Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2021/0173

 

 

 

 

 

 

 

 

 

О.А, Д.Б нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийг

хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, цахимаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч В.Э, гуравдагч этгээд Н.Т нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 781 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, О.А, Д.Б нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г 2019 оны 10 дугаар 18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 113 дугаар захирамжийн хавсралтын 58 дугаарт Ж.О, 59 дүгээрт О.А нарт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьт хэмээх газарт зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай 800 м.кв олгогдсон газрыг мэдээллийн санд бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ж.О, О.А нарын газрыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах,

О.А, Д.Б нарын Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьт хэмээх газарт зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 781 дүгээр шийдвэрээр:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Бд холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, Д.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны ерөнхий хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1.1-47.1.7, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 113 дугаар захирамжийн хавсралтын 58 дугаарт Ж.О, 59 дүгээрт О.А нарт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьт хэмээх газарт зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай 800 м.кв олгогдсон газрыг мэдээллийн санд бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ж.О, О.А нарын газрыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах, иргэн О.А, Д.Б нарын Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьт хэмээх газарт зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газрын газар эзэмших эрхийг гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, О.А, Д.Б /Ж.О/ нарт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьт хэмээх газарт зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг даалгах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар ашиглуулах тухай” 343 дугаар захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэгч О.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй бөгөөд хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэр хэргийн оролцогчдод ойлгомжтой, биелэгдэх боломжтой байх шаардлагатай.

Хавтас хэрэгт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 113 дугаар захирамжийн хавсралтын 58 дугаарт Ж.О, 59 дүгээрт О.А нарт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьт хэмээх газарт зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай олгогдсон 800 м.кв газрыг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу 32.2.1-т заасан овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхний болон регистрийн дугаар”, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг” зэргийг бүрдүүлэн авсан.

Тухайн үед одоо маргаж буй газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болох”-оор заасанд хамаарч байсан бөгөөд 31.3-т зааснаар бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцалгүй байсан.

Энэ нь Газар зохион байгуулагчийн “газар дээрээ байшинтай юм байна” гээд Ж.Орсоогийн хүсэлтийн ард тэмдэглэгээ хийсэн, газрын эрхийг олгоход “татгалзах зүйлгүй” гэсэн Газрын даамлын цохолтоос харагдана.

Энэ бол хэргийн үйл баримтыг шууд нотолж байгаа хамгийн бодит, байж болох нотлох баримт юм. Бид 2003 оноос хойш өдийг хүртэл энэ газарт 3 үеэрээ амьдарч, хуульд заасны дагуу газраа эзэмшсэн шударга эзэмшигч юм.

Энэ бүгд хэрэгт авагдсан нотлох баримтаар давхар нотлогдож, нотлох баримтаас илүү бодит байдлыг харуулах шүүхийн үзлэгээр Ж.О, Д.Б, О.А нар нь 3 нэгж талбарыг 2004 онд зохих захирамжийн дагуу үүсгээд 2004 оноос хойш 2020 он буюу 16 жилийн хугацаанд газраа бодитоор эзэмшиж, хашаалаад хөрөнгө оруулалт хийгээд газар эзэмших эрхээ өнөөдрийг хүртэл өөрсдийн мэдэлд байлгаад явж байгаа. Энэ газар дээр гуравдагч этгээдийн гэх юу ч байхгүй болох нь илэрхий байхад шүүхээс зөвхөн “...“Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар ашиглуулах тухай” 343 дугаар захирамжаар 400 м.кв газар /Шаргаморьтын зусланд байрлах/-ыг Ү.Н, Д.Г нарт тус бүр баталгаажилт гэсэн тайлбартайгаар 5 жилийн хугацаатай, зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн...” нь цаг хугацааны дарааллын хувьд эхэнд олгосон, мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна” гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Гэтэл нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “мэдээллийн санд зураг оруулаагүй эс үйлдэхүйтэй” холбогдуулан ямар нэг ажиллагаа хийгээгүй, энэ талаар нотлох баримт цуглуулаагүй. Холбогдох мэргэжилтнээс гэрчийн мэдүүлэг аваагүй.

