Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0320

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л ХХК,

Хариуцагч:   Нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/868 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б түүний өмгөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2007 онд байгуулагдаж барилгын төсөл дээр хөрөнгө оруулалт хийж Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй 100,000 айлын орон сууц хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх Мастер төлөвлөгөөний хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт Хөлийн голын хөндийд 58 га газрын эзэмшин Хаппи Вилла хотхоныг барьж байгуулахаар хөрөнгө оруулан одоогийн байдлаар 21 амины орон сууцуудыг 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй бариад байна.

Гэтэл компанийн эзэмшлийн 58 та газрын 50 га газарт Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 191-р тогтоолоор 5-р цахилгаан станцыг барьж байгуулахаар шийдвэрлэсний дагуу нийслэлийн Засаг даргын 2014 оны А/792 тоот захирамжаар Эрчим Хүчний Яаманд 5-р цахилгаан станц барихаар 50 га газрыг, манай барьсан амины орон сууцуудын газарт 8 га газрыг олгосон. Компани 58 га газрыг эзэмшиж байх хугацаандаа болон сүүлд багасгаж олгосон 8 га газрыг ашиглаж байх хугацаандаа гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлж, газар ашиглах гэрээний үүргээ биелүүлж ирсэн. Гэтэл 2020 оны 06 сарын 25-ны өдөр Нийслэлийн засаг даргын 2020 оны 06 сарын 25-ны өдрийн А/868 тоот захирамжаар манай газар ашиглах эрхийг цуцалсан болохыг 2020 оны 07 сарын 20-ны өдөр шуудангаар хүлээн авснаар мэдсэн болно. Энэхүү захирамжийн үндэслэл нь манай компанийг өөрийн ашиглалтын газраа үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь огт үндэслэлгүй бөгөөд бид 2018 оны Засгийн газрын 182 дугаар тогтоолыг үндэслэн газрын төлбөрт өөрчлөлт оруулах болсонтой холбогдуулан гэрээ гэрчилгээг шинэчлэх шаардлагыг Газар зохион байгуулалтын албанаас хэрэгжүүлж үүний дагуу бид 2019 онд гэрээ гэрчилгээг шинэчлэн авахдаа Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг 2019 оны 04 сарын 12-нд Гурван тайга ХХК-р хийлгэж ашиглалтын зөрчилгүй талаар дүгнэлт гарсан үүнийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Г2019 оны 05 сарын 14-ний өдөр баталгаажуулсан байна.

Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 сарын 22-ны өдрийн А/1097 тоот захирамж гарсны дагуу газрын гэрчилгээ, гэрээг 2020 оны 01 сарын 16-аас хойш бидэнд олгосон уг гэрээний дагуу газрын төлбөрт өөрчлөлт орсон учир бид төлбөрийг гэрээг шинэчлэн авсны дараа нэмэгдсэн төлбөрийн дагуу төлсөн, манайх газрын төлбөрийн өргүй болохыг хавсралтад оруулсан Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас харах боломжтой.

1/ Бид ямар ч хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний эрх ашигт сөргөөр нөлөөлөх, харшлах үйл ажиллагаа хийгээгүй газрын төлөв байдал нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр зөрчилгүй, газрын төлбөрийн өргүй байтал газар ашиглах гэрчилгээг цуцалж байгаа нь Газрын тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 1.3-д заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчиж байхаас гадна манай компанид онц их хэмжээний хохирол учруулж байна.

2/ Захиргааны ерөнхий хуулийн 26-р зүйл 26-р зүйлийн 1-д заасан газар ашиглах эрх цуцлах шийдвэр гаргахдаа манай компанийн тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй, 27-р зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, мөн хуулийн 25-р зүйлд заасан шаардлагатай ажиллагаануудыг хийгээгүй,

3/ Мөн Нийслэлийн засаг даргын 2020 оны 06 сарын 25-ны өдрийн А/868 тоот захирамж нь 3ахиргааны ерөнхий хуулийн 29-р зүйл, 29-р зүйлийн 2-д заасны дагуу хяналтын дагалдах хуудасгүй, хэн боловсруулсан нь тодорхойгүй,

4/ Бид Захиргааны ерөнхий хуулийн дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийж Нийслэлийн засаг даргын хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд гомдол гаргасан боловч шүүхэд ханд гэсэн хариу авсан.

