Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
Хэргийн индекс | 112/2017/0004/З |
Дугаар | 66 |
Огноо | 2017-11-24 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 66
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, ерөнхий шүүгч Л.Тунгалаг, шүүгч Н.Амарзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар С.Б-ын нэхэмжлэлтэй, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад холбогдох 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, 2016 онд ээлжийн амралтаа биеэр эдлэж чадаагүй тул хуулийн дагуу 1,5 дахин бодож нөхөж олгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э., хариуцагч Б.Б-, хариуцагчийн өмгөөлөгч В., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Намайг хот явахын өмнө нэг дуудаж уулзсан. Тэгэхэд өөрийг чинь ажлаас чөлөөлөх гэж байна гэсэн, ямар шалтгаанаар чөлөөлөх гэж байгаа юм бэ гэхэд хоёр шалтгаан хэлсэн. Нэгдүгээрт дээрээс ингэж шахаад байна, хоёрдугаарт би багаа бүрдүүлж ажилламаар байна. Ийм хоёр шалтгааны улмаас таныг ажлаас чөлөөлж, доод тушаалын албан тушаалд тавина гэсэн. Тэгэхээр нь би хэлсэн, надад гаргасан зөрчил байхгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн. Тэгээд Улаанбаатар хот яваад ирэхэд баахан шалтгаан гаргаад ирсэн байсан. Нөгөө хоёр шалтгаан ч байхгүй болсон байсан. Ажлын хариуцлага алдсан гэж ажлаас халсан байсан. Захиргааны ерөнхий хуульд захиргааны шийдвэр гаргахдаа хувь хүнтэй холбоотой бол заавал өөрт нь сонсгох ёстой гэсэн байгаа. Ийм зөрчил гаргасан гэж надад сонсгоогүй. Энэ мялзан өвчин манай аймагт оношлогдоод намаржин ажил болсон. 8 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймагт оношлогдсон байдаг. Мялзан өвчин нь Монголд анх удаа гарч байгаа болохоор оношилж чадалгүй байсаар 8 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймагт анх мялзан өвчин гэж оношлосон. Мялзан өвчин гэж оношлосон дор нь бид нар шуурхай арга хэмжээ авсан. 8 дугаар сарын 27-ны өдөр аймгийн онцгой комиссыг хуралдуулаад эндээс комисс томилоод бүх сумд мэдээлэл хийе гэсэн. Онцгой комиссын гишүүд, албан байгууллагын дарга нар оролцсон комисс томилоод бүх сумаар явуулсан. Хилийн 4 сумаар явуулсан. Бид нар өвчин гарсны дараа 9 дүгээр сарын 13-ны өдөр хамгийн анх Засаг даргын захирамж гаргасан байдаг.10 дугаар сарын 13-ны хооронд 1 сарын хугацаанд гурван удаа Засаг даргын захирамж гаргаж малчдад мэдээлэл хүргэх, өвчний хор холбогдол таниулах, тэрнээс урьдчилан сэргийлэх энэ ажлыг зохион байгуулахтай холбоотой асар их ажил зохион байгуулсан. Үүнийг Б.Б- сайн мэдэхгүй, радио, телевизээр яриагүй мэдээлэлжүүлэлт муу байсан гэж байна. Бид өөрсдөө хийхээс гадна онцгой байдлын комиссын гишүүд хүртэл явж хийж байсан. Тарилгын явцад янз бүрийн зөрчил дутагдал гарсан зүйлүүд байгаа. Энийг хянан шалгах хүмүүс нь байсан. Манайд хариуцлага тооцох эрх байхгүй мэргэжлийн хяналтын газар байгаа. Мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж байх ёстой байсан. Бид нар 14 сумд бакцинжуулалт хийсэн бүгдэнд нь мал эмнэлгийн улсын байцаагч ажлуулсан. 4 байцаагч байхгүй сум байсан. Энэ 4 сумд төвөөс мэргэжлийн хяналтын албанаас байцаагч авч ирээд хяналт тавиулсан. Хяналтын байцаагч нартай цуг 14 сумд Онцгой байдлын газрын байцаагч нар хяналт тавьж ажилласан мөн хүн хүрэлцэхгүй байсан учир оюутнуудыг хөлсөлж ажилласан байгаа. Эд нар газар дээр нь энэ айлын мал таригдаж байна уу тухайн үед нь ямар зөрчил гарч байна уу гэж хяналт тавиад хариуцлага тооцох эрх бүхий хүмүүс байсан. Тухайн үедээ саяны ярьсан зөрчлүүдийг илэрүүлээд арга хэмжээ авсан байгаа. 14-21 хоногийн дотор сүү, махыг нь хэрэглэж болно гэсэн бичиг сумдад явуулсан гэж байна. Энэ бичиг нь 10 дугаар сарын 7,8-ны үеэр явсан байгаа. Энэ мялзан өвчний вакцин нь Хятадаас орж ирсэн тэр үеэр ямар заавартай ирэх нь огт мэдэгдэхгүй байсан. Бид нар өөрсдөө очиж авсан. Бакцины хэрэглэх зааварт нь 14, 21 хоноод хэрэглэж болно гэсэн ямар нэгэн заавар байхгүй байсан. Хавтаст хэргийн материалд заавар нь байгаа. 