Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          А.Д-гийн нэхэмжлэлтэй иргэний

                                                          хэргийн тухай

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2017/00397 дугаар шийдвэртэй

А.Д-гийн нэхэмжлэлтэй

Ц.О-д холбогдох

хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 4 198 520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Х-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Х, хариуцагч Ц.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, нарийн бичгийн дарга Н.Дуламсүрэн нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “Ц.О Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт орших “Өсөх нахиа” дэлгүүрт 2015.09.25-10.25-ны өдөр хүртэлх хугацаанд худалдагчаар ажиллаж байсан. Уг дэлгүүрийн эзэн Д, М нар хариуцагч Ц.О-ийг худалдагчаар ажиллуулахдаа сард 300 000 төгрөгийн цалин өгөхөөр тохиролцож хөлсөөр ажиллах гэрээ амаар байгуулсан. 2015.09.25-ны өдөр тооллого хийж өмнөх худалдагч Ц-с 5 725 470 төгрөгийн барааг хүлээн авсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан байгаа ногоон өнгийн хавтастай А4 хэмжээтэй дэвтэрт анх хүлээж авсан бараа, ажиллах хугацаанд нэмж хүлээн авсан бараа, дараагийн худалдагчид хүлээлгэж өгсөн бараа, хамгийн арын хуудсанд өдөр болгон хүлээлгэж өгсөн орлогын бүртгэл хөтлөгддөг байсан. Мөн дэлгүүрийн эзэн Мы хавтсан дээрээ “Campap” гэсэн бичигтэй дэвтэрт тооллогын бүртгэл, нэмж хүлээлгэн өгсөн бараа, хамгийн арын хуудсанд орлогын бүртгэл давхар хөтлөгддөг. Хавтаст хэрэгт Ц.О-ийг худалдагчаар ажиллаж байх хугацаанд үйлдэгдсэн бүх баримтууд эх хувиараа авагдсан байгаа. Эдгээр тооцоонууд хоорондоо тохирч байгаа нь Ц.О-ийн хөтөлсөн тооцооны дэвтрийн бүртгэл үнэн гэж нотлогдож байдаг. Ц.О-ийн нэмж хүлээн авсан барааны тооцооны дүнг түүний өөрийнх нь хөтөлсөн бүртгэлээр тооцож нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа. 13 672 000 төгрөгийн барааг нэмж хүлээлгэн өгсөн. Ц.О ажилласан нэг сарын хугацаанд өдөр бүр бараа хүлээж авдаг байсан. Өөрөөр хэлбэл Ц.О 19 353 830 төгрөгийн барааг хариуцан ажиллаж байсан. Үүнээсээ орлогод 8 397 100 төгрөг тушаасан. Ц.О-ийг ажиллаж байх хугацаанд орой бүр ирж орлогоо авахдаа худалдагч өөрөө орлогоо тоолж өгөөд худалдагчийн дэвтрийн хойно хүлээн авсан хүн үнийн дүнгээ бичээд гарын үсэг зурж уг тоог өөрчлөхгүй гэсэн үүднээс хүлээн авсан мөнгөн дүнгээ үсгээр бичиж тэмдэглэгээ хийдэг байсан. Дараагийн худалдагч Ө-д 6 273 300 төгрөгийн бараа хүлээлгэж өгөхдөө 2 удаа тооллого хийсэн байдаг. Энэ хүлээлгэн өгсөн барааны дүнг Ц.О өөрөө хүлээн зөвшөөрдөг. Энэ тооцооны бүртгэл нь хавтаст хэрэгт авагдсан цагаан өнгийн хавтастай 12 хуудастай дэвтэрт хөтлөгдсөн байдаг. Анх хүлээж авсан бараан дээр нэмж хүлээн авсан бараагаа нэмээд, үүнээс дараагийн худалдагчид хүлээлгэж өгсөн барааны дүн болон орлогоо хасахаар нийтдээ 4 726 570 төгрөгийг Ц.