Иймд манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 сарын 25-ны өдрийн А/868 тоот хууль зөрчсөн захирамжийг хүчингүй болгож манай компанийн эрх ашгийг хамгаалж өгнө үү.

... А/868 дугаартай захирамжид ямар үндэслэл байсан бэ? гэхээр Газрын тухай хуулийн 40.1.2 болон прокурорын мэдэгдлийн дагуу газар ашиглах эрхийг хүчингүй болгож байна гэж заасан. Энэ захирамж өөрөө хууль зөрчсөн захирамж байна. 40.1.2-т газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол гэж заасан. Үндэсний аюулгүй байдал гэдэг нь Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол нь гадаад, дотоод таатай нөхцөлд хангагдсан байхыг хэлнэ гэж заасан. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.4-д Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалан бэхжүүлэх тал бүрийн баталгаа бий болгоход чиглэсэн төрийн бодлогыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнээс хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлнэ гэж заасан. Мөн хуулийн 7.1-д Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд гэж заасан. Хуульд зааснаар 6-7 байгууллага байгаа. Эдгээр байгууллагууд үндэсний аюулгүй байдалд хохирол учруулсан гэх дүгнэлтийг гаргадаг юм байна. Гэтэл хуульд зааснаар дүгнэлт ерөөсөө гараагүй буюу ийм дүгнэлт огт байхгүй. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 40.1.2-т зааснаар компанийн газрыг хүчингүй болгосон нь хуулийн үндэслэл байхгүй юм. Мөн прокурорын дүгнэлтийг үндэслэж байгаа. Газрын тухай хуулийн 40.1.2-т заасан дүгнэлт гаргах эрх хэмжээ буюу байгууллага нь прокурорын байгууллага биш юм. Прокурорын байгууллага нь дүгнэлт гаргаагүй.

Иймд хүчингүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 20.2.9-д газар эзэмшигч, ашиглагч нь хууль тогтоомж, гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлснээс байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан санал, гомдлын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулах хүсэлтээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах гэж заасан. Газрын тухай хуулийн 20.2.9-д зааснаар иргэн аж ахуй нэгж, Засаг даргад хандаж болохоор байна. Хэрвээ хандсан бол Засаг дарга уг хүсэлт мэдээлэл хүлээж аваад Газрын тухай хуулийн 23.2.16-д заасны дагуу шалгалт хийж дүгнэлт гаргуулах ёстой. Зөвхөн прокурорын мэдэгдлээр шийдвэр гаргаж газрын ашиглах эрх хүчин төгөлдөр болгосон нь хууль зөрчиж байна. Нийслэлийн Засаг дарга нь шалгалт хийлгэх ёстой. Шалгалт хийхгүй шууд шийдвэр гаргаж байгаа нь хууль зөрчиж байгаа. Газрын тухай хуулийн 4.1.3-д газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах гэсэн зарчмыг хангаагүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, 4.2.6 дах заалтуудын зарчмуудыг зөрчсөн байна. Нийслэлийн Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн маш том заалтуудыг зөрчсөн байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 24.3, 24.4, 25, 26, 27 дах заалтуудыг зөрчсөн. Прокурорын мэдэгдэл дүгнэлт биш байгаа. Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуульд зааснаар ажиллагаа огт хийгээгүй. Нийслэлийн Засаг даргын А/868 захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д зааснаар захирамж хууль бус юм. Иймд Нийслэлийн Засаг даргын захирамж хүчин төгөлдөр бус байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: А/868 дугаар захирамжийн тухайд хүчингүй болгож нэхэмжлэгчийн эрх ашгийг сэргээсэн шийдвэр гаргахыг хүсэж байна. А/868 дугаар захирамж нь 2 зүйлд үндэслэж байгаа. Газрын тухай хуулийн 40.1.2 газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол гэж заасан. Эрх бүхий байгууллага гэдэг нь Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 болон 7 дугаар зүйлд МУ-ын ерөнхийлөгчийн дэргэд байгуулж байгаа тусгайлсан чиг үүрэг бүхий үндэсний аюулгүй байдлыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргадаг 11 байгууллагыг энэ хуулиар заагаад өгсөн. Газрын тухай хуулийн 40.1.2-т заасан хүн амын эрүүл мэнд үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн гэсэн дүгнэлт гараагүй байна. Зөрчсөн тухай дүгнэлтийг Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд заасан 11 байгууллагаас гаргаж өгөөгүй байна. А/868 захирамж гаргасан нь үндэслэлгүй үндэслэлгүй гэж үзэж байна. Эрх бүхий байгууллагаас дүгнэлт гараагүй байна.

Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 6 сарын 19-ний өдрийн 1/33 дугаар мэдэгдлийг үндэслэл болгож захирамж гаргасан байна. Прокурорын тухай хуулийн 36 дугаар зүйлд мэдэгдлийг заасан. 36.1-д Прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах мэдэгдэл бичнэ гэж заасан. Нийслэлийн Засаг даргын захирагч н.А******* нь хуулийн этгээд биш байгаа. Хуулийн этгээд гэдгийг МУ-ын Иргэний хуулийн 25 дугаар зүйлд тодорхой заагаад өгсөн байгаа. 25.1-д Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэж заасан. Нийслэлийн прокурорын гаргасан 1/33 мэдэгдэл нь Прокурорын тухай хуулийг зөрчөөд гаргасан мэдэгдэл юм. Тийм учраас Нийслэлийн Засаг даргын А/868 дугаар захирамж анхнаасаа үндэслэх хэсгийг нь үндэслэж байгаа прокурорын мэдэгдэл болон Газрын тухай хуулийн 40.1.2 дах заалтыг зааж байгаа үндэслэл нь хууль бус юм.

Захиргааны ерөнхий хуулийн дагуу хуулийн этгээдийн ашиг сонирхолд халдах болоод төрийн байгууллагаас акт гаргаж байгаа бол тухайн актыг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа заавал хийх ёстой. Иймд сонсох ажиллагаа хийгээгүй гаргасан акт нь хууль зөрчсөн. Эрх ашгаа хамгаалах зүйл ерөөсөө хийгээгүй. Сонсох ажиллагаа гэдгийг Газрын албанаас болон Нийслэлийн Засаг даргаас зохион байгуулж хийгээгүй байгаа. Прокурорын мэдэгдэл дээр 2019 оны газрын төлбөрөө дутуу төлсөн баримт авагдсан гэж байгаа. Нотлох баримт шинжлэн судлахад 2019 онд газрын төлбөр болон улирлын төлбөрийг түр хүлээж бай гэсэн. Сүүлд гэрээгээ байгуулаад тэгээд газрын төлбөрөө төлсөн. Үүн дээр ямар нэгэн хугацаанд нь төлөөгүй дутуу төлсөн зүйл байхгүй. Газар ашиглуулагчийн эрх үүрэг дээр газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй тохиолдолд газрын гэрчилгээг хүчингүй болгож байгаа. Төлбөрөө төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцно гэж байгаа. Хугацаанд төлөөгүй бол газрыг цуцална гэсэн зүйл заалт байхгүй. Гэрээнд газар ашиглуулагчийн эрх үүрэг байна. Хэрэг маргааныг шалгаж дууссаны дараа прокурор гэмт хэргийг юунаас болж гарсан шалтгаан нөхцөл байдлын талаар мэдэгдэл бичиж байгаа. Тэр бол дүгнэлт биш. Хуулийн этгээдийн төлөөлөх нэр дээр бичдэг зүйл байгаа. Мэдэгдэл бичээд хэн нэгэн этгээдийн эрх ашигт халдах нөхцөл байхгүй. Хариуцагч газрын төлөв байдал хор хохиролд оруулсан гэж байсан. Хөрсний газрын элэгдэл хорогдол газрын төлөв байдал нь стандарт хэмжээ дотор байна гэсэн. Хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн зүйлийн талаар газрын хянан баталгааны дүгнэлтэд байгаа. Гэрч мэдүүлэхдээ ямар нэгэн стандарт хэмжээнээс зөрсөн зүйл байхгүй гэсэн. Дээрх нөхцөл байдлыг үндэслэж Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлд заасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгоод хохирсон аж ахуйн нэгжийн байгууллагын эрхийг сэргээсэн захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргын захирамжид даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 сарын 19-ны өдрийн 405 дугаар захирамжаар Х ХХК-с ногооны газрын зориулалттай 20 га газрын эрхийг Л " ХХК-д шилжүүлж, 2007 оны 12 сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжаар М ХХК-с худалдаа үйлчилгээний зориулалттай 20 газрын эрхийг компанид шилжүүлж, 18 га газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмших эрх олгосноор Л ХХК 58 га газрыг эзэмших эрхтэй болсон байна.

