Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2020/0781

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 15 өдөр               Дугаар 128/ШШ2020/0781                   Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.А, Д.Б

Хариуцагч: СБЗД  

Хариуцагч: СДГЗБА  

Гуравдагч этгээд: Н.Т

Нэхэмжлэлийн шаардлага:

            1. “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар захирамжийн хавсралтын 58 дугаарт Ж.О, 59 дүгээрт О.А нарт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьт хэмээх газарт зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай 800 м.кв олгогдсон газрын мэдээллийн санд бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ж.О, О.А нарын газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах”,

            2. Иргэн О.А, Д.Б нарын Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьт хэмээх газарт зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газрын “Газар эзэмших эрхийг гэрчилгээг” сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, О.А, Д.Б /Ж.О/ нарт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьт хэмээх газарт зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газрын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг” сунгахыг даалгах,

            3. “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар ашиглуулах тухай” 3** дугаар захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, өмгөөлөгч В.Э, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М гуравдагч этгээд Н.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар захирамжийн 58 дугаарт миний аав Ж.О 400 м.кв га газар эзэмших 0***** дугаартай гэрчилгээ, миний нөхөр Довчин овогтой Б 400 м.кв га газар 0****** дугаартай газар эзэмших гэрчилгээтэй, 59 дүгээрт миний бие О.А 400 м.кв га газар 0****** дугаартай гэрчилгээтэй тус тус С****** дүүргийн 1* дугаар хороо, Ш******** хэмээх газарт зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших зөвшөөрөл авсан.   

Хууль ёсны дагуу эзэмшиж байсан газар дээрээ 312 м.кю талбай бүхий хувийн сууц, гараж барьж үл хөдлөх эд хөрөнгийн 0******дугаартай гэрчилгээг 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр авсан.

Бид өөрийн эзэмшил газарт хашаа барьж, цахилгаан татаж бохирын цооног гаргасан. Газрын төлбөрт 2004-2019 оны газрын төлбөрөө тогтмол хугацаанд нь төлсөн. Мөн цахилгааны эрчим хүчний гэрээг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай байгуулж төлбөрийг тогтмол төлж, манаач байнга цалинжуулж ажиллуулдаг болно.

Бид 2004 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан цагаас хойш дээр тасралтгүй 5 жил өөрийн газрыг хашаалан, орон сууц хүртэл барьж өнөөг хүртэл амьдарч ирсэн.

2019 оны 05 дугаар сард газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахтай зэрэгцэн Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу Газар эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гаргахад “...зөвхөн Д.Бгийн газар байна., Ж.О, О.А нарын газар алга байна ...” гэж газар зохион байгуулагч Ц.аар хэлсэн.

Энэ тухай тодруулж асуухад хариу өгөхгүй байсан, очиж уулзахаар “дарга байхгүй хариу өгөх боломжгүй байна” гэсэн хариу өгсөн тул Сүхбаатар дүүргийн Засаг даргад 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өргөдөл гаргахад 2019 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 14/19** дугаар албан бичгээр “...бусдын газрыг чөлөөлөх нь зүйтэй...” гэсэн хариу өгсөн болохыг бидэнд өгөлгүй нууцалж байсныг энэ сарын 14-ний олж мэдэж авсан.

Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон түүний харьяа Газар зохион байгуулалтын албаны алба тушаалтнууд Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14-д “улсын хэмжээнд газрын кадастрын бодлогыг хэрэгжүүлэх, улсын газрын мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан эсхүл санаатай зохион байгуулалттайгаар бидний өмчийн хуульд нийцэж буй мэтээр харагдуулан дээрэмдэж байгаа хууль бус үйлдэл мөн.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” үндэслэл тогтоогдохгүй байхад бидний Үндсэн хуулиар болгосон газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж, бидэнд мэдэгдэлгүйгээр бидний эзэмшилд байгаа газрыг бусдад олгох гэж улайран бидний газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа буюу эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зөрчигдсөн эрхийг маань сэргээж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.О, Д.Ба*****, О.Ал******** нар нь 3 нэгж талбарыг 2004 онд зохих захирамжийн дагуу үүсгээд 2004 оноос хойш 2020 он буюу 16 жилийн хугацаанд газраа бодитоор эзэмшиж, хашаалаад хөрөнгө оруулалт хийгээд энэ газар эзэмших эрхээ өнөөдрийг хүртэл өөрсдийн мэдэлд байлгаад явж байгаа. Захирамж нь 2004 он гэж байгаа боловч 2003 оных нь намраас ажил эхэлчихсэн байдаг. Өөрөөр хэлбэл газар зохион байгуулагчийн газар дээрээ байшинтай юм байна гээд О-ийн хүсэлтийн ард тэмдэглэгээ хийсэн, газрын эрхийг нь олгоход татгалзах зүйлгүй гэсэн газрын даамлын цохолт байдаг. 2003 оноос хойш эдийг хүртэл энэ газартаа 3 үеэрээ амьдран сууж байдаг хүмүүс. Газар эзэмших эрхийн хугацаа дуусахын алдад Сүхбаатар дүүргийн газрын албанд хандсан боловч энэ газар өөр хүмүүсийн нэр дээр кадастрын мэдээллийн санд өөр хүмүүс дээр байна гэдэг асуудал 2020 онд нэхэмжлэл гаргахаас өмнө гарсан бөгөөд үүний дагуу урьдчилан шийдвэрлэх бүх ажиллагаа хийгдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ хүмүүс энэ газрыг хуульд зааснаар ном журмын дагуу эзэмшсэн, өнөөдрийг хүртэл эзэмшилдээ байлгаж байгаа шударга эзэмшигч хүмүүс байгаа ийм учраас эдгээр хүмүүсийн шүүхэд хандаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

2001 оны Ү.Н, Д.Г нарт олгогдсон нэгж талбарын захирамж дээр баталгаажилт гэсэн байгаа. Баталгаажилт гэдэг нэр томъёо Газрын тухай хуульд байхгүй гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Гэвч Нийслэл, дүүргийн аль ч газрын албаны зүгээс газрын эрхийг олгохдоо газар эзэмших захирамжийн ард 3 тайлбар дангаараа явж байдаг. Нөхөн олголт, баталгаажилт, шинээр олгох гэж. Ү.Н, Д.Г нар дээр байгаа захирамжийн ард талын баталгаажилт гэдэг логикийн хувьд баталгаажилт гэдэг нь 2001 оны захирамж гарахаас өмнө тэр газар дээрээ хашаалчихсан, барилга байшин барьчихсан, хэдийгээр газрын хуулийн дагуу ном журмын дагуу аваагүй боловч ямар нэгэн зөрчилгүй байна, эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй гэж үзээд газрын эрх бүхий байгууллагаас газрын эрхийг нь шийдэж байгаа тохиолдолд баталгаажилт гэдэг байдлаар бичиж явдаг. Шинээр олгох гэдэг нь ойлгомжтой. Бодитоор эзэмшил үүсчихсэн нөхөдүүдийг газрын хуулийн дагуу албан ёсны болгохдоо баталгаажилт гэдэг томьёоллоор авдаг. Нөхөн гэдэг бол сүүлж нь материал юм хум нь гарахгүй байж байгаад хожим хойно нөхөж олгосон, нөхөн олгов гээд гэрчилгээг нь нөхөн олговроор бичээд өгчихсөн байдаг. Хүсэлтээ гаргаад он удаан жил удчихсан байсныг хожим хойно захиргааны процест нөхөж гаргахаараа дээр нь нөхөн олгов гэсэн захирамжтай байна.

Баталгаажилт гэдэг нь хүсэлтээ өгөөд түүний нь дагуу шийдээд явж байгаа. Нөхөн олголтын хувьд тэр хоёрын хооронд хоног хугацааны маш олон ялгаа байгаад байх шиг байгаа юм” гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шаргаморьтын зусланд дүүргийн Засаг даргын 2004 оны ... дугаар захирамжаар иргэн Ж.О, О.А нарт тус бүр 400 м.кв газрыг эзэмшүүлсэн боловч тус иргэдийн захирамжийн хувийн хэрэгт тухайн үед газар эзэмших хүсэлт гаргасан схем зураг болон ямар нэгэн кадастрын зураг байхгүй. Мөн тус албаны мэдээллийн санд кадастрын зураг бүртгэлгүй байгаа болно.

