Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2100

 

Н.Л, Д.Э нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/01549 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Н.Л, Д.Э нарын, хариуцагч Ч.Б, “Ч” ХХК нарт холбогдуулан гаргасан 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Эхгазрын эрдэнэс” ХХК-ийн хувьцааг бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, компанийн 50 хувийг Ч.Бгаас буцаан гаргуулж, хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн нийт 3 246 303 660 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн “Эхгазрын Эрдэнэс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Эыг тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх нь 2013 оны 4 сараас эхлэн дуусгавар болсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Л, Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.С, Н.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Н, Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Л, Д.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагчтай 1990 оноос хойш найз нөхдийн холбоотой бизнесийн хамтрагчид байсан ба 2001 оноос Д.Эын “ОЭТ” ХХК-ийн нэр дээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд Финанс төвийн барилга баригдаж, уг барилгад Д.Э санхүүжилт хийж эхэлсэн. 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр тус барилгад Н.Л хөрөнгө оруулж, 143 000 ам.долларыг шилжүүлсэн.

Н.Л нь “Эх газрын эрдэнэс” ХХК-ийг 2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 100 хувь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан ба уг компанийн эзэмшилд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 4.025 га газар багтдаг. Тухайн үед уг газарт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой байсан боловч Ч.БЧингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд баригдаж байгаа барилгын ажилд хөрөнгө оруулалт хийж дууссаны дараа Финанс центрийн барилгад хөрөнгө оруулалт хийхийг хүссэн. Ингээд 2007-2010 онд дээрх барилгад хөрөнгө оруулалт хийсэн. Мөн Ч.Бгийн, “Эх газрын эрдэнэс” ХХК-ийн төсөлд ажиллах үүднээс хувьцаагаа шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч түүнийг компанийн гишүүнээр авч, компани гишүүдтэй харилцан ашигтай, хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийнэ гэж тохиролцож, 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хувьцааны 50 хувийг бэлэглэлийн болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн. Ингэхдээ бид газартаа хөрөнгө оруулалт хийж, Ч.Бөөрийн хөрөнгийг оруулж хамтран ажиллахаар амаар тохиролцсон. Гэтэл Ч.Б50 хувийн хувьцааг шилжүүлэн авснаасаа хойш амласан амлалтаа биелүүлээгүй, хөрөнгө оруулалт хийгээгүй, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байсан бөгөөд өөрийн хүсэлтээр гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн. Д.Э нь барилгын газрыг авах, зураг төсөл, дэд бүтэц, бичиг баримт бүрдүүлэх гэх мэт зардлаас эхлэн Ч.Бд хөрөнгө оруулалт хийж 621 000 ам.доллар, 77 800 еврог түүнд өгсөн. Талууд 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлж мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан.

Хариуцагч нь Д.Эыг гадаадад ажиллаж амьдарч байхад түүнд мэдэгдэлгүйгээр “ОЭТ” ХХК-ийн 2006 оны жилийн эцсийн тайлангаар барилгыг 623 000 000 төгрөгийн үнээр “Ч” ХХК-ийн баланст хуурамчаар гарын үсэг зурж, шилжүүлэн авсан болох нь Чингэлтэй дүүргийн прокурорын 513 тоот тогтоолоор тогтоогдсон. Иймд Н.Л, Ч.Бнарын хооронд байгуулсан гэрээ нь бэлэглэлийн гэрээ гэх нэртэй боловч бид хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах зорилгынхоо дагуу байгуулсан, хамтран ажиллах гэрээ учраас компанийн хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн компанийн 50 хувийн хувьцааг буцаан гаргуулж, 2007-2010 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Н.Л өөрийн нэрээр, дансаар Ч.Бд нийт хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 893 200 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар буюу 1 816 933 520 төгрөгийг, мөн Д.Эд хариуцагч Ч.Бямар нэгэн хувьцаа болон барилгаас ногдох хэсгийг өгөөгүй тул хөрөнгө оруулсан мөнгө болох 1 429 370 140 төгрөгийг тус тус хариуцагч Ч.Бгаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Б, “Ч” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Батнасан нь Д.Этай 1989 оноос эхлэн хамтран ажилласан. Анх Д.Э архины бизнест хөрөнгө оруулахыг хариуцагчид санал болгож “Өргөө Од” ХХК-ийн 50 хувийн хувьцааг Ч.Б, “Трансын консулт” ХХК-ийн хувьцааг Д.Э эзэмшиж, Финанс төвийн байрыг “ОЭТ” ХХК тус тус эзэмшдэг байсан. Тухайн үед Ч.Бд хувийн компани байгаагүй боловч нийслэлээс хувиараа газар авч хөрөнгө оруулалт хайсан. Ингээд хөрөнгө оруулалт олж Нийслэлийн Хангарьд ордны ард Финанс центерийн барилгын ажлыг эхлүүлэх гэсэн боловч өөрийн гэсэн компанигүй байсан тул Д.Эын гүйцэтгэх захирлаар ажилладаг компанийн баланст бүртгүүлж, барилгын ажлыг эхлүүлсэн.  Ч.Бнь тухайн компанийн нэр дээр барилга барьж байсан боловч “ОЭТ” ХХК-ийг “У” ХХК-д худалдахаар болж, Д.Э хөрөнгөө авахыг хүссэн.  Тухайн үед дутуу баригдсан 3 давхар карказыг 630 000 000 төгрөгөөр балансаас балансад шилжүүлэн авсан. Нэхэмжлэгч нар хуурамч бичиг баримт үйлдсэн нь тогтоогдсон гэдэг боловч шинжээчийн дүгнэлтээр Ч.Бгийн гарын үсэг биш гэж гарсан. Дээрх шилжүүлж авсан баланстай холбоотой маргаан үүсээгүй.

Нэхэмжлэлээс харахад Н.Л нь 2007 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс хойшхи хугацааны төлбөр, Д.Э нь 2007 оны 5 дугаар сараас өмнөх хугацааны төлбөр нэхэмжилжээ. 2007 оноос өмнөх хугацааны төлбөр нэхэмжилж байгаа боловч хөөн хэлэлцэх хугацааг хуулиар зохицуулсан. Н.Л нь нэхэмжлэл гаргахдаа оффисын барилгын хөрөнгө оруулалт гэж хийсэн гэх боловч гүйлгээний утга дээр өөр байдлаар бичсэн. Ч.Бнь Н.Л, Д.Э нарын захиалгаар Хан-Уул дүүргийн Анома 5б байрыг 319 636 772 төгрөгийн төсөвтэй, 2009 онд Ч.Бгийн аав Чойжилсүрэнгийн захиалгаар 15 айлын 8 автомашины гарааштай 790 888 213 төгрөгийн төсөвтэйгээр барьж Д.Эд хүлээлгэж өгсөн. 6 дугаар бичил хороололд үйлчилгээний төв, гараажийн хамтаар 2008 онд барьж гүйцэтгэсэн. Тус барилгыг барихдаа 200 213 613 төгрөгийн төсөв гарсан. Ингээд эдгээр барилгуудыг барих төсвийн үнэ 1 310 738 595 төгрөг болж байгаа юм. Ч.Бгаас ч мөн ялгаагүй Д.Эд мөнгө шилжүүлсэн. Финанс төвийн барилгын ажил нь 2004 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эхэлж, 2010 онд улсын коммист бүрэн хүлээлгэж өгсөн. Н.Л, Д.Э нараас барилга барихад ямар ч хөрөнгө оруулалт аваагүй, зөвхөн өөрсдийнх нь хүсэлтийн дагуу барилга барьж өгөхөд зарцуулсан хөрөнгө бөгөөд “Эхгазрын эрдэнэс” ХХК-ийн хувьцааг 2010 оны 2 сард шилжүүлсэн, Улсын бүртгэлд бүртгэгдсэн тул хуулийн дагуу хийгдсэн ажиллагаа юм.Талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан ба хуульд зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох 3 үндэслэл байдаг. Гэтэл нэхэмжлэгч талын гаргасан тайлбараас харвал Ч.Бямар хуулийн заалт,  ямар гэрээний зүйл заалтыг зөрчсөн нь тодорхой харагдахгүй байна.

Мөн бэлэглэлийн гэрээ гэж нэхэмжлэл гаргасан атлаа Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзах хуулийн үндэслэл болгон ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Бэлэглэлийн гэрээ нь нэг талын гэрээ бөгөөд гэрээнээс татгалзах ойлголтод хамаардаггүй. 2001-2007 оны хооронд болсон үйл явдал бөгөөд өнөөдөр 2017 оны асуудал яригдаж байна, хуулиар гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан.

Мөн Ч.Бнь эдгээр хүмүүсийн шилжүүлсэн мөнгөөр нийт 3 барилгыг барьж хүлээлгэж өгсөн бөгөөд энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлд үүрэг дуусгавар болох талаарх ойлголтод хамаарах бөгөөд шүүх хуралдааны үеэр гэрч П.Аюур энэ талаар тайлбар гаргаж, гарсан төсвүүдийн холбогдох тооцоог хэрэгт гаргаж өгсөн.

Ч.Бнь 2006 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн байгуулсан “Эхгазрын эрдэнэс” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшигч бөгөөд 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Н.Лтэй байгуулсан “Эх газрын эрдэнэс” ХХК-ийн хувьцаа бэлэглэх, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр 50 хувийн хувьцааг хууль ёсоор шилжүүлэн авч хувьцаа эзэмшигч болсон. Ч.Б 2010 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл “Эх газрын эрдэнэс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Гэвч гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг өгсний дараагаас нэхэмжлэгч нар шүүхэд 4 удаа нэхэмжлэл гаргаж, удаа дараа цагдаагийн байгууллагад хандан шалгуулж байсан учраас компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон. “Эхгазрын эрдэнэс” ХХК нь Хан-Уул дүүрэг, Зайсанд 4.25 га газар эзэмших эрхтэй ба тухайн газарт барилгын ажил эхлүүлсэн.

Н.Л, Д.Э нараас хөрөнгө оруулалт авснаа хүлээн зөвшөөрч байна. Харин “Ч” ХХК нь дээрх мөнгөний асуудалтай ямар ч хамааралгүй, миний өөрийн үүсгэн байгуулсан компани тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Бнь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би 2006 оны 02 дугаар сарын 26-ны өдөр үүсгэн байгуулагдсан, 2 гишүүнтэй “Эхгазрын эрдэнэс” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшигч бөгөөд тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Н.Лтэй 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Эхгазрын эрдэнэс” ХХК-ийн хувьцаа бэлэглэх тухай гэрээ, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус үндэслэн “Эхгазрын эрдэнэс” ХХК-ийн 50 хувийн хувьцааг хууль ёсоор эзэмших болсон.

2010 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаа компанийн хувьцаа эзэмшигч Н.Л болон түүний нөхөр Д.Э нарын ятгалга, дарамтаас үүдэн хүлээлгэж өгснөөс хойш компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд намайг оролцуулахгүй, компанийн үйл ажиллагаа болон бусад мэдээллийг өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

“Эх газрын эрдэнэс” ХХК нь Хан-Уул дүүрэг, Зайсанд 4.5 га газар эзэмшдэг бөгөөд тус газарт компанийн хууль ёсны хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүй барилга угсралтын үйл ажиллагаа эхлүүлсэн болохыг би Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хүсэлт гаргаснаар мэдсэн.

Дээрх газраас 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 01/566 дугаартай албан бичгээр “... “Эх газрын эрдэнэс” ХХК-д 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 552/2013 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдсон” гэсэн хариуг ирүүлсэн. Уг компанийн хувьцаа эзэмшигч Н.Л болон гүйцэтгэх захирал Д.Э нар нь надад ямар зорилго, зориулалтаар барилга угсралтын ажил хийж байгаа болон хийх гэж байгаа талаар мэдээлэл өгөөгүй, надаас зөвшөөрөл аваагүй, энэ асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлээгүй.

Нэхэмжлэгч нарын дээрх үйлдэл нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх захирал Д.Эын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болох ба Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

Мөн манай компани нь 2 000 000 төгрөгийн дүрмийн сантай ба дээр дурдсанаар надаас зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл нь Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлд зааснаар их хэмжээний хэлцэл тул мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт зааснаар их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл санал нэгтэйгээр гаргахаар заасан байхад бодит байдалд надад мэдэгдээгүй нь үндэслэлгүй юм.

Шүүхэд “ЭЭ” ХХК-д 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр олгосон 552/2013 дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авахдаа компанийн эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг аваагүй тул хүчингүйд тооцуулах, Д.Эыг “Эх газрын Эрдэнэс” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болохыг тогтоолгох тухай шаардлага анх гаргасан бөгөөд энэ шаардлагаас татгалзаж, сөрөг нэхэмжлэлээ “Эх газрын Эрдэнэс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Эыг тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх нь 2013 оны 4 сараас эхлэн дуусгавар болсныг тогтоолгох гэж өөрчилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Э, Н.Л нар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Ч.Бнь компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй, компанийн аливаа асуудлаас илт зугатааж байсан тул 2012 онд уулзаад энэ байдлыг түүнд хэлэхэд тэрээр “миний хувьд компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох боломжгүй, компанийн захирлын үүрэгт ажлыг хүлээлгэн өгнө гэсэн хүсэлт гаргаж байна” гээд энэхүү ажилд өөрөө Д.Эыг санал болгосон. Гүйцэтгэх захирал Д.Э өөрт олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн.

Бидний зүгээс хариуцагчийн хэлсэн шиг ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй, харин амласан хөрөнгө оруулалтаа оруулж, компанийн үйл ажиллагааг тогтвортой явуулахаад оролц гэдэг хүсэлтийг байнга тавьж ирсэн боловч анхнаасаа залилан мэхлэх зорилгоор мөнгө авч, мөн энэ компанид орсон нь мэдэгдсэнээр шүүхэд анх 2014 онд хандсан боловч мөн өвчтэй, гадаад улсад эмчлүүлж байна гэдэг үндэслэлээр оргон зайлсан.

Бид аргагүйн эрхэнд Ч.Бгийн дээрх үйлдлийг ил болгохын тулд цагдаагийн байгууллагад хандаж, мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариуцагч нь бидэнтэй уулзахгүй, шүүхийг хүндлэн өөрийн биеэр ирэхгүй байх бөгөөд хариуцагчийг бид яаж компанийн үйл ажиллагаанд оролцуулж, эрхийг нь эдлүүлэхийг ойлгохгүй байна.

Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд бидний гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагуудтай нийцэхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Бгаас 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Эх газрын эрдэнэс” ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн 50 хувийн хувьцааг буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.Лд олгож, хариуцагч Ч.Бгаас 666 416 710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Л, Д.Э нарт олгож, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн 2 579 886 950 төгрөгийг, хариуцагч “Ч” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 073 635 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 3 490 034 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Л, Д.Э нарт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Л, Д.Э нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Ч.Бд 2001 оноос 2010 оныг дуустал Финанс төвийн барилгыг барихад зориулж өгсөн нийт 3 246 303 660 төгрөгийг шүүх хангаж шийдвэрлэснээс бусад хэсэг буюу 2 579 886 950 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх Финанс төвийн барилгыг барихад оруулсан хөрөнгийн шаардлагын талаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй бөгөөд “... Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Финанс төвийн барилга нь баригдаж эхлэхдээ нэхэмжлэгч Д.Эын эзэмшлийн “ОЭТ” ХХК-ийн балансад бүртгэлтэй байсан болох нь тогтоогдож байгаа хэдий ч уг барилгын санхүүжилтэд нэхэмжлэгч нарын дансаар болон бэлнээр шилжүүлсэн мөнгөнүүд орсон нь баримтаар тогтоогдохгүй байна ...” гэжээ.

2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Оффисын барилгын санхүүжилтэд иргэн Д.Эаас оруулсан хөрөнгө оруулалт 621 000 ам.доллар, 77 800 евро хүлээн авсан талаар баримт үйлдсэн. Харин иргэн Н.Л 893 000 ам.долларыг баримтаар шилжүүлснээ нотолсон, мөн нэхэмжлэгч нар мөнгийг 2001 оноос өгч эхэлсэн, оффисийн болон бусад зориулалтаар, шилжүүлэг, гарын үсэг зуруулан баталгаажуулсан баримтыг шүүх хэрхэн үнэлсэн эсэх нь тодорхойгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитой харьцуулан үзэж, үнэлж чадсангүй. Хариуцагчийн шүүхэд гаргасан 11/2008, 12/2008, 13/2008 гэх 3 барилгын төсвийг 2008 онд нэг төсөвчнөөр дараалан хийлгэсэн, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэх нь тодорхойгүй. 2017 онд барилгын төсөвчнөөр дээрх 3 төсөвд магадлал хийлгэсэн, иймээс 3 барилгын талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна.

Учир нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо,” Анома” ХХК-ийн 319 36 772 төгрөгийн төсөвтэй барилгын хувьд иргэн Н.Л Зайсан дахь барилгын санхүүжилт гээд 220 000 ам.долларыг хариуцагч Ч.Бд гарын үсэг зуруулан хүснэгтээр өгсөн баримт байх ба энэ мөнгө нь нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнд ороогүй гэдгийг шүүх хурлын үеэр тодруулж мэдсэн. Хариуцагч Ч.Бнь нийт 220 000 ам долларыг Н.Лгээс авснаа няцаагаагүй байхад энэ мөнгийг шүүх шийдвэртээ дурдаагүй орхигдуулснаас гадна нэхэмжлэлийн үнийн дүнгээс хариуцагчийн зохиосон төсвийн дүнгээр хасаж тооцсоныг зөвшөөрөхгүй, үүнийг ойлгохгүй байна.

Баянгол дүүрэг, 6 дугаар бичил хороололд байрлах иргэн Д.Эын 2008 онд төсөв нь зохиогдсон барилгыг 2006 онд өөрийнхөө хөрөнгөөр барьж, 2007 онд Улсын комисст хүлээлгэн өгсөн баримт хэрэгг авагдсан байхад нэхэмжлэлийн дүнгээс хасаж тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Тахидаг хайрхан” ХХК-ийн орон сууц, үйлчилгээний 790 888 213 төгрөгийн төсөвтэй гэж зохиогдсон 6 давхар, 15 айлын орон сууцны барилгын хувьд Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримтаар хариуцагч Ч.Бгийн аав Ц.Чойжилсүрэнгийн нэр дээр бүртгэгдсэн байх бөгөөд уг барилгын оршин суугч иргэд нь "Орон сууц захиалгын гэрээ" болон төлбөр тооцоог Ц.Чойжилсүрэнтэй хийсэн гэх баримт хэрэгт авагдсан байхад нэхэмжлэгч нарын мөнгөн дүнгээс хасаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн хариуцагч Ч.Бнэхэмжлэгч Д.Эд 400 000 ам долларыг 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн баримтыг хэрэгт ирүүлжээ гээд энэ мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасжээ.

Хариуцагч Ч.Бнь 400 000 ам долларыг “гуйвуулга” гэж шилжүүлснээ 2017 оны 6 сард шүүхэд нотлох баримт болгон өгсөн байх бөгөөд ямар хүндэтгэн үзэх шалтгаан байгаад урьд нь энэ баримтыг гаргаагүй талаар шүүхэд тайлбарлаж мэдэхгүй байсан. Энэ нь 2009 оны 11 сард иргэн Н.Мөнхцэцэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулсны төлбөр дээрх мөнгийг шилжүүлэхдээ Д.Эаар гуйвуулсан мөнгө бөгөөд үүнийг Д.Э мөнгөн дүнгээр Н.Мөнхцэцэгийн данс руу шилжүүлсэн. Эдгээр баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх үнэлээгүй ба нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн мөнгөн дүнгээс хассан нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн нийт мөнгөн дүн 3 246 303 660 төгрөг бөгөөд шүүхийн гаргасан шийдвэрийн дагуу 3 барилгын төсөв (нийлээд 1 310 738 595 төгрөг) мөн хариуцагчийн гуйвуулсан гэх 400 000 ам.долларыг шүүхийн шийдвэрт заасан тухайн үеийн Монгол банкнаас зарласан ханшаар тооцвол (2010 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 1 ам.доллар нь 1 386.65 төгрөг) 554 660 000 төгрөг болж байгаа бөгөөд дээрх төсвүүдийн нийлбэр болон гуйвуулгыг хасвал нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн мөнгөнөөс 1 380 090 506 төгрөг үлдэх байсан.

Гэтэл шүүх хэрхэн яаж тооцоод 666 416 710 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар болсон нь ойлгомжгүй, эсхүл тооцооллын алдаа гаргасан гэж үзэж байна. Хариуцагч Ч.Б, мөн “Ч” ХХК нь нэхэмжлэгч нараас авсан мөнгөний талаар маргаагүй бөгөөд хариуцагч нь Финанс төвийн барилгыг 2006 онд 623 000 000 төгрөгөөр үнэлсэн балансаар өөрийн байгуулсан “Ч” ХХК-ийн балансад хуурамч гарын үсгээр шилжүүлсэн нь прокурорын тогтоолоор тогтоогдсон.

Шүүх " ... зохигчид тодорхой санхүүжилтийг шилжүүлсэн болон маргаагүй хэдий ч нэхэмжлэгч нараас шилжүүлсэн мөнгөнүүдээс ямар барилгад хэдэн төгрөгийг оруулсан гэдгийг нарийн тогтоох боломжгүй, хариуцагчийн тайлбар татгалзлыг нэхэмжлэгч нар няцаагаагүй” гэжээ. Энэхүү тайлбартай бид санал нийлэхгүй байна. Нэхэмжлэгч нар хариуцагчид өгсөн болон шилжүүлсэн мөнгөө нотлосон, дээрх 3 барилгад бидний мөнгө ороогүй гэдгийг дахин дахин баримтаар баталгаажуулсан. Харин хариуцагчийн тайлбар татгалзлыг нэхэмжлэгч нар няцаахаас илүү хариуцагч өөрөө нотлох ёстой гэж ойлгож байна.

Иймд шүүх нотлох баримтыг зөв үнэлэхгүйгээр нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасалт хийж 666 416 710 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжилсэн мөнгөн дүнг зөв тооцон, үлдэх 2 579 886 50 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Бдавж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс үүдэн хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, арга зальтай этгээдүүдийн хууль бус үйлдлийг өөгшүүлсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хувьцаа бэлэглэх тухай гэрээ нэртэй боловч агуулгын хувьд дээрх гэрээний шинжийг агуулаагүй, талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэх дүгнэлтийг хийж, холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Хувьцаа бэлэглэх тухай гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулах үед тодорхой зорилго тавигдаж, эсхүл намайг компанийн хувьцаа эзэмшигч болсны төлөө нэхэмжлэгч нарын өмнө үүрэг хүлээсэн, уг зорилго, үүрэг биелэгдээгүй бол хувьцаагаа буцаан авах талаар ярилцаж, тохиролцсон, гэрээ байгуулсан асуудал байхгүй.

Өөрөөр хэлбэл бидний хооронд нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг үндэслэн байгуулагддаг гэрээ болох Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.4 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо бүрэн, бодитой илэрхийлж, гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээний үнэн зөв, хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болохыг нотариатаар гэрчлүүлж, Компанийн тухай хуульд заасны дагуу компанийн үүсгэн байгуулах баримт бичигт орсон холбогдох өөрчлөлтийг хуульд заассан хугацааны дотор, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн Улсын бүртгэлийн байгууллагад хүсэлтээ бичгээр гарган бүртгүүлсэн тул уг гэрээг Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 дахь хэсэгт зааснаар байгуулагдсан гэж тооцох хууль зүйн үндэслэлтэй юм.

Нэгэнт талуудын хооронд хүчин төгөлдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, хуулийн хүчин төгөлдөр болсон уг гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зориг бодитойгоор бүрэн биелэгдсэн, гэрээгээр ямар нэгэн онцгой үүргийг бэлэг хүлээн авагч хүлээгээгүй, тухайн гэрээнд гэрээний оролцогч талууд хэрхэн гэрээнээс татгалзаж, цуцлах талаар зохицуулалт тусгагдаагүй учраас Иргэний хуульд заасан Бэлэглэлийн гэрээтэй холбоотой нийтлэг зохицуулалтыг гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаанд хэрэглэнэ.

Тодруулбал, гэрээ байгуулагдсанаас хойшхи хугацаанд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасан Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох тохиолдол бий болоогүй бөгөөд мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсөн байх тул уг гэрээг хүчингүй болгох тухай шаардлага гаргах, гэрээнээс татгалзах эрх нэхэмжлэгчид байхгүй, ийм тохиолдол үүсээгүй, нөхцөл бүрдээгүй байх тул энэ талаарх шүүхийн хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Финанс төвийн барилгын санхүүжилтэд нэхэмжлэгч нарын дансаар болон бэлнээр шилжүүлсэн мөнгөнүүд орсон нь баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нарыг дээрх мөнгөнүүдийг шилжүүлж байсан үед хариуцагч Ч.Бнь 3 обьектыг барьж, хүлээлгэж өгсөн асуудлаар талууд маргаагүй гэх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хамтран хариуцагч “Ч” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч холбогдох шаардлагад хамаарах хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нарт барьж өгсөн барилгын үнэлгээ, дансаар шилжүүлсэн мөнгийг харилцан тооцохдоо буруу дүгнэлт хийсэн байна.

Мөн шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 72.2.1-д зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх тайлбарыг гаргаж, хариуцагч тал маргасан хэдий ч талуудын хооронд дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар болон бусад асуудлаар маргаан үүсэж, эрүүгийн журмаар шалгуулах ажиллагаа 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй.

Тодруулбал, нэхэмжлэгч Д.Э нь 2001 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хооронд шилжүүлсэн гэх 621 000 ам.доллар, 2003 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2004 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хооронд шилжүүлсэн гэх 77 800 евро, Н.Л нь 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд шилжүүлсэн гэх 893 200 ам.долларыг надаас нэхэмжилсэн.

Иргэний хэрэг үүсгэхээс өмнө тухайн нэхэмжлэлийн шаардлагуудтай холбоотой асуудлаар нэхэмжлэгч нарын зүгээс Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасныг тус хэлтсээс 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн 2014250007225 дугаар хэрэг үүсгэн шалгаж, холбогдох Эрүүгийн хэргийг тус дүүргийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 117, 513 дугаар тогтоолуудаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Дээрх үйл баримтаас харахад нэхэмжлэгч нарын тухайд нэхэмжлэлийн шаардлагад дурдаж байгаа ам.доллар, еврог өмнө нь надаас ямар нэгэн байдлаар нэхэмжилж байгаа атлаа тухайн асуудлаар 2014 оны 11 сард хууль хяналтын байгууллагад анх хандаж байсан нөхцөл байдал тогтоогдоно. Үүнийг товч дүгнэвэл нэхэмжлэгч нарын тухайд надтай ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулж, эсхүл Финанс төвийн барилгад хөрөнгө оруулж, шилжүүлсэн зүйл байхгүй бөгөөд би тэдний өгсөн гэх дээрх ам.доллар, евро болон өөрийн зардлаар, өөрөөсөө нэмэлт санхүүжилт гарган өмнө шүүхэд гаргаж байсан удаа дараагийн тайлбарт дурдсан барилга, обьектуудыг барьж, тэдний өмчлөлд бүрэн шилжүүлэн өгч байсан.

Нөгөө талаас тэдний надад шилжүүлсэн гэх ам.доллар, еврог нэхэмжлэгч нар шаардах эрхтэй эсэхийг Иргэний хуулийн 76 угаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу анх шилжүүлсэн үеэс тооцож үзвэл хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгааг шүүх үндэслэл бүхий дүгнэж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын хувьд хуульд заасан хугацааны дотор хууль хяналтын байгууллагад уг асуудлаар хандаагүй нь надаас дээрх ам.доллар, еврог бүхэлдээ шаардах эрхгүй болохыг харуулж байна.

Нэхэмжлэгч нар надад холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тухайн валютыг өгсөн гэх үеийн ханшаараа бус одоогийн буюу өссөн ханшаар тооцож, нийт 3 246 303 660 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнийг тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцож үзвэл Н.Лгийн өгсөн гэх 893 200 ам.доллар нь 1 108 297 160 төгрөг, Д.Эын өгсөн гэх 621 000 ам.доллар нь 699 020 500 төгрөг бөгөөд Д.Эын өгсөн гэх 77 800 евро нь 104 814 010 төгрөг болж байна.

Мөн бидний өгч, авалцсан гэх мөнгө, үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулж үзвэл анх шилжүүлсэн гэх валютыг тухайн үеийн Монгол банкны албан ханшаар тооцож үзвэл Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар нийт 1 912 131 670 төгрөг болох бөгөөд нэхэмжлэгч нарын шилжүүлсэн болон өөрөөсөө мөнгө гарган барьж өгсөн барилгын өртгийн мөнгөн дүнгийн төсөвт өртөг нь нийт 1 310 738 595 төгрөгийн үнэ бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгийг барьж, гүйцэтгэн, нэхэмжлэгч нарын өмчлөлд бүрэн шилжүүлсэн боловч эдгээр барилга нь явцдаа төсөвт тусгагдаагүй, тооцоолоогүй зардлууд нэмэгдэж, нийт 2 000 000 000 гаруй төгрөгөөр баригдаж дууссан.

Үүнд нэмж нэхэмжлэгч Д.Эын Голомт банк дахь дансанд 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдөр бэлэн бусаар 400 000 ам.доллар буюу 555 060 000 төгрөг шилжүүлсэн.

Нэхэмжлэгч нар одоогийн ханшаар тооцож нийт 3 246 303 660 төгрөгийг нэхэмжилсэн. Харин нэхэмжлэгч нарын шилжүүлсэн болон өөрөөсөө мөнгө гарган барьж өгсөн барилгын өртгийн мөнгөн дүн тухайн 3 үл хөдлөх эд хөрөнгийг одоогийн зах зээлийн үнэлгээгээр авч үзвэл, нийт 4 350 000 000 төгрөгөөр үнэлэгдэх боломжтой бөгөөд үүнд нэмж нэхэмжлэгч Д.Эын Голомт банк дахь дансанд 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдөр бэлэн бусаар 400 000 ам.доллар буюу 555 060 000 төгрөгийг шилжүүлсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Н.Л, Д.Э нар нь хариуцагч Ч.Бболон “Ч” ХХК-д холбогдуулан 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Эх газрын эрдэнэс” ХХК-ийн хувьцааг бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, компанийн 50 хувийг Ч.Бгаас буцаан гаргуулж, хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн нийт 3 246 303 660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Ч.Б, нэхэмжлэгч Н.Л нарын хооронд 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Эх газрын эрдэнэс” ХХК-ийн хувьцаа бэлэглэх болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдаж, нэхэмжлэгч нь компанийн дүрмийн сангийн 50 хувь буюу 2 000 000 төгрөгийн хувьцаанаас 1 000 000 төгрөгийн хөрөнгөө хариуцагч Ч.Бд үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр тохиролцсоноор компанийн нийт хувьцааны 50 хувийг Н.Л, үлдэх 50 хувийг Ч.Бэзэмшихээр болж, компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, Ч.Бг гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Хэрэгт бэлэглэлийн гэрээ нэртэй бичгийн нотлох баримтууд байгаа хэдий ч талуудын хооронд компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан, мөн бэлэглэлийн гэрээнд заасан “Эх газрын эрдэнэс” компанийн нэр дээр байгаа газрыг хамтран ашиглаж, түүнд барилга байгууламж барьж байсан, мөн бэлэглэгч гэх этгээд болох нэхэмжлэгч талаас хариуцагч Ч.Бд тодорхой санхүүжилтээр мөнгө шилжүүлсэн зэрэг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу харьцуулан үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний үүрэг үүссэн байна. /хэргийн 1 дэх хавтас 9-18, 48 дугаар тал/ Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон байна.

 

Хариуцагч Ч.Б, нэхэмжлэгч Н.Лгээс 893 200 ам.доллар буюу 1 816 933 520 төгрөг, Д.Эаас 621 000 ам.доллар, 77 800 евро авсан гэх үйл баримтын талаар маргаагүй /2 хх-54-60, 4хх-202-203/, харин нэхэмжлэгч талд Баянгол дүүргийн 6 бичил хороололд баригдсан барилга, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, “Анома” ХХК-ийн 5 х 2 айлын сууцны барилга, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, “Тахидаг хайрхан” ХХК-ийн орон сууц, үйлчилгээний барилга буюу нийт 1 310 738 595 төгрөгийн төсөвт өртөг бүхий санхүүжилттэй барилгыг хүлээлгэн өгсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дээрх обьектууд нь Н.Л, Д.Э нараас хариуцагч Ч.Бд шилжүүлсэн хөрөнгөөр баригдсан, мөн 400 000 ам.долларыг Ч.Бгаас Н.Лд шилжүүлсэн гэх үйл баримт баримтаар тогтоогдохгүй тул хариуцагчийн тайлбар нотлогдоогүй гэж үзнэ. /1хх-123-189, 234-250, 3хх-182-241/ Иймээс нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болоогүйг залруулах шаардлагатай.

Нэхэмжлэгч Н.Л, Д.Э нараас хариуцагч нь ам.доллар болон еврог бэлнээр болон дансаар хүлээн авсан үйл баримт тогтоогдсон, харин Н.Лгээс 2009 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Ч.Бд нь 136 000 юанийг өгсөн гэж үзэх боломжгүй. Учир нь хэргийн 4 дэх хавтасны 177 дугаар талд авагдсан кассын зарлагын ордерт н.Галданжамц хүлээн авсан гэж гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа гэрээгээр тохиролцсон ам.доллараар гүйцэтгэх төлбөрийн үүргийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт нийцэх юм. Өөрөөр хэлбэл, ам.доллараар илэрхийлэгдсэн мөнгөн төлбөрийг гүйцэтгүүлэхээр шүүхэд хандан шаардаж байгаа үеийн ханшаар тодорхойлсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийг зөрчихгүй бөгөөд уг хуулийн зохицуулалт нь төгрөгийн ханшийн өөрчлөлттэй холбоотой болохоос бус гадаад валютын төгрөгт хөрвөх ханшийн өөрчлөлтөд хамааралгүй тул анхан шатны шүүхийн ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд нийцэж байна.  Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх хуульд заасны дагуу ам.доллар болон еврог нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцон, /1 ам.доллар=1 997,56 төгрөг, 1 евро=2 180.44 төгрөг/ нэхэмжлэлийн шаардлагыг 3 194 343 584 төгрөгийн хэмжээнд хангахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангав.

Харин хөөн хэлэлцэх хугацааны талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хариуцагчийн гаргаж буй давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/01549 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “666 416 710” гэснийг “3 194 343 584 /гурван тэрбум нэг зуун ерэн дөрвөн сая гурван зуун дөчин гурван мянга таван зуун наян дөрвөн/” гэж, “2 579 886 950” гэснийг “51 960 076 /тавин нэгэн сая есөн зуун жаран мянга далан зургаан/” гэж,

2 дахь заалтын “3 490 034” гэснийг “16 129 667” гэж  өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Л, Д.Э нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ч.Бгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 495 040 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Лгээс төлсөн 13 073 635 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                ШҮҮГЧИД                                  А.ОТГОНЦЭЦЭГ

                                                        Ч.ЦЭНД