Баянзүрх дүүргийн Засаг дарга 2007 оны 12 сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжаараа газрын зориулалтыг амины орон сууцны зориулалттай болгон өөрчилж, 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 275 дугаар захирамжаар баталгаажуулж ашиглах эрх олгосон боловч тухайн газар нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд хамаарч байгаа тул Нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжаар Л ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Тус компани газар ашиглах эрх нь хүчингүй болсон байхад газрын мэдээллийн сан нэгдмэл биш байгааг ашиглан Баянзүрх дүүргийн Засаг даргад газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлт гаргаж тус дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 390 дугаар захирамжаар 58 га газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгаж шийдвэрлэсэн боловч мөн л ундны усны хамгаалалтын бүсэд орсон, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтгүйгээр эрх олгосон гэж үзэж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 200 дугаар захирамжаар хүчингүй болгосон.

Л ХХК газар ашиглах эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжийг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган Улсын Дээд шүүхийн 2014 оны 06 дугаар 23-ны өдрийн 138 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/792 дугаар захирамжаар дулааны 5 дугаар цахилгаан станцыг барихад 45.4 га газрыг цахилгаан станцын зориулалтаар Эрчим хүчний яаманд 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх, Л ХХК-д 8 га газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгосон.

Тухайн газар дээр 11 ширхэг, 21 блок барилгын цутгалтын ажил хийгдсэн ба Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас/тухайн үеийн нэршлээр/ 2014 онд Барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварын үнэлгээ хийсэн ба уг үнэлгээгээр дараах зөрчлүүд илэрч ашиглалтын шаардлага хангахгүй болсноос одоо болтол ашиглагдаагүй байна:

-суурийн хөрс овойлттой;

-баганан суурь чийгтэж норсон;

-дотор хана, тааз чийгтэж, мөөгөнцөртсөн;

-даацын ялуу стандарт бус;

-хучилтын арматур дээд үедээ 12 см, алхмын зай 25-30 см байгаа нь зураг төслийн шаардлага хангаагүй;

-тоосгон өрлөгт даацын ялуу ашиглаагүй;

-1-р давхрын хамар ханын өрлөгт бэхэлгээгүй арматур ашигласан;

-даацын ялуу стандартын бус, үндсэн ханандаа бэхлэгдээгүй, сул тавигдсан;

-хаалга болон цонхны дээд талд ялуу байхгүй, арматур ашигласан нь БНбД 22.01 01*/2006 -ийн 3.41 дэх заалтыг зөрчсөн гэх мэт.

