Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2021/0418

 

Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 402 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улаанбаатар хот дахь Гаалийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 402 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-аас Улаанбаатар хотын Гаалийн газарт холбогдуулан гаргасан “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянасан тухай шийдвэр, дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан “Д” ХХК-аас Улаанбаатар хотын Гаалийн газарт холбогдуулан гаргасан “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Б-н 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 402 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь:

Нэхэмжлэгч “Д” ХХК нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Б-н 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянасан тухай шийдвэр, дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай, Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 02-2/1634 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 402 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч “Д” ХХК-ийн шүүхэд гаргасан ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Гомдлын үндэслэлээ тайлбарлая.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 402 дугаартай шийдвэрт “... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн газрын даргад холбогдуулж “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 02-2/1634 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага гаргаж байгаагаа бичсэн байх боловч шүүх хуралдаанд уг шаардлагаа дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн” гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч “Д” ХХК нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Б-н 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянасан тухай шийдвэр, дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай, Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 02-2/1634 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, бичгээр гаргаж өгсөн атал шүүхээс Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн газрын даргад холбогдуулж “Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 02-2/1634 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага гаргаж байгаагаа бичсэн байх боловч шүүх хуралдаанд уг шаардлагаа дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэжээ. Гэтэл анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүйд гомдолтой байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 402 дугаартай шийдвэрт “... Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Баясгалангаас 2020 оны 03 дугаар сарын 05-ны гаалийн хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгсэлд өдөр үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн тээврийн хэрэгслийн ангиллын кодыг тодорхойлуулахаар шилжүүлсэн шийдвэр нь хуулийн дээрх зохицуулалтад заасан гаалийн бүрдүүлэлт, хяналтын үйл ажиллагааны нэг хэсэг гэж үзэхээр байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актад хамаарахгүй ...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Б-н 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасны дагуу захиргааны акт мөн.

Нэхэмжлэгч “Д” ХХК нь Япон улсаас 2010 онд үйлдвэрлэсэн М20-002162 дугаартай Nissan Vaniette маркын тусгай зориулалтын бага оврын ачааны автомашиныг дуудлага худалдаагаар авч Монгол Улсад оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Б-д Барааг тодорхойлох, кодлох, уялдуулах системийн тухай олон улсын конвенцийн 87.03 ангилалд хамаардаг, хүн тээвэрлэх болон хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй автомашинд М20-002162 арлын дугаартай Nissan Vaniette маркын тусгай зориулалтын бага оврын ачааны автомашин хамаарахгүйг анхаарсангүй.

Уг тээврийн хэрэгслийн экспортын гэрчилгээнд машины ангилал нь бага оврын автомашин, машины төрөл нь тахир дутуу хүний тусгай зориулалттай /531/ автомашин хилээр орж ирсэн.

Уг тээврийн хэрэгсэл нь даацын нумтай, цонх нь онгойдоггүй, импортлогчид энэхүү төрлийн автомашиныг ачааны автомашины ангиллаар гаалийн бүрдүүлэлт хийдэг. Япон улсаас экспортлохдоо ч ачааны авто машины ангиллаар гаалийн бүрдүүлэлт хийдэг.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1.хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, хиймэл эд эрхтэн, тэдгээрийн эд анги, 38.1.12.зөвхөн тахир дутуу тэргэнцэртэй хүнийг суулгах, буулгах зам, тавцан, өргүүртэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө жолоодох, удирдлага нь зөвхөн гар ажиллагаатай, дээрхийн адил бүрэн тоноглогдон үйлдвэрлэгдсэн, тусгай зориулалтын автомашиныг нэг хүнд нэг удаа гаалийн татвар чөлөөлөгдөх бараанд тооцогдохоор байна.

Гэтэл бодит байдалд жолоочийн болон зорчигчийн хэсэг болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэр тээвэрлэх зориулалт бүхий ачааны хэсгээс бүрдсэн нэгдмэл салонтой. Гаалийн бүрдүүлэлт нь М20-002162 арлын дугаар бүхий автомашины гаалийн бүрдүүлэлтийг ангиллын код засах засварт буцааж байгаа нь Монгол Улсад мөрдөж буй Барааг тодорхойлох, кодлох, уялдуулах системийн тухай олон улсын конвенц, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль зөрчжээ. Мөн Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн гаалийн улсын байцаагчийн шийдвэр, дүгнэлтээр гаргасан гомдлыг хянасан тухай шийдвэрт “Д” ХХК нь 2012 оны 6 дугаар сарын 22-ний өдөр геологи, геофизикийн судалгаа, зураглал, ерөнхий эрэл хайгуулын ажил, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх эрхлэх үйл ажиллагааг тус тус эрхэлдэг нь Монгол Улсын бүртгэлийн дугаар 1611004148 гэрчилгээгээр нотлогдож байх тул Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд хамрагдахгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.12-д гаалийн татвараас чөлөөлөгдөх барааг гаалийн татвараас чөлөөлөх хуулийн зохицуулалт юм. Дээрх захиргааны актаас шалтгаалж “Д” ХХК-ийн эрх зүйн байдлыг дордуулж, хууль ёсны эрх ашигт хохирол учруулсанд гомдолтой байна.

Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Б-н 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч “Д” ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарт мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 27.3, 27.3.1, 27.4, 27.4.1, 27.4.2, 27.4.3, 27.4.4, 27.4.5, 27.4.6, 27.4.7, 27.5-д заасан боломжоор хангаагүй.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн .4.2.6, 43 дугаар зүйлийн 43.1-д заасан захиргааны актыг сонсох, мэдэгдэх ажиллагааг захиргааны байгууллага хариуцах үүргээ биелүүлээгүй.

2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянасан тухай шийдвэрт “... Шийдвэр: Монгол Улсын нэгдэн орсон “Барааг тодорхойлох, коджуулах уялдсан системийн тухай” 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн олон улсын конвенц, БТКУС-ийн тайлбар бичгийн автомашины гол зориулалт, дотоод тоноглол үндэслэн зүйл 87.03-ын гарчигт “Хөнгөн тэрэг гол төлөв хүн тээвэрлэх зориулалтаар зохион бүтээгдсэн тээврийн хэрэгсэл” гэсэн ангилалд хамаарах хүн ба ачаа аль алиныг тээвэрлэх зориулалттай, нэг бүхээгт тээврийн хэрэгсэл болохыг тодорхойлов ...” шийдвэр дүгнэлт гаргасан байна. Энэ нь:

Бодит байдалд Улаанбаатар хот дахь Гаалийн газраас материал импексийн гаалийн хяналтын бүс дэх SNBU827824-0 дугаартай чингэлэгт ирсэн М20-002162 арлын дугаартай тээврийн хэрэгслийг суудлын автомашин гэж шийдвэрлэж, 7 сая төгрөгийн үнэлгээтэй автомашинд 5 сая төгрөгийн албан татвар төлөх эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д заасан зарчимд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуульд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, тайлбар авах, сонсох ажиллагаа хийгээгүй байна. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Б-н 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр гарсныг тухайн үед нь мэдээгүй. Сүүлд нь гаалийн татвар төл, суудлын автомашин байна гэх зэрэг асуудал яригдах үед нь мэдсэн.

Дээрх захиргааны актууд нь захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр гэж үзэж байна.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрсөн Б.А болон “Д” ХХК-ийн зүгээс гомдлыг Гаалийн ерөнхий газраас хянан шийдвэрлэхдээ Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, татгалзсан хариуг албан бичгээр өгсөнд гомдолтой байна.

Учир нь Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай олон улсын конвенцийн 87.03 ангилалд хамаардаг, хүн тээвэрлэх болон хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй автомашинд М20-002162 арлын дугаартай Nissan Vaniette маркын тусгай зориулалтын бага оврын ачааны автомашин хамаарахгүй. Гэтэл Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 02-2/1634 дугаар албан бичгээр хууль бус захиргааны актыг хүчингүй болгохын оронд хэвээр үлдээсэн тул нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Дээрх ачааны автомашинтай адилхан нум, кузов бүхий 500 орчим автомашин Монголд импортлогдож, ачааны автомашинд хамаарах үндэслэлээр онцгой албан татвар төлөгдөөгүй байхад зөвхөн нэхэмжлэгч миний импортолсон тээврийн хэрэгслийг суудлын автомашинд хамааруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Гаалийн бүрдүүлэлт “Д” ХХК-ийн нэр дээр бүртгүүлсэн, Япон улсаас Nissan Vaniette маркын автомашиныг гаалиар оруулж ирэхдээ иргэн Б.А-н нэр дээр дээрх автомашин орж ирсэн.

Дээрх хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч Б.А миний Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан өмчлөх эрх зөрчигдөж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 402 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дэх хэсэгт шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэх хуулийг зөрчсөнд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж хуулийг буруу тайлбарласанд гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 402 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шийдвэрлээгүй орхисон захиргааны шүүхийн харьяаллын бус нэг шаардлагыг хүлээн авахаас татгалзах, зарим хуулийн заалтыг тогтоох хэсэгт баримтлаагүйг зөвтгөх зэрэг өөрчлөлтийг шийдвэрт оруулж шийдвэрлэлээ.

1. Улаанбаатар хотын Гаалийн газрын хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Б-н шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй гэх гомдлын тухайд:

Улсын байцаагч Б.Б-н 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгчид ямар нэгэн дарамт шууд учруулаагүй, гаалийн болон онцгой албан татвар төлөхөд хүргэсэн шийдвэрийг гаргаагүй, зөвхөн тухайн барааны ангиллыг тодорхойлуулахаар эрх бүхий этгээдэд хүргүүлсэн байх тул анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй болжээ.

2. Гаалийн ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02-2/1634 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан гэх гомдлын тухайд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаан болсон 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Гаалийн ерөнхий газрын дээрх албан бичгийг хүчингүй болгуулах гэж бичгээр шүүхэд ирүүлсэн байхад анхан шатны шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан эсэх нь тодорхойгүй үлдсэн байна.

