Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 495

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч М.Буяннэмэхийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Түвшинбаярт холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Буяннэмэх, хариуцагч Д.Түвшинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүүвэйцэцэг нар оролцов.            

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум 1 дүгээр баг, 2-044 тоотод оршин суух,  ам бүл-3, нөхөр хүүхдийн хамт, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Ханхурмаст овогт Мягмарсүрэнгийн Буяннэмэх /РД:МЬ83053005/- ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Буяннэмэх миний бие Алтанбулаг сумын ЭМТ-д сонгон шалгаруулалтаар тэргүүлж нягтлан бодогчоор 2012 оны 02-р сарын 01-ний өдрөөс 2016 оны 01-р сарын 04-ний өдөр хүртэл ажилласан. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 1/1086 албан тоотын дагуу суманд санхүүгийн алба байгуулагдан бүтэц орон тоонд өөрчлөлт орсны дагуу ЭМТ-ийн эрхлэгчийн 2016 оны 01-р сарын 04-ний өдрийн 01 тоот тушаалаар сумын ЗДТГ-т шилжин очсон. Намайг ажилд оруулахгүй байсан тул би 2016 оны 01-р сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлд ажилд эргүүлэн авах талаар бичгээр хүсэлт гаргасан юм. Төрийн албаны зөвлөл хүлээн аваад 2016 оны 01-р сарын 28-ны өдөр зөвлөл ажилд эргүүлэн томил гэсэн шийдвэр өгсөн юм. Гэтэл Алтанбулаг сумын ЗДТГ-ын дарга уг шийдвэрийг биелүүлэхгүй байсаар байна. Энэ хугацаанд миний бие цалин хөлсгүй хохирч байна. Миний бие ам бүл – 3, нөхөр эрхэлсэн ажилгүй, бага насны хүүхэдтэй, би өөрөө жирэмсэн юм. Иймд хууль журмын дагуу намайг ажилд эгүүлэн томилуулах шийдвэр гаргаж өгнө үү ! Мөн ажилгүй байсан хугацааны цалин 580,582 төгрөг болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарах өдөр хүртэлхи хугацааны цалинг нөхөн олгуулж өгнө үү гэх.

Нэхэмжлэгч М.Буяннэмэх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2016 оны 01 дүгээр сарын 08-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газарт санхүүгийн алба үүсгэн байгуулагдсантай холбоотойгоор эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч сургуулийн нягтлан бодогч нар тамгын газарт шилжих тухай шийдвэр гарсан. Алтанбулаг сумын Засаг даргын зөвлөл хуралдаад тухайн үед намайг ажилд тэнцэхгүй юм байна гэсэн шийдвэр гаргаж өгсөн. Түүнээс хойш энэ хугацаанд үнэхээр намайг ажилд тэнцэхгүй байна гэсэн шийдвэр гаргаад өгсөн бол би эрүүл мэндийн төвөөс шилжээд очсон байхад намайг ажилд маань буцаагаад авах тухай тушаал эсвэл ажлаас халаад ч юм уу шийдвэр гаргах ёстой байсан гэж би бодож байна. Миний хувьд ажилд тэнцэхгүй байна гэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үед би байгууллагын данснаас мөнгө шилжүүлэхдээ 1-р гарын үсэг байхгүйгээр 2-р гарын үсгээр мөнгө шилжүүлсэн гэж намайг буруутгаж байгаа. Гэхдээ миний хувьд тэр мөнгийг хувьдаа захиран зарцуулсан зүйл байхгүй. Гэтэл надад ажлаас халсан ямар ч шийдвэр гаргаж өгөөгүй. Намайг ажлаас халахдаа Засгийн газрын албан тоотыг үндэслэхгүйгээр ажлаас халсан. Энэ нь өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаагүй бол ажилд нь ажиллуул гэсэн Засгийн газрын тогтоолыг үндэслээгүй. Мөн намайг ажлаас халсан бол ажлаас халсан тухай тушаал байх ёстой гэтэл ажлаас халсан тухай тушаал гаргаж өгөөгүй. Мөн миний ажлыг ямар нэгэн хүн хүлээж аваагүй. Хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй байхад ажлаас үндэслэлгүйгээр халсан. Одоогийн байдлаар миний хувьд эрүүл мэндийн төвөөс тамгын газар руу шилжсэн гэх тушаалтайгаар явж байгаа.  Би энэ асуудлын талаар тамгын газрын даргад удаа дараа өөрт нь хэлэхдээ намайг яагаад ажлаас халсан юм бэ намайг ажлаас халсан гэх тушаал байхгүй байна. Хэрвээ намайг ажлаас халж байгаа бол миний халагдсан гэх тушаалыг гаргаж өгөөч би ажлаас халагдсан тэтгэмжээ авмаар байна гэж хэлж байсан. Мөн би төрийн албаны зөвлөлд хандахад намайг ажилд нь хэвээр үлдээх шийдвэр гараад уг шийдвэр нь тамгын газарт очсон байх гэж бодож байна. Иймд намайг ажилд маань эгүүлж томилж, ажилгүй байсан хугацааны 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 03 дугаар сарын өнөөдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулж өгөхийг хүсч байна гэх.