Мөн түүнчлэн Нийслэлийн Прокурорын газраас Нийслэлийн Засаг даргад гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/33 дугаар мэдэгдлийг ирүүлсний дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/868 дугаар захирамжаар Л ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны Нийслэлийн Засаг даргын А/868 дугаар захирамжийг ямар үндэслэлээр гаргасан шалтгааныг хэлье. Захирамж нь Газрын тухай хуулийн 40.1.2, Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 6 сарын 19-ний өдрийн 1/33 дугаар мэдэгдлийг үндэслэж захирамж гаргасан. Прокурорын мэдэгдэл дээр Газрын тухай хуулийн дагуу газрын хянан баталгаажилтын дүгнэлт дээр газрын хөрсний бохирдол сул шороо ихтэй гэж тодорхойлогдсон байгаа. Газрын хянан баталгаа хийлгэснээр шийдэгдэхгүй. Газрын хянан баталгаа дээр дурдсан асуудлыг харж үзэх хэрэгтэй. Түүн дээр дурдсан асуудал олон дахин гаргах юм бол Нийслэлийн Засаг дарга нь газраа цуцлах бүрэн эрх байдаг. Хот байгуулалт хөгжлийн газраас барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх үнэлгээ хийлгэсэн байдаг. Энэ үнэлгээгээр юу гэж гарсан бэ? гэхээр маш олон төрөл шаардлага хангахгүй байна гэж гаргасан. Дурдвал суурийн хөрс овоолготой мөн доторх барилгын талаас харж үзэхэд багана нь мөөгөнцөртсөн, тоосго нь даацын шаардлага хангахгүй мөн гадаад болоод орчны талаас маш олон шаардлагуудыг дүгнэсэн байдаг. Тийм учраас эдгээр үндэслэлийг дүгнээд Газрын тухай хуулийн 40.1.2-т заасны дагуу захирамж гаргасан байдаг. Хамгийн гол үндэслэл бол газрын ерөнхий баталгааны дүгнэлт дээр заасан сул шороо ихтэй буюу газар төлөв байдлыг маш буруугаар ашиглаж байна гэдэг тодорхойлолтыг дурдсан байдаг. Тийм учраас Нийслэлийн Засаг даргын А/868 дугаартай захирамж нь Газрын тухай хуулийн 40.1.2 дах заалтыг үндэслэж байгаа. Ийм учраас хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн юм.

... Нэхэмжлэгч тал нэг зүйлийг маш буруу ойлгосон байна. Барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэх талаар зөвхөн барилгатай холбоотой гэж ярьсан байна. Барилга нь газартай холбоотой үндэслэж байгаа. Үнэлгээ дээр газрыг доройтуулсан байна гэдгийг хэлж байгаа. Тэр үндэслэлээр бид нар харуулж байгаа. Газрын хянан баталгааны дүгнэлтийг тодорхой хэлээгүй. Зүгээр ахуйн хог хаягдал мэтээр тайлбарлаад байна. Тухайн дүгнэлт дээр газар хөрсний доройтолд орсон байна гэж дурдсан байгаа. Энэ талаар тодорхой хэлсэнгүй. Нийслэлийн Засаг дарга нь захирамж гаргах нь хууль ёсны байсан.

... Газрын тухай хуулийн 35.3.4-д газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх гэж заасан. Төр өөрөө хийж чадахгүй бол өөрийнхөө бүрэн эрхийг зарим нэг аж ахуйн нэгжүүдээр хийлгэдэг. Эрхий авсан байгууллага маш олноор тоологдох байх. Гэрчийн мэдүүлэг үнэн зөв байх эсэх тал дээр хувийн эргэлзээ төрж байна. Эрх гаргах тал дээр олон байгууллага байгаа. Барилга хот байгуулалтын яамнаас албан бичгээр шаардаж дахин нотлох шаардлагатай байх гэж дүгнэж байна. Нийслэлийн Засаг даргын А/868 дугаар захирамж нь ямар үндэслэлээр гарсан талаар нэхэмжлэгч тал асууж байна. Газрын тухай хуулийн 40.1.2 дах заалт нь зөвхөн үндэсний аюулгүй байдал гэсэн үндэслэлийг аваагүй. Хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж Нийслэлийн Засаг дарга үзэж Газрын тухай хуульд зааснаар газрын зөв зохистой ашиглаж байна уу гэдэг үндэслэлээр хяналт тавиад илрүүлж 40.1.2 дах үндэслэлээ барьсан байгаа. Газрын эзэмших эрхийн хугацаа дуусаагүй байхад сунгаж болдог уу? гэдэг тал дээр зарим нь нэг байгууллага хугацаа дуусаагүй байхад ингэж явуулах тохиолдол гараад байгаа. Үүн дээр манайхаас шалгаад шалгалтыг хийж байгаа. 30-аас доошгүй хоногийн өмнө хуулиар заасан байдаг. Гэхдээ ямар үндэслэлээр ингэж байгаа талаар өөрийн хувийн зүгээс ойлгохгүй байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Л ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/868 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дүгээр сарын 22-ны өдрийн А/1097 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ургах наран хорооллын замын урьд 8га газрыг амины орон сууцны хорооллын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар Л ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн байна[1][1].

