Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00343

 

Д.Э, Н.Л нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/01549 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2100 дугаар магадлалтай,

 

Д.Э, Н.Л нарын нэхэмжлэлтэй,

Ч.Б, “Ч” ХХК-д холбогдох,

 

Хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, компанийн 50 хувийг Ч.Бгаас буцаан гаргуулах, барилгад хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн нийт 3.246.303.660 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Ч.Бгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э, Н.Л тэдгээрийн өмгөөлөгч Н.Энхчимэг, Л.Сарангуа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Н.Энхцэцэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Э, Н.Л нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид Ч.Бтай олон жилийн өмнөөс хамтран бизнес эрхэлж нөхөрлөж байсан. Тэрээр  Чингэлтэй дүүргийн 1-р хороонд “Финанс” төвийн барилгыг барьж байхдаа хөрөнгө оруулалт хийхийг хүссэн бөгөөд барилга Д.Эын эзэмшлийн “ОЭТ” ХХК-ийн нэр дээр 2001 оноос эхлэн баригдсан. Барилгын газар авах, зураг төсөл, дэд бүтэц, бичиг баримт бүрдүүлэх зэргээс эхлээд барилга угсралтын ажил нь 2004-2010 он хүртэл үргэлжилсэн. Д.Э барилгыг барихад хөрөнгө оруулалт хийж 621.000 ам.доллар, 77.800 еврог Ч.Бд өгсөн ба талууд 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлж хариуцагч мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Мөн Н.Л 2007-2010 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл өөрийн нэрээр дансаар Ч.Бд барилга барихад хөрөнгө оруулалтаар 893.200 ам.доллар шилжүүлсэн.

Гэтэл Ч.Б нь Д.Эыг гадаадад ажиллаж амьдарч байхад түүнд мэдэгдэлгүйгээр “ОЭТ” ХХК-ийн 2006 оны жилийн эцсийн тайлангаар барилгыг 623.000.000 төгрөгийн үнээр “Ч” ХХК-ийн баланст хуурамчаар гарын үсэг зурж, шилжүүлэн авсан болох нь Чингэлтэй дүүргийн прокурорын 513 тоот тогтоолоор тогтоогдсон.

Н.Л 2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Эхгазрын эрдэнэс” ХХК-ийг 100 хувь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, уг компанийн эзэмшилд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 4.025 га газар байдаг. Тухайн үед уг газарт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой байсан бөгөөд Ч.Б хамтран ажиллах хүсэлт гаргаж компанийн хувь нийлүүлэгчээр орох хүсэлт гаргасан. Иймд түүний хүсэлтийг хүлээн авч компанийн гишүүнээр авч, харилцан ашигтай, хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийнэ гэж тохиролцож, 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хувьцааны 50 хувийг бэлэглэлийн болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн. Гэвч Ч.Б 50 хувийн хувьцааг шилжүүлэн авснаасаа хойш хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд өөрийн хүсэлтээр гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн. Н.Лхамсүрэн, Ч.Б нарын хооронд байгуулсан гэрээ нь бэлэглэлийн гэрээ гэх нэртэй боловч бид хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах зорилгоор хамтран ажиллахаар гэрээ байгуулсан тул хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн компанийн 50 хувийн хувьцааг буцаан гаргуулж, барилгад хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн ам доллар, еврог нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож, нийт 3.246.303.660 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Б, “Ч” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.Б нь  Нийслэлийн Хангарьд ордны ард Финанс центерийн барилгын ажлыг эхлүүлэх гэсэн боловч өөрийн гэсэн компанигүй байсан тул Д.Эын гүйцэтгэх захирлаар ажилладаг “ОЭТ” ХХК-ийн баланст бүртгүүлж, барилгын ажлыг эхлүүлсэн. Тэрээр тухайн компанийн нэр дээр барилга барьж байсан боловч  “ОЭТ”  ХХК-ийг  “Увс хүнс” ХХК-д худалдахаар болж, Д.Э  хөрөнгөө  авахыг хүссэн. Дутуу баригдсан 3 давхар карказыг 630.000.000 төгрөгөөр балансаас балансад шилжүүлэн авсан. Ч.Б нь Н.Лхамсүрэн, Д.Э нарын захиалгаар Хан-Уул дүүргийн Анома 5б байрыг 319.636.772 төгрөгийн төсөвтэй, 2009 онд Ч.Бгийн аав Чойжилсүрэнгийн захиалгаар 15 айлын 8 автомашины гарааштай барилгыг 790.888.213 төгрөгийн төсөвтэйгээр барьж Д.Эд хүлээлгэж өгсөн. Мөн 6 дугаар бичил хороололд үйлчилгээний төв, гараажийн хамтаар 2008 онд барьж гүйцэтгэсэн. Тус барилгыг барихад  200.213.613 төгрөгийн төсөв гарсан. Эдгээр барилгуудыг барих төсвийн үнэ 1.310.738.595 төгрөг болсон. Финанс төвийн барилгын ажил 2004 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эхэлж, 2010 онд улсын коммисст бүрэн хүлээлгэж өгсөн.  Н.Лхамсүрэн, Д.Э нараас барилга барихад ямар ч хөрөнгө оруулалт аваагүй, зөвхөн өөрсдийнх нь хүсэлтийн дагуу барилга барьж өгөхөд зарцуулсан хөрөнгө  юм. 