Иймд дээрх иргэдэд анх ямар байршилд газар эзэмшүүлсэн нь тодорхойгүй газар эрхийн хугацаа нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон зэргээс харахад бусдад давхцуулан эзэмшүүлсэн гэж харагдахгүй байна.

Тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шарга морьт зусланд иргэн Д.Бд дүүргийн Засаг даргын 2004 оны ... дугаар захирамжаар 400 м.кв газар эзэмшүүлж улмаар мэдээллийн санд кадастрын зураг нь бүртгэлтэй байна.

Маргаан бүхий газар дүүргийн Засаг даргын 2001 оны ... дугаар захирамжаар иргэн Д.Г, Ү.Н нарт тус тус газар эзэмшүүлсэн ба улмаар дүүргийн Засаг даргын 2012 оны ... дугаар захирамжаар тус бүр 473 м.кв газрыг иргэн Д.Нт газар эзэмших эрхээ шилжүүлсэн байна.

Мөн иргэн Д.Н нь дүүргийн Засаг даргын 2013 оны 3** дугаар захирамжаар иргэн Н.Т газар эзэмших эрхээ шилжүүлсэн ба газар эзэмших эрхийн хугацаа дуусч тус албанд хүсэлт гаргаснаа дүүргийн Засаг даргын 2019 оны А/92 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг тус тус сунгасан байна.

Иймд Ж.О********, О.А******* нарын нэхэмжлэлийн мэдээллийн санд кадастрын зураг бүртгүүлэх газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шаардлагуудыг хүлээн авах боломжгүй юм” гэжээ.

Гуравдагч этгээд Н.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Н.Т би иргэн Даваахүү овогтой Нын хууль ёсны дагуу эзэмшиж байсан зуслангийн газрын энэ хүнээс 10 сая төгрөгийн авлагаа авч чадахгүй байсан тул өөрийн нэр дээр шилжүүлэх авахаар Д.Н******* тохиролцсон 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, Сүхбаатар дүүргийн Газрын албанд хүсэлт гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 3** дугаар захирамжаар хуулийн дагуу шилжүүлж авч байсан болно.

Ийнхүү Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ...дугаар захирамжийг үндэслэн 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр энэхүү зуслангийн газрын хууль ёсны эзэмшигчийн гэрчилгээг гаргуулах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Газрын албанд гаргаж, холбогдох материалуудыг хууль, журамд заасныд агуу бүрдүүлж өгснөөр Газар эзэмших эрхийн гэрчилгээний 00***** дугаартай, улсын бүртгэлийн 18************** дугаарт бүртгэгдсэн, кадастрын зургийн нэгж талбарын 18*********** дугаар бүхийн 473 м.кв газар, газар эзэмших эрхийн гэрчилгээний 00******** дугаартай, улсын бүртгэлийн 186********** дугаарт бүртгэгдсэн, кадастрын зургийн нэгж талбарын 18* дугаар бүхий 473 м.кв газрын хууль ёсны эзэмшигч болсон юм.

Мөн газар эзэмших эрхийг авсан энэхүү зуслангийн газрын төлбөрийн ч хуулийн дагуу бүрэн төлж ирсэн ба эдгээр баримтууд эх хувиараа надад хадгалагдаж байна.

Анх газар эзэмших эрхийг шилжүүлж авахдаа Сүхбаатар дүүргийн Газрын алба,  Нийслэлийн газрын албанаас тухайн газарт давхар эзэмшигч бүртгэлтэй эсэх, кадастрын зургийн давхцал байгаа эсэхийг шалгуулахд иргэн Д.Н н хууль ёсны цорын ганц эзэмшигч бөгөөд энэхүү  газар дээр давхар бүртгэлгүй, кадастрын зураг давхцал байхгүй болохыг Сүхбаатар дүүргийн Газрын албаны бүртгэлийн мэргэжилтэн Б.Б, Шарга морьт зуслангийн газрыг хариуцсан мэргэжилтэн газар зохион байгуулагч С.Мг болон Нийслэлийн Газрын албаны бүртгэлийн мэргэжилтэн н.У нар шалгаж, баталж хэлж өгсөн тул хуулийн дагуу, үнэн шударгаар энэхүү зуслангийн газрыг эзэмших эрхийг шилжүүлж авч байсан болно. Одоо ч энэ газрын хууль ёсны шударга эзэмшигч нь На**** овогтой Т**** миний бие мөн юм.

