Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 188

 

2020        03          10                                    2020/ШЦТ/188

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Улсын яллагч П.Итгэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,

            Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Д.Тунгалаг,

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Цэндийн өмгөөлөгч Г.Мөнхбат,

Иргэдийн төлөөлөгч З.Оюунцэцэг,

Шинжээч: Ч.Эрдэмболор, М.Энхбаяр,

Гэрч: Ж.Мөнхжаргал, Д.Бат-Оргил нарыг оролцуулан

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буд овогт Б.Бд холбогдох эрүүгийн 201515000435 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Буд овогт ББ, 1990 оны 12 сарын 08-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн мөрдөгч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, Арвайхээр 169-36 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 8 дугаар баг, 466-1 тоотод оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ..................................

Шүүгдэгч Б.Б /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16:28:32 цагаас 17:27:44 цагийн хооронд Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэст “бусдын гар утас, эд зүйлийг дээрэмдсэн” хэргээр шалгагдахаар очсон 17 настай Ц.Гүндэв-Ёндонг ажлын өрөөндөө зогсоож байхдаа толгой руу нь олон удаагийн давтамжтай цохьсноос Ц.Гүндэв-Ёндон нь тархины хажуугийн ховдлын цус харвалтын улмаас тархины комд орж нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Бгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ” Би энэ хэрэгт ямар нэгэн гэм буруугүй гэдгээ хэлмээр байна. Яагаад гэвэл би нас барсан хүүхдэд ямар нэгэн байдлаар гар хүрсэн зүйл байхгүй. 17 настай буюу насанд хүрээгүй хүүхэд гадны нөлөөллөөс болж нас барсанд миний хувьд ч бас харамсдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Цэнд болон түүний ар гэрийнхэнд нь ямар их хэцүү байгааг ойлгож байна. Бид бүхэн энэ хэргийн учрыг олох гэж олон жил явж байна. Хохирогч нь хүүхэд дээрэмдсэн гэх асуудлаар шалгагдах гэж ирээд нэг цагийн хугацаанд манай өрөөнд байсан. Тухайн үед жижүүрээс дамжаад хүүхдийн байцаагч, хүүхдийн байцаагчаас илтгэх хуудас бичээд эрүүгийн ахлах төлөөлөгчид ирсэн. Тэгээд бид бүхнийг гадуур ажилтай явж байгаад орж ирэхэд манай өрөөнд байсан хүүхдийг шалгах тухай илтгэх хуудсыг манай ахлах төлөөлөгч надад хүлээлгэж өгсөн. Би илтгэх хуудас аваад тэр хүүхэдтэй тодорхой хэмжээнд ярилцаад ар гэрийнхнийг нь дуудаж хүлээлгэж өгөх гээд эгч рүү нь  утсаар ярисан. Тэгээд орой 17 цагийн орчимд цэцэрлэгээс хүүхэд авах цаг болсон байсан болохоор ар гэрийнхнийгээ дагуулж ирээд асуудлаа шийдвэрлэх талаар нь хэлж өгөөд явуулсан. Манай өрөөнд байх нэг цагийн хугацаанд бид бүхний сууж байгаа заал шиг заалны зохион байгуулалттай суудаг. Тэр өрөөнд манай эрүүгийн ахлах төлөөлөгч болон нас цолоор ахимаг хүмүүс байсан. Манай заалны хойд хэсэгт цагдаагийн газрын дэд даргын өрөө байдаг. Тухайн үед өдөр болж байсан ба ямар нэгэн асуудал болоогүй. Цагдаагийн дэд даргын өрөөгөөр нягтлан бодогч болон албан бичиг дээр гарын үсэг зуруулах гэх мэтчилэн олон хүмүүс орж гарч явж байсан. Бид нарт шалгагдах гээд орж ирж байгаа хүмүүсийг зодож цохих асуудал байхгүй. Хүмүүстэй хуулийн дагуу харьцаж байх ёстой гэсэн шаардлагыг удирдлагаас чиг үүрэг өгч, сургалт зохион байгуулдаг. Би эрх зүйн дээд боловсролтой, мөн хүний эрхийг хамгаалахын тулд ажилладаг. Намайг амь хохирогчийг цохисон байх гэж хардаад байгаа. Хүн цохих асуудал дээр бид хоёрын дунд асуудал үүсэх юм уу эсвэл тухайн хүн нь ямар нэгэн зөрчилтэй тохиолдол үүссэн байх хэрэгтэй. Гэтэл бид хоёрын дунд ямар ч асуудал болоогүй. Тэр хүүхэд хүүхдийн гар утас авсан гэхээр нь “... тэр авсан гар утсаа авч ир” гэж хэлсний дагуу авчирсан. Мөн 10.000 төгрөг авсан гэдэг нь илтгэх хуудсанд тусгагдаагүй. Тэр утсаа алдсан хүүхэд урьд нь ангийнхаа хүүхдүүдтэйгээ явж байхдаа амь хохирогчийг зодож цохисон асуудал байдаг. Амь хохирогчоос “... хэнтэйгээ амьдардаг вэ” гэхэд “... хөдөөнөөс орж ирсэн, эгчтэйгээ хамт амьдардаг” гэж хэлсэн. Эгч рүү нь залгаад мэдүүлэг авах гэсэн боловч хүүхдийнхээ цэцэрлэгийн шинэ жил дээр байгаа учраас утас нь холбогдохгүй байсан. Хүүхдийн гар утсан дээр тэмдэглэсэн дугаараар нь болон би өөрийнхөө гар утсаар эгч рүү нь залгаж жоохон хугацаа өнгөрсөн. Өөр ямар нэгэн зүйл үнэхээр болоогүй. Шинжээч нарын удаа дараагийн дүгнэлтээр хохирогч нь цохилт доргилтын улмаас үүссэн цус харвалтын улмаас нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Энэ цохилт доргилт нь хаана хэзээ үүссэн бэ гэдэг нь хавтаст хэрэгт баримтаар нотлогдсон. Би тэр хүүхдэд гар хүрээгүй. Харин хэн цохисон бэ? Хэн гар хүрсэн бэ? Хэдийд ийм гэмтэл учрах болсон бэ гэдэг нь хэрэгт баримтаар авагдсан. Манай өрөөний камерын бичлэг тасралтгүй бичигдсэн. Камерын бичлэгт бүх зүйл тодорхой байсан. Уг бичлэгийг бид бүхэн өмнөх шүүх хуралдаан дээр үзэж байсан. Шинжээч эмч Сарангэрэлийн гаргасан дүгнэлтийн дагуу Амаржаргал гэх мөрдөн байцаагч мэдүүлэг авсан. Би өөрөө хүнээс мэдүүлэг авч ажилладаг хүний хувьд тэр мэдүүлгийг харахад шинжээч эмчийг илт хөтөлсөн, тулгасан асуулт тавьсан. Гэтэл шинжээч эмч “... энэ гэмтэл цагдаагийн газар дээр үүссэн байхаа” гэсэн. Энэ нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчиж, бусдыг хөтөлж мэдүүлэг авсан. Тэгээд үүн дээр тулгуурлаж ямар ч үндэслэлгүйгээр яллах байр суурьнаас хандсан гэж бодож байна. Яллах дүгнэлтэнд намайг удаа дараа цохисны улмаас нас барсан гэж дүгнэсэн. Энэ нь яг ямар нотлох баримтаар тогтоогдоод байгаа юм бэ? Би хүүхэд рүү очоод 1-2 минут болсон байхад камернаас нуугдсан гэсэн. Тэр хугацаанд хүүхдийн байцаагч Уранбат гэдэг хүний өрөө рүү орчихоод гараад ирсэн гэдгийг өмнөх шүүх хуралдаанд ч хэлж байсан. Энэ олон жил энэ хэрэгт яагаад буруутгагдаад байгаагаа ерөөсөө ойлгодоггүй. Прокурор үндэслэлгүйгээр хэт нэг талыг баримталж намайг энэ хүнд хэрэгт хилс хэргээр яллаж байгаад гомдолтой явдаг” гэв.

Гэрч Ж.Мөнхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би суурин ажилгүй болохоор тухайн хэрэг гардаг өдөр ажлаар орж гараад явж байсан. Манай өрөөнд манай тасгийнхан болон утасны хэргээр шалгагдаж байсан нэг залуу байсан. Би Б.Бтэй одоог хүртэл хамт ажиллаж байгаа. Манай өрөө камертай учраас ямар нэгэн зүйл болдоггүй” гэв.

Гэрч Д.Бат-Оргил шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр амь хохирогчийг хүүхдийн гар утас дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гээд илтгэх хуудас оруулж ирсэн. Тэгээд эрүүгийн мөрдөгч Б.Б амь хохирогчийн үйлдсэн гэмт хэргийн талаар асууж, тодруулж байсан ба амь хохирогч 2015 оны 12 дугаар сарын сүүлээр орж ирсэн. Манай өрөө өмнө нь эрүүгийн төлөөлөгч нарын камертай өрөө байсан ба би тухайн өдөр өрөөнд хамт байж байсан болохоор Б.Б тэр хүүхдийг зодож цохисон асуудал гараагүй. Мөн би амь хохирогчтой ярилцаж яагаад гар утас хулгайлсан талаар нь асууж тодруулсан” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Цэндээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би талийгаач Ц.Гүндэв-Ёндонгийн төрсөн аав нь байгаа юм ...Би бүсийн оношлогоо эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Энх-Амгалантай уулзахад бидэнд байдлыг танилцуулсан. Энх-Амгалан эмч танилцуулахдаа “...танай хүү толгойдоо маш их гэмтэлтэй, ер нь амьдрах боломж 10 хувь, хүнд байдал нь 90 хувь гэж ойлгоорой” гээд зургаас нь бидэнд тайлбарлан өгсөн. Тэгээд тэр өдөртөө буюу 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр биеийн байдал нь хэвээрээ, амь тариагаар л байсан ...Би ангийнх нь найз нөхөд багш нартай нь ярьж хөөрлөө, олон хүнээс асуулаа, Цагдаагийн газрын камерын бичлэгийг ч үзлээ, хамгийн эцэст нь хүүхдээ хүний гарт амь алдсан байна гэдэгт нь баттай итгэж байна, хүмүүсийн ярьж байгаа яриа, ухаантай байхдаа хүмүүст хэлж ярьж байсан үг, Цагдаагийн байгууллагын камерын бичлэгийг үзсэн миний ойлголт зэргээс үзэхэд Цагдаагийн байгууллагын ажилтан Бат-Оргил, Бямбасүрэн нар нь миний хүүд илт заналхийлсэн байдалтай харьцаж байгаа нь илт тодорхой байна. Эрүүгийн тасгийн өрөөнд байхад камерын дуран харагдахгүй газарт зогсоож байгаад Бямбасүрэн гэх хүн очиж уулзаж байгаа бичлэг байна. Камерын дуран тусахгүй газарт шахаж оруулж байгаад миний хүүг толгой руу нь цохисон гэж бодож байна. Би камерын бичлэгээс цаг хугацааг нь бичиж авсан. Насанд хүрээгүй хүүхдийг асран хамгаалагчгүйгээр удаан хугацаагаар байцаах эрх байдаггүй гэж бодож байна. Камерын бичлэгээс харахад камерын бичлэг нь бүрэн бүтэн байгаа эсэх нь тодорхойгүй, камерын дуран тусахгүй газарт байцаалт авч байгаа хүмүүсээ зогсоож хүний эрүүл мэндэд халддаг байдал байдаггүй л байгаа даа гэж хувь хүнийхээ хувьд дүгнэж байна. Цагдаагийн газарт манай хүү орж ирсэн бичлэг, гарч явж байгаа бичлэгээс харахад хүүхдийн явдлын хувьд эрс өөр хөлөө чирсэн байдалтай, маш эвгүй харагдаж байсан. Камерын бичлэгт манай хүүхэд заримдаа гарч ирэхгүй, заримдаа гутлынх нь өлмий харагдаад л байсан. Мөн доошоо сууж байгаа бичлэг бичигдэн үлдсэн байсан. Хүнд доргилтоос болж тархинд нь гэмтэл учраад тархинд харвасан цус нь аажмаар цус алдалт болж ухаан алдаж унаад эмнэлгийн тусламж оройтож хүрсэн боловч эрчим эмчилгээ нь хэвийн түвшинд хийгдсэн, өөрөөр хэлбэл сайн байсан гэж үзэж байна. Гэсэн хэдий ч гэмтэл маш хүнд байсан учраас амь насанд нь хүрсэн. Гэмтэл учруулсан этгээдүүд болох Уянга сумын харъяат Батсүрэн, түүний хүү Жаргалсайхан нар нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй, гэхдээ тэд нарын нөлөө үхэлд хүргэх хэмжээнд байсан гэж үзэхгүй байна. Ямар ч биед ил харагдах шарх сорви байхгүй, битүү доргилтоос үүссэн нь тодорхой байна. Үүнийг би цагдаагийн албан хаагчдыг хийсэн гэдэгт эргэлзэхгүй байна” гэх мэдүүлэг /1хх-58-59х/,

Гэрч Ц.Чанцалмаагаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би талийгаач дүү болох Гүндэв-Ёндонтой хамт амьдардаг юм ...цагдаа руу явж амжаагүй байтал 21 цаг өнгөрөөгөөд Мобикомын дугаар залгаад эмэгтэй хүн “...Гүндэв-Ёндонгийн эгч мөн үү, манай гэрт танай дүү чинь ухаангүй л юм шиг байгаад байх юм. Сая 103 дуудаж үзүүлсэн чинь авалгүй яваад өгчихлөө” гэхээр нь би “...яасан юм бол” гэхэд тэр эмэгтэй “...мэдэхгүй, толгойгоо л бариад орилоод байна, бөөлжөөд байна, яаралтай ирээрэй, манайх Тайгер дэлгүүрийн урд талын гудамж шүү, Гүндэв-Ёндонгийн найзынх нь байгаа юм” гэсэн ...Уг айлын 1 давхрынх нь орон дээр манай дүү эвдэрчихсэн, толгойгоо барьчихсан хэвтэж байсан ...Намайг Төмөрбаатар гэх айлд очиход манай дүү Гүндэв-Ёндон толгойгоо бариад хий огисон байдалтай, юм асуухаар дуугарахгүй гиншсэн байдалтай байсан. Эмнэлэг дээр очиход мөн тийм байдалтай байсан ...эмч манай дүүг үзээд цусны шинжилгээ авсан. Эмчийг үзээд юм асууж байхад манай дүү юу ч дуугарахгүй байсан. Эмч үзсэний дараа “...томографид харуулах шаардлагатай юм байна” гэхээр нь би цуг ирсэн хүмүүсээ явуулаад найз Отгонсүрэнгийн хамт эмнэлэг дээр үлдсэн. Томографид үзэх эмчийг нь хүлээгээд нилээн удсан. Тэр хооронд ухаангүй, өмнөх байсан шигээ л бие нь хүйтэн болсон байсан. Томографид хараад эмч нь “...тархиндаа цус харвалттай гэж гарч байна, энэ яасан хүүхэд юм болоо” гэхээр нь “...би хүнд зодуулаад тархинд нь цус харвасан юм болов  уу л гэж бодсон” гэж хэлсэн. Дондолцэрэн гэх эмч үзээд “...тархиндаа цус харвалтттай гэсэн байна. Манай тасаг маргааш нүүх болохоор наад хүүхдийг чинь хөдөлгөж болохгүй, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлье” гээд Эрчимт эмчилгээний тасаг руу хэвтүүлсэн. Тэгээд л эмчилгээг хийж эхэлсэн ...Цагдаагийн газрын камерын бичлэгийг үзэж байхад Уранбат, Бямбасүрэн гэх хүн рүү шилжүүлж байгаа бичлэг нь байсан. Бямбасүрэнгийн өрөөнд л их удсан байсан. Тэр өрөөнд 5 байцаагч суугаад бүгд л манай дүүгээс юм асуугаад цаанаас нэг байцаагч босч ирээд гараараа далайгаад зандчаад мөр лүү нь түлхэж байгаа бичлэг бичигдэн үлдсэн байсан. Миний хамгийн их сэжиглэж байгаа зүйл нь манай дүүг камерт харагдахгүй газарт буюу хаалганы зүүн талын буланд зогсоогоод Бямбасүрэн гэх байцаагч үүд рүү яваад 2 минут орчим манай дүү ч харагдахгүй, Бямбасүрэн ч харагдахгүй байж байгаад хаалгаар гараад явсан байдаг. Миний дүүгийн хажууд байсан 2 минутын хугацаанд юу хийсэн нь мэдэгдэхгүй байгаа юм. Бат-Оргил гэх залуу нь камерын бичлэгт ширээн дээрээ суучихаад хөдөлгөөнгүй доошоо тонгойгоод л суугаад байсан. Хөдөлгөөнгүй байж байснаа Бямбасүрэнг манай дүү рүү очиход өндөс хийж харчихаад буцаад тонгойсон. Тэгэхээр нь би “...хаалгаар хүн гарч байхад тэгж харахгүй нь ойлгомжтой, харин манай дүү дээр очоод нэг л юм болсон байна” гэж сэжиглэж байна. Бямбасүрэн нь манай дүү дээр очоод 2 минут орчим болсоны дараа өрөөндөө буцаж ороод ширээн дээрээ утсаа оролдоод л суугаад байсан. Тэгэхэд манай дүүгийн гутлын хоншоор л ээлжилж цухуйгаад байсан. Бямбасүрэнг очихоос өмнө манай дүү камерт бүтэн биеэрээ нэг харагдаад тал биеэрээ нэг харагдаад л байсан. Бямбасүрэнг гараад орж ирснээс хойш толгойгоо тонгойлгоод байгаа нь, доошоо суусан байгаа тал бие нь харагдаж байсан. Бямбасүрэн өрөөндөө орж ирснээс хойш ширээн дээрээ сууж байгаад манай дүүд очиж гар утсыг нь өгөхөд манай дүү утсаа барьчихаад дальдираад хойшилсон. Өмнө нь Бат-Оргил гэх цагдааг гараа далайхад далдираагүй байж Бямбасүрэнг гар утсыг нь өгөхөд гар утсаа барьчихаад хойшоо далдирснийг бодоход би Бямбасүрэнг манай дүүд ямар нэгэн зүйл хийсэн байна гэж бодсон. 17 цаг өнгөрөөгөөд манай дүү цагдаагийн газраас гарсан байдаг юм. Гарахдаа баруун талын хөл нь доголсон байдалтай байсан. Учир нь Цагдаагийн гаднах хаалгаар гарахдаа шатны хажуугийн түшлэгнээс бариад тэргэнцэртэй хүний замаар бууж байгаа харагдсан, мөн 1 давхарын коридороор яваад гарахдаа ч гэсэн баруун талын хөл нь доголсон байдалтай байсан” гэх мэдүүлэг /1хх-63-65х/,

Гэрч Г.Уранбатаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэр өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 40 минутын орчимд намайг өрөөндөө байхад Батсүрэн гэх хүн Жаргалсайхан, Гүндэв-Ёндон гэх хүүхдүүдийг дагуулаад “...Уранбат гэх хүн байна уу” гээд орж ирсэн. Тэр хүмүүсийг орж ирэхээр нь би болсон талаар асуухад Батсүрэн гэх хүн нь “...хэд хоногийн өмнө манай хүүхдийн гар утас, 20.000 төгрөг, савхин бээлий зэргийг энэ хүүхэд дээрэмдсэн байна, би олоод ирлээ” гэхэд Гүндэв-Ёндон гэх хүүхэд хажуугаас нь “...үгүй ш дээ 10.000 төгрөг ш дээ” гээд хоорондоо маргалдах янзтай байхаар нь би яриаг нь таслаад “...тэр гар утас, мөнгө нь хаана байгаа юм бэ” гэж Гүндэв-Ёндон гэх хүүхдээс асуусан. Тэгээд Гүндэв-Ёндон гэх хүүхдийн эгчийг нь дуудахаар утасны дугаарыг нь аваад залгатал утас нь холбогдоогүй. Тэгэхэд Гүндэв-Ёндон гэх хүүхэд “...манай гэрт байгаа би одоо аваад өгчихье” гэхээр нь би “...тэгвэл та 3 хамт яваад гар утсаа авчихаад буцаагаад Гүндэв-Ёндон гэх хүүхдийг надад авчраад өгөөрэй” гэж би Батсүрэн гэх хүнд хандаж хэлэхэд тэр 3 гараад явсан. Манай өрөөнөөс гарч явснаас хойш 20-30 минутын дараа /16 цаг өнгөрч байхад/ буцаж 3-лаа ирээд Батсүрэн гэх хүн хаалгаар шагайгаад “...бид нар Уянга сум руу явах гээд байна, гар утсыг нь авчихлаа, мөнгө бээлий нь байхгүй байна” гэхээр нь би “...энэ хүүхдийн эгчтэй нь уулзаад мөнгө, бээлийнийх нь асуудлыг шийдэж өгье” гэж хэлээд Жаргалсайхан, Батсүрэн нарын утасны дугаарыг тэмдэглэж аваад Батсүрэн, Жаргалсайхан нарыг явуулсан. Гар утас дээрэмдсэн Гүндэв-Ёндон гэх хүүхдийг өрөөнийхөө үүдэнд 5-6 минут зогсоож байгаад илтгэх хуудас бичээд эрүүгийн цагдаагийн тасагт илтгэх хуудасны хамт хүлээлгэн өгсөн. Өрөөнөөсөө гараад Эрүүгийн цагдаагийн тасгийн өрөө рүү орох замдаа би Гүндэв-Ёндон гэх хүүхдээс “...чи 10.000 төгрөг авсан юм уу, 20.000 төгрөг авсан юм уу” гэж асуухад тэр хүүхэд “...эгчээ би 10.000 төгрөг л авсан” гэж хэлсэн. Тэгээд л би эрүүгийн цагдаагийн тасагт ороод илтгэх хуудсаа Эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Ч.Отгонжаргалд хүлээлгэн өгсөн ...тэр хүүхдийн доод уруул нь жаахан тавшсан шархтай байсан. Түүнээс өөр ямар нэгэн шарх сорви ажиглагдаагүй. Биеийн байдал нь илт муу байдалтай байгаагүй ...” гэх мэдүүлэг /1хх-72х/,       

Гэрч Б.Очирпүрэвээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх Арвайхээр сумын 1 дүгээр багт “Хан хөгшин” гэх нэртэй дэлгүүрийг ажиллуулдаг юм. 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би дэлгүүртээ сууж байсан. Тэр өдрийн орой 20 цагийн орчимд намайг дэлгүүртээ сууж байхад нэг банди орж ирсэн. Хар өнгийн курткатай хүүхэд ганцаараа орж ирсэн ... Тэгээд лангууны цаана явган суучихаар нь би “...хөөе чи яасан юм бэ, яагаад наанаа суугаад байгаа юм бэ” гэхэд тэр хүүхэд “...толгой өвдөөд байна, хүмүүст зодуулаад” гэхээр нь би "... ямар хүмүүст зодуулсан юм бэ” гэхэд тэр хүүхэд “... цагдаад зодуулсан” гэж хэлсэн. Тэгээд тэр хүүхэд заалны урд буланд цонхон дор паарны хажууд очоод суусан. Тэгэхээр нь би "... эм уух юм уу” гэхэд тэр хүүхэд “... уухгүй, эмэнд дарагдахгүй байх” гэхээр нь би "... гэр чинь хаана байдаг юм бэ, гэртээ харих юм уу” гэхэд тэр хүүхэд "... нэг гэр 9-р хороо, нэг гэр нь наашаа” гэж хэлсэн. Тэгээд тэр хүүхдийг паарны наана сууж байхад гаднаас хүүхдүүд юм авахаар орж ирсэн. Хүүхдүүдийг орж ирэхэд тэр хүүхэд өмсөж байсан куртикээрээ нүүрээ хаагаад суугаад байсан ... Нөгөө хүүхэд тэндээ суусан хэвээр байсан. Тэгэхээр нь би “... толгой чинь өвдөөд байгаа бол гэртээ харьж хэвт дээ” гэхэд тэр хүүхэд дэлгүүрээс гараад явсан. Гарч явснаас нь хойш удалгүй барагцаагаар 2-3 минутын дараа гарахад тэр хүүхэд хаалганы гадна талын үүдний довжоон дээр сууж байсан. Тэр хүүхдэд хандан "... чи яагаад суугаад байгаа юм бэ” гэхэд тэр хүүхэд "... хүн хүлээж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүр лүүгээ орсон. Миний араас тэр хүүхэд удалгүй орж ирээд лангууны урд талд байх амрах өрөөний хаалгыг татахаар нь би “... хүүе хаачих нь вэ” гэхэд тэр хүүхэд “... жаахан хэвтээдэхье” гэхээр нь би "... наана чинь хүн амьтан хэвтдэг газар биш, гэр орондоо очиж хэвт” гээд наанаас нь очиход тэр хүүхэд буцаад дэлгүүрийн баруун урд талын буланд байх зуухны хажууд очоод нэг хөлөө нугалаад нэг хөл дээрээ суугаад өмсөж байсан курткээрээ толгойгоо хаагаад суусан. Тэнд жаахан сууж байснаа нэг тохойгоо газарт тавиад хажуулдаад хагас хэвтсэн. Гэтэл гаднаас манай урд талын дэлгүүрийн Батаа гэх хүн ганцаараа орж ирсэн. Батаа орж ирээд “... энд чинь согтуу хүн хэвтэж байгаа юм биш үү” гэж хэлээд дэлгүүрээс юм авчихаад гарсан. Тэгэхээр нь би дэлгүүртээ согтуу хүн хэвтүүлээд, хүн ороод ирвэл эвгүй юм даа гэж бодоод санаа зовоод тэр хүүхдийг "... одоо харьж амар, энд хамаагүй хэвтэж болохгүй” гэхэд тэр өөрөө босоод гараад явчихсан. Би удалгүй араас нь гарахад тэр хүүхэд манайхаас баруун тийшээ алхаад явчихсан. Буцаж ирээгүй” гэх мэдүүлэг /1хх-77-78х/,

Гэрч Ж.Мөнхжаргалаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... 2015 оны 12 сарын 23-ны өдөр үдээс хойш 16 цагийн орчим тухайн хүүхдийг хүүхдийн байцаагч, цагдаагийн ахмад Г.Уранбат манай өрөөнд оруулж ирсэн. Ц.Гүндэв-Ёндон гэдэг хүүхэд нь биеийн байдал нь зүгээр байсан. Юм асуухад зүгээр юм ярьж байсан, ил харагдах шарх сорви байсан эсэхийг анзаараагүй. Гэхдээ мэдэгдэх зүйл байгаагүй” гэх мэдүүлэг /1хх-93х/,

Гэрч Н.Түмэнбаяраас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ц.Гүндэв-Ёндон гэдэг хүүхэд гаднаасаа харахад асуусан асуултанд зүгээр хариулж байсан” гэх мэдүүлэг /1хх-96х/,

Насанд хүрээгүй гэрч Б.Нэргүйгээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэр өдөр Санжаа, Буянтогтох, талийгаач Ц.Гүндэв-Ёндон бид дөрөв 18 цагаас анги угаах хуваарьтай байсан юм. Гаднаас ангид талийгаач Ц.Гүндэв-Ёндон, Санжаа, Ганхишиг, Должиндолгор, Жавзанпагам, Анхзаяа нар орж ирсэн. Талийгаач ангид орж ирээд шууд цонх руу очоод цонхоор толгойгоо гаргачихаад бөөлжөөд байсан. Тэгснээ хураасан ширээн дээр хэвтсэн. Тэгтэл Ганхишиг талийгаачийг татаж босгож ирээд яасан бэ юу болсон юм бэ гэхэд дуугарахгүй байсан. Санжаа цагдаа нар элэгдэж байна уу гэж асуухад талийгаач толгой руу л балбаад байсан гэж хэлсэн. Бид нар цагдаа руу явсан гэдгийг нь тухайн үед мэдэж байсан юм” гэх мэдүүлэг /1хх-102х/,

Насанд хүрээгүй гэрч М.Жавзанпагамаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...18 цагийн орчимд хамт анги руу орсон. Ц.Гүндэв-Ёндон ангид орж ирээд цонхон дээр очоод тонгойгоод байсан. Тэгээд эргэж ширээн дээр ирээд толгойгоо бариад эвхрэлдэж хэвтээд байсан юм. Тэгсэн чинь Санжаа яасан бэ цагдаа элэгдэж байна уу бороохойдож байна уу гэж асуусан чинь Ц.Гүндэв-Ёндон үгүй толгой руу балбаад байсан гэж хэлсэн. Цагдаад толгой руугаа балбуулсан гэж өөрөө л тийм юм ярьж байсан” гэх мэдүүлэг/1хх-103х/,

Насанд хүрээгүй гэрч З.Анхзаяагаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... Талийгаач ангийн цонхоор толгойгоо цухуйлгаад зогсож байсан. Тэгээд ширээн дээр очоод эвхрэлдээд хэвтсэн. Санжаа чамайг элэгдсэн үү, бороохойдсон уу гэхэд Ганхишиг талийгаачийг татаад чиний хувцас чинь яагаад урагдчихсан юм бэ хэнд зодуулсан юм бэ гэхэд талийгаач толгой руу балбаад байсан гэсэн. Тэгтэл Ганхишиг хэн балбасан юм бэ гэхэд талийгаач цагдаа гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /1хх-105х/,

Насанд хүрээгүй гэрч Ц.Буянтогтохоос мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Талийгаач ангид орж ирээд ширээн дээр суусан. Тэгтэл Ганхишиг талийгаачийг босгоод яасан бэ юу болсон бэ гэхэд талийгаач цагдаад толгой руугаа балбуулаад гэж хэлсэн. Тэгээд талийгаач “... дотор муухай оргиод байна” гээд цонх руу очиж бөөлжсөн. Цонх руу очиж бөөлжчихөөд ширээн дээр очиж хэвтэхээр нь бид нар талийгаачаас зөндөө л зүйл асуусан боловч юу яриагүй” гэх мэдүүлэг /1хх-106х/,

Насанд хүрээгүй гэрч Ц.Ганхишигээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр үед хажуугаас Санжаа яасан юм гээд асуугаад байсан. Санжаа тоглоом хийгээд бороохойдуулсан уу, элэгдсэн үү гээд асуусан. Гэтэл Гүндэв-Ёндон би юм ярьж чадахгүй нь миний толгой өвдөөд бөөлжих гээд байна гээд байсан. Тэгээд яасан юм хэн зодсон юм гэсэн чинь толгой руу балбасан гэхээр нь хэн гэсэн чинь цагдаа гээд байсан” гэх мэдүүлэг /1хх-108х/,

Насанд хүрээгүй гэрч Т.Должиндолгороос мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Санжаа ирээд цагдаа нар яасан чамайг бороохойдсон юм уу, элэгдсэн юм уу гэхэд талийгаач үгүй ээ толгой руу балбаад л байсан гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг /1хх-112х/,

Насанд хүрээгүй гэрч Г.Санжаагаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 17 цаг нилээн өнгөрч байхад сургуулийн ард талд Ц.Гүндэв-Ёндонтой уулзсан. Би яасан гайгүй юу гэсэн чинь гайгүй гэж хэлсэн. Сургууль руу ороод шатаар өгсөх гэж байхдаа Ц.Гүндэв-Ёндон хана түшээд зогссон чинь манай ангийн Ганхишиг, Должиндолгор, Анхзаяа, Жавзанпагма нар мөн шатан дээр зогсож байсан. Тэд нар яасан бэ гэхэд цагдаад зодуулсан гэхээр нь би тоглоод чамайг элэгдсэн үү бороохойдсон уу гэхэд өмнөөс толгой руу балбаад байсан гэж хэлсэн. Ганхишиг, Должиндолгор, Анхзаяа, Жавзанпагам нар энэ яриаг сонссон. Ц.Гүндэв-Ёндон цагдаад зодууллаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2хх-222х/,

Гэрч С.Баяржаргалаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 12 сарын 23-ны өдрийн 16 цаг өнгөрч байх үед би эхнэр Мөнхзулын хамт Чанцалмаагаар бариулах гээд очиход гэр нь цоожтой байсан. Хүлээгээд байж байтал гаднаас Ц.Гүндэв-Ёндон гүйж орж ирээд хаалгаа онгойлгоод гэртээ орсон. Араас нь шар царайтай жинсэн өмдтэй хүүхэд ирсэн чинь гэрээсээ Ц.Гүндэв-Ёндон гарч ирээд тэр хүүхдийг дагаад гарсан. Гэрээ цоожил гэсэн чинь та цоожилчих гэж манай эхнэрт хэлсэн. Хүний нүдэнд тусах шарх сорви байгаагүй. Тухайн өдөр Ц.Гүндэв-Ёндон шатаар гүйж гарч ирээд буцаад гүйгээд гарсан. Их л яаруу явж байх шиг байсан” гэх мэдүүлэг  /2хх-205х/,

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №151 тоот дүгнэлтэнд:

“1. Талийгаачид тархины хажуугийн ховдлын цус харвалт тогтоогдлоо.

2. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл буюу толгойд цохих доргих үед үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Учир нь энэ гэмтлийг аваад зовиур шаналгаа, эмнэл зүйн шинжүүд нь богино хугацаанд илэрдэг.

3. Энэ гэмтэл нь зарим тохиолдолд үүссэн даруйдаа ухаан алдах, улмаар комын байдалд орох ба зарим тохиолдолд богино хугацааны /хэдэн цаг/ дараа ухаан алддаг.

4. Ховдлын цусан хурааг мэс заслаар авдаг ба энэ хагалгааг орон нутгийн нөхцөлд хийх боломж багатай.

5. Талийгаач нь ховдолын цус харвалтын улмаас тархины комд орж нас баржээ”  гэжээ /1хх- 134-135х/,

Шинжээч эмч Ц.Ганболдоос мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ховдолын цус харвалтын улмаас харвалтын хүндрэл нь тархи, уушгины хаван юм. Энэ гэмтэлтэйгээ шууд шалтгаант холбоотой гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Уг гэмтэл нь толгойд цохих үед үүснэ. Толгой руу цохих үед доргилтоос цус харвалт үүснэ. Талийгаач Гүндэв- Ёндонгийн тархинд үүссэн цус харвалт үүсээд үйл хөдлөл хийж байсан гэж бодож байна. Бага хэмжээтэй цус харвалт нь хэдэн минутаас 2-3 цагийн дотор үргэлжилнэ” гэх мэдүүлэг /1хх-195-196х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №796 тоот дүгнэлтэнд:

“1. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт №151 тоот дүгнэлттэй санал нэг байна.

 2.3.4. Талийгаачид тархины баруун зүүн хажуу ховдлын урд эвэр, төвийн хэсэг, уртавтар тархины түвшинд /урт 4,8 см, өргөн 3.8 см зузаан, 2.5 см/ цус харвалт гэмтэл байх ба уг гэмтлийг авсан даруйдаа зовиур болон эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрдэг ба зарим тохиолдолд богино хугацааны /хэдэн цаг/ дараа ухаан алддаг. Дээрх гэмтэл нь баруун хацар луу 2 удаа цохих, дух руу нэг удаа мөргөх хүчний үйлчлэлээр үүсгэгдэж боломжтой боловч тухайн баруун хацар луу 2 удаа цохих, дух руу нь нэг удаа мөргөсөн тохиолдолд талийгаачид клиник шинж илрээгүй байна.

5. Ховдлын цусан хурааг мэс заслаар авдаг ба энэ хагалгааг орон нутгийн нөхцөлд хийх боломж багатай ба анх дуудлагаар очсон эмч цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй” гэжээ /2хх-248-249х/,

Шинжээч эмч Ө.Сарангэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны  үед мэдүүлсэн: “Талийгаачид гэмтлийн гаралтай ховдолын цус харвалт гэмтэл учирсан байсан. Ховдолын цус харвалтыг эмнэл зүйн шинжээр нарийвчлан тогтоодог. Хэрэв цаг хугацааны хувьд баруун хацар луу 2 удаа цохих, дух хэсэгт 1 удаа цохиод тархины зүүн ховдолын цус харвалт үүсэн бол тэр даруйдаа тархины гэмтэлийн шинж илрэх ёстой. Тэгтэл энэ талийгаач ингэж цохиулаад тархины гэмтэл нь илрээгүй цагдаагийн газарт ороод гараад яваад байдаг юм. Ховдолын цус харвалтын үед ховдол бөглөрөх хам шинж гэж шууд үүсдэг юм. Энэ нь ховдол доторхи шингэн нь байнгын хэлбэлзэлтэй хөдөлгөөнтөй байх ёстой боловч цус орж холилдоод ховдолын 3,4 дүгээр ховдолтой харьцах ёстой сүвүүдийг бөгөлдөг юм. Өөрөөр хэлбэл 3 дугаар ховдол маань 4 дүгээр ховдолтой усан сувгаар харьцдаг юм. Тэр сүвүүдийг нь бөглөнө гэсэн үг юм. Харин 4 дүгээр ховдол маань цаашаа нугасны залгаа можанд, лушкагын хувилыг бөгөлдөг гэсэн үг юм. Тэгээд ховдолоо бөглөөд ирэхээр тархины эд рүү шингэн нэвчээд тархины эд тойрсон хаван үүсгэдэг юм. Тэр ховдол бөглөрөөд хавагнаад ирэхээр тархины дотоод даралт ихсэнэ, улмаар тархи усжаад ирдэг юм. Ингэсэн тохиолдол комд ордог юм. Ийм гэмтэл авсан бол шууд буюу тэр даруйдаа толгой өвдөнө огиулж бөөлжих, тэнцвэр алдагддаг юм. Тэгэхээр алхаж гишгэхэд тэнцвэр алдагдах бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг юм” гэх мэдүүлэг /2хх-245-246х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1131 тоот дүгнэлтэнд:

“1. 2016.01.28-ны өдөр шинжээч эмч Ц.Ганболдын гаргасан №151 тоот дүгнэлт болон хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн №796 тоот шинжилгээний дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Ц.Гүндэв-Ёндонгийн цогцост хийсэн 2016.12.26-ны өдрийн цогцост хийсэн тэмдэглэлд: ... баруун шанаа 0,3х0,2см, 0,2х0.2см. хүзүүний баруун хэсэгт 1,5х0,2см хэмжээний зулгаралттай ... /хх-5х/, задлан шинжилгээ хийсэн 151 тоот дүгнэлтийн цогцосны гаднах үзлэгт: ... духны дунд хэсэгт 0,3х0,2см, 0,2x0,1см дугариг улаан хүрэн өнгийн зулгаралттай, зүүн тохойн хонхорт 0,1x0,1 см, баруун тохойн хонхорт 0,1x0,1 см цэгчилсэн шархтай, хүзүүний дунд хэсэгт 3-6 цагийн цифрийн чиглэлд 1,5х0,2см улаан хүрэн өнгийн зулгаралттай гэсэн ... /хх-135х/ гэмтлүүд нь үхэлд хүргэхгүй, гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Мөн Өлзийсайханы тайлбарт: ... хүзүү, хоолой нь улайчихсан, баруун хөмсөгний хавьцаа хөхөрчихсөн байсан ... /хх-45х/, Г.Санжаагийн тайлбарт: ...баруун хөмсөгний дээр жоохон хөхөрсөн, хоолой нь боолгосон юм шиг улайсан... /хх-47х/, гэрч Г.Уранбатын мэдүүлэгт: ... доод уруул нь жаахан тавшсан хуучин шархтай байсан... /хх-72х/ гэж тус тус мэдүүлсэн байдаг. Эдгээр гэрч нарын мэдүүлгээр гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй болно. Дээрх гэмтлүүдийн улмаас Ц.Гүндэв-Ёндонд гэмтлийн гаралтай зүүн хажуугийн ховдлын цус харвалт үүсэх боломж муутай байна.

3. Ц.Гүндэв-Ёндонгийн биед илэрч байсан гэх толгой өвдөөд дотор муухай оргиод байна, гадаа гармаар байна гэх зовиур нь тархины гэмтлийн шинж тэмдэг байх боломжтой.

4. Ц.Гүндэв-Ёндонд учирсан гэмтлийн гаралтай зүүн хажуугийн ховдлын цус харвалт нь толгойн аль ч хэсэгт хүч үйлчилсэнээс үүсч болно.

5. Ц.Гүндэв-Ёндонгийн хуйх болон гавал ясанд гаднаас үйлчилсэн ул мөр бүхий гэмтэл, цус хуралт үүсээгүй байна” гэжээ /4хх-1-5х/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-4х/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-5х, 6-12х/,

Камерын бичлэг хураан авсан тухай тэмдэглэл /1хх-14х, 20х, 24х, 28х/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-15х, 21х, 25х, 29х/,

Камерын бичлэгт үзлэг хийж хуулбарлан авсан тухай тэмдэглэл /1хх-16х, 22х/,

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-30х, 31-32х/,

Гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-33х/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-35-38х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-71х/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-63х/,

Хохирлын баримтууд /3хх-189-223х/ зэрэг болно.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Б.Б /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16:28:32 цагаас 17:27:44 цагийн хооронд Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэст “бусдын гар утас, эд зүйлийг дээрэмдсэн” хэргээр шалгагдахаар очсон 17 настай Ц.Гүндэв-Ёндонг ажлын өрөөндөө зогсоож байхдаа толгой руу нь олон удаагийн давтамжтай цохьсноос Ц.Гүндэв-Ёндон нь тархины хажуугийн ховдлын цус харвалтын улмаас тархины комд орж нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Цэндээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би талийгаач Ц.Гүндэв-Ёндонгийн төрсөн аав нь байгаа юм ...Би бүсийн оношлогоо эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Энх-Амгалантай уулзахад бидэнд байдлыг танилцуулсан. Энх-Амгалан эмч танилцуулахдаа “...танай хүү толгойдоо маш их гэмтэлтэй, ер нь амьдрах боломж 10 хувь, хүнд байдал нь 90 хувь гэж ойлгоорой” гээд зургаас нь бидэнд тайлбарлан өгсөн. Тэгээд тэр өдөртөө буюу 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр биеийн байдал нь хэвээрээ, амь тариагаар л байсан ...Би ангийнх нь найз нөхөд багш нартай нь ярьж хөөрлөө, олон хүнээс асуулаа, Цагдаагийн газрын камерын бичлэгийг ч үзлээ, хамгийн эцэст нь хүүхдээ хүний гарт амь алдсан байна гэдэгт нь баттай итгэж байна, хүмүүсийн ярьж байгаа яриа, ухаантай байхдаа хүмүүст хэлж ярьж байсан үг, Цагдаагийн байгууллагын камерын бичлэгийг үзсэн миний ойлголт зэргээс үзэхэд Цагдаагийн байгууллагын ажилтан Бат-Оргил, Бямбасүрэн нар нь миний хүүд илт заналхийлсэн байдалтай харьцаж байгаа нь илт тодорхой байна. Эрүүгийн тасгийн өрөөнд байхад камерын дуран харагдахгүй газарт зогсоож байгаад Бямбасүрэн гэх хүн очиж уулзаж байгаа бичлэг байна. Камерын дуран тусахгүй газарт шахаж оруулж байгаад миний хүүг толгой руу нь цохисон гэж бодож байна. Би камерын бичлэгээс цаг хугацааг нь бичиж авсан. Насанд хүрээгүй хүүхдийг асран хамгаалагчгүйгээр удаан хугацаагаар байцаах эрх байдаггүй гэж бодож байна. Камерын бичлэгээс харахад камерын бичлэг нь бүрэн бүтэн байгаа эсэх нь тодорхойгүй, камерын дуран тусахгүй газарт байцаалт авч байгаа хүмүүсээ зогсоож хүний эрүүл мэндэд халддаг байдал байдаггүй л байгаа даа гэж хувь хүнийхээ хувьд дүгнэж байна. Цагдаагийн газарт манай хүү орж ирсэн бичлэг, гарч явж байгаа бичлэгээс харахад хүүхдийн явдлын хувьд эрс өөр хөлөө чирсэн байдалтай, маш эвгүй харагдаж байсан. Камерын бичлэгт манай хүүхэд заримдаа гарч ирэхгүй, заримдаа гутлынх нь өлмий харагдаад л байсан. Мөн доошоо сууж байгаа бичлэг бичигдэн үлдсэн байсан. Хүнд доргилтоос болж тархинд нь гэмтэл учраад тархинд харвасан цус нь аажмаар цус алдалт болж ухаан алдаж унаад эмнэлгийн тусламж оройтож хүрсэн боловч эрчим эмчилгээ нь хэвийн түвшинд хийгдсэн, өөрөөр хэлбэл сайн байсан гэж үзэж байна. Гэсэн хэдий ч гэмтэл маш хүнд байсан учраас амь насанд нь хүрсэн. Гэмтэл учруулсан этгээдүүд болох Уянга сумын харъяат Батсүрэн, түүний хүү Жаргалсайхан нар нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй, гэхдээ тэд нарын нөлөө үхэлд хүргэх хэмжээнд байсан гэж үзэхгүй байна. Ямар ч биед ил харагдах шарх сорви байхгүй, битүү доргилтоос үүссэн нь тодорхой байна. Үүнийг би цагдаагийн албан хаагчдыг хийсэн гэдэгт эргэлзэхгүй байна” гэх мэдүүлэг /1хх-58-59х/,

гэрч Ц.Чанцалмаагаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би талийгаач дүү болох Гүндэв-Ёндонтой хамт амьдардаг юм ...цагдаа руу явж амжаагүй байтал 21 цаг өнгөрөөгөөд Мобикомын дугаар залгаад эмэгтэй хүн “...Гүндэв-Ёндонгийн эгч мөн үү, манай гэрт танай дүү чинь ухаангүй л юм шиг байгаад байх юм. Сая 103 дуудаж үзүүлсэн чинь авалгүй яваад өгчихлөө” гэхээр нь би “...яасан юм бол” гэхэд тэр эмэгтэй “...мэдэхгүй, толгойгоо л бариад орилоод байна, бөөлжөөд байна, яаралтай ирээрэй, манайх Тайгер дэлгүүрийн урд талын гудамж шүү, Гүндэв-Ёндонгийн найзынх нь байгаа юм” гэсэн ...Уг айлын 1 давхрынх нь орон дээр манай дүү эвдэрчихсэн, толгойгоо барьчихсан хэвтэж байсан ...Намайг Төмөрбаатар гэх айлд очиход манай дүү Гүндэв-Ёндон толгойгоо бариад хий огисон байдалтай, юм асуухаар дуугарахгүй гиншсэн байдалтай байсан. Эмнэлэг дээр очиход мөн тийм байдалтай байсан ...эмч манай дүүг үзээд цусны шинжилгээ авсан. Эмчийг үзээд юм асууж байхад манай дүү юу ч дуугарахгүй байсан. Эмч үзсэний дараа “...томографид харуулах шаардлагатай юм байна” гэхээр нь би цуг ирсэн хүмүүсээ явуулаад найз Отгонсүрэнгийн хамт эмнэлэг дээр үлдсэн. Томографид үзэх эмчийг нь хүлээгээд нилээн удсан. Тэр хооронд ухаангүй, өмнөх байсан шигээ л бие нь хүйтэн болсон байсан. Томографид хараад эмч нь “...тархиндаа цус харвалттай гэж гарч байна, энэ яасан хүүхэд юм болоо” гэхээр нь “...би хүнд зодуулаад тархинд нь цус харвасан юм болов  уу л гэж бодсон” гэж хэлсэн. Дондолцэрэн гэх эмч үзээд “...тархиндаа цус харвалтттай гэсэн байна. Манай тасаг маргааш нүүх болохоор наад хүүхдийг чинь хөдөлгөж болохгүй, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлье” гээд Эрчимт эмчилгээний тасаг руу хэвтүүлсэн. Тэгээд л эмчилгээг хийж эхэлсэн ...Цагдаагийн газрын камерын бичлэгийг үзэж байхад Уранбат, Бямбасүрэн гэх хүн рүү шилжүүлж байгаа бичлэг нь байсан. Бямбасүрэнгийн өрөөнд л их удсан байсан. Тэр өрөөнд 5 байцаагч суугаад бүгд л манай дүүгээс юм асуугаад цаанаас нэг байцаагч босч ирээд гараараа далайгаад зандчаад мөр лүү нь түлхэж байгаа бичлэг бичигдэн үлдсэн байсан. Миний хамгийн их сэжиглэж байгаа зүйл нь манай дүүг камерт харагдахгүй газарт буюу хаалганы зүүн талын буланд зогсоогоод Бямбасүрэн гэх байцаагч үүд рүү яваад 2 минут орчим манай дүү ч харагдахгүй, Бямбасүрэн ч харагдахгүй байж байгаад хаалгаар гараад явсан байдаг. Миний дүүгийн хажууд байсан 2 минутын хугацаанд юу хийсэн нь мэдэгдэхгүй байгаа юм. Бат-Оргил гэх залуу нь камерын бичлэгт ширээн дээрээ суучихаад хөдөлгөөнгүй доошоо тонгойгоод л суугаад байсан. Хөдөлгөөнгүй байж байснаа Бямбасүрэнг манай дүү рүү очиход өндөс хийж харчихаад буцаад тонгойсон. Тэгэхээр нь би “...хаалгаар хүн гарч байхад тэгж харахгүй нь ойлгомжтой, харин манай дүү дээр очоод нэг л юм болсон байна” гэж сэжиглэж байна. Бямбасүрэн нь манай дүү дээр очоод 2 минут орчим болсоны дараа өрөөндөө буцаж ороод ширээн дээрээ утсаа оролдоод л суугаад байсан. Тэгэхэд манай дүүгийн гутлын хоншоор л ээлжилж цухуйгаад байсан. Бямбасүрэнг очихоос өмнө манай дүү камерт бүтэн биеэрээ нэг харагдаад тал биеэрээ нэг харагдаад л байсан. Бямбасүрэнг гараад орж ирснээс хойш толгойгоо тонгойлгоод байгаа нь, доошоо суусан байгаа тал бие нь харагдаж байсан. Бямбасүрэн өрөөндөө орж ирснээс хойш ширээн дээрээ сууж байгаад манай дүүд очиж гар утсыг нь өгөхөд манай дүү утсаа барьчихаад дальдираад хойшилсон. Өмнө нь Бат-Оргил гэх цагдааг гараа далайхад далдираагүй байж Бямбасүрэнг гар утсыг нь өгөхөд гар утсаа барьчихаад хойшоо далдирснийг бодоход би Бямбасүрэнг манай дүүд ямар нэгэн зүйл хийсэн байна гэж бодсон. 17 цаг өнгөрөөгөөд манай дүү цагдаагийн газраас гарсан байдаг юм. Гарахдаа баруун талын хөл нь доголсон байдалтай байсан. Учир нь Цагдаагийн гаднах хаалгаар гарахдаа шатны хажуугийн түшлэгнээс бариад тэргэнцэртэй хүний замаар бууж байгаа харагдсан, мөн 1 давхарын коридороор яваад гарахдаа ч гэсэн баруун талын хөл нь доголсон байдалтай байсан” гэх мэдүүлэг /1хх-63-65х/,

гэрч Г.Уранбатаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэр өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 40 минутын орчимд намайг өрөөндөө байхад Батсүрэн гэх хүн Жаргалсайхан, Гүндэв-Ёндон гэх хүүхдүүдийг дагуулаад “...Уранбат гэх хүн байна уу” гээд орж ирсэн. Тэр хүмүүсийг орж ирэхээр нь би болсон талаар асуухад Батсүрэн гэх хүн нь “...хэд хоногийн өмнө манай хүүхдийн гар утас, 20.000 төгрөг, савхин бээлий зэргийг энэ хүүхэд дээрэмдсэн байна, би олоод ирлээ” гэхэд Гүндэв-Ёндон гэх хүүхэд хажуугаас нь “...үгүй ш дээ 10.000 төгрөг ш дээ” гээд хоорондоо маргалдах янзтай байхаар нь би яриаг нь таслаад “...тэр гар утас, мөнгө нь хаана байгаа юм бэ” гэж Гүндэв-Ёндон гэх хүүхдээс асуусан. Тэгээд Гүндэв-Ёндон гэх хүүхдийн эгчийг нь дуудахаар утасны дугаарыг нь аваад залгатал утас нь холбогдоогүй. Тэгэхэд Гүндэв-Ёндон гэх хүүхэд “...манай гэрт байгаа би одоо аваад өгчихье” гэхээр нь би “...тэгвэл та 3 хамт яваад гар утсаа авчихаад буцаагаад Гүндэв-Ёндон гэх хүүхдийг надад авчраад өгөөрэй” гэж би Батсүрэн гэх хүнд хандаж хэлэхэд тэр 3 гараад явсан. Манай өрөөнөөс гарч явснаас хойш 20-30 минутын дараа /16 цаг өнгөрч байхад/ буцаж 3-лаа ирээд Батсүрэн гэх хүн хаалгаар шагайгаад “...бид нар Уянга сум руу явах гээд байна, гар утсыг нь авчихлаа, мөнгө бээлий нь байхгүй байна” гэхээр нь би “...энэ хүүхдийн эгчтэй нь уулзаад мөнгө, бээлийнийх нь асуудлыг шийдэж өгье” гэж хэлээд Жаргалсайхан, Батсүрэн нарын утасны дугаарыг тэмдэглэж аваад Батсүрэн, Жаргалсайхан нарыг явуулсан. Гар утас дээрэмдсэн Гүндэв-Ёндон гэх хүүхдийг өрөөнийхөө үүдэнд 5-6 минут зогсоож байгаад илтгэх хуудас бичээд эрүүгийн цагдаагийн тасагт илтгэх хуудасны хамт хүлээлгэн өгсөн. Өрөөнөөсөө гараад Эрүүгийн цагдаагийн тасгийн өрөө рүү орох замдаа би Гүндэв-Ёндон гэх хүүхдээс “...чи 10.000 төгрөг авсан юм уу, 20.000 төгрөг авсан юм уу” гэж асуухад тэр хүүхэд “...эгчээ би 10.000 төгрөг л авсан” гэж хэлсэн. Тэгээд л би эрүүгийн цагдаагийн тасагт ороод илтгэх хуудсаа Эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Ч.Отгонжаргалд хүлээлгэн өгсөн ...тэр хүүхдийн доод уруул нь жаахан тавшсан шархтай байсан. Түүнээс өөр ямар нэгэн шарх сорви ажиглагдаагүй. Биеийн байдал нь илт муу байдалтай байгаагүй ...” гэх мэдүүлэг /1хх-72х/,   

гэрч Б.Очирпүрэвээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх Арвайхээр сумын 1 дүгээр багт “Хан хөгшин” гэх нэртэй дэлгүүрийг ажиллуулдаг юм. 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би дэлгүүртээ сууж байсан. Тэр өдрийн орой 20 цагийн орчимд намайг дэлгүүртээ сууж байхад нэг банди орж ирсэн. Хар өнгийн курткатай хүүхэд ганцаараа орж ирсэн ... Тэгээд лангууны цаана явган суучихаар нь би “...хөөе чи яасан юм бэ, яагаад наанаа суугаад байгаа юм бэ” гэхэд тэр хүүхэд “...толгой өвдөөд байна, хүмүүст зодуулаад” гэхээр нь би "... ямар хүмүүст зодуулсан юм бэ” гэхэд тэр хүүхэд “... цагдаад зодуулсан” гэж хэлсэн. Тэгээд тэр хүүхэд заалны урд буланд цонхон дор паарны хажууд очоод суусан. Тэгэхээр нь би "... эм уух юм уу” гэхэд тэр хүүхэд “... уухгүй, эмэнд дарагдахгүй байх” гэхээр нь би "... гэр чинь хаана байдаг юм бэ, гэртээ харих юм уу” гэхэд тэр хүүхэд "... нэг гэр 9-р хороо, нэг гэр нь наашаа” гэж хэлсэн. Тэгээд тэр хүүхдийг паарны наана сууж байхад гаднаас хүүхдүүд юм авахаар орж ирсэн. Хүүхдүүдийг орж ирэхэд тэр хүүхэд өмсөж байсан куртикээрээ нүүрээ хаагаад суугаад байсан ... Нөгөө хүүхэд тэндээ суусан хэвээр байсан. Тэгэхээр нь би “... толгой чинь өвдөөд байгаа бол гэртээ харьж хэвт дээ” гэхэд тэр хүүхэд дэлгүүрээс гараад явсан. Гарч явснаас нь хойш удалгүй барагцаагаар 2-3 минутын дараа гарахад тэр хүүхэд хаалганы гадна талын үүдний довжоон дээр сууж байсан. Тэр хүүхдэд хандан "... чи яагаад суугаад байгаа юм бэ” гэхэд тэр хүүхэд "... хүн хүлээж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүр лүүгээ орсон. Миний араас тэр хүүхэд удалгүй орж ирээд лангууны урд талд байх амрах өрөөний хаалгыг татахаар нь би “... хүүе хаачих нь вэ” гэхэд тэр хүүхэд “... жаахан хэвтээдэхье” гэхээр нь би "... наана чинь хүн амьтан хэвтдэг газар биш, гэр орондоо очиж хэвт” гээд наанаас нь очиход тэр хүүхэд буцаад дэлгүүрийн баруун урд талын буланд байх зуухны хажууд очоод нэг хөлөө нугалаад нэг хөл дээрээ суугаад өмсөж байсан курткээрээ толгойгоо хаагаад суусан. Тэнд жаахан сууж байснаа нэг тохойгоо газарт тавиад хажуулдаад хагас хэвтсэн. Гэтэл гаднаас манай урд талын дэлгүүрийн Батаа гэх хүн ганцаараа орж ирсэн. Батаа орж ирээд “... энд чинь согтуу хүн хэвтэж байгаа юм биш үү” гэж хэлээд дэлгүүрээс юм авчихаад гарсан. Тэгэхээр нь би дэлгүүртээ согтуу хүн хэвтүүлээд, хүн ороод ирвэл эвгүй юм даа гэж бодоод санаа зовоод тэр хүүхдийг "... одоо харьж амар, энд хамаагүй хэвтэж болохгүй” гэхэд тэр өөрөө босоод гараад явчихсан. Би удалгүй араас нь гарахад тэр хүүхэд манайхаас баруун тийшээ алхаад явчихсан. Буцаж ирээгүй” гэх мэдүүлэг /1хх-77-78х/,

гэрч Ж.Мөнхжаргалаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... 2015 оны 12 сарын 23-ны өдөр үдээс хойш 16 цагийн орчим тухайн хүүхдийг хүүхдийн байцаагч, цагдаагийн ахмад Г.Уранбат манай өрөөнд оруулж ирсэн. Ц.Гүндэв-Ёндон гэдэг хүүхэд нь биеийн байдал нь зүгээр байсан. Юм асуухад зүгээр юм ярьж байсан, ил харагдах шарх сорви байсан эсэхийг анзаараагүй. Гэхдээ мэдэгдэх зүйл байгаагүй” гэх мэдүүлэг /1хх-93х/,

гэрч Н.Түмэнбаяраас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ц.Гүндэв-Ёндон гэдэг хүүхэд гаднаасаа харахад асуусан асуултанд зүгээр хариулж байсан” гэх мэдүүлэг /1хх-96х/,

насанд хүрээгүй гэрч Б.Нэргүйгээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэр өдөр Санжаа, Буянтогтох, талийгаач Ц.Гүндэв-Ёндон бид дөрөв 18 цагаас анги угаах хуваарьтай байсан юм. Гаднаас ангид талийгаач Ц.Гүндэв-Ёндон, Санжаа, Ганхишиг, Должиндолгор, Жавзанпагам, Анхзаяа нар орж ирсэн. Талийгаач ангид орж ирээд шууд цонх руу очоод цонхоор толгойгоо гаргачихаад бөөлжөөд байсан. Тэгснээ хураасан ширээн дээр хэвтсэн. Тэгтэл Ганхишиг талийгаачийг татаж босгож ирээд яасан бэ юу болсон юм бэ гэхэд дуугарахгүй байсан. Санжаа цагдаа нар элэгдэж байна уу гэж асуухад талийгаач толгой руу л балбаад байсан гэж хэлсэн. Бид нар цагдаа руу явсан гэдгийг нь тухайн үед мэдэж байсан юм” гэх мэдүүлэг /1хх-102х/,

насанд хүрээгүй гэрч М.Жавзанпагамаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...18 цагийн орчимд хамт анги руу орсон. Ц.Гүндэв-Ёндон ангид орж ирээд цонхон дээр очоод тонгойгоод байсан. Тэгээд эргэж ширээн дээр ирээд толгойгоо бариад эвхрэлдэж хэвтээд байсан юм. Тэгсэн чинь Санжаа яасан бэ цагдаа элэгдэж байна уу бороохойдож байна уу гэж асуусан чинь Ц.Гүндэв-Ёндон үгүй толгой руу балбаад байсан гэж хэлсэн. Цагдаад толгой руугаа балбуулсан гэж өөрөө л тийм юм ярьж байсан” гэх мэдүүлэг /1хх-103х/,

насанд хүрээгүй гэрч З.Анхзаяагаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... Талийгаач ангийн цонхоор толгойгоо цухуйлгаад зогсож байсан. Тэгээд ширээн дээр очоод эвхрэлдээд хэвтсэн. Санжаа чамайг элэгдсэн үү, бороохойдсон уу гэхэд Ганхишиг талийгаачийг татаад чиний хувцас чинь яагаад урагдчихсан юм бэ хэнд зодуулсан юм бэ гэхэд талийгаач толгой руу балбаад байсан гэсэн. Тэгтэл Ганхишиг хэн балбасан юм бэ гэхэд талийгаач цагдаа гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /1хх-105х/,

насанд хүрээгүй гэрч Ц.Буянтогтохоос мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Талийгаач ангид орж ирээд ширээн дээр суусан. Тэгтэл Ганхишиг талийгаачийг босгоод яасан бэ юу болсон бэ гэхэд талийгаач цагдаад толгой руугаа балбуулаад гэж хэлсэн. Тэгээд талийгаач “... дотор муухай оргиод байна” гээд цонх руу очиж бөөлжсөн. Цонх руу очиж бөөлжчихөөд ширээн дээр очиж хэвтэхээр нь бид нар талийгаачаас зөндөө л зүйл асуусан боловч юу яриагүй” гэх мэдүүлэг /1хх-106х/,

насанд хүрээгүй гэрч Ц.Ганхишигээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр үед хажуугаас Санжаа яасан юм гээд асуугаад байсан. Санжаа тоглоом хийгээд бороохойдуулсан уу, элэгдсэн үү гээд асуусан. Гэтэл Гүндэв-Ёндон би юм ярьж чадахгүй нь миний толгой өвдөөд бөөлжих гээд байна гээд байсан. Тэгээд яасан юм хэн зодсон юм гэсэн чинь толгой руу балбасан гэхээр нь хэн гэсэн чинь цагдаа гээд байсан” гэх мэдүүлэг /1хх-108х/,

насанд хүрээгүй гэрч Т.Должиндолгороос мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Санжаа ирээд цагдаа нар яасан чамайг бороохойдсон юм уу, элэгдсэн юм уу гэхэд талийгаач үгүй ээ толгой руу балбаад л байсан гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг /1хх-112х/,

насанд хүрээгүй гэрч Г.Санжаагаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 17 цаг нилээн өнгөрч байхад сургуулийн ард талд Ц.Гүндэв-Ёндонтой уулзсан. Би яасан гайгүй юу гэсэн чинь гайгүй гэж хэлсэн. Сургууль руу ороод шатаар өгсөх гэж байхдаа Ц.Гүндэв-Ёндон хана түшээд зогссон чинь манай ангийн Ганхишиг, Должиндолгор, Анхзаяа, Жавзанпагма нар мөн шатан дээр зогсож байсан. Тэд нар яасан бэ гэхэд цагдаад зодуулсан гэхээр нь би тоглоод чамайг элэгдсэн үү бороохойдсон уу гэхэд өмнөөс толгой руу балбаад байсан гэж хэлсэн. Ганхишиг, Должиндолгор, Анхзаяа, Жавзанпагам нар энэ яриаг сонссон. Ц.Гүндэв-Ёндон цагдаад зодууллаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2хх-222х/,

гэрч С.Баяржаргалаас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 12 сарын 23-ны өдрийн 16 цаг өнгөрч байх үед би эхнэр Мөнхзулын хамт Чанцалмаагаар бариулах гээд очиход гэр нь цоожтой байсан. Хүлээгээд байж байтал гаднаас Ц.Гүндэв-Ёндон гүйж орж ирээд хаалгаа онгойлгоод гэртээ орсон. Араас нь шар царайтай жинсэн өмдтэй хүүхэд ирсэн чинь гэрээсээ Ц.Гүндэв-Ёндон гарч ирээд тэр хүүхдийг дагаад гарсан. Гэрээ цоожил гэсэн чинь та цоожилчих гэж манай эхнэрт хэлсэн. Хүний нүдэнд тусах шарх сорви байгаагүй. Тухайн өдөр Ц.Гүндэв-Ёндон шатаар гүйж гарч ирээд буцаад гүйгээд гарсан. Их л яаруу явж байх шиг байсан” гэх мэдүүлэг  /2хх-205х/,

шинжээч эмч Ц.Ганболдоос мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ховдолын цус харвалтын улмаас харвалтын хүндрэл нь тархи, уушгины хаван юм. Энэ гэмтэлтэйгээ шууд шалтгаант холбоотой гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Уг гэмтэл нь толгойд цохих үед үүснэ. Толгой руу цохих үед доргилтоос цус харвалт үүснэ. Талийгаач Гүндэв- Ёндонгийн тархинд үүссэн цус харвалт үүсээд үйл хөдлөл хийж байсан гэж бодож байна. Бага хэмжээтэй цус харвалт нь хэдэн минутаас 2-3 цагийн дотор үргэлжилнэ” гэх мэдүүлэг /1хх-195-196х/,

шинжээч эмч Ө.Сарангэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны  үед өгсөн: “Талийгаачид гэмтлийн гаралтай ховдолын цус харвалт гэмтэл учирсан байсан. Ховдолын цус харвалтыг эмнэл зүйн шинжээр нарийвчлан тогтоодог. Хэрэв цаг хугацааны хувьд баруун хацар луу 2 удаа цохих, дух хэсэгт 1 удаа цохиод тархины зүүн ховдолын цус харвалт үүсэн бол тэр даруйдаа тархины гэмтэлийн шинж илрэх ёстой. Тэгтэл энэ талийгаач ингэж цохиулаад тархины гэмтэл нь илрээгүй цагдаагийн газарт ороод гараад яваад байдаг юм. Ховдолын цус харвалтын үед ховдол бөглөрөх хам