21 хоногийг дараа хэрэглэж болно гэдгийг яагаад захирамж дээр тусгасан бэ гэхээр амьд вакциныг хэрэглэсний дараа голцуу бид нар 14-21 хоногоос дээш хугацаанд хэрэглэж болохгүй гэж хориглодог. Зааварт нь энэ вакциныг хэрэглээд 21 хоногийн дараа мах, сүүг нь хэрэглэж болно гэж ганцхан боомын вакцин дээр байдаг. Энэ амьд вакцин учраас 14-21 хоног мах, сүүг нь хүнсэнд хэрэглэж болохгүй гэсэн шийдвэрээ гаргачихаад вакцинжуулалт явуулах захирамжаа гаргахдаа 21 хоног хэрэглэж болохгүй гэдгээ тусгасан байгаа. Өмнө яагаад тийм бичиг явуулсан бэ гэхээр ийм вакцин тарих гэж байна. Тийм учраас албан газар, гал тогоо бүхий иргэд махныхаа нөөцийг бүрдүүлж ав 14-21 хоногийн дотор хэрэглэж болохгүй гэсэн журмаар 14-21 хоног гэсэн бичиг хийсэн. Сүүлдээ яг 21 хоногоор мөрдөгдөж явсан байгаа. Янз бүрийн зөрчил дутагдал гарсан хяналт тавиагүй гэж байна. Хяналтыг сумд ажиллаж байсан хүмүүс тавих ёстой бид нар хэнийх хэдэн малтай байсан хэд нь таригдаад, хэд нь таригдахгүй хоцорсон талаар мэдэх боломж байхгүй байсан. Тийм учраас сумд онцгой байдлын нэг хүн, мал эмнэлгийн нэг хүн хяналт тавьж байсан. Халиун сумд зарим нэг мал таригдаагүй гэсэн байна. Бүх сумд ажилласан онцгой байдлын хүмүүсийн нэрс байга. Б.Б- мэргэжлийн хүн биш, хөдөө аж ахуйн байгууллага аймгийн тухайд хамгийн гол зүйл мал аж ахуй мэргэжлийн бус хүн орж ирж байгаад харамсаж байна гэж хэлж байсан. Бид нар маш шуурхай арга хэмжээ авснаараа аймаг мялзан өвчин гараагүй. Эд нар мялзан өвчин гарсан гэж яриад байна манайд гараагүй. Өвчний голомт орж ирсэн байсан шуурхай ажилласан учир нэг ч мал үхээгүй хоцорсон. Ховд аймагт 30.000, 40.000 мал үхсэн. Сүүлд нь бөхөн, гөрөөс үхсэн. Анхандаа мал эмнэлгийн үржлийн албаны дарга ухан оруулж ирнэ гээд явсан би тэгэхээр нь Дарви, Тонхилоос ухан авах гэж байгаа юм байна гэж бодоод явуулсан чинь явсных нь дараа Ховдоос ухан ишиг авах гээд явсан гэсэн сураг сонсогдсон. Тэгээд тэр дор нь хөөцөлдөөд мал эмнэлгийн мэргэжилтнүүд зоо техникч нартай ярилцаад рүү залгаад холбогдож чадаагүй. Тэгээд мэргэжлийн хяналтын газрын Зоригт байцаагч руу хэлээд Ховдын Булганаас гэж сонссон байсан, тэр үед мялзан өвчин оношлогдоогүй байсан. Ховдын Булганд өмнө нь шүлхий өвчин гарсан байсан учир энийг тодруул гэж Зоригтод хэлсэн. Тэгээд хөөцөлдсөн чинь Булганаас биш Алтай сумаас авчирсан байсан. Тэр үед Алтай сумд мялзан өвчин гараагүй байсан. Одоо ч гэсэн Ховд аймгийн Алтай сумд мялзан өвчин оношлогдоогүй үлдсэн сумуудын нэг. Ховд аймгаас авчирсан ухна ишигтэй айлуудыг тандан шинжилгээнд хамруулаагүй. Нутгийн мал ямар байна гэдгийг үзэх зорилгоор тандан шинжилгээ хийсэн. Дээж авсан айлуудаас мялзан өвчин оношлогдсон тэр айлууд нь Ховд аймгаас мал аваагүй бүгд нутгийн малтай айлууд байснаас мялзан өвчин оношлогдсон байгаа. Ховдод оношлогдоогүй удсан учир наашаа зэргэлдээ айлуудаараа дамжаад ороод ирсэн байх. Манайд анхандаа мялзан өвчний вакцин хийхгүй гэж байсан. Бид нар Ховд аймгийн Алтай сумаас 364 ухна ишиг орж ирсэн байна эрсдэлтэй болсон хил залгаа 4 сумд хийлгэе гээд явж байхад Халиун сумын Гүү бариач багийн айлын 40, 50 ишигнээс дээж аваад явуулахад 2 ишиг нь голомттой үүсгэгчтэй байна гэж гарсан. Тэгээд манайхыг болохгүй юм байна хил залгаа 8 сумд вакцин хийлгэхээр болсон. Дарви сумд байсан Алтай сумын ишигнээс өвчин илэрсэн тул 14 сумд хийхээр болсон. Шуурхай дээж авч шинжилгээнд хамруулсан тул олон сумыг хамруулж өвчнөөс сэргийлж чадсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Б- шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр ярилцаад та хувийн мал эмнэлэг байгуулах уу, албан тушаал бууруулах уу гэдгээ би хуулийн дагуу өөрт нь мэдэгдсэн. Гэвч өөрөө хүлээн зөвшөөрөөгүй. Өөрөө 14-21 хоног гээд сумын Засаг даргын Тамгын газарт бичиг явуулсан байгаа. Захирамжаар 21 хоног болон түүнээс дээш хоногийн дараа хэрэглэнэ гэдгийг долоо хоногоор нааш нь татаад 14-21 хоног гэсэн байгаа. Хүний биед тариур алдсан гэдэг асуудал бол аймгийн Онцгой комиссын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл дээр тусгагдсан байгаа. Дэд сайд Ж. вакцин тарьж байх явцад хүний хөлрүү зүү хатгасан үүн дээр тайлбар хий гэсэн мэргэжилтэн Эрхэмбаяр вакцин шахаагүй тохиолдолд хүнд аюул үзүүлэхгүй. Тийм учраас хатгасан зүүний орыг сайн шахаж цусыг нь гаргах шаардлагатай гэсэн. Онцгой байдлын дэд сайд Ж. энэ бол хариуцлага алдсан асуудал хотоос гарахад хангалттай зааварчилгаа өгсөн. Онцгой байдлын газарт Хөхморьт сумын малын эмч 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хүйсийн говь багт вакцин хийж байгаад туслах ажилтан Л. 19 настай, 17 настай эрэгтэй нарын баруун өвдөг рүү хатгасан. Л.ын хөл улайж хавдсан шинж тэмдгээр аймгийн төв рүү явсан. хөлд одоогоор гарсан шинж тэмдэггүй гэртээ харьсан. Төгрөг сумд ажиллаж байсан Улаанбаатар хотоос ирсэн малын эмч 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Цагаанхайрхан багт ажиллаж вакцин хийж байхдаа туслах ажилтан гийн зүүн бугуйд тариур алдсан үе үе чинэрээд байгаа. ын зүүн гарын долоовор хуруу руу хатгасан мөн өөрийнхөө зүүн талын хуруулуу гурван удаа хатгасан хавдаж хөхөрсөн зэрэг мэдээллүүд ирсэн гээд тодорхой заагаад өгсөн байгаа. Тушаал дээр буруу мэдээлэл өгсөн гэсэн зүйл оруулаагүй. Тушаал дээр энэ хүний ажлын байрны тодорхойлолтон дээр ч байгаа. Хуулиар олгогдсон чиг үүрэг байгаа. Тухайн орон нутагт ажил явуулж байгаа мал эмнэлэг, малын эмч хүмүүсийг удирдлага арга зүйгээр бүрэн хангах ёстой. Энэ бол зүгээр нэг бруцеллёз өвчин биш зүгээр нэг вакцин хийж байгаа асуудал биш. Олон улсын хорио цээрт А зэрэглэлийн ийм өвчин учраас энэ үед удирдлага арга зүйгээр муу хангасан гэдэг шалтгаанаа тушаал дээрээ тодорхой бичсэн байгаа. Түүнээс С.