Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00357

 

       А.Д-ийн нэхэмжлэлтэй

       иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2017/00397 дугаар шийдвэр,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 21 дүгээр магадлалтай,

А.Д-ийн нэхэмжлэлтэй,

Ц.О-д холбогдох,

4.198.520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигжаргалын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигжаргал, өмгөөлөгч Б.Ариунбаяр, хариуцагч Ц.О, өмгөөлөгч Б.Алтанчимэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч А.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.О- нь Эрдэнэбулган сумын 3-р багт байрлах “Өсөх нахиа” дэлгүүрт 2015 оны 9-р сарын 25-ны өдрөөс эхлэн ажилласан. Анх ажил хүлээн авахдаа 5.721.400 төгрөгийн бараа хүлээн авсан. Дараа нь нэмэлтээр удаа бүр 13.632.430 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн. Ц.О- нь нийт 19.353.830 төгрөгийн барааг хариуцан ажиллаж байсан. Үүнээсээ орлогод 8.397.100 төгрөг тушаасан бөгөөд 6.273.300 төгрөг ажлаа өгөхдөө тооллогын дагуу хүлээлгэн өгсөн. Үүний дараа хариуцагчид олгогдох цалин, хорогдол, өөрийнх нь дүр мэдэн бусдад зээлээр тараасан бараа зэрэг тооцоогоор 460.000 төгрөг тооцогдоно. Ийнхүү тооцоход итгэмжлэн хүлээлгэн өгсөн бараанаас 4.198.650 төгрөгийн эд зүйлийг үрэгдүүлэн дутааж их хэмжээний хохирол учрууллаа. Иймд хариуцагч Ц.О-ээс 4.198.520 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.О- шүүхэд гаргасан тайлбартаа: А.Д-ийн эхнэр Манлай нь намайг ганцхан сар манай дэлгүүрт ажиллаж өгөөч тэгээд дүү нартаа түрээсэлчих юм гэж утасдаж гуйсаар би 2015 оны 09 сарын 25-ны өдрөөс 2015 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл дэлгүүрт нь амралтгүй хонон ажилласан. Би тэр үед 6 сартай нялх хүүхэдтэйгээ дэлгүүрт нь хонож ажилладаг байсан. Би тэдний дэлгүүрт ганцхан сар ажиллах хугацаандаа 4 сая төгрөг идэж үрэгдүүлсэн болоод байна. Намайг ажилд ороход 572.5470 төгрөгийн бараа хүлээлгэж өгсөн. Ингээд өдөр бүр нэмэлтээр бараа ирдэг байсан. Өдөр бүрийн орлогоо би оройд ирэхэд нь хүлээлгэж өгдөг байсан. Гэхдээ өгсөн орлогынхоо ард өөрөө гарын үсэг зурах гэхээр бид өөрсдөө зурж авдаг гэж хэлээд зуруулдаггүй байсан. Тэгээд л 7 хоноод миний өөрийн дэвтрийг аваад явчихдаг байсан. Миний дэвтрийг яаж засч янзалж байгааг би мэдэхгүй байна. Дэвтрээ нэхэхээр канондоод авчирч өгсөн нь дутуу ойлгомжгүй байгаа юм. Өгсөн орлогыг гарын үсэг зураад авдаг байсан. Тэр хуудсыг канондож өгөөгүй болохоор одоо тэр орлогыг хүртэл яаж засч өөрчилж байгааг мэдэхгүй байна. Би өмнө нь өөр дэлгүүрт 2 жил тасралтгүй ажиллахдаа нэг ч төгрөгний дутагдал гаргаж байгаагүй. Би тэр үед хүүхэд нялх байсан болохоор памперс л хэрэглэдэг байсан. Өөр юу ч хэрэглэдэггүй байсан. Би хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Архангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2017/00397 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.О-ээс 4.198.520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82.126 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 21 дүгээр магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2017/00397 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 82.126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 сарын 30-ны өдрийн 21 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Өсөх нахиа дэлгүүр нь аж ахуй нэгж биш, хувь хүн болох нь хавтаст хэрэгт авагдсан А.Д-ийн Хувь хүний орлогын албан татварын тайлан болон Төрийн сангийн хэлтсийн санхүүгийн тайлан ирүүлээгүй болох тухай тодорхойлолтоос харагдаж байна. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг санхүүгийн анхан шатны баримт хөтлөөгүй тул талуудын өөрсдийн үйлдсэн баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, шүүхээс нотлох баримтыг үнэлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Шүүхээс хариуцагч Ц.О-ийн хөтөлж байсан гэх нотебүүк гэсэн бичигтэй хавтастай А4 хэмжээний дэвтэр нь барааны нэр үнийн дүн жагсаасан байх бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нарыг хоорондоо бараа хүлээлцсэн гэж үзэх бичилт гарын үсэггүй учир нотлох баримтаар үнэлээгүй гэсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч нь тооцооны асуудал дээр худалдагч, дэлгүүрийн эзэн хоёр тус тусдаа дэвтэр хөтөлдөг байсан. ...