Учир нь би бээр хууль ёсны дагуу эзэмших эрхийг авсан газрынхаа хугацааг сунгуулах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Газрын албанд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/9* дугаар захирамжаар 15 жил буюу 2035 он хүртэл эзэмших эрхийн хугацааг сунгаж өгч шийдвэрлэсэн тул 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд газар эзэмших гэрчилгээгээ шинээр гаргуулах хүсэлтийг холбогдох баримтуудыг бүрэн бүрдүүлж өргөдөл гаргасан юм.

Энэ хугацаанд иргэн О.А, Д.Б нар хууль бусаар миний газрыг булааж авахаар, газрын мэргэжилтэн Ц.Ттой үгсэн хуйвалдаж маргаан үүсгэж байсан бөгөөд миний бие хууль ёсны эрхээ эдлэж гэрчилгээгээ гаргуулах, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар тус Сүхбаатар дүүргийн Газрын албанд гомдол гаргаж шалгуулснаар хууль ёсны эзэмшигч нь Н овогтой Т миний биеийг мөн гэж үзэж, газар эзэмших эрхийг 15 жилээр сунгасан газар эзэмших эрхийн гэрчилгээг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөр тус тус гаргаж өгч шийдэрлэж байсан билээ.

Түүнчлэн О.А, Д.Б нарын гаргасан нэхэмжлэлийг хүлээж аваад анх газар эзэмших эрхийг шилжүүлж авч байсан иргэн Д.Нтай утсаар холбогдож тодруулахад өмнө нь энэ газрыг иргэн Н.Т  /миний бие биш/, н.Г, н.Н нар хууль ёсны адгуу эрхийг нь авч эзэмшиж байсан ба эдгээр иргэдийг гадаад улсруу явсан байхгүй байх хугацаанд энэхүү зуслангийн газар дээр иргэн О.А, Д.Б, Ж.О нар нь байшин барьж, хууль бусаар эзэмшиж байсныг  эдгээр хүмүүс мэдсэнээр Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандан шалгуулж мөн л хууль бус гэдгийг нь тогтоосон байна.

Сүхбаатар дүүргийн Газрын албанд эдгээр иргэдээс гаргасан хүсэлт, гуйлтын дагуу нэгэнт байшин барьсан байсан тул байшин барьсан хэсгийг газрыг Д.******** нэр дээр үлдээ, улсын нэгдсэн бүртгэлийн санд бүртгэж, иргэн н.Т*******, Д.Гэ******, Ү.Н******** нарын газрыг дээш нь сунгаж газрыг нь нөхөж олгосны дагуу улсын нэгдсэн бүртгэлийн санд бүртгэж, гэрчилгээ болон кадастрын зургийг нь шинээр гаргаж өгч шийдвэрлэж байжээ.

Мөн түүнчлэн Д.На********* газрын эрхээ шилжүүлэх үедээ надад эх хувиар нь хүлээлгэн өгсөн. Д.Гэ********, Ү.На********, Д.На********* нарын Улаанбаатар банкинд төлсөн 2003-2012 оны зуслангийн газрын төлбөр төлсөн баримтууд одоо ч надад эх хувиараа хадгалагдаж байгаа юм.