Б- гуайг гурван хоногийн дараа сүүг нь хэрэглэ гэж эмч нарт тараасан гэдэг биш 21 хоногоос дээш хугацаанд мах, сүүг нь хэрэглэж болохгүй гэдэг мэдээллийг тэр эмч нарын толгойд ойлгуулах ёстой байсан. Тэр мэдээллийг өгөөгүйн улмаас зарим тохиолдолд мах сүүг гурван хоногийн дараа хэрэглэж болно гэсэн 7 хоногийн дараа хэрэглэж болно гэсэн, өөрөө ч гэсэн 14 хоногийн дараа хэрэглэж болно гэсэн бичгийг сумдад тараасан ноцтой зөрчлүүд гаргасан учраас энэ тушаалыг ингэж гаргасан юм. Нэгдүгээрт нилээн олон хуулийн заалт, журам зөрчсөн байгаа. Аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний 3.2 дахь хэсэгт мал амьтныг төрөл бүрийн халдвар празитах өвчнөөс тандах, илрүүлэх, оношлох шинжилгээ хийх төлөвлөгөө болон шаардлагын дагуу зохион байгуулах. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн яамтай байгуулсан гэрээн дээр бас энэ заалт орсон учраас энэ ажлуудыг хангалтгүй зохион байгуулсан гэж үзэж байгаа. Хүнс, хөдөө аж ахуй үйлдвэрийн сайдын 2000 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар мал амьтны өвчинтэй тэмцэх, шилжилт хөдөлгөөн зохицуулах, хяналт тавих журмыг зохицуулах энэ журмын 1.2.8 дахь хэсэгт үржлийн мал амьтан худалдан авах, худалдах тохиолдолд мал амьтны эмнэлгийн лаборторын шинжилгээг заавал хийлгэж эрүүл болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн орон нутагт гэрээгээр ажиллаж байгаа мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагаас олгосон гэрчилгээтэйгээр шилжилт хөдөлгөөн хийлгэж байх гэсэн үүнийг зөрчсөн. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 305 дугаар тогтоол малын гоц халдварт өвчний оношийг баталгаажуулах хорио цээр хязгаарлалтын бүс тогтоох уг бүсэд үйл ажиллагаа явуулах журам. Энэ журмын 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэх, тээвэрлэх, ахуйн хэрэглээнд мал нядлахыг хориглоно гэсэн заалтууд, дээрээс нь Малын удмын сан эрүүл мэндийн хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.3 дахь хэсэгт малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, 6.4.6 дахь хэсэгт өвчтэй малыг хяналтад авч тусгаарлах, эмчлэх гэсэн заалтуудыг давхар хэрэгжүүлээгүй ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэж байгаа. Яагаад гэхээр 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр аймагт 364 ширхэг хуц, ухна орж ирсэн. Энийг С.Б- гуай мэдэж байсан. Энэ хууль журмаараа хяналтад аваад тусгаарлах ёстой. Мэдэхээр барахгүй тухайн мал эмнэлгийн жолоочоо машинтай нь өгч явуулсан энийг өөрөө мэдээгүй гэж тайлбар хийх байх. Энийг мэдэж байсан юм чинь орж ирэхэд нь хяналтад аваад тусгаарласан 1 сар болсон бол манай аймагт мялзан өвчин гарчтэрбум таван зуун орчим сая төгрөгний эдийн засгийн зардал гарахгүй байсан гэж би үзэж байгаа. Нөгөө талаар С.Б- гуай ажилд томилогдсон тушаал байгаа. Энэ тушаалыг хууль бус тушаал гэж үзэж байгаа. Энэ хүн сонгон шалгаруулалтаар орох ёстой. Мал эмнэлэгийн хэлтсийн дарга төрийн захиргааны албан тушаал учраас сонгон шалгаруулалтад ороод хамгийн өндөр оноо авсан буюу тэнцсэн хүн орох ёстой. Тийм зүйл байхгүй мөн энэ хүний төрийн захиргааны албан тушаал хаших эрх байхгүй 1998 онд Төрийн албаны шалгалт өгөөд тэнцсэн тэр нь байгаа. Гэхдээ төрийн албанд 2 жил ажиллахгүй бол тэр нь хүчингүй болдог. Энэ хүн бол 2010 онд Хүнс, хөдөө аж ахуйн газар мэргэжилтнээр орж байсан. Тэрнээс өмнө Олон улсын болон Төрийн бус байгууллагад ажиллаж байсан. Тэгэхээр ийм шалтгаанаар энэ ажилд томилогдох хүн биш байсан. Дараа нь энэ Улсын мал эмнэлэг үржлийн газар, Онцгой байдлын Ерөнхий газар, Онцгой байдлын комисс удаа дараа албан үүрэг чиглэл, заавар зөвлөмж ирсэн. Мал эмнэлэг үржлийн газрын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 414 дүгээр зөвлөмж дээр бог малын мялзан өвчний шинж тэмдэг, үр нөлөөний талаар мал эмнэлэг үржлийн тасаг болон мал эмнэлгийн нэгжийн эмч нараас малчид ард иргэдэд таниулж мэдлэгжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, малчид ард иргэд орон нутгийн радио мэдээллийн хэрэгслээр дамжуулан тухайн өвчний хор хөнөөл эрсдэл урьдчилан сэргийлэх талаар таниулах, мэдлэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ийм