Улмаар нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/868 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/33 тоот мэдэгдлийг үндэслэн ...ашиглалтын газраа үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр Л ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ[2][2].

           

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Хариуцагч нь газар ашиглах эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа Газрын тухай хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагын дүгнэлтийг гаргуулаагүй, прокурорын байгууллагын мэдэгдлийг үндэслэсэн нь хууль бус бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулаагүйгээс нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж маргажээ.

            Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ашиглалтын газраа доройтолд оруулсан болох Газрын хянан баталгааны дүгнэлт болон барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварын үнэлгээгээр тус тус тогтоогдсон тул газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль тогтоомжид нийцсэн хэмээн тайлбарлаж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

            Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.9-т газар эзэмшигч, ашиглагч нь хууль тогтоомж, гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлснээс байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан санал, гомдлын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулах хүсэлтээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах бүрэн эрхийг холбогдох Засаг дарга хэрэгжүүлэхээр, 23.2.16-д энэ хуулийн 20.2.9-д заасны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран шалгалт хийж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах бүрэн эрхийг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээ тус тус заасны зэрэгцээ мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж, 40.1.2-т газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж заасан нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд холбогдох аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох-оор хуульчилжээ.

Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтуудыг нэгтгэж үзвэл, хариуцагч нийслэлийн Засаг дарга нь өмнө нэгэнт олгогдсон газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо тухайн газар ашиглагч нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа болохыг шалгаж тогтоосон эрх бүхий этгээдийн дүгнэлтийг үндэслэхээр байх ба энэхүү дүгнэлт нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон мэргэжлийн бусад байгууллагын хамтарсан хяналт шалгалтын үр дүнд гарахаар байна.

            Гэтэл маргааны тохиолдолд хариуцагч нийслэлийн Засаг дарга нь Л ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож тус компаниас хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг, мөн түүний газар ашиглалтын байдал нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа эсэхийг, түүнчлэн хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшилж байгаа эсэхийг тус тус шалгаж тогтоосон эрх бүхий этгээдийн дүгнэлт гараагүй байхад маргаан бүхий А/868 дугаартай захирамжийг гаргасан гэж үзэхээр байна. Тодруулбал,

            - Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй гэж тайлбарласан болон уг нөхцөл байдлыг нотлох баримтуудыг, түүнчлэн хуулиар эрх олгогдсон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын аливаа дүгнэлтийг шүүхэд ирүүлээгүй зэргээс үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй байсан гэж үзнэ.

            - Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу татгалзлынхаа үндэслэл болгож буй Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга бөгөөд ерөнхий шинжээч Ц.Г*******гийн баталгаажуулсан Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны дүгнэлт[3][3] нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр үйлдэгдсэн байх ба хариуцагч нийслэлийн Засаг дарга нь уг дүгнэлтийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1097 дугаартай захирамжийг гаргаж нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг баталгаажуулан 1836 тоот гэрчилгээг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан[4][4] байх тул уг дүгнэлт нь газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл болсон гэж үзэхээргүй байсан байна.

            Өөрөөр хэлбэл, хариуцагч нь дээрх дүгнэлтийг үндэслэн газар ашиглах эрх олгосон атлаа мөн уг дүгнэлтийг үндэслэн өмнө гаргасан олгосон эрхээ хүчингүй болгосон гэж үзэх боломжгүй, агуулгын хувьд зөрчилдөхөөр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ерөнхий шинжээчийн 2019 оны хянан баталгааны дүгнэлтэд хөрсний бохирдол, сул шороо ихтэй гэж дүгнэсэн тул газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан нөхцөл үүссэн болохыг нотлох дүгнэлт юм гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, харин нэхэмжлэгч талын ... эрх бүхий байгууллагаас дүгнэлт гараагүй гэсэн тайлбар илүү үндэслэлтэй байна.