Иймд байдлаар иргэн О.Ал******, Д.Ба*****, Ж.Ор********* нар нь анхнаасаа хууль бусаар хүний газар эзэмших, булаах үйлдэл гаргаж байсан төдийгүй одоо ч хуулийн дагуу  эзэмшиж байгаа миний газрыг луйварын байдлаар булаахаар шүүхэд нэхэмжлэл хүртэл гаргаж, ичгүүргүй үйлдэл гаргасаар байгаа юм байна. Мнийн бие 2 жилийн өмнө ээжийнхээ хамтаар зуслангийн газраа очиж эргэхэд модон хашааны маань байршлыг нь өөрчилж татсан байсан тул хэн, ямар учраас хашааг маань буулгаж, байршлыг нь өөрчилсөн болохыг асуухад эдгээр хүмүүс Сүхбаатар дүүргийн газрын албаны хүмүүс ингэж хашааг буулгаж өөрчилсөн гэсэн тайлбарыг өгч байсан бол энэ өвөл очиж эргэхэд модон хашааг авч, миний газрыг дундуур нь тасалж өөрийн байшинг оруулан төмөр хашаа татсан байсан тул Сүхбаатар дүүргийн Газрын албанаас  тодруулахад  манайхаас ингэж өөрчлөөгүй, тийм юм байхгүй гэж хэлсэн.

Н.Т би өрх толгойлсон эмэгтэй ба өөрийн хүүгийн хамт амьдардаг, мөн 2010 онд ипотекийн байрын зээл авч орон сууц худалдаж авсан, сар бүр зээлийн байрны төлбөр болон хүүхдийн сургалтын төлбөр, амжилгааны зардалдаа цалин маань хүрэлцэхгүй таардаг тул тэр бүр очиж эргэж тойрч чаддаггүй, бага багаар хуримтлал үүсгэж явдаг. Ийнхүү хашаагаа хүртэл эдгээр хүмүүст алдсан тул модон хашааны үнийг эдгээр иргэдээс гаргуулж, хуучин байсан байдлаар нь хашааг бариулах шийдвэр гаргаж өгч хохирлыг маань барагдуулж өгнө үү.

Мөн О.Ал*********, Д.Б******, Ж.О***** нарын иргэдийн хууль бусаар бусдын газар булаахаар удаа дараа гаргасан хууль бус үйлдэлд нь болон хууль ёсны дагуу газар эзэмших эрхийг авсан надад удаа дараа хүндрэл учруулан цаг зав алдуулж, хий дэмий олон бичиг цаас болгож нэр төр, хууль ёсны эрхэд мань ноцтойгоор халдаж, эрхийг маань ноцтой зөрчиж байгаа эдгээр иргэдийн хууль бус үйлдэлд нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу хуулийн хариуцлага тооцуулах хүсэлтийг гаргаж байгаа тул Зөрчлийн тухай хууль болон бусда холбогдох хуулийн дагуу зохих хуулийн хариуцлага тооцож, хохирлыг маань барагдуулж үнэн шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

          Нэхэмжлэгч О.Ал*******, Д.Ба****** нар нь эцсийн байдлаар:

 1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар захирамжийн хавсралтын 58 дугаарт Ж.О, 59 дүгээрт О.Ал* н*********арт С********** дүүргийн 1* дүгээр хороо, Ш********** хэмээх газарт зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай 800 м.кв олгогдсон газрын мэдээллийн санд бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ж.Ор*********, О.Ал******** нарын газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах”,

          2. Иргэн О.Ал*, Д.Б****а* нарын Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Ша********хэмээх газарт зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газрын “Газар эзэмших эрхийг гэрчилгээг” сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, О.Ал******, Д.Б*******/Ж.О********/ нарт Сү******* дүүргийн 1* дүгээр хороо, Ш********* хэмээх газарт зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газрын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг” сунгахыг даалгах,

             3. “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар ашиглуулах тухай” 3** дугаар захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

           Энд тэмдэглэхэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь шүүх хуралдаанд “энэ хэргийн нэхэмжлэгч нь зөвхөн О.А*********, Д.Б********** нар юм, харин Ж.О*******нас барсан учир түүний өвлөгч буюу эрх залгамжлагч О.Долгион нь энэ асуудлаар тусдаа тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа” гэсэн агуулгаар тайлбарласан болно.

           Шүүх Д.Б***** холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Д.Б* х******олбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, О.Аийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэгч Д.Бд холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Д.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

           Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбарт[1] “...Тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шарга морьт зусланд иргэн Д.Бд дүүргийн Засаг даргын 2004 оны ... дугаар захирамжаар 400 м.кв газар эзэмшүүлж улмаар мэдээллийн санд кадастрын зураг нь бүртгэлтэй байна” гэсэн байна.

           Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3/18** тоот албан бичгийн[2] 3-д зааснаас үзэхэд “... Д.Бгийн кадастрын зураг нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй болох нь нотлогдож байх ба мөн уг албан бичигт хавсаргасан мэдээллийн сангийн зурган мэдээллүүд, агаар сансрын зурагтай давхцуулсан зургуудаас үзэхэд Д*********.Б* эзэмшиж байгаа 400 м.кв газар нь гуравдагч этгээд Н.Тын эзэмшиж буй газруудтай давхцалгүй болох нь нотлогдож байна.

           Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 14/19**** тоот албан бичиг[3], мөн тус албанаас ирүүлсэн нэгж талбарын ... дугаар бүхий Д.Бгийн кадастрын зураг[4] болон агаар сансрын зургаас үзэхэд Д.Бгийн газар нь Н.Тын эзэмшиж буй газруудтай давхцалгүй болох нь тодорхой нотлогдож байна.

           Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон гуравдагч этгээд нь Д.Бгийн нэгж талбарын 14******** дугаар бүхий газар нь Н.Тын эзэмшиж буй газруудтай давхцалгүй болохыг хүлээн зөвшөөрсөн агуулгаар шүүх хуралдаанд тайлбарласан болно.

           Дээр дурдсан нотлох баримтууд буюу үйл баримтуудаас үзэхэд Д.Бгийн эзэмшиж буй нэгж талбарын 14*******дугаар бүхий газар[5] нь гуравдагч этгээдийн эзэмшиж буй газруудтай давхцалгүй болох нь нотлогдож байх бөгөөд Д.Б нь уг нэгж талбарын 14****** дугаар бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж байх тул нэхэмжлэгч Д.Бгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй болох нь тодорхой байна гэж шүүх дүгнэлээ.

           Иймд дээр тайлбарласан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.Б****** эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй нь болох нь илт тодорхой нотлогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасны дагуу Д.Бд холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Д.Б****** холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            

           Нэхэмжлэгч О.Алд******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн тухайд:

           Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар ашиглуулах тухай” 3** дугаар захирамжаар 400 м.кв газар / Шаргаморьтын зусланд байрлах/-ыг Ү-гийн Н, Да* Гэ******* нарт тус бүр баталгаажилт гэсэн тайлбартайгаар 5 жилийн хугацаатай, зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн ба 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 0***** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээнээс[6] үзэхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаар захирамжаар Үр******* На*********, Да********* Гэ***** нарын эзэмшиж байсан тус бүр 473 м.кв газрыг Д.На********* эрх шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

           Улмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ...дугаар захирамжаар дээрх газруудыг Д.Наас Н.Тд эрх шилжүүлэн эзэмшүүлсэн байх ба тус дүүргийн Засаг даргын 2019 оны А/*2 дугаар захирамжаар гуравдагч этгээд Н.Ту******** эзэмшиж байгаа газруудын эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар тус тус сунгасан байна.

           Харин Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” ... дугаар захирамжаар Шаргаморьтын зусланд байрлах 400 м.кв газрыг О.А, Д.Б нарт тус бүр 15 жилийн хугацаатай, зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн байна.

           Ж.О*, Д******.Б******, О.Ал****** нар 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших өргөдөл гаргасан болох нь өргөдөл[7], бүртгэл хяналтын карт зэргээр нотлогдож байна.

           Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан ба уг хуулийн зохицуулалт нь цаг хугацааны хувьд өмнө, түрүүлж газар эзэмших, ашиглах эрх үүссэн, түрүүлж хүсэл зоригоо илэрхийлсэн,  хүсэлт гаргасан этгээд давуу эрхтэй, бусдын эзэмшил, ашиглалт үүссэн газарт газар эзэмшүүлэхийг хориглосон агуулгыг илэрхийлнэ.

           Дээрх газар эзэмшүүлсэн үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч О.А, Д.Б нарт газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар захирамжаас цаг хугацааны хувьд өмнө дүүргийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3** дугаар захирамж гарсан байна.