ажил хийгдээгүй учраас янз бүрийн асуудал үүссэн. Халиун сумд 1 дүгээр сард 8074 бог мал үлдсэн байсан нь эхнээсээ үхээд мялзан өвчний онош нь Улсын мал эмнэлгийн эрүүл мэндийн лабортороор батлагдаад дахиад бид нар үлдээсэн малдаа хийсэн. Дээрээс нь Хөхморьт сумын Хүйсийн говьд 650 мал үлдсэн байсан дахиж хийсэн. Энэ хүн өөрөө захирамжаараа хяналт тавих субъект байсан. Ажлын байрны тодорхойлолтын 1.1 дэх хэсэгт мал эмнэлэгийн чиглэлээр төрөөс гарч байгаа бодлого, шийдвэрийг сурталчилах биелэлтэд хяналт тавьж ажиллах, хувийн мал эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт тавьж мэргэжлийн удирдлагаар хангаж чадвахыг байнга дээшлүүлэх, 2.1 дэх хэсэгт тухайн нутаг дэвсгэрт мал сүргийг мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамруулах талаар доривтой арга хэмжээ авах тухайн малчин мал бүхий иргэдэд сурталчилан таниулж үр дүнд хүргэх, 2.2 мал эмнэлгийг мэргэжлийн удирдлагаар хангах бэлэн байдлын төлөвлөгөөтэй байх, бэлэн байдлын сэрэмжлүүлэг, арга хэмжээ авах 4.2 хүн малын эрүүл мэндэд онцгой анхаарч хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллах гэх мэт заалтууд зөрчигдсөн гэж үзэж байна. Эдгээр байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2016 оны 11-р сарын 22-ны өдрийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын тушаалаар Мал эмнэлгийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон. Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц, зохион байгуулалт, нэгжийн чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2017 оны 01-р сарын 02-ны өдрөөс уг үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, мөн өдрөөс Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн албаны даргаар томилогдон ажиллаж байна. Энэ ажилд томилогдоход болон томилогдсоны дараа Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын зөвлөл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нараас Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтсийн ажлыг сайжруулахаар өгсөн үүрэг, чиглэлийн дагуу тус аймгийн мал эмнэлгийн албаны ажлыг сайжруулах, малын эмч, мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур, чадвар, хариуцлага, сахилга батыг өндөржүүлэхэд зохион байгуулалтын арга хэмжээ авч үүрэг, чиглэл, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж ирлээ. 2016 оны намар 14 сумын бүх бог малд "бог малын мялзан" өвчний вакцин хийгдсэн ч Халиун сумын малчин П.*******ийн вакцин таригдаагүй 1 эм ямаанаасавсан дээжнээс 2017 оны 2-р сарын 09-ний өдөр мялзан өвчний халдвар авсан гэсэн шинжилгээний хариу гарсан. Бог малын мялзан өвчний масс вакцинжуулалтанд ямар нэг шалтгаанаар хамрагдаагүй үлдсэн Халиун сумын 16 өрхийн 6124 мал, Хөхморьт сумын 2 малчны 500 мал бүгд 6624 бог малыг Аймгийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/31 захирамжаар 2017 оны 2-р сарын 05-ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд вакцинд хамруулсан. Өвчний масс вакцинжуулалт хийх үеэр хариуцлага алдсан Хөхморьт сумын 2 малчинд тус сумын Мал эмнэлгийн улсын байцаагч 2017 оны 2-р сард торгуулийн арга хэмжээ авч, вакцин хийх зардлыг хариуцуулсан. Иргэн С.Б-ын аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албаны ажлын эрх ашиг, иргэн миний ажлын байрны шаардлага хангаж,мэргэжлийн салбарт томилогдон ажиллаж байгаа эрхийг тус тус хөндөж байгаа тул дээрх тайлбарыг хийж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
С.Б- нь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б-д холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус газрын Мал эмнэлгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болон 2016 оны ээлжийн амралтын олговрын зөрүү гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Мялзан өвчин, түүнтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажлыг хангалттай зохион байгуулж, ажлын тайланг тухай бүр аймгийн Онцгой комисст илтгэж байсан, Ховд аймгаас оруулж ирсэн 364 ухна ишгийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаагүй, хүний биед тариур алдсан, малыг вакцинд бүрэн дүүрэн хамруулаагүй гэх зөрчлүүд нь надад хамааралгүй, түүнчлэн ажлын зайлшгүй шаардлагаар 2016 онд ээлжийн амралтаа эдлэж чадаагүй тул олговрыг 1,5 дахин нэмэгдүүлсэн нөхцлөөр тооцож, зөрүүг олгох ёстой хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга /түр орлон гүйцэтгэгч/-ын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар[1] С.Б-ыг төрийн албанаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг үндэслэл болгосон байна. Өөрөөр хэлбэл С.Б-ыг удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзжээ.
