгдлийг үндэслэж гаргасан.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас /тухайн үеийн нэршлээр/ 2014 онд Барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварын үнэлгээ хийсэн ба уг үнэлгээгээр тухайн байршил дахь газрыг зүй зохисгүй ашиглаж буй талаар дурдсан байдаг. Мөн Нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 1/33 мэдэгдэл болон 2019 оны Газрын хянан баталгааны дүгнэлтээр тухайн байршил дахь газрыг хөрсний доройтол бохирдолд орсон, орчны газар ахуйн хог хаягдлаар бохирлогдсон, сул шороо ихтэй гэж тус тус дүгнэсэн байдаг. Улмаар “Л ...” ХХК Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх газраа ашиглахдаа газар эзэмших гэрээний нөхцөлийг удаа дараа зөрчиж газрыг зүй бусаар ашиглаж байгаль хамгааллын тэнцвэрт байдлыг алдагдуулсан нь тогтоогдсон байдаг. Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/868 дугаар захирамж гарч “Л ...” ХХК-ийн Баянзүрх дүүрэг дэх 8 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 10-11 хуудас “... Нийслэлийн Засаг дарга нь өмнө нь нэгэнт олгогдсон газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо ... эрх бүхий этгээдийн дүгнэлтийг үндэслэхээр байх ба энэхүү дүгнэлт нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон мэргэжлийн бусад байгууллагын хамтарсан хяналт шалгалтын үр дүнд гарахаар байна” гэж дурдан Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны дүгнэлт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнөөс гарсан үнэлгээ болон дүгнэлтийг мэргэжлийн бус байгууллага гэж дүгнэн дээрх дүгнэлтүүдийг үндэслэхгүй байгаа нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хянахад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хэрэглэсэн хуулийн зүйл, заалтыг зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий акт болох 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/868 дугаар захирамжийг гаргахдаа Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/33 дугаар мэдэгдэлд заасны дагуу нэхэмжлэгч “Л ...” ХХК-ийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн эсэхийг Газрын тухай хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд шалгаж тогтоох үүрэгтэй.

Гэтэл тухайн мэдэгдэлд заасан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” гэж заасан үндэслэл бүрдээгүй, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байдлаар газрыг ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй байхад Газрын тухай хуулийн 40.2-т “40.1-д заасан үндэслэл тогтоогдвол цуцлах шийдвэрийг гаргаж” гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Хариуцагчаас дээрх мэдэгдэлд “... хэсэг газар нь хөрсний доройтол, бохирдолд орсон, орчны газар ахуйн хог хаягдлаар бохирлогдсон, сул шороо ихтэй гэсэн Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлт” гэж дурдсаныг тайлбарлаж маргасан боловч уг дүгнэлтэд заасан асуудал нь газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгоход хүргэх нөхцөл байдал мөн эсэхийг эрх бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоолгоогүй, Газрын тухай хуулийн 40.1.2-т заасан үндэслэл бүрдсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Мөн хариуцагчийн тайлбарлаж буй Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 онд гаргасан барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварын үнэлгээнд дурдсан асуудал нь газар дээрх барилга барихтай холбоотой, барилга барих зөвшөөрөл, холбогдох эрх бүхий этгээдийн дүгнэлт, техникийн нөхцөлүүдийг зохих газраас авч шаардлага хангах үүрэг нь Барилгын тухай хууль тогтоомжид зааснаар зохицуулагдах асуудал байх тул энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Эдгээрээс дүгнэвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх газрын төлөв байдлын хянан баталгааны дүгнэлт болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнөөс гарсан үнэлгээг мэргэжлийн бус байгууллага гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 Мөн гомдолд “газраа ашиглахдаа газар эзэмших гэрээг удаа дараа зөрчиж газрыг зүй зохисгүй ашиглаж байгаа нь тогтоогдсон” гэх боловч энэ талаар хэрэгт баримт байхгүй, маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 40.1.1-д заасан “гэрээг удаа дараа ноцтой зөрсөн” гэх үндэслэлээр гараагүй тул давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд хэрэглэх материаллаг хуулийн заалт буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг баримтлаагүй байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 320 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “4.1.3” гэсний дараа “40 дүгээр зүйлийн 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