“Эхгазрын эрдэнэс” ХХК-ийн хувьцааг 2010 оны 2 сард шилжүүлсэн, Улсын бүртгэлд бүртгэгдсэн тул хуулийн дагуу ажиллагаа хийгдсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан. 2001-2007 оны хооронд болсон үйл явдал бөгөөд хуулиар гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан. Ч.Б эдгээр хүмүүсийн шилжүүлсэн мөнгөөр нийт 3 барилгыг барьж хүлээлгэж өгсөн. Ч.Б 2006 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн байгуулсан “Эхгазрын эрдэнэс” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшигч бөгөөд 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Н.Лхамсүрэнтэй байгуулсан “Эхгазрын эрдэнэс” ХХК-ийн хувьцаа бэлэглэх, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр 50 хувийн хувьцааг хууль ёсоор шилжүүлэн авч хувьцаа эзэмшигч болсон. “Эхгазрын эрдэнэс” ХХК нь Хан-Уул дүүрэг, Зайсанд 4.25 га газар эзэмших эрхтэй ба тухайн газарт барилгын ажил эхлүүлсэн. Н.Лхамсүрэн, Д.Э нараас хөрөнгө оруулалт авснаа хүлээн зөвшөөрч байна. Харин “Ч” ХХК нь дээрх мөнгөний асуудалтай ямар ч хамааралгүй, миний өөрийн үүсгэн байгуулсан компани тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/01549 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Бгаас 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Эхгазрын эрдэнэс” ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн 50 хувийн хувьцааг буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.Лхамсүрэнд олгож, хариуцагч Ч.Бгаас 666.416.710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Лхамсүрэн, Д.Э нарт олгож, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн 2.579.886.950 төгрөгийг, хариуцагч Ч ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.073.635 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 3.490.034 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Лхамсүрэн, Д.Э нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2100 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/01549 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “666.416.710” гэснийг “3.194.343.584 /гурван тэрбум нэг зуун ерэн дөрвөн сая гурван зуун дөчин гурван мянга таван зуун наян дөрвөн/” гэж, “2.579.886.950” гэснийг “51.960.076 /тавин нэгэн сая есөн зуун жаран мянга далан зургаан/” гэж, 2 дахь заалтын “3.490.034” гэснийг “16.129.667”гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Лхамсүрэн, Д.Э нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ч.Бгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.495.040 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Лхамсүрэнгээс төлсөн 13.073.635 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2100 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Д.Э, Н.Л нарын зүгээс сайн дурын үндсэн дээр, өөрсдөө хүсэж надад “Эхгазрын эрдэнэс” ХХК-ийн 50 хувийн хувьцааг бэлэглэх санал тавьсныг би хүлээн авч, Н.Лхамсүрэнтэй 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдөр “Эхгазрын эрдэнэс" ХХК-ийн Хувьцаа бэлэглэх тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулан, тус компанийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий, 50 хувийн хувьцааг хуулийн дагуу ямар нэгэн хариу төлбөргүйгээр шилжүүлэн авсан. Бидний хооронд дээрх гэрээг байгуулагдах үед тодорхой зорилго, зорилт, болзол тавигдаж, эсхүл миний зүгээс компанийн хувьцаа эзэмшигч болсны төлөө нэхэмжлэгч нарын өмнө үүрэг хүлээсэн, уг зорилго, үүрэг биелэгдээгүй бол хувьцаагаа буцаан авах талаар ярилцаж тохиролцсон гэрээ байгуулсан, зохигчийн хооронд байгуулсан хэрэгт авагдсан Бэлэглэлийн болон Компанийн эрх шилжүүлэх гэрээнд энэ талаар нэг ч заалт тусгасан асуудал байхгүй. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1. дэх хэсэгт заасантай бүрэн нийцнэ. Уг гэрээг Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2. дахь хэсэгт зааснаар байгуулагдсан, мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1., 113 дугаар зүйлийн 113.1, 113.6 дахь хэсэгт зааснаар “Эхгазрын эрдэнэс” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмших эрх бэлэг хүлээн авагчид шилжсэнд тооцогдох хууль зүйн бүрэн үндэслэлтэй. Дээрх гэрээг үндэслэн миний бие нь “Эхгазрын эрдэнэс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2010 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 2012 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл ажилласан бөгөөд хувьцаа эзэмшигч Н.Лхамсүрэн, түүний нөхөр Д.Э нарын байнгын ятгалга, дарамтаас шалтгаалан Д.Эд хүлээлгэн өгсөн. Түүнчлэн бидний хооронд шүүхийн шийдвэрт дурдсан шиг Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан “Хамтран ажиллах гэрээ” байгуулагдаж байгаагүй бөгөөд бид анхнаасаа л хуулийн хүчин төгөлдөр “Бэлэглэлийн гэрээ” байгуулсан. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх ямар үндэслэлээр зохигчийн хооронд “Хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан гэж бидний хооронд огт байгуулагдаагүй гэрээг хийсвэрээр бий болгож, нэхэмжлэгчийг тухайн гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч Д.Э нь 2001 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хооронд шилжүүлсэн гэх 621.000 ам.доллар, 2003 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2004 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хооронд шилжүүлсэн гэх 77.800.00 евро, Н.Л нь 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд шилжүүлсэн гэх 893.200 ам.долларыг надаас нэхэмжилсэн байдаг. Надад шилжүүлсэн гэх америк доллар, еврог нэхэмжлэгч нар шаардах эрхтэй эсэхийг тооцож үзвэл хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгааг шүүх дүгнэж чадаагүй.

Нэхэмжлэгч нарын тухайд надтай ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулж, эсхүл “Финнас” төвийн барилгад хөрөнгө оруулж тухайн гадаад валютыг шилжүүлсэн зүйл огт байхгүй бөгөөд миний бие тэдний өгсөн гэх дээрх доллар, евро болон өөрийн зардлаар, өөрөөсөө нэмэлт санхүүжилт гарган өмнө шүүхэд гаргаж байсан удаа дараагийн тайлбарт дурдсан барилга, объектуудыг барьж тэдний өмчлөлд бүрэн шилжүүлэн өгч байсан. Хэрэгт төсөв нь нотлох баримтаар авагдсан 3 үл хөдлөх эд хөрөнгийг миний бие барилгын ажлыг нь хариуцан нэхэмжлэгч нарт барьж хүлээлгэн өгсөн. Гомдлыг нэгтгэн товч дүгнэвэл анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд ямар гэрээнээс үүдсэн харилцаа үүссэнийг зөв тодорхойлж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, харилцан тооцох үүргийг зөв тодорхойлж, тооцоогүй, хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/01549 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2100 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Э, Н.Л нар нь хариуцагч Ч.Б, “Ч” ХХК-д холбогдуулан  “...Эхгазрын эрдэнэс ХХК-ийн 50 хувийг хувьцааг буцаан гаргуулах, Финанс төвийн барилга барихад хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 3.246.303.660 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлийг  хувьцааг бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээнээс татгалзсан, барилгыг “Ч” ХХК-ийн баланст шилжүүлэн авсан  гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...Эхгазрын эрдэнэс ХХК-ийн эзэмшлийн 4.2 га газарт өөрийн хөрөнгөөр барилгын болон дулааны зураг хийлгэсэн, Хан-Уул дүүргийн 5б байрыг 319.636.772 төгрөгөөр, 6 дугаар бичил хороололд үйлчилгээний төвийг 200.213.613 төгрөгөөр, 15 айл, 8 машины гаражтай барилгыг 790.888.213 төгрөгөөр барьж өгсөн, ...400.000 ам доллар шилжүүлсэн...” гэсэн тайлбар гаргаж, маргажээ. 

Зохигчдын хооронд 2010 оны 2 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан хувьцаа бэлэглэх болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр нэхэмжлэгч Н.Л нь “Эхгазрын эрдэнэс” ХХК-ийн дүрмийн сангийн өөрийн эзэмшлийн 50 хувь буюу 1.000.000 төгрөгийн хувьцааг Ч.Бд бэлэглэхээр тохирч, түүнийг компанийн гишүүнээр элсүүлж, улмаар тус бүр 50 хувийн хувьцааг эзэмшихээр компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, Ч.Бг гүйцэтгэх захирлаар томилж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. Ч.Б 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүсэлт гаргасныг үндэслэн түүнийг компанийн гүйцэтгэх захирлаас чөлөөлж, Д.Эыг гүйцэтгэх захирлаар томилсон нь улсын бүртгэлд бүртгэгджээ /хэргийн1 дүгээр хавтас 4, 7-19 дүгээр тал/.

Анхан шатны шүүх хариуцагч Ч.Бгаас “Эхгазрын эрдэнэс” ХХК-ийн 50 хувийн хувьцаа болон 666.416.710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нэмж ханган Ч.Бгаас 3.194.343.584 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Шүүх нэхэмжлэлийн “...хувьцаа буцаан гаргуулах” шаардлагыг хангахдаа “...талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хувьцаа бэлэглэх нэртэй боловч агуулгын хувьд дээрх гэрээний шинжийг агуулаагүй, харин компанид хөрөнгө оруулалт хийж, харилцан ашигтай хамтран ажиллахаар тохиролцсон, Ч.Б үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан” гэж үзжээ.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1.-т зааснаар бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлдэг бол “хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээхээр байгуулсан гэрээг хамтран ажиллах” гэж мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д тодорхойлжээ.

Хувьцаа бэлэглэлийн гэрээнд талууд хамтран ажиллах талаар тусгаагүй, харин Ч.Б нь “Эхгазрын эрдэнэс” ХХК-ийн захиралд гаргасан өргөдөл болон 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуралд оролцохдоо “...гишүүнээр элсэн орж, хамтран бизнесийн үйл ажиллагаа явуулж, харилцан ашигтай, хамтран ажиллах сонирхолтой” гэжээ. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Ч.Б хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийх үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзсан” гэжээ. Энэхүү баримтад дурдсанаар Ч.Б хөрөнгө оруулж, хамтран бизнес хийхээр тохирсон нь хамтран ажиллах нөхцөл боловч тэрээр хамтын ажиллагаанд ямар үүрэгтэй оролцох байсан нь тодорхой бусаас гадна талуудаас төлөх хураамж зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байна.

Хамтран ажиллах гэрээ нь оролцогчдын хураамж, хамтын үйл ажиллагаанаас бүрдэх бөгөөд хураамж нь талуудаас хамтын үйл ажиллагаанд зориулж байгаа хөрөнгө юм. Хураамж нь хамтран ажиллах гэрээний нөхцөл, талуудын үүрэг тул дээрх баримтад дурдсан хариуцагчийн оюуны потенциал, боломж нь хураамж, эсхүл түүнээс хамтран ажиллах ажилд зарцуулах хөрөнгө болох нь тодорхойгүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй, зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.  

Түүнчлэн хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “...4.2 га газарт барилгын болон дулааны зураг хийлгэсэн” талаар дурдсан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Финанс төвийн барилгыг барихад нэхэмжлэгч Н.Л нь 893.200 ам доллар, нэхэмжлэгч Д.Э 621.000 ам доллар, 77.800 евро шилжүүлснийг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд эдгээрийн оронд нийт 3 барилга барьж өгсөн гэсэн тайлбар гаргажээ.

Гүйцэтгэгч “Тусац” ХХК нь Ц.Чойжилсүрэнгийн захиалгаар Баянгол дүүргийн 3 дугаар хороонд 15 айлын орон сууцны барилгыг барьж гүйцэтгэхдээ нэр бүхий иргэн 17 иргэнтэй орон сууц захиалгаар бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулжээ /хэргийн 3 дугаар хавтас 182-216 дугаар тал/. Гэрээнд тухайн байрны үнэ тодорхой тусгагдсан боловч захиалагч нар байрны үнийг төлсөн эсэх, төлсөн бол уг төлбөрийг хэн авсан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт мөн авагдаагүй байна.

Хариуцагч Ч.Б нь Д.Эд 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 400.000 ам доллар төлсөн гэсэн тайлбар гаргаж төлбөрийн баримтыг шүүхэд ирүүлжээ /хэргийн 4 дүгээр хавтасны 163 дугаар тал/. Нэхэмжлэгч “...энэ нь Ч.Бгийн Н.Мөнхцэцэгтэй байгуулсан гэрээний төлбөр тул түүнд шилжүүлсэн..” гэсэн тайлбар гаргаж, тэдгээрийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ, мемориалын баримтыг гаргасан боловч уг гэрээний төлбөр гэж үзэх үндэслэл хангалттай тогтоогдоогүй байна.    

Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, энэ тохиолдолд шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар залруулах боломжгүй тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/01549 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2100 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.3.-т заасныг  баримтлан  хариуцагч хяналтын журмаар  гомдол гаргахдаа улсын  тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 16.134.668 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