Хариуцагч дээрх үндэслэлийг тодруулахдаа Мал эмнэлгийн албаны дарга С.Б- нь ажлын байрны тодорхойлолтын 1.1, 1.2, 2.1, 2.2, 4.2, 4.3 дахь хэсэгт заагдсан гол чиг үүрэг болон 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн,мялзан өвчнөөс сэргийлэх вакцин хийгдсэн малын мах, сүүг хүнсэнд хэрэглэх талаарх зааварчилгааны талаар сумдад буруу мэдээлсэн, мялзан өвчинтэй тэмцэх арга хэмжээг хангалтгүй зохион байгуулж,мэргэжил арга зүйгээр дутуу хангасны улмаас Төгрөг, Хөхморьт сумдад малын эмч нар хүний биед тариур алдсан, Тонхил сумын Бүс-Уул багийн зарим малчин өрхүүд саалийн ямаагаа тариулалгүй авч үлдсэнхэмээн тайлбарлаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан ...албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгохоор байна.
Нэхэмжлэгч С.Б- нь Мал эмнэлгийн хэлтсийн даргын хувьд мал амьтны өвчлөлтийн байдлыг улсын хэмжээнд бүртгэх, хянах, мэдээлэх, эрүүл, мэндийг хамгаалах, малын өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, мал эмнэлэг үржлийн байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхээр байгаа нь түүний ажлын байрны тодорхойлолтоос[2] харагдаж байна.
Дээрх ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүдийг нэхэмжлэгч С.Б- зохих ёсоор гүйцэтгээгүй болохыг хариуцагчаас шүүхэд нотлож чадахгүй байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу маргаан бүхий 2016 оны А/27 дугаар тушаалыг гаргах нөхцөл байдлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх зарчимд нийцэхгүй байна.
Нэг. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийн тухайд:
аймгийн Засаг дарга С.*******ээр ахлуулсан тус аймгийн Онцгой комисс нь бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх асуудлаар 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 02-ныг хүртэлх хугацаанд нийт 7 удаа хуралдсан нь холбогдох хурлын тэмдэглэлүүдээр[3]тогтоогдож байна.
аймгийн Онцгой комиссын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын 13 дугаар тэмдэглэлээс харахад уг хуралдаанд хариуцагч тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Б-, нэхэмжлэгч мал эмнэлгийн хэлтсийн дарга С.Б- нар оролцсон байна.
Дээрх хуралдаанаас мялзан өвчний улмаас гарсан зардлыг гаргаж, энэ талаар холбогдох яаманд хүргүүлэх, Дарив сумын Ихэс, Халиун сумын Гүү бариач багийн хуц ухнын асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэх үүргийг Б.Б-д нэр зааж үүрэг болгожээ. Харин дээрх үүргийг С.Б-т хариуцуулж шийдвэрлэсэн талаар агуулга байхгүй байна.
Иймд нэхэмжлэгч С.Б-ыг аймгийн Онцгой байдлын комиссоос өгсөн үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай А/337 дугаар захирамжийн 6 дахь заалтаар бусад аймгаас авч ирсэн мал, амьтан болон тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийж нэвтрүүлэх, шилжин ирсэн мал, амьтныг мал эмнэлгийн хяналтад хорио цээрийн дэглэмд 30 хоног байлгаж, шинжилгээнд хамруулсны дараа нутгийн сүрэгт нийлүүлэхийг сумдын мал эмнэлэг үржлийн тасагт даалгасан байх ба түүнээс өмнө аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн 2016-2017 онд хэрэгжүүлэх нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлд тусгагдсан ажлын хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны зөвшөөрөлтэйгөөр Ховд аймгийн Алтай сумаас 2016 оны 08 дугаар сарын эхээр 364 ухна ишгийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга хариуцан оруулж ирж, холбогдох сумдын мал эмнэлэг, үржлийн тасагт хүлээлгэн өгсөн нь гэрч Б.ийн мэдүүлгээр[4] тогтоогдож байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсан сумдын мал эмнэлэг, үржлийн нэгжийн үйл ажиллагааны чиглэл, мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтоос харахад тэдгээр албад, мэргэжилтнүүд мал амьтны гоц халдварт, халдварт, паразиттах болон халдваргүй өвчний гаралтын олон жилийн судалгаа, газар зүйн байршлын зураглалд тулгуурлан эрүүл болон голомттой бүс нутгийг тогтоож, мал амьтныг дээрх өвчнөөс сэргийлэх, малчид, мал бүхий иргэдэд малын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сурталчилгаа явуулах, мал, амьтны тандалт хийх, мал амьтны шилжилт хөдөлгөөнийг хянаж, малын төрөл бүрийн өвчин орж ирэх, тархах эрсдлээс байнга сэргийлж ажиллах зэргээр мэргэжлийн үйл ажиллагааг явуулахаар байна.
Сумдад тийнхүү мэргэжлийн байгууллага ажиллаж дээрх үүргээ хэрэгжүүлэх боломжтой байхад Ховд аймгаас оруулж ирсэн 364 ухна ишгийг мал эмнэлгийн хяналтанд байлгах арга хэмжээг аваагүй, энэ талаарх өгөгдсөн үүргийг биелүүлээгүй хэмээн тэдгээр ухна ишгийг оруулж ирсэнээс хойш 3 сар орчмын дараа С.Б-ыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.
Дээрх ухна ишгийг холбогдох сумдын мэргэжлийн байгууллага хүлээн авсан байхад уг ухна ишгийг үзлэг шинжилгээ, хорио цээрийн дэглэмд байлгах асуудлыг шийдвэрлэлгүй аймгийн Онцгой комиссын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаас өгсөн үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь ойлгомжгүй байна.
Уг тэмдэглэлд огноог 11 дүгээр сарын 01 хэмээн бичсэн боловч тэмдэглэлийн агуулгаас харахад уг хурал 11 дүгээр сарын 02-ны өдөр явагдсан байгааг дурдах нь зүйтэй байна.
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.3-д зааснаар аймгийн Мал эмнэлэг, үржлийн алба нь гадаад, дотоодын хэрэгцээнд бэлтгэгдсэн малд...мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ хийж баталгаажуулах үүрэгтэй бол Мал, амьтны өвчинтэй тэмцэх, шилжилт хөдөлгөөнийг зохицуулахад тавих хяналтыг Хөдөө аж ахуйн улсын хяналтын алба, тэдгээрийн төв, орон нутаг дахь мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар хэрэгжүүлэхээр байна.