О худалдагчаар ажиллах нэг сарын хугацаанд дутаасан байна. Үүнээс Ц.О-ийн нэг сарын ажлын хөлс 300 000 төгрөг, барааны хорогдол болон түүний бусдад дур мэдэн өгсөн барааны үнийн дүн болох 160 000 төгрөгийг тус тус хасч тооцоход итгэмжлэн хүлээлгэн өгсөн бараанаас 4 266 570 төгрөгийг үрэгдүүлэн дутааж их хэмжээний хохирол учрууллаа. Иймд нэхэмжлэлд дурдсан буюу улсын тэмдэгтийн хураамж төлсөн хэмжээгээр 4 198 520 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамж болон шүүхийн зардлыг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Хариуцагч Ц.О миний бие нэхэмжлэгч А.Д-ийн нэхэмжилсэн 4 198 520 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч А.Д-ийн эхнэр М намайг “ганцхан сар манай дэлгүүрт ажиллаж өгөөч, тэгээд дүү нартаа түрээсэлчих юм” гэж дахин дахин утасдаж гуйсаар би 2015.09.25-2015.10.25-ны өдрийг хүртэл 6 сартай нялх хүүхэдтэйгээ дэлгүүрт нь хонож ажилладаг байсан. Би тэдний дэлгүүрт ганцхан сар ажиллах хугацаандаа 4 сая төгрөг идэж үрэгдүүлсэн болоод байна. Намайг ажилд ороход 5 725 470 төгрөгийн бараа хүлээлгэж өгсөн. Ингээд өдөр бүр бараа нэмж ирдэг байсан. Би орлогоо хүлээлгэж өгөхдөө өгсөн орлогынхоо ард өөрөө гарын үсэг зурах гэхээр “бид өөрсдөө зурж авдаг” гээд надаар гарын үсэг зуруулдаггүй байсан. 7 хоноод л миний тооцооны дэвтрийг авч явдаг байсан. Би хэрэгтэй байдаг юм байлгүй гэж бодоод л итгээд өгч явуулдаг байсан. Тооцоо хийх бүрт дутаасан гэх мөнгөний тоо нь нэмэгдээд байдаг байсан. Тэгээд “мөнгө төл, цагдаад өгвөл чи ялтай юм байна, шүүхээр явбал тийм хуультай юм байна” гэж байнга дарамталдаг байсан. Миний дэвтрийг яаж засч янзалсныг би мэдэхгүй. Намайг дэвтрээ нэхэхээр миний дэвтрийг хуулбарлан авчирч өгсөн. Гэтэл тэр нь дутуу, ойлгомжгүй байгаа юм. Өгсөн орлогыг гарын үсэг зураад авдаг байсан хуудсыг хуулбарлаж өгөөгүй болохоор одоо тэр орлогыг хүртэл яаж засч өөрчилж байгааг мэдэхгүй байна. Би өмнө нь өөр дэлгүүрт 2 жил тасралтгүй ажиллахдаа нэг ч төгрөгийн дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл эдний дэлгүүрт ганцхан сар ажиллаад 4 сая төгрөг дутаасан болоод байна. Тэр үед хүүхэд нялх байсан болохоор дэлгүүрээс живх л авч хэрэглэдэг байсан. Өөр юу ч авч хэрэглэж байгаагүй. Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2017/00397 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.О-ээс 4 198 520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 126 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Х-ын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2017/00397 дугаар шийдвэрийг 2017.08.21-ний өдөр хүлээн авч бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хэргийн тухайд:

Ц.О-ийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн 36 дугаар гудамжны 19 тоот хаягт орших “Өсөх нахиа” дэлгүүрт 2015.09.25-2015.10.25-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулан худалдагчаар ажиллуулсан. Гэрээний хугацаа дуусч тооцоо хийхэд:

     5 721 400 /өмнөх худалдагч Ц-оос хүлээн авсан барааны дүн/

+ 13 672 000 /нэмж хүлээлгэн өгсөн барааны дүн/

  • 8 397 100 /хүлээлгэн өгсөн орлогын дүн/
  • 6 273 300 /дараагийн худалдагч Ө-д хүлээлгэн өгсөн барааны дүн/

4 723 000 төгрөгийн дутагдал гаргасан.

Үүнээс худалдагчид олгох ажлын хөлс 300 000 төгрөг, бусдад дур мэдэн зээлээр өгсөн барааны үнэ 160 000 төгрөгийг тус тус хасч тооцон 4 263 000 төгрөг, үүнээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн дүнгээр буюу 4 198 520 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч тал анх хүлээн авсан барааны үнийн дүнг хүлээн зөвшөөрч, нэмж хүлээн авсан бараа, орлого, дараагийн худалдагчид хүлээлгэн өгсөн барааны дүнг хүлээн зөвшөөрөхгүй маргадаг. Тухайн үед талуудын тус тусдаа хөтөлсөн тооцооны бүх бүртгэлүүд болон худалдагч, борлуулагч нараас бараа хүлээн авсан зарлагын баримтууд хавтаст хэрэгт эх хувиараа авагдсан. Хариуцагчийн өөрийнх нь хөтөлсөн А4 хэмжээтэй тооцооны бүртгэлийн дэвтэрт анх хүлээн авсан бараа, нэмж хүлээн авсан бараа, дараагийн худалдагчид хүлээлгэн өгсөн бараа, орлого бүгд бүртгэгдсэн байдаг. Энэ тооцооны бүртгэлийг өөрөө хөтөлсөн, ямар нэгэн засвар өөрчлөлт ороогүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Анх ажил хүлээн авахад бараа хүлээлцсэн Ц-гийн тооцооны бүртгэл, нэмж бараа хүлээлгэн өгөхөд М-ны хөтөлсөн “Campap” гэсэн бичигтэй цэнхэр өнгийн хавтастай тооцооны бүртгэл /арын хуудсанд орлогын хэсэг бүртгэгдсэн/, дараагийн худалдагч Өсайханы бараа хүлээн авсан тооллогын бүртгэл /цагаан өнгийн хавтастай 12 хуудастай тооцооны дэвтэр/ дээрх тооцоонууд болон хариуцагч Ц.О-ийн тооцооны бүртгэл хоорондоо зөрүүгүй, бараа хүлээн авч байгаа, хүлээлгэн өгч байгаа этгээдүүд нэгэн зэрэг тус тусдаа үйлдсэн тул хариуцагчийн өөрийнх нь төоцооны бүртгэл үнэн зөв гэдгийг давхар нотолж байна. Талуудын хөтөлсөн нэмж хүлээлгэн өгсөн барааны бүртгэлд хийсэн Мэргэн гүн Аудит ХХК-ийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай дүгнэлтээр эдгээр бүртгэлүүд хоорондоо зөрүүгүй болох нь тогтоогддог.

“Өсөх Нахиа” хүнсний дэлгүүрт талх, архи, ус, ундаа, пиво, нэгж зэрэг бараа бүтээгдэхүүнийг борлуулагчаас шууд нийлүүлж, худалдагч өөрөө барааг хүлээн авч тооцооны бүртгэлдээ бүртгэдэг.

Шүүхийн шийдвэрийн тухайд:

Шүүхээс хэргийн бодит үнэнийг тогтоож, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1. Нэмж бараа хүлээлгэн өгөхдөө талууд өөрсдийнхөө бүртгэлийг хөтөлж баталгаажуулдаг байсан. Хариуцагчаас “зөвхөн хүлээн авсан бараан дээрээ Мы дэвтэр дээр гарын үсэг зурсан, гарын үсэг зураагүй барааг хүлээн аваагүй” гэх тайлбарыг өгдөг ба шүүхээс зөвхөн гарын үсэг зурсан барааг хүлээлгэн өгсөн нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад:

• Хүлээн авсан Ц.О-ийн гарын үсэгтэй МСS ХХК-ийн 2015.09.28-ны өдрийн зарлагын баримт болон өөрийнх нь дэвтэрт бүртгэж баталгаажуулсанаар уг барааг хүлээн авсан нь тогтоогдож байна. Гэтэл энэ нь М-ны хөтөлсөн тооцооны бүртгэлийн 1 дүгээр хуудасны доод хэсэгт бүртгэгдсэн байх ба О гарын үсэг зураагүй.

• Хүлээн авсан О-ийн гарын үсэгтэй Госттрейд ХХК-ийн 2015.09.30-ны өдрийн зарлагын баримтаар “Өсөх нахиа” дэлгүүрт бараа хүлээлгэн өгсөн нь тогтоогдож байна. Энэ нь М-ны тооцооны дэвтрийн 3 дугаар хуудсанд бүртгэгдсэн ба О гарын үсэг зураагүй.