Чухам яагаад Д.Бгийн зургийг оруулаад бусад 2 хүний зургийг оруулаагүй болох талаар дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх хуулийн хүчин төгөлдөр эсэх, эсхүл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан зөрчил тогтоогдон гэрчилгээг хүчингүй болгосон эсэх, цаашид хэрхэх талаар огт дүгнээгүй.

2.Нэхэмжлэгч нарын зүгээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар ашиглуулах тухай” 343 дугаар захирамжийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн. Энэ захирамж нь тухайн үед мөрдөгдөж байсан 1994 оны Газрын хуулийн 27, 30, 31-д заасан шаардлагыг хангахгүй байсан тул үүнийг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар маргасан.

Энэ талаар шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Засаг даргын 2001 оны 343 дугаар захирамжийн он, сар, өдөр засвартай, анхны эзэмшигч Ү.Н, Д.Г нарын газар эзэмшихээр гаргаж байсан хүсэлтүүд, газрын хувийн хэрэг дүүргийн Газрын албанд хадгалагдаагүй, байхгүй, дээрх 2001 оны 343 дугаар захирамжийн хавсралтаар анх шинээр эзэмшүүлж буй атлаа баталгаажилт гэсэн буруу тайлбартайгаар газар эзэмшүүлсэн, дүүргийн Засаг даргын 2001 оны 343 дугаар захирамж болон 2004 оны 113 дугаар захирамжууд хоёул хүчинтэй байгаа зэрэг захиргааны байгууллагын хуульд нийцээгүй үйлдлүүд тогтоогдож байна” гэж дүгнэсэн.

Гэтэл шүүх “хууль бус акт мөн” гэж дүгнэсэн атлаа зөвхөн “илт хууль бус актын шинж байхгүй” гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хууль бус актыг үндэслэн бусдын хууль ёсны дагуу олж авсан эрхийг хязгаарлаж болохгүй.

Захиргааны хэргийн шүүхийн үндсэн чиг үүргийн нэг болох иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалах, захиргааны хууль бус, алдаатай шийдвэрийг хүчингүй болгох замаар захиргааны байгууллага, албан тушаалтны хууль дээдлэх ёс буюу хуулийн хүрээнд үйл ажиллагааг явуулах зарчмыг төлөвшүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

3.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно гэж тодорхойлжээ.

Бодит байдал дээр гуравдагч этгээдүүд нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газраа эзэмшиж, ашиглаагүй, газар дээрээ нүдэнд харагдахуйц юу ч бий болгоогүй болох нь хангалттай тогтоогддог. Энэ бол гуравдагч этгээдийн тайлбарыг үгүйсгэж байгаа үйл баримт юм.

Мөн уг газрыг анхнаас нь хөөцөлдөж авсан Ж.Ог нас барсны дараа энэ маргаан бий болсон гэдгийг шүүх сайтар анхаарч, эдгээрийг бусад нотолгооны ач холбогдолтой бичгийн баримттай харьцуулан үзэж хэргийг үнэн зөв шийдвэрлэсэнгүй.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд болох Н.Таас шүүгч М.Бийг удаа дараа айлган сүрдүүлж, түүнийг үндэслэлгүй зүйлээр гүтгэн хараат бус байдалд нь халдсан. Энэ нь Н.Тын шүүгч М.Бийг сахилгын хороонд өгсөн гомдлын дагуу сахилгын хэрэг үүсгэсэн баримтаар тогтоогдоно.