Харин аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн албаны даргын ажлын байрны тодорхойлолтоос харахад мал амьтны эрүүл, мэндийг хамгаалах, малын өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй хэдий ч малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах талаар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байгааг дурдах нь зүйтэй.
Хоёр. Мялзан өвчинтэй тэмцэх арга хэмжээг хангалтгүй зохион байгуулж, орон нутагт ажиллаж буй мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийг арга зүйгээр дутуу хангасан гэх үндэслэлийн тухайд:
Бог малын мялзан өвчин гарсантай холбогдуулж аймгийн Засаг даргаас 2016 оны 10 дугаар сарын 13-ны А/361 дүгээр захирамжаар бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамрагдах малын тоо, вакцины хуваарь, сумдад ажиллах мал эмнэлэг үржлийн нэгжүүдийг сум сумаар нь гаргаж хавсралтаар баталгаажуулан ажилласан байна.
С.Б- нь бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан Мал эмнэлэг үржлийн газраас вакцинжуулалт хийхэд туслалцуулахаар мал эмнэлгийн сургуулийн 40 оюутанг 10 хоногийн хугацаатай ажиллуулах тухай хүсэлт хүргүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 4/220 тоот албан бичиг, аймагт малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй ажлын талаарх 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн мэдээлэл, тус аймагт ажиллаж буй пост, өвчлөлийн талаарх мэдээлэл, мялзан өвчний вакцинжуулалтанд ажиллах оюутан, туслах ажилтнуудад хөдөлмөр, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тэмдэглэл, Онцгой комиссийн 2016 оны 10 дугаар сарын 12, 18-ны өдрийн хуралдаануудад танилцуулсан тайлан, мэдээлэл, вакцинжуулалтанд ажиллах бүрэлдэхүүнд өгөх заавар, сумдад ажиллах хүчний талаарх мэдээлэл, дайчлагдан ажиллах эмч нар болон Хөгжил Политехникийн коллежийн оюутнуудын аймгийн сумдад ажиллах хуваарь, сумдад бог малын мялзан өвчний эсрэг вакцин түүнийг хариуцан тарих мал эмнэлэг малын тоо, вакцин тарих үйлчилгээний хөлсний урьдчилгаа олгосон дүн, сумдад ажилласан тухай 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тайлан зэргээр тогтоогдож байна.
Дээрх байдлаас дүгнэж үзэхэд С.Б-ыг ажлаас чөлөөлөх болсон мялзан өвчинтэй тэмцэх арга хэмжээг хангалтгүй зохион байгуулж орон нутагт ажиллаж байгаа мал эмнэлгийн үржлийн үйлчилгээний нэгжүүдийг мэргэжил арга зүйгээр дутуу хангасан байдал нь тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл аймгийн хэмжээнд бог малын мялзан өвчин гарсантай холбогдуулж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн хэлтсийн дарга С.Б-ыг ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүргийг зохих ёсоор хэрэгжүүлэн ажиллаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.
аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албаны даргын ажлын байрны тодорхойлолт хэрэгт 2 өөрөөр авагдсан ба нэхэмжлэгчээс 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр боловсруулан мөн өдөр байгууллагын даргаар баталгаажуулсан байдлаар, харин хариуцагчаас тус газрын захиргаа удирдлагын хэлтсийн даргаас 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр боловсруулсан, байгууллагын дарга хэзээ баталгаажуулсан нь тодорхойгүй ажлын байрны тодорхойлолтууд[5]ыг шүүхэд тус тус ирүүлжээ.
Боловсруулсан, баталгаажуулсан цаг хугацаагаар нь авч үзвэл нэхэмжлэгчээс гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолт нь хамгийн сүүлд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан гэж үзэхээр байна.
Мөн хариуцагчаас өөрийн гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолтын 1.1-д заасан Мал эмнэлгийн чиглэлээр төр, засгаас гарч хэрэгжиж байгаа хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг сурталчлах, биелэлтэнд хяналт тавих, гүйцэтгэлийг холбогдох байгууллагад гаргаж мэдээлэх, 1.2-д заасан Хувийн мал эмнэлгийн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангаж, чадавхийг байнга дээшлүүлж ажиллах, 2.1-д заасан Тухайн нутаг дэвсгэр дэх мал сүргийг мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамруулах талаар дорвитой арга хэмжээ авч үйлчилгээнд хамрагдсан мал амьтан эрсдлийг хэрхэн даван туулах тухай малчид, мал бүхий иргэдэд сурталчилгаа хийж, үр дүнд хүргэх, малаа мал эмнэлгийн арга хэмжээнд хамруулсан байдлыг малчдад олгодог ашиг шимийн урамшуулалттай холбон тооцдог байх, 2.2-д заасан Орон нутагт байгаа мал эмнэлгийн байгууллагыг мэргэжлийн удирдлагаар хангах... 4.2-т заасан Хүн малын эрүүл мэндэд онцгой анхаарч худалдаа, хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллах, 4.3-т заасан Малын гоц халдварт өвчин гарсан үед тандалт судалгаа хийх, ажиллах хүч, байр, машин, техник багаж хэрэгсэл, холбоо, зарлан мэдээлэх, эм био бэлдмэл, тарилга, ариутгалын бодисын тооцоо гаргаж, өвчний голомтыг устгах, хорио хязгаарлалт, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг оновчтой боловсруулан мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах, шуурхай зохион байгуулах гэсэн зорилтын хүрээнд дараах үүргүүдийг гүйцэтгээгүй гэж үзсэн нь доорх үндэслэлээр тогтоогдохгүй байна.
1. Бог малын мялзан өвчний вакцинд хамрагдсан малын мах сүүг хэрэглэх хугацааны талаарх зааварчилгааг 3 ба 7 хоног хэмээн буруу тогтоож өгсөн гэх үндэслэлийг шүүх хүлээж авах боломжгүй байна.