Хавтаст хэрэгт авагдсан А4 хэмжээтэй ногоон өнгийн дэвтэр нь миний дэвтэр мөн, бичилтүүд нь бүгд минийх мөн би үүнд маргадаггүй, ...уг дэвтэрт нэмэлтээр хүлээн авсан бараа, орлогын тушаасан хэмжээг өөрчилсөн эсхүл нэмж бичсэн зүйл байхгүй, ямар нэг засвар өөрчлөлт ороогүй. А4 хэмжээтэй дэвтрийн 125 дугаар хуудсанд орлогын бүртгэл байх ба үүн дээр орлого хүлээн авсан хүн нь гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Хариуцагч уг бүртгэлийн 24-41 хуудсанд дараагийн худалдагчид хүлээлгэн өгсөн 2 удаагийн тооцооны бүртгэлийг хариуцагч өөрөө хөтөлсөн ба үнийн дүн 6.273.300 байсан гэдгийг тайлбартаа хэлсэн байдаг. Энэ нь талуудын бараа хүлээлцсэн гэдгийг тогтоох, хариуцагчийн өөрийн үйлдсэн гол нотлох баримт юм. Иймээс шүүхээс Хавтаст хэрэгт авагдсан А4 хэмжээтэй дэвтрийг хариуцагч тал үгүйсгээгүй, Манлайсайханы хөтөлсөн өөрийн гарын үсгээ зурж баталгаажуулсан гэх тооцооны бүртгэлийг хүлээн зөвшөөрдөг ба энэ нь А4 хэмжээтэй Одгэрэлийн тооцооны бүртгэлтэй адилхан, хоорондоо тохирч байгаа, бараа хүлээлгэн өгч байгаа тал гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул уг бүртгэл нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ. Хариуцагч “Би шөнийн 4 цаг хүртэл тооцоогоо шахаж тооллого хийхэд өмнө хийсэн тооллоготой адил дутагдал гарч байсан, ...6.273.300 төгрөгийн үнийн дүн нь 2 удаагийн бараа тоололтын үнийн дүн, мөн дараагийн худалдагч Цолмонд 6.273.000 төгрөгийн үнийн дүн бүхий бараа хүлээлгэн өгсөн гэдгийг хариуцагч шүүх хуралдааны явцад тайлбараар хүлээн зөвшөөрч байхад давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын зүгээс шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан, талуудын өөрсдийн үйлдсэн баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байхад түүнийг үгүйсгэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхээс нотлох баримтыг үнэлэхдээ хуулиар тогтоосон журмыг зөрчиж нотлох баримтыг тал бүрээс бодитойгоор харьцуулан үзээгүйгээс энэ нь шийдвэр, магадлал гарахад нөлөөлсөн гэж үзэж байгаа тул магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг тогтоогдож байгаа хэмжээнд хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн  шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.   

Нэхэмжлэгч А.Д- нь хариуцагч Ц.О-ээс 4.198.520 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа дутагдуулсан барааны үнэ гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...өөрийн хүлээн авсан бараанаас дутагдуулаагүй...” гэсэн тайлбар гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн “Өсөх нахиа” дэлгүүрт 2015 оны 9 дүгээр сарын 25-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 25-ний өдөр хүртэл хугацаанд ажилласан нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь хариуцагчийг худалдагчаар ажиллаж байх хугацаанд түүнд 19.353.830 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

Ц.О- нь худалдагчаар ажиллах, нэхэмжлэгч түүнд хөлс өгөхөөр тохиролцсон тул зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан  талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-т нийцжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан баримтад хариуцагч гарын үсэг зураагүй бөгөөд тэрээр уг баримтад дурдсан  бүтээгдэхүүнийг хүлээн авсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид барааг хүлээлгэн өгсөн нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Тодруулбал, хариуцагч нэхэмжилж буй бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан нь тогтоогдоогүй, энэ тохиолдолд түүнд хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй.

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, энэ тухайгаа шийдвэр, магадлалд тодорхой тусган, нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй  болгосон нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-г зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2017/00397 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 21 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 82.126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