           

Прокурорын тухай хуульд зааснаар прокурор нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах-аар мэдэгдэл бичих ба мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, тэр дундаа захиргааны байгууллага нь мэдэгдэл дурьдсан арга хэмжээг авч хэрэгжүүлж хариу өгөх үүрэгтэй.

Харин маргаан бүхий А/868 дугаар захирамжийн үндэслэл болсон нийслэлийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/33 тоот мэдэгдэлд ... Л ХХК-ийн эзэмшиж буй 80000м2 газар нь ...одоогоор барилга, тохижилтын ажил дуусаагүй, ашиглалтад ороогүй байхаас гадна хэсэг газар нь хөрсний доройтол, бохирдолд орсон, орчны газар хог, ахуйн хаягдлаар бохирлогдсон, сул шороо ихтэй гэсэн Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны 2019 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн дүгнэлтээс үзэхэд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна. Иймд ... газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл болох нөхцөл байдал бий болсонд хууль зүйн дүгнэлт хийлгэх, тодорхой арга хэмжээ авхуулахаар мэдэгдэл бичиж хүргүүлэв[5][5] гэсэн байхад хариуцагч нь мэдэгдэлд дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл, мэдэгдэлд дурдсаны дагуу нийслэлийн Засаг дарга нь Л ХХК газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл болох нөхцөл байдал бий болсонд хууль зүйн дүгнэлт хийх, улмаар газрын тухай хуульд заасан тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байсан байхад прокурорын мэдэгдэлд заасан ажиллагааг хэрэгжүүлээгүй атлаа газраа үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэж маргаан бүхий актыг гаргасан байх тул хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагаа хууль үндэслэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

Зүй нь хариуцагч нийслэлийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан үүргийн хүрээнд шийдвэр гаргах ажиллагаанд шаардлагатай нөхцөл байдлыг тогтоох зорилгоор прокурорын мэдэгдэлд дурьдсан хууль зүйн дүгнэлтийг хийсний үндсэн дээр шаардлагатай арга хэмжээ, тухайлбал, газар ашиглалтын байдалд хяналт шалгалт хийлгэх, дүгнэлт гаргуулах, зэрэг ажиллагааг хэрэгжүүлж мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулах, улмаар газар ашиглах эрхийг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэх шаардлагатай байжээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шалгалт хийхгүйгээр шууд шийдвэр гаргаж байгаа хууль зөрчиж байна. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг алдагдуулсан, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасны дагуу газар ашиглагчийн хууль ёсны итгэлийг хамгаалаагүй гэх агуулга бүхий тайлбарыг буруутгах боломжгүй гэж үзлээ.

Мөн нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/910 тоот албан бичигт ...Л ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 58 га газрыг ашиглахаар авч тухайн газар дээр эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний хөрөнгө оруулалтаар орон сууц барьсан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж байгаа, эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй[6][6] гэснээс үзвэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан гэх эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлт гараагүй гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварын үнэлгээгээр хөрс овойсон, багана мөөгөнцөртсөн, тоосго нь даацын шаардлага хангахгүй гэж дүгнэгдсэн хэмээн тайлбарлан маргах боловч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 онд үйлдсэн үнэлгээ нь шаардлага хангаагүй барилгын ажлыг зогсоох, шаардлагад нийцүүлэх үндэслэл болохоос бус газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байх тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх зүйтэй байна.       

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.     Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.8, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/868 тоот захирамжийг хүчингүй болгосугай.

2.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ

 

 

 


 

 
   
 
 

[1][1] 1 дүгээр хавтаст хэргийн 159-161 дэх тал

[2][2] 1 дүгээр хавтаст хэргийн 88 дахь талд

[3][3] 1 дүгээр хавтаст хэргийн 147-149 дэх талд

[4][4] 1 дүгээр хавтаст хэргийн 165 дахь талд

[5][5] 1 дүгээр хавтаст хэргийн 96-97 дахь талд

[6][6] 1 дүгээр хавтаст хэргийн 249 дэх талд