• Хүлээн авсан О-ийн гарын үсэгтэй Гост Трейд ХХК-ийн 2015.10.03-ны өдрийн зарлагын баримтаар “Өсөх нахиа” дэлгүүрт нийлүүлсэн барааг хүлээн авсан нь тогтоогдож байна. Гэтэл М-ны тооцооны дэвтрийн 3 дугаар хуудсанд байх бүртгэлд О гарын үсэг зураагүй байгаа.

• Бараа хүлээн авсан О-ийн гарын үсэгтэй Гост трейд ХХК-ийн 2015.10.12-ны өдрийн зарлагын баримтаар уг барааг хүлээн авсан нь тогтоогдож байна. Гэтэл М-ны тооцооны дэвтрийн 7 дугаар хуудсанд байх бүртгэлд О гарын үсэг зураагүй байгаа.

• Хүлээн авсан гарын үсэгтэй Апу Трейдинг ХХК-ийн 2015.10.19-ний өдрийн зарлагын баримтаар Өсөх нахиа дэлгүүрт бараа нийлүүлсэн нь болон уг барааг хүлээн авсан нь тогтоогдож байна. М тооцооны дэвтрээ цагдаагийн газарт нотлох баримтаар өгсөн үед нийлүүлсэн тул уг барааг барааны нэр төрлөөр биш, нийт үнийн дүнгээр бүртгэлийн дэвтрийн хуудсанд бичсэн байна. Үүн дээр О гарын үсэг зураагүй.

• Хариуцагчийг худалдагчаар ажиллах хугацаанд дэлгүүрт талх нийлүүлдэг байсан борлуулагч Мөнхбатаас гэрчийн мэдүүлэг авсан ба энэ нь борлуулагчаас талхыг шууд худалдагч хүлээн авдаг байсныг баталж байна. Зарим тохиолдолд талхны мөнгийг худалдагч бэлнээр өгч орой орлого хүлээлцэхдээ үнийн дүнг нэмж тооцуулдаг байсныг дэвтрийн хамгийн арын хуудсанд байх орлогын бүртгэлээс давхар харж болно. Тухайн барааг хүлээн авсан учраас О өөрийн тооцооны бүртгэл дээр бүртгэн баталгаажуулсан.

Барааг хүлээн авсан Оийн гарын үсэгтэй зарлагын баримтуудаар, түүнийг О өөрийн тооцооны дэвтэр дээр бүртгэн баталгаажуулсанаар уг барааг хүлээн авсан нь тогтоогдож байна. Мөн О, М нарын нэмэлт тооцооны бүртгэл хоорондоо яг таарч байгаа. Дээрхээс дүгнэн үзэхэд хариуцагч хэргийн бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах үүргээ ноцтой зөрчсөн, “М барааны жагсаалт авчраад энэ барааг чамд авчирч өгнө гээд бичүүлдэг, би хүлээн авсан бараагаа л авсан гэж гарын үсэг зурсан, аваагүй бараан дээрээ гарын үсэг зураагүй” гэх тайлбар нь илт худал, үндэслэлгүй, хэргийн бодит үнэнд нийцэхгүй болохыг нэхэмжлэгч тал зарлагын баримтуудаар үгүйсгэсэн. Хариуцагчийн тайлбар худал гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байхад, хариуцагч өөрийн тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, хэдний өдрийн ямар нэр төрлийн хэдэн ширхэг ямар үнийн дүн бүхий барааг хүлээлгэн өгөөгүй болохыг, мөн өөрийн гараар бүртгэл хийж хөтөлсөн тооцооны бүртгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл бүхий тайлбар, нотлох баримт байхгүй байхад шүүхээс хариуцагчийн тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасан.