           Иймд дээрх дүүргийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар захирамж болон 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1** дугаар захирамжууд гарсан цаг хугацааны дарааллаас харахад нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх цаг хугацааны хувьд түрүүнд үүссэн гэж үзэхээргүй байна.

           Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас үзэхэд[8] нэхэмжлэгч нар нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай” гэж заасан үндэслэлээр дүүргийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байна.

           Нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй дээрх Засаг даргын 2001 оны ... дугаар захирамж нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна гэж шүүх үзлээ.

           Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д захиргааны актыг илт, илэрхий хууль бусад тооцох үндэслэлүүдийг тусгайлан тоочиж заасан ба хуульд заасан эдгээр илт хууль бус актад тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй бол захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож болохгүй.

           Илт хууль бус захиргааны акт гэдэг нь хэн ч харсан (хуульч биш хүн харсан ч) илт, илэрхий хууль бус захиргааны актыг ойлгоно.

           Маргаан бүхий дүүргийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар захирамж болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд захиргааны байгууллагын дараах хууль нийцээгүй үйлдлүүд байна. Үүнд:

  • Засаг даргын 2001 оны ... дугаар захирамжийн он, сар, өдөр засвартай,
  • анхны эзэмшигч Ү.Н, Д.Г нарын газар эзэмшихээр гаргаж байсан хүсэлтүүд, газрын хувийн хэрэг дүүргийн газрын албанд хадгалагдаагүй, байхгүй,
  • дээрх 2001 оны ... дугаар захирамжийн хавсралтаар анх шинээр эзэмшүүлж буй атлаа баталгаажилт гэсэн буруу тайлбартайгаар газар эзэмшүүлсэн,
  • дүүргийн Засаг даргын 2001 оны 3*** дугаар захирамж болон 2004 оны ... дугаар захирамжууд хоёул хүчинтэй байгаа зэрэг захиргааны байгууллагын хуульд нийцээгүй үйлдлүүд тогтоогдож байна.

           Гэсэн хэдий ч захиргааны байгууллагын дээрх хуульд нийцээгүй үйлдлүүд нь Засаг даргын 2001 оны ... дугаар захирамжийн холбогдох хэсгийг илт, илэрхий хууль бус болохыг тогтоох хэмжээний үндэслэлд хамаарахгүй байна гэж шүүх үзлээ.   

           Дээрх үндэслэлүүдээр шүүх О.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Д.Г, Ү.Н нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй үндэслэлийн тухайд:

           Д.Гэ****** Ү.Н******** нар нь хүсэлт гаргаж маргаан бүхий газруудыг Д.Н********** шилжүүлснээр Д.Гэ********, Ү.На****** нарын газар эзэмших эрх дуусгавар болсон тул Д.Гэ*********, Ү.На********** нарыг тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах хууль зүйн үндэслэл үүсэхгүй.

           Харин Д.Гэ********, Ү.На******** нарыг тус хэрэгт гэрчээр асууж, тайлбар авсан болно.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.******** холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Д.Б*******холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1.1-47.1.7, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар захирамжийн хавсралтын 58 дугаарт Ж.О*****, 59 дүгээрт О.Ал******** нарт Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, Ша******** хэмээх газарт зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай 800 м.кв олгогдсон газрын мэдээллийн санд бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ж.О, О.А нарын газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах”, “иргэн О.А, Д.Б нарын Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьт хэмээх газарт зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газрын “Газар эзэмших эрхийг гэрчилгээг” сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, О.А******, Д.Б*****/Ж.О*******/ нарт Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, Ш******** хэмээх газарт зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газрын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг” сунгахыг даалгах, “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар ашиглуулах тухай” 3** дугаар захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч О.А******** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч О.А********, Д.Б******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.БАТЗОРИГ

                  

 

 

 

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 55 хуудас

[2] 2 дугаар хавтаст хэргийн 33-34 хуудас

[3]  1 дүгээр хавтаст хэргийн 21 хуудас

[4] 2 дугаар хавтаст хэргийн 71 хуудас

[5] 2 дугаар хавтаст хэргийн 71 хуудас

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 70 хуудас

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 140-141 хуудас

[8] 2 дугаар хавтаст хэргийн 226-227 хуудас