Улмаар шүүгчийн зүгээс гуравдагч этгээдийн үйлдэлд хэт ач холбогдол өгч нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.2-т заасан хуулийн ялгамжтай байдлыг тодруулах боломж олгохгүйгээр шүүх хуралдааныг хүчээр хийсэн.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан захиргааны актыг хүчингүй болгуулах, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох ...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахаар заасан. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус тохиолдолд шүүх тодруулж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй гэснийг зөрчсөн гэж үзнэ.

5.Ж.Огийн эрх залгамжлагчаар О.Д томилогдон нэхэмжлэл гарган Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхэд маргаан үүсгэж байсан. Нэхэмжлэгч нарын зүгээс хэн аль нь зөрчигдсөн эрх ашгаа сэргээлгэхээр тус хэрэгтэй нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлттэй байсан.

О.Ды зүгээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар ашиглуулах тухай” 343 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотолгооны ач холбогдол бүхий баримтыг хангалттай цуглуулаагүй, нэхэмжлэгчийг маргаж буй үндэслэлийг хэрхэн няцааж байгаа болохоо шийдвэрийн үндэслэлд дурдаагүй.

Хэргийн байдлын талаарх хууль зүйн болон бодит үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 781 дүгээр шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй” гэж үзэн хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Дөрөв. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч В.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“....1. Д.Бд холбогдох хэргийн талаар:

Нэхэмжлэгч Д.Бгийн хүү буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нь Д.Б, О.А нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахтай зэрэгцэн Сүхбаатар дүүргийн Газрын алба, дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргад хандсан боловч “Ж.О, О.А нарын газар нь мэдээллийн санд бүртгэлгүй, харин Д.Бгийн газар нь мэдээллийн санд бүртгэлтэй байна” гэх агуулга бүхий хариуг 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 14/1953 дугаар албан бичгээр өгсөн байна.

Сүхбаатар дүүргийн Газрын албаны энэхүү байр суурийг Б.Г эс зөвшөөрч 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргад Д.Б, О.А нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа талаар гомдол гаргаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэл хууль бус болохыг тогтоож өгөхийг хүсчээ.

Гэтэл анхан шатны шүүх “Д.Бгийн эзэмшиж байгаа 400 м.кв газар нь гуравдагч этгээд Н.Тын эзэмшиж буй газруудтай давхцалгүй болох нь нотлогдож байна” гээд улмаар “...нэхэмжлэгч Д.Бгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй болох нь тодорхой байна” гэж дүгнэсэн нь өрөөсгөл байна.

Учир нь Д.Бгийн газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа захиргааны эс үйлдлийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад шүүх ямар нэг үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн гуравдагч этгээд Н.Тын газартай давхцалгүй тул эрх нь зөрчигдөөгүй гэж дүгнэжээ. Гэтэл Д.Бгийн газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээгээ сунгуулах хүсэлтэд Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон газар зохион байгуулалтын алба эс үйлдлээрээ татгалзсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаагаас гадна итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нь Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаснаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг нэгэнт хийсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Бгийн эрхийг зөрчсөн захиргааны эс үйлдэл тодорхой байхад анхан шатны шүүх эрх нь зөрчигдөөгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож үндэслэлгүй шийдвэрлэсэн.

2.Нэхэмжлэгч О.Аийн нэхэмжлэлийг шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн талаар:

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар ашиглуулах тухай” 343 дугаар захирамжаар 400 м.кв газрыг Үржингийн Наранцэцэг, Даваагийн Гэрэлбаатар нарт анх эзэмшүүлсэн, мөн нэхэмжлэгч О.А, Д.Б нарт газар эзэмшүүлсэн байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 113 дугаар захирамжаас 2001 оны 343 дугаар захирамж нь цаг хугацааны хувьд өмнө /түрүүлж гарсан/ гарсан гэсэн ганцхан дүгнэлтийг анхан шатны шүүх гаргаж, хэрэг маргааны үйл баримтыг бүхэлд нь харж дүгнэсэнд өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна.