2. Хариуцагч өөрийн гараар бичиж хөтөлсөн, бүх тооцоо бүртгэл хийгдсэн, үүнийг үнэн зөв болохыг баталгаажуулж бараа хүлээлгэн өгч байгаа этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан бүртгэл нь / Ц.Оийн хавтсан дээрээ “Notebook” гэсэн бичигтэй А4 хэмжээтэй тооцооны бүртгэлийн дэвтэр/ хөдлөшгүй гол нотлох баримт юм. Энэ нь бараа хүлээлцсэн тооцооны бүртгэл мөн болохыг, өөрөө хөтөлсөн, ямар нэгэн засвар өөрчлөлт ороогүй гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Зөвхөн О гэдэг гарын үсгийн бичвэрээр бус, өөрийнх нь хөтөлсөн тооцооны бүртгэлээр нотлогдож байна. Бараа хүлээлцэхэд заавал хүлээн авч байгаа ба хүлээлгэн өгч байгаа хүн гарын үсэг зурсан тохиолдолд л нотлох баримт гэж үзнэ гэсэн хууль тогтоомж болон эрх зүйн актад тусгагдсан шаардлага байхгүй.

3. Оийн тооцооны бүртгэл нь хоёрдогч этгээдийн /нэмж хүлээлгэн өгсөн бараа болон орлого нь Мы “Campap” гэсэн бичигтэй цэнхэр өнгийн хавтастай дэвтэрт хөтөлсөн бүртгэлээр, дараагийн худалдагчид хүлээлгэн өгсөн бараа нь Өгийн хөтөлсөн цагаан өнгийн хавтастай 12 хуудастай дэвтэрт хөтөлсөн бүртгэлээр/ бүртгэлээр давхар нотлогдож байгаа болно.

4. Талууд эдгээр тооцооны бүртгэлүүдийг хэн хэзээ хаана хөтөлсөн болон хэнээс хэнд бараа хүлээлцэн үйлдсэн баримт болох талаар маргаангүй хүлээн зөвшөөрдөг бөгөөд зөвхөн хариуцагчийн зүгээс үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл бүхий тайлбар, нотлох баримт байхгүй байна. Оийн хөтөлсөн “Notebook” гэсэн бичиг бүхий хавтастай А4 хэмжээтэй бүртгэл болон Өсайханы хөтөлсөн цагаан өнгийн хавтастай 12 хуудастай бүртгэл нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, талуудын бараа хүлээлцэх үед өөрсдийнх нь үйлдсэн баримт юм. ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан өөрийн дотоод итгэлээр үнэлэх ба нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ гэж заасан. Шүүхээс уг хэргийн талаар нотолгооны чухал ач холбогдолтой, талуудын өөрсдийн үйлдсэн нотлох баримтыг үнэлээгүйгээс хэргийн бодит үнэнийг тогтоож чадаагүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч А.Д нь Ц.Од холбогдуулан 2015.09.25-2015.10.25-ны өдөр хүртэлх хугацаанд худалдагчаар ажиллаж байхдаа дутагдуулсан 4 198 520 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, анх ажилд орохдоо 5 721 400 төгрөгийн бараа хүлээн авснаа зөвшөөрч, харин нэмж хүлээн авсан барааны үнэ 13 672 000 төгрөг, нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн борлуулалтын орлого 8 397 100 төгрөг болон дараагийн худалдагчид хүлээлгэн өгсөн барааны үнэ 6 273 300 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй маргасан байна.

 

Зохигчдын хооронд амаар байгуулагдсан гэрээг хөлсөөр ажиллах гэрээ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д нийцжээ. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хариуцагч Ц.О нэхэмжлэгчийн “Өсөх нахиа” дэлгүүрт худалдагчаар ажиллах, нэхэмжлэгч нь сард 300 000 төгрөгийн хөлс төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Ц.Оийг 4 198 520 төгрөг дутагдуулсан гэж нэхэмжилсэн боловч энэ байдлыг нотлоогүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагчид анх ажилд ороход нь 5 721 400 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн нь нотлогдож байх хэдий ч дараа нь нэмж хүлээлгэн өгсөн гэх 13 672 000 төгрөгийн бараанаас 5 322 000 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн нь нотлогдоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хэргийн оролцогч хүлээхийг тус тус зохицуулсан ба үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг баримталж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2017/00397 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 82 126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Т.ДАВААСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                           М.МӨНХДАВАА

 

                                                            Д.БЯМБАСҮРЭН