Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2021/0417

 

Г.Ц, Д.Ц нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, А.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 366 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу Г.Ц, Д.Ц нарын нэхэмжлэлтэй, Улсын дээд шүүхийн Тамгын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр: Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийн 61.1.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 1.5 сарын цалинтай тэнцэх урамшуулал болох 16,204,814 төгрөгийг Г.Ц-д, 10,442,838 төгрөгийг Д.Ц-д тус тус олгож, 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч Улсын дээд шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “... шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.9 дэх хэсэгт “... ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 53.1-д “илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байсан хугацаанд ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй, илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ирж ажилласан гэж үзэх үндэслэлгүй юм. Хэрэв дээрх хугацаанд ээлжийн амралтын олговрыг тооцож олгоно гэж үзвэл ээлжийн амралт тооцох хоногоор олгосон цалинг буцаан суутгах ёстой. /ээлжийн амралтын олговор, цалин давхардуулж олгохгүй/

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагадаа “ээлжийн амралтын олговрыг тухайн жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцвол /2013 оны 4, 5, 6 сарын цалингаас/ 5,401,605 төгрөг, Д.Ц-н дундаж цалин /2019 оны 4, 5, 6 сарын цалингаас/ 3,480,814 төгрөг, 1.5 хувь нь 5,221,419 төгрөг, нийт 10,442,838 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэснийг шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэхдээ уг мөнгөн дүнг 1.5 сарын цалинтай тэнцэх урамшуулал гэсэн нь, мөн дээрх дүнг хэрхэн тооцож гаргасан нь ойлгомжгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйл, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалаар батлагдсан ээлжийн амралт олгох заавартай огт нийцэхгүй байна.

Түдгэлзүүлсэн хугацааны нийгмийн даатгалыг нөхөн тайлагнах тухай Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч шүүхийн шийдвэр гараагүй тохиолдолд тайлан засварлах боломжгүй гэсэн хариу өгсөн учраас дээрх хугацааны цалинг нөхөн олгохдоо байгууллагаас төлөх нийгмийн даатгалыг төлж, даатгуулагчаас суутгах нийгмийн даатгалын шимтгэлийг суутгалгүйгээр шүүгч нарт олгосон. Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд даатгуулагчаас төлөх нийгмийн даатгалыг нэхэмжлэгч нар нь төлж, харин Улсын дээд шүүх нийгмийн даатгалын тайланд засвар хийн нөхөн тайлагнах ёстой. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр хэсэгт 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Улсын дээд шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 366 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар зарлигаар нэхэмжлэгч Г.Ц, Д.Ц нарын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 145 дугаар зарлигаар бүрэн эрхийг нь сэргээжээ.

Хариуцагч Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/100, Б/101 дүгээр тушаалаар нэхэмжлэгч нарт бүрэн эрх нь түдгэлзсэн нийт хугацааны цалин хөлсийг нөхөж олгосон байна.

1. Нэхэмжлэлийн “... 2019, 2020 оны ээлжийн амралтыг биеэр эдлээгүй тул 1.5 хувийн цалин хөлстэй тэнцэх урамшуулал олгуулах ...” шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Ц, Д.Ц нарыг төрийн “тусгай” албан хаагч болох талаар зөв дүгнэсэн атлаа төрийн “захиргааны” албан хаагчид ээлжийн амралт биеэр эдлээгүй бол 1.5 сарын цалинтай тэнцэх урамшуулал олгох талаар зохицуулсан, хэрэглэх ёсгүй Төрийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.9-д заасныг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2.2-т “Шүүгчийн хөдөлмөрийн үйл ажиллагаатай холбогдсон энэ хуульд заагаагүй бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно ...” гэж тус тус заасныг хэрэглэх үндэслэлгүй байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан “... ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ..” гэж заасан “урамшуулал” олгох урьдчилсан нөхцөл /гипотез/-д нэхэмжлэгч нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлсний улмаас албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлж “ажиллаагүй” нөхцөл хамаарахааргүй байна.

Энэхүү хуулийн заалтын агуулга нь ажил олгогч нь ажлын зайлшгүй шаардлагаар буюу өөрийн ашиг сонирхлын төлөө ажилтныг амрах хугацаанд нь ажиллуулж, ээлжийн амралтаа биеэр эдлэх эрхийг нь эдлүүлээгүй бол тохиролцсоны дагуу ажилтны эрх, ашиг сонирхлыг зөрчихгүйн тулд урамшуулал олгох байдлаар ажил олгогч болон ажилтны ашиг сонирхлыг хооронд нь нийцүүлэх зорилготой байна.

Гэтэл анхан шатны шүүх энэ хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, зөвхөн “... ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ...” гэх нөхцөлийг хангасан гэж ажилтны ашиг сонирхлыг дангаар хангасан зохицуулалт мэт үзэж, урамшуулал олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч нарын хувьд хэдийгээр төрийн үйл ажиллагааны улмаас бүрэн эрх нь түдгэлзэж ээлжийн амралтаа биеэр эдлээгүй, энэ тохиолдлыг тодорхой зохицуулсан хууль, журам байхгүй боловч тухайн хугацаанд албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллаагүй тул зохих журмаар ажиллаж, ээлжийн амралтаа эдлэн, олговроо авсан бусад ажилтнаас илүү урамшуулал авах эрхтэй гэж үзэж, энэ хуулийг төсөөтэй хэрэглэх үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэлд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн хөлс олгоно” гэсэн заалтаар ээлжийн амралттай холбоотой харилцааг зохицуулаагүй тул энэхүү хуулийн заалтыг хэрэглэхгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... цалин хөлс, ээлжийн амралтын олговрыг давхцуулан авах ёсгүй. Ажил гүйцэтгээгүй тул 1.5 сарын цалинтай тэнцэх урамшуулал олгох үндэслэлгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хангаж, нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэлийн “Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлагын тухайд :

Хариуцагч Тамгын газар нь нэхэмжлэгч нарт цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохдоо нийгмийн даатгалын шимтгэл суутган авч, нийгмийн даатгалын санд төлж, тайлан гарган, нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийх үүргээ биелүүлээгүй нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ”, 4-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч, ... гүйцэтгэнэ” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Уг хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нарын шимтгэлийн хэмжээ, шимтгэл төлсөн хугацаагаа зөв тооцуулж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх, ашиг сонирхол нь зөрчигдөхөөр байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” гэж, 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нарын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих журмаар дэвтэрт нь бичилт хийж, нөхөн тайлагнахыг даалгасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 0366 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 79 дүгээр зүйлийн 79.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 4-т заасныг баримтлан Г.Ц, Д.Ц нарын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын “Г.Ц, Д.Ц нарын даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авч, нийгмийн даатгалын санд төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх үүргээ биелүүлээгүй” эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бүрэн эрх нь түдгэлзсэн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлснөөс нэхэмжлэгч нарын төлөх шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын санд шилжүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