Учир нь гуравдагч этгээд Н.Тын 2 нэгж талбар газар эзэмших эрх нь /2001 онд Ү.Н, Д.Г нарын нэр дээр анх үүсч, 2012 онд Д.Нт, улмаар 2013 онд Н.Тд шилжсэн харагддаг/ О.А, Ж.О нарын маргаж буй байршилд анх үүссэн гэдгийг хариуцагчид, гуравдагч этгээд болон шүүх нотлож чадаагүй болно. Зөвхөн Д.Нт 2012 онд шилжүүлэх явцад тухайн газар дээр байршил тогтоосон кадастрын зурагтай болсон байдаг.

Гэтэл одоо байршиж байгаа газраа 2004 оноос хойш хашаалан бодитойгоор эзэмшиж, байшин барин эзэмшилдээ байлгаж байгаа Д.Б, О.А, Ж.О нарын эсрэг Ү.Н, Д.Г, Д.Н, Н.Т болон Сүхбаатар дүүргийн Газрын албанаас ямар нэг гомдол, хүсэлт, шаардлагыг өнгөрсөн хугацаанд гаргаж байгаагүй. Нөгөө талаас Д.Б, О.А, Ж.О нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусах болсон, иргэн Ж.О нас барсан зэрэг нөхцөл байдлыг далимдуулан газрын эрхийг  сунгахгүйгээр 3 нэгж талбар газраас 2-ыг нь кадастрын зураггүй гэсэн шалтгаанаар газрын эзэмших эрхийг сунгахгүй байгаа захиргааны үйлдэл нь хууль бус юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн маргаж байгаа газарт Ү.Н, Д.Гын нэр дээр газар эзэмших эрх үүссэн гэдгийг нотлох баримтыг бүрдүүлсэн тул нэхэмжлэгч нь “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 113 дугаар захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч анхан шатны шүүх нь “огноо засвартай, Ү.Н, Д.Г нарын хүсэлт байхгүй, шинээр эзэмшүүлсэн атлаа баталгаажилт гэсэн” гэж үзсэн боловч эдгээр нь илт хууль бус гэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн.

Анхан шатны шүүх “илт хууль бус гэдэг /хуульч биш хүн харсан ч/ нь илт, илэрхий хууль бус захиргааны актыг ойлгоно” гээд энэ нөхцөл хангагдахгүй байна гэж дүгнэжээ. Өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн “шинээр эзэмшүүлсэн атлаа баталгаажилт гэсэн” гэх дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан “утга агуулгын илэрхий алдаатай” зохицуулалтад хамаарна гэж үзэж байна.

Анхан шатны шүүх шүүх хуралдааныг 20 гаруй удаа хойшлуулсан атлаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан тодорхой хүсэлтийг өөрийн үзэмжээр хэрэгт “илт хамааралгүй” гэж үзэн гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн, олон тооны гэрчийг асуусан атлаа тэдний мэдүүлэгт илт зөрүүтэй мэдээлэл байсан зэрэгт дүгнэлт хийгээгүй, мөн Д.Б, О.А, Ж.О нарын газар олгуулах хүсэлтэд тухайн байршилд “газар заалгаж” байсан зэрэг маш тодорхой баримтуудыг хэрэгсэхгүйгээр зөвхөн Н.Тын газрын эрх 2001 онд анх үүсэн, цаасан дээр дамжиж ирсэн байгааг зөвтгөсөн шийдвэр гаргасан.

Ж.О нас барсантай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.Д түүний газар эзэмших эрхийн өв залгамжлагчаар тогтоогдсон нотлох баримт хэрэгт авагдсан бөгөөд О.Д нь Ж.Огийн газрын эрхийг сунгуулахаар мөн шүүхээр маргаан үүсгээд явж байгаа. Анхан шатны шүүх О.Аийн газар нь гуравдагч этгээд Н.Тын мэдлийн гэх 2 нэгж талбар газартай давхардсан бол яг аль нэгж талбартай нь давхардсан гэдгийг нотлох үүргээ хэрэгжүүлэлгүйгээр шийдвэрлэсэн нь алдаатай болсон гэж үзэж байна. Зүй нь О.А, О.Д, мөн Д.Б нарын нэхэмжлэлтэй хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх нь хэрэг маргааныг нэг мөр, эцэслэн шийдвэрлэх зарчимд нийцэх юм.