2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн мялзан өвчны вакцин хийгдэх болсноор айл өрх, гал тогоо бүхий газрууд мах бэлтгэлийн ажилдаа анхаарах, вакцин хийгдсэнээс хойш 14-21 хоногт вакцин хийгдсэн малын мах болон сүүг хэрэглэж болохгүй, вакцин хийгдсэн сумдаас хонь, ямааны мах болон бусад түүхий эд гаргахыг хориглох талаар нэхэмжлэгч С.Б- нь мал эмнэлгийн хэлтсийн даргын хувьд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2/223 тоот албан бичгээр[6] сумдад хүргүүлсэн байна.
аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг зохион байгуулах тухай А/361 дугаар захирамжийн[7] 3 дахь заалтаар вакцинжуулалтад хамрагдсан малын мах, сүүг 21 хоног хүнсэнд хэрэглэхгүй болсонтой холбогдуулан постын хугацааг сунгаж, амьд мал, мах сүүнд хяналт тавьж ажиллах талаар холбогдох газруудад даалгасан байна.
Дээрх А/361 дүгээр захирамжийг гаргахаас өмнө С.Б- нь вакцин хийлгэсэн малын мах, сүүг хэрэглэж болохгүй хугацааг 14-21 хоногоор тогтоон сумдад хүргүүлж байсныг буруутгах боломжгүй байна.
Тодруулбал, цаг хугацааны дарааллын хувьд авч үзэхэд сумдад уг зааварчилгаа бүхий албан бичгийг хүргүүлэх үед аймгийн Засаг даргын А/361 дүгээр захирамж гараагүй байсан тул түүнийг зөрчиж зааварчилгааг буруу өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Мал эмнэлэг, үржлийн газраас 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Бог малын мялзан өвчинтэй тэмцэх түр заавар[8]-ыг баталж, зөвлөмжийн хамт 08 дугаар сарын 26-ны өдрийн 414 дүгээр албан бичгээр холбогдох аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар, мал эмнэлгийн хэлтэст хүргүүлжээ.
Дээрх түр заавар, зөвлөмж болон Малын эмийн салбар зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаас батлан гаргасан Бог малын мялзан өвчнөөс сэргийлэх амьд вакциныг хэрэглэх заавар[9]зэргээс харахад бог малын мялзан өвчний вакцин хийгдсэн малын мах сүүг хэдийд хэрэглэх хугацааны талаар тодорхой заагаагүй ямар нэгэн хориглолт байхгүй байх бөгөөд энэ талаар гэрч Мал эмнэлэг үржлийн газрын мэргэжилтэн С.******* мөн мэдүүлжээ.[10]
Тонхил, Халиун сумд вакцин хийлгэсэн малын сүүг 3 ба 7 хоногийн дараа хэрэглэж болох талаар С.Б-аас зааварчилгаа өгөөгүй болох нь гэрч *******, *******, ******* нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Түүнчлэн вакцин хийлгэсэн малын мах, сүүг 14, 21 хоногийн хугацааг баримтлалгүйгээр хүнсэнд хэрэглэснээр гарсан ноцтой зөрчил, үр дагавар тогтоогдохгүй байх ба хариуцагч дээрх үндэслэлийг зөвхөн иргэдийн мэдээлэлд тулгуурлан гаргаж ирсэн нь үндэслэлгүй. Тэдгээр иргэдийн мэдээлэл[11] үнэн зөв эсэх, ямар хор хохирол учирсан талаар шалгаж баримтаар тогтоогоогүй байна.
Иймд хариуцагч нь бог малын мялзан өвчний вакцин хийгдсэн малын мах сүүг хэрэглэх талаар буруу зааварчилгаа өгсөн хэмээн нэхэмжлэгч С.Б-ыг буруутгасан нь үндэслэлгүй байна.
2. Төгрөг, Хөхморьт сумдад малын эмч нар хүний биед тариур алдсан, Тонхил сумын Бүс-Уул багийн зарим малчин өрхүүд саалийн ямаагаа тариулаагүй авч үлдсэн, малыг вакцинд бүрэн хамруулаагүй гэх зөрчил нь С.Б-ын ажлын чиг үүрэгт хамааралгүй байна.
С.Б- нь малд вакцин тариагүй, харин вакцин тарих асуудлыг сумдын мэргэжлийн мал эмнэлгийн үржлийн нэгжүүдийн малын эмч нар хариуцан ажилласан нь хавтаст хэрэгт авагдсан гэрч *******, *******, ******* нарын мэдүүлэг[12], бусад баримтуудаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл С.Б-ын тухайд сумдын мал эмнэлгийн үржлийн нэгжүүдийг вакцинаар хангах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, малыг вакцинжуулах ажлыг зохион байгуулж ажилласан харин малд вакцин тарих ажлыг мэргэжлийн малын эмч нар хийж гүйцэтгэсэн байхад хүний биед тариур алдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.
Мөн вакцинд хамрагдах малыг сум бүрээр тоо толгойгоор нь нарийвчлан гаргаж, вакцин хийх мал эмнэлэг үржлийн нэгжүүдийг хувиарласан, сумын мал эмнэлгийн улсын байцаагч, онцгой байдлын ажилтан нар хяналт тавьж ажилласан, аймгийн Засаг даргын А/361 дугаар захирамжийн 6 дахь заалтаас харахад малчдын малыг вакцинжуулалтанд бэлэн хамруулах талаар үүрэгжүүлэн ажиллуулж хавсралтад заасан тоо бүхий малыг бүрэн хамруулахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон байх тул малчид малаа тариулаагүй авч үлдсэн гэх асуудалд С.Б-ыг буруутгах боломжгүй юм.
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д зааснаар мал бүхий иргэн, хуулийн этгээд мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээнд малыг тогтоосон хугацаанд нь бүрэн хамруулах үүрэгтэй байна.
Тодруулбал, малаа тариулаагүй авч үлдсэн малчдын буруутай үйлдэл С.Б-аас шалтгаалаагүй байх ба малыг бүрэн вакцинд хамруулах талаар хяналт тавих үүрэг хүлээсэн өөр эрх бүхий албан тушаалтнууд байсан байна.