Дээрх албан бичгээр “Д” ХХК-ийн Улаанбаатар хот дахь гаалийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэрийн талаар гаргасан гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянаж, гомдлыг хангахаас татгалзан, тухайн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн маргаан бүхий захиргааны актын үр дагаврыг хэвээр үлдээж, түүнээс өөр, бие даасан эрх зүйн үр дагавар үүсгээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул захиргааны шүүхийн харьяаллын бус гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрт уг асуудлыг тусгаж, зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

3. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэрээр тусгай зориулалтын бага оврын ачааны автомашиныг БТКУС-ийн тухай олон улсын конвенцийн 87.03 ангилалд хамаарахаар тодорхойлсон нь үндэслэлгүй, холбогдох хуулийг буруу хэрэглэсэн гэх гомдлын тухайд:

Нэхэмжлэгч “Д” ХХК нь гаалийн хилээр импортлон оруулж ирсэн Япон улсад 2010 онд үйлдвэрлэсэн М20-002162 арлын дугаартай “Ниссан Ванеттэ” маркийн автомашиныг Монгол Улсын нэгдэн орсон Барааг тодорхойлох, коджуулах уялдсан системийн тухай олон улсын конвенцийн 87.04-т хамаарах ачааны автомашин гэж үзэж, гаалийн мэдүүлэгт заасан боловч дээрх 04 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэрээр тус конвенцийн 87.03-т хамаарах “Хөнгөн тэрэг гол төлөв хүн тээвэрлэх зориулалтаар зохион бүтээгдсэн тээврийн хэрэгсэл” мөн болохыг тогтоожээ.

Анхан шатны шүүх уг шийдвэрийг нэхэмжлэгчид татвар төлөхөд хүргэх эрх зүйн үр дагавар бүхий захиргааны акт гэж дүгнэсэн, мөн тухайн актаар барааны ангиллыг зөв тогтоосон талаар үндэслэлтэй дүгнэж, холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

Давж заалдах гомдолд “... бодит байдалд жолоочийн болон зорчигчийн хэсэг болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэр тээвэрлэх зориулалт бүхий ачааны хэсгээс бүрдсэн нэгдмэл салонтой ...” гэж дурдсаныг маргаан бүхий шийдвэр үгүйсгээгүй, “... жолооч, жолоочийн хажууд 1 хүн суух, ар талдаа нийт 4 хүн суух суудалтай, хүн ба ачаа тээвэрлэхэд ашигалж болох арын хэсэг хооронд хөдөлгөөнгүй сурилуулсан панел буюу хаалтгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэр тээвэрлэх зориулалт бүхий ачааны хэсэгтэй, тэргэнцэр оруулахад зориулагдсан замтай ...” гэж тус автомашины бодит байдлыг үзсэний үндсэн дээр БТКУС-ийн тайлбар бичгийн 87.03 ангиллийн хүн ба ачаа аль алиныг тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгт тээврийн хэрэгсэл болохыг тодорхойлсныг буруу гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь автомашины арын ачааны хэсгийн зориулалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцрийг ачих зориулалттай байх бөгөөд суудлын тоо, ачааны хэсгийг заагласан хөдөлгөөнгүй тусгаарлалт байхгүй зэргээс үзвэл нэхэмжлэгчийн гаалийн мэдүүлэгт тодорхойлсон БТКУС-ийн 87.04 ангиллын “ачаа бараа тээвэрлэх моторт тээврийн хэрэгсэл” гэж үзэхээргүй байна.

Мөн тухайн автомашин нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулагдсан боловч “Д” ХХК нь тухайн зориулалтаар импортолж гаалийн хилээр оруулж ирсэн нь тогтоогдохгүй, үндсэн үйл ажиллагаа нь уг зориулалттай хамааралгүй байх тул анхан шатны шүүх Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.12-т заасныг буруу тайлбарлаж эрх зүйн байдлыг дордуулсан гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.12-т “зөвхөн тахир дутуу тэргэнцэртэй хүнийг суулгах, буулгах зам, тавцан, өргүүртэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө жолоодох, удирдлага нь зөвхөн гар ажиллагаатай, дээрхийн адил бүрэн тоноглогдон үйлдвэрлэгдсэн, тусгай зориулалтын автомашиныг нэг хүнд нэг удаа;” гаалийн албан татвараас чөлөөлөхөөр заасан нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмжих зорилготой байх бөгөөд нэхэмжлэгч нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулж импортолсон гэдэг нь тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин Улаанбаатар дахь гаалийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэрийг Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Гаалийн байгууллага, албан тушаалтан нь улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт хийх ..” гэж заасан чиг үүргийн хүрээнд хийсэн, гаалийн бүрдүүлэлт хийх явцад барааг шалгаж, холбогдох татвар ногдох бараа мөн эсэхийг тодорхойлсон нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул Гаалийн тухай болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн холбогдох заалтыг шийдвэрийн Тогтоох хэсэгт нэмж оруулах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0402 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 4.1.4” гэсний дараа “... Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12, 9 дүгээр зүйлийн 9.1, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.12” гэж, 2 дахь заалтын “... шийдвэрийг” гэсний дараа “... Гаалийн ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02-2/1634 дүгээр албан бичгийг тус тус ...” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