Тодруулбал анхан шатны шүүх Д.Бгийн эрхийг зөрчсөн захиргааны эс үйлдэл нь бодитой байхад нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн, мөн О.А гуравдагч этгээд Н.Тын аль газартай нь маргаж байгааг эцэслэн тогтоолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн зэрэгт гомдолтой байна.

Дээр дурдсан гомдлын үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэрийн 2004 оноос газраа бодитойгоор эзэмшиж, ашиглаж байсан О.А, Д.Б нарын газрын эрхийг үгүйсгэн, газрын эрхийг 2001 оноос хойш зөвхөн цаасан дээр дамжуулан авсан гуравдагч этгээд Н.Т эрхийг хууль ёсны гэж үзсэн шийдэл нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” үндсэн зарчимтай нийцэхгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг дутуу цуглуулсан, нэхэмжлэлийн зарим шаардлагад дүгнэлт өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

            1.Иргэн Д.Бгийн тухайд өөрийн эзэмшиж буй газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүхийн шийдвэрт Д.Бгийн огт маргаагүй буюу гуравдагч этгээд Н.Тд эзэмшүүлсэн газартай газрын ямар нэгэн давхцал байгаа эсэхэд дүгнэлт өгч, улмаар газрын давхцалгүй учраас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй гэсэн үндэслэлээр түүнийг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийн “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчжээ.

            Угтаа нэхэмжлэлийн дээрх шаардлагын хүрээнд газрын давхцал бус харин Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 113 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Бд эзэмшүүлсэн, мөн газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн 400 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүй хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийх байдлаар маргааныг шийдвэрлэх учиртай.

            Нэхэмжлэгч, хариуцагч, түүнчлэн гуравдагч этгээд Н.Тын тухайд ч анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд Д.Бгийн эзэмшил газрын талаар маргаагүй болох нь тэдгээрийн тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл болон бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна. 

            Иймд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон шүүхийн дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэдэгт огт хамаарахгүй байх тул шүүх нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг “шийдвэрлэлгүй орхигдуулсан” гэж үзлээ.

            Мөн Засаг даргын 2004 оны 113 дугаар захирамжаар О.Ат эзэмшүүлсэн газрыг кадастрын мэдээллийн санд бүртгээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад холбогдох дүгнэлт огт хийгээгүй байна.

            2. Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гээс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Д.Г, Ү.Н нарын газар ашиглах эрхийг баталгаажуулсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 343 дугаар захирамжийг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ энэхүү шаардлагад шууд хамаарал бүхий дээрх нэр бүхий иргэдийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцсэнгүй.

            Нэр бүхий 2 иргэнээс цаг хугацааны хувьд ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхээс өмнө гуравдагч этгээд Н.Тын хүсэлтээр 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэрчийн мэдүүлэг авсан нь хуульд заасан гуравдагч этгээдээр оролцох эрхийг огт хязгаарлахгүй.

Тэр тусмаа маргаан бүхий газрын эзэмших эрх өөр этгээдэд шилжиж, дуусгавар болсон эсэхээс үл хамаарч Засаг даргын захирамжийг “илт хууль бусад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эрх, ашиг сонирхол нь илэрхий хөндөгдөж байгаа этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах нь шүүхийн үүрэг бөгөөд харин оролцох эсэх нь тэдгээрийн эрхийн асуудал болно.