Мөн хариуцагч нь С.Б-ын ажлын байрны тодорхойлолтыг шүүхэд маргаан үүсгэснээс хойш үзэж судалсан хэмээн тайлбарлаж байгаагаас дүгнэхэд нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй эсэхийг ямар эрх зүйн баримт бичгийн хүрээнд дүгнэж маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь ч ойлгомжгүй байна.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар С.Б- нь удаа дараа 2 буюу түүнээс дээш албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдохгүй байх тул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Б-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Маргаан бүхий захиргааны акт болох дээрх Б/27 дугаар тушаалд заагаагүй буюу С.Б- нь төрийн захиргааны удирдах албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй мөртлөө мал эмнэлгийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон, төрийн албан хаагчидтай зүй бус харьцаж ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн тайлбарыг шүүх хүлээж авах үндэсгүй байна.
Гурав. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухайд:
Маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/27 дугаар тушаал нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1д албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу сарын хуанлид заасан ажлын өдрүүдийг үндэслэн нэхэмжлэгч С.Б-ын ажилгүй байсан хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх 263 хоногоор тооцож олговрыг олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан С.Б-ын нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтийг[13] үндэслэн түүний авч байсан сүүлийн 3 сарын буюу 2016 оны 08, 09, 10 дугаарсаруудын дундаж цалин хөлс /1 107 409 төгрөг/-нөөс нэг хоногийн хөлс /50 337 төгрөг/-ийг тооцон гаргасан болно.
Шүүх С.Б-ын ажилгүй байсан 263 хоногийг дээрх 1 хоногийн хөлсөөр үржүүлэн тооцоход түүнд 13 238 631 төгрөгийн олговор олгогдохоор байх тул уг олговрыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Дөрөв. Ажлын зайлшгүй шаардлагаар биеэр эдлэж чадаагүй гэх үндэслэлээр 2016 оны ээлжийн амралтын олговрыг 1.5 дахин нэмэгдүүлэн тооцож, зөрүү гаргуулах шаардлагын тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгож болно гэж заажээ.
аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар[14] батлагдсан ээлжийн амралтын хуваарийн дагуу С.Б- 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 26 хоног амрахаар байсан байна.
Гэвч энэ хэрэгт тогтоогдсон үйл баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарууд, Мал эмнэлэг үржлийн газрын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 414 дүгээр, аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/337 дугаар, 10 дугаар сарын 13-ны өдрийн А/361 дүгээр дугаар албан бичгүүд[15] зэргээс харахад 2016 оны 8 дугаар сард малын бруцлез өвчний вакцинжуулалт хийгдсэн, мөн Монгол Улсад бог малын мялзан өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулж Ховд аймагтай хил залгаа аймгуудад дээрх өвчинтэй холбоотой урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих болсноор 2016 оны 8 дугаар сараас хойш аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, түүний дотор Мал эмнэлгийн хэлтэст ажлын зайлшгүй онцгой шаардлага гарсан байна гэж үзэхээр байна. Энэ талаар талууд маргаагүй болно.
С.Б- нь ажлын зайлшгүй шаардлагын улмаас ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй байхдаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөнөөр 12 дугаар сард 1 356 835 төгрөгийн ээлжийн амралтын олговор авсан нь түүний нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилт[16], гэрч Т.Галсангийн мэдүүлэг[17] зэргээр тогтоогдож байна.
Гэвч дээрх ээлжийн амралтын олговрыг зохих хэмжээгээр олгосон эсэх талаар нэхэмжлэгч, хариуцагч талууд маргаж байгаа бөгөөд хариуцагчаас дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ. гэж заажээ.
Иймд биеэр эдлэж чадаагүй үндэслэлээр ээлжийн амралтын олговрын зөрүүг гаргуулах талаарх шаардлагыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Б-ыг тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны ээлжийн амралтыг биеэр эдэлж чадаагүй үндэслэлээр амралтын нөхөн олговрыг 1.5 дахин нэмэгдүүлэн бодож, зөрүүг олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан С.Б-ын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан 263 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 13 238 631 /арван гурван сая хоёр зуун гучин найман мянга зургаан зуун гучин нэг/ төгрөгийг аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газраас гаргуулж, нэхэмжлэгч С.Б-т олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаарнэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга / Б.Б-/-аас 35 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б-т олгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА
Ч.ЦЭНД-ОЧИР
[1] Хэргийн 1 дэх хавтасны 5 дугаар хуудсанд
[2] Хэргийн 1 дэх хавтасны 17-19 дүгээр хуудсанд
[3] Хэргийн 1 дэх хавтасны 24-250, 2 дугаар хавтасны 1-9 дүгээр хуудсанд
[4] Хэргийн 2 дахь хавтасны 54 дүгээр хуудсанд
[5] Хэргийн 1 дэх хавтасны 17-19, 117-120 дугаар хуудсанд
[6] Хэргийн 1 дэх хавтасны 115 дугаар хуудсанд
[7] Хэргийн 1 дэх хавтасны 6 дугаар хуудсанд
[8] Хэргийн 2 дахь хавтасны 41-43 дугаар хуудсанд
[9] Хэргийн 2 дахь хавтасны 13 дугаар хуудсанд
[10] Хэргийн 2 дахь хавтасны 48-49 дүгээр хуудсанд
[11] Хэргийн 1 дэх хавтасны 124 дүгээр хуудсанд
[12] Хэргийн 1 дүгээр хавтасны 91-92, 164 дүгээр хуудсанд
[13] Хэргийн 1 дэх хавтасны 16-17-р хуудсанд
[14] Хэргийн 2 дахь хавтасны 71-72 дугаар хуудсанд
[15] Хэргийн 1 дэх хавтасны 6, 43, 150 дугаар хуудсанд
[16] Хэргийн 1 дэх хавтасны 15 дугаар хуудсанд
[17] Хэргийн 2 дахь хавтасны 70 дугаар хуудсанд