Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 809

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор П.Даваасүрэн,

ялтан Б.Б /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г, түүний өмгөөлөгч Г.Г,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 547 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Б.Б, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Бд холбогдох эрүүгийн 201725011374 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овогт Б.Б, 1990 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Архустайн 2 гудамж, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:.../,

Б.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 22-оос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүүргийн 9-359 тоотод Г.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас Г.Г нь нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Б үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.Б-г 6 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ас 10 сая төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т овгийн Г, Г-т олгохоор шийдвэрлэжээ.

Ялтан Б.Б  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэг болох үед миний бие талийгаач Г-од ямар нэгэн байдлаар санаатайгаар хүнд гэмтэл учруулъя гэсэн санаа, зорилго огт байгаагүй болно. Миний бие болж өнгөрсөн үйл явдалд болон өөрийн хийсэн гэмт үйлдэлдээ туйлын их харамсаж, гэмшиж байгаа бөгөөд өөрийн гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна. Миний бие талийгаачийн ар гэрийнхэнд чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа илэрхийлэн уучлал гуйсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан мөнгөн хохиролыг төлж барагдуулсан болно. Мөн цаашид ч талийгаачийн ар гэрийнхэнд өөрийн чадах чинээгээрээ туслаж, дэмжинэ гэдгээ илэрхийлсэн бөгөөд үр хүүхдүүдийнх нь сургууль соёлд суралцах, боловсрол эзэмшихэд нь туслаж, дэмжинэ гэдгээ давхар илэрхийлсэн. Миний бие уг гэмт хэрэгт холбогдохоос өмнө урьд ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байгаагүй. Намайг хоригдож байх хугацаанд эхнэр маань амаржиж 4 дэх хүүхэд маань сая төрсөн. Миний бие уг гэмт хэрэгт орохоос өмнө ажил хөдөлмөр эрхлэн гэр бүлээ тэжээж эхнэр хүүхдүүдээ асран халамжилдаг байсан. Миний бие энэхүү хэрэгт орсноор эхнэр маань 0-6 насны 4 хүүхэдтэйгээ үлдэж хоцорсон бөгөөд тэдэнд маань туслаж дэмжих бололцоотой ах, дүү, хамаатан садан муутай. Мөн эхнэр маань саяхан амаржсан бөгөөд бага насны олон хүүхэдтэй учраас ажил хөдөлмөр хийх боломжгүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон ар гэрийн минь нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан мөнгөн хохиролыг барагдуулсан зэргийг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу ялын доод хэмжээнээс доош ял оноож ялыг минь хөнгөлж, дэглэмийг минь нээлттэй болгож өгнө үү...” гэв.

Ялтан Б.Б-н өмгөөлөгч Н.Жамъяндорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...манай үйлчлүүлэгч Б.Б нь анх удаа хүнд гэмт хэрэгт холбогдсон бөгөөд өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зардлаа төлж сэтгэл санааны хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа болно. Б.Б нь хувийн байдлын хувьд эхнэр, 01 сараас 6 насны 4 хүүхдийн хамт амьдардаг төдийгүй, мөн талийгаачийн эхнэр нь 4 хүүхэдтэйгээ үлдсэн. Эдгээр гэр бүлд Б.Бас гадна эдийн засаг, санхүүгийн орлоготой хүн байдаггүй бөгөөд Б.Б нь хүний өөрийн гэхгүйгээр талийгаачийн хүүхдүүдэд тусламж үзүүлж тэжээн тэтгэнэ гэдгээ хэлдэг. Иймд Б.Бн үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж байгаа байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэн, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай гэр бүлийнхэн ярилцаад энэ хүнд өгсөн ял шийтгэл хөнгөдсөн байна гэж үзэж байгаа. Мөн хохирогч талд мөнгө олгогдохгүй байна. Би энэ 10 сая төгрөгийг өөртөө авахгүй түүний хүүхдүүд болон эхнэрт нь олгуулмаар байна...” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирлын мөнгийг олгуулах хүсэлтэй байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ялтан болон ялтны өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэг буюу “ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэж дүгнэн  яллах дүгнэлт  үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж үзэж  шийдвэрлэжээ.

Хавтаст хэрэгт буй баримтаас үзэхэд: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017  оны 4 сарын 25-ны өдрийн 5487  дугаар шинжээчийн дүгнэлтэд: “Г-ын биед зүүн зулай, чамархай ясны цөмөрсөн суурь яс луу үргэлжилсэн хугарал,зүүн талын хатуу бөмбөлгийн харуу бүрхүүлийн доорх цусан хураа,тархи дарагдал,хагалгааны дараах байдал:зүүн хацар ясны хугарал,зүүн зулай дагз,чамархайн хуйхны цус хуралт,зөөлөн эдийн няцрал,2 бугалга, зүүн шуу,шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 896 дугаар бүхий шинжээчийн дүгнэлтэд: “Г.Г-ын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гавал тархины гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амьд ахуйд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрхи гавал тархины гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн хүндрэлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэж

дүгнэсэн байх бөгөөд уг дүгнэлтүүдээс  үзэхэд  Г.Г нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл авч, гэмтэл авсан даруйдаа эмнэлэгт нэн даруй хүргэгдэн эмчлүүлсэн боловч  амь нас нь аврагдах боломжгүй, гавал тархины хүнд гэмтлийн хүндрэлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 

Ийм байхад прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 буюу “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэж зүйлчилж  яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх зөв гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн тул хэргийн зүйлчлэлийг  мөрдөн байцаалтын шатанд зөвтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т прокурор яллах дүгнэлтэндээ “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт” зэргийг тусгахаар заажээ.

Гэтэл прокурор  хохирогчид хүнд хохирлыг яллагдагч яаж учруулсан, зэвсэг хэрэглэсэн, согтуугаар үйлдсэн эсэх зэрэг зайлшгүй тодруулж, тусгах нөхцөл байдлуудыг орхигдуулж яллах дүгнэлт үйлджээ.

Хэргийн зүйлчлэл болон яллах дүгнэлтийг хуулийн дагуу үйлдэгдсэн эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бд холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 547 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