Хариуцагч Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум 2-р баг, суварга 3-02 тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын тамгын газрын дарга ажилтай, ам бүл-4, эхнэр хүүхдийн хамт, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Энх овогт Дугаржавын Түвшинбаяр /РД:МА56041011/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2016 он гараад манай суманд сумын санхүүгийн алба шинээр байгуулагдсан. Төсвийн байгууллагын сургууль, цэцэрлэг, соёлын мэдээллийн төвийн нябо нар тамгын газар дээр санхүүгийн алба гэсэн нэртэйгээр ажиллахаар болсон. 2016 оны 01 дүгээр сарын 08-нд засаг даргын зөвлөл хуралдаж  санхүүгийн алба шинээр байгуулагдсан. Уг албанд гадны байгууллагаас нэмэгдэж орж ирсэн нь эрүүл мэндийн төв, сургуулийн нябо нарыг шинээр томилж ажиллуулсан. Манай байгууллагын дотоод журмын дагуу 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр засаг даргын зөвлөлийн хурлыг хуралдуулж уг албан тушаалд ажиллахаар болсон уг ажилтнуудыг нэг нэгээр нь зөвлөлдөж уг албан тушаалд тэнцэх эсэх талаар хуралдсан. Уг шийдвэрт эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Буяннэмэх нь уг албан тушаалд тэнцэхгүй болох тухай шийдвэр гаргасан. Энэ асуудлалтай холбоотой Буяннэмэх шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ажилд авахаас татгалзсан үндэслэл нь бол тухайн өмнө нь ажиллаж байсан байгууллагынх нь дарга нарын саналыг үндэслэсэн. Энэ талаар бол Буяннэмэх нь ажлынхаа цагийг баримталдаггүй байнга утсаар дуудуулж ирдэг байсан. Мөн 2015 оны 08 дугаар сард ажилдаа байгууллагын даргын 1-р гарын үсэггүйгээр 2-р гарын үсгээр шууд данснаас мөнгө шилжүүлсэн байдаг. Энэ талаар байгууллагын дарга нь 11-р сард мэдсэн байсан гэж байсан. Эдгээр үндэслэлүүдээр Буяннэмэхийг ажилд авах тушаал гаргаагүй ажлаас халсан гэх.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ нь:

М.Буяннэмэхийн шүүхэд гаргасан ...ажилд эгүүлэн томилуулах, шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлхи ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй байна.

Учир нь: М.Буяннэмэх нь Алтанбулаг сумын эрүүл мэндийн төвд 2012.02.01-нээс эхлэн ня-бо - оор ажиллаж байсан ба Монгол Улсын Засгын газрын 2014 оны 326 дугаар тогтоолд зааснаар Сэлэнгэ аймгийн засаг даргын 2015.12.08-ны өдрийн 1/1086 / хэргийн 7-р тал/ тоотоор тус суманд “санхүүгийн алба байгуулах”  чиглэлийн дагуу сумын эрүүл мэндийн төвийн даргын 2016.01.04-ний өдрийн А/01 тоот тушаал гарч тус төвийн ня-бо М.Буяннэмэхийг 2016.01.01-ний өдрөөс Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албанд орон тоо, албан тушаалтай нь шилжүүлж үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байхад тус сумын Засаг даргын зөвлөлийн 2016.01.08-ны өдрийн хурлын 01 тоот тэмдэглэл / хэргийн 15-25-р тал/ - ээр ня-бо М.Буяннэмэхийг 1. Ажлын хариуцлага буюу санхүүгийн сахилга алдсан 2. Цаг ашиглалт муу 3. Ёс зүйн алдаа гаргаж байсан гэсэн шалтгаанаар нягтлан бодогч хийх чадваргүй гэж үзэн Засаг даргын зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар нягтлан бодогчоор авах боломжгүй гэсэн шийдвэр гаргаж ... М.Буяннэмэхийн тус сумын эрүүл мэндийн төвтэй 2013.01.10-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний  хугацаа нь дуусгавар болохоос өмнө буюу 2016.01.08-ны өдрөөр ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалсан нь учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл: Засгийн газрын 2015 оны 326 дугаар тогтоол болон аймгийн засаг дарга /хавтаст хэргийн 7-р тал/-ын 2015.12.08-ны өдрийн 1/1086 албан тоотоор ... Сумдын засаг дарга нарт “санхүүгийн алба байгуулах” талаар өгсөн чиглэлд ... Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар ...  зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж үлдсэн бол түүнийг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах гэж заасны дагуу одоо ажиллаж байгаа хүмүүсийг шууд шилжүүлэн ажилуулахаар болсон байна. Мөн Сэлэнгэ аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн даргын 2016.01.28-ны 10 тоот албан бичиг / хэргийн 6-р тал /-т дурдсанаар Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Түвшинбаярт ...аймгийн Засаг даргын 1/1086 албан бичгээр өгсөн чиглэлийн дагуу М.Буяннэмэхийг тус сумын санхүүгийн албаны мэргэжилтнээр томилох асуудлыг даалгасан байхад энэхүү дээд шатны удирдлагын шийдвэрийг биелүүлээгүйгээс гадна сумын Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр М.Буяннэмэхийг ажиллуулахаас татгалзан шийдвэрлэсэн нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар ... хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцлах болсон үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хууль, хөдөлмөрийн дотоод журмыг баримталсан /тушаал, тогтоол, захирамж/ тухайн байгууллагын дарга, эрхлэгчийн албан ёсны шийдвэр гарсан гэж үзэх боломжгүй юм. Мөн ажилтан М.Буяннэмэхийн гаргасан гэх дээрх хурлын тэмдэглэлд тусгагдсан зөрчил дутагдлууд нь хууль, санхүү болон тухайн байгууллагын албан ёсны шалгалт, ажил олгогчийн дотоод хяналт шалгалтаар тогтоогоогүй, тогтоогдоогүй байхад ... даргын зөвлөлийн хурлаар шууд хэлэлцэн шалгаж тогтоосон мэтээр шийдвэрлэсэн нь хууль зүйн хийгээд бодит үндэслэлгүй байна. Мөн М.Буяннэмэх нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа ... би өөрөө бага насны хүүхэдтэй, жирэмсэн гэснээс үзэхэд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан ... ажлаас халахыг хориглосон заалтыг зөрчсөн гэж үзнэ.   

Иймд нэхэмжлэгч М.Буяннэмэхийн Үндсэн хуульд заасан ... Монгол Улсын иргэний ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх үндсэн болон журамт үүрэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан ... хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүд хийгээд мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг ажил олгогч тал тус тус зөрчсөн тул мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар М.Буяннэмэхийн шүүхэд гаргасан ... ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулах тухай гомдлын шаардлагыг Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар бүрэн хангах нь зүйтэй.

Мөн М.Буяннэмэхийн ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчоос нөхөн гаргуулахдаа өмнөх хөдөлмөрийн гэрээ / хэргийн 31-32 дахь тал / нь цуцлагдаагүй буюу үндсэн ажил үүрэг нь хэвээр хадгалагдан үргэлжилж байгаа гэж үзэн 2016.01.08-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлхи хугацааны цалинг хөдөлмөрийн гэрээ / хэргийн 31-32 дахь тал /-ний нэг дэх хэсэг буюу гэрээний гол нөхцөлд заасан ... 2015 онд сард 580,584 төгрөгийн цалинтай байхаар хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд тохиролцсон цалингийн хэмжээг үндэслэн 2016.01.08-наас 2016.03.08-ныг  хүртэлхи 2 сарын цалинг бүтнээр, мөн 3 дугаар сарын 8-наас 23-ны өдөр хүртэл 15 хоногийн цалинг хагасаар тооцон нийт 1 451 460 төгрөгийг Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж М.Буяннэмэхэд олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,067 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан үндэслэлээр энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул уг мөнгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн хариуцагчаас 1,451,460 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 38.173 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй. 

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Мягмарсүрэнгийн Буяннэмэхийг Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газраас 1 451 460 төгрөгийн цалинг гаргуулж М.Буяннэмэхэд нөхөн олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, түүнээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,067 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж олгох, мөн хариуцагчаас 1 451 460 төгрөгөнд ногдох улсын тэмдэгийн хураамж 38.173 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар нэхэмжлэгчээс хавтаст хэргийн 4 дэх талд нотлох баримтаар гаргаж өгсөн эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн тушаал гэх нэг хуудас баримтыг нотлох баримтаас хассугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Л.ЭНХТАЙВАН