Гэтэл шүүхийн шийдвэрт “…Д.Г, Ү.Н нарын газар эзэмших эрх Д.Нт шилжсэнээр дуусгавар болсон тул гуравдагч этгээдээр оролцуулах хууль зүйн үндэслэлгүй, …тэдгээрийг гэрчээр асууж, тайлбар авсан” гэх байдлаар гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй шалтгаанаа тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн Д.Наас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай гуравдагч этгээд Н.Тын гаргасан хүсэлтийг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 6497 дугаар шүүгчийн захирамжаар хангасан атлаа мэдүүлэг аваагүй, гэтэл 2-р хх-ийн 228-р талд авагдсан Д.Нын бичгийн тайлбарт тэрбээр 10 сая төгрөгийн өрөндөө тооцож гуравдагч этгээд Н.Тд 2013 онд эзэмших эрхийг нь шилжүүлсэн гэх одоогийн маргаан бүхий газрыг анх Д.Г, Ү.Н нараас бус харин иргэн Т гэх хүнээс худалдаж авсан тухайгаа бичсэн байх тул энэ талаар болон бусад хэрэгт хамаарал бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд Д.Наас, мөн түүнд газар зарсан гэх Таас тус тус гэрчийн мэдүүлэх авах нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Мөн дээрх тайлбарт “…тухайн үед Батхүү, түүний эхнэр, аав, ээж гээд хүмүүс байсан ба байшингаа барихад нилээд хөрөнгө мөнгө зарцуулсан тул зөвхөн байшингийн сууриар ч хамаагүй газар үлдээгээч, таны хашаа, газрыг харж өгч байя гэж гуйж, Сүхбаатар дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч 1 залуу хүртэл ийнхүү гуйгаад байсан тул байшин барьсан хэмжээгээр дутсан газрыг дээш нь сунган, кадастрын зургийг шинэчлэн гаргаж өгч байсан…” гэх үйл баримтыг тодруулан шалгах, шаардлагатай бол холбогдох нотлох баримтыг цуглуулах нь зүйтэй.

Үүнээс гадна гуравдагч этгээд Н.Тын нотлох баримт цуглуулахтай холбогдуулан 2020 оны 4 дүгээр сарын 3, 17, 8 дугаар сарын 14, 9 дүгээр сарын 17, 10 дугаар сарын 26-ны өдөр тус тус бичгээр гаргасан хүсэлтийн заримыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шийдвэрлэсэн хүсэлтүүдийн тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчдын шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргах эрхийг хангаагүй байх тул тэдгээр хүсэлтүүдэд дурдсан нотлох баримтууд хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой эсэхийг дахин нягтлах шаардлагатай.

Дүүргийн Засаг даргын 2001 оны 343 дугаар захирамжаар баталгаажсан Д.Г, Ү.Н нарын ашиглах эрх бүхий тус тусын 400 м.кв газрын кадастрын зураг тухайн газрын эрхийг 2012 онд Д.Нт шилжүүлэх хүртэл 10 гаруй жилийн хугацаанд чухам ямар шалтгаанаар хийгдээгүй болохыг, анхан шатны шүүхэд хянагдаж байгаа гэх О.Ды нэхэмжлэлтэй захиргааны хэрэг энэхүү хэрэгтээ хэрхэн хамааралтай болох, нэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар нэгтгэн шийдвэрлэх боломжтой эсэхийг, цаашлаад нэхэмжлэлийн шаардлагыг ч тус тус тодруулах нь зүйтэй.

Тухайлбал энэхүү нэхэмжлэлийг О.А, Д.Б нар гаргасан, харин Ж.Огийн тухайд О.Ды нэхэмжлэлтэй тусдаа захиргааны хэрэг хянагдаж байгаа талаар давж заалдах гомдолдоо дурдсан атлаа Ж.Огийн эзэмшиж байсан газрыг кадастрын мэдээллийн санд бүртгээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, бүртгэхийг даалгах нэхэмжлэл гаргаж буй нь ойлгомжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 781 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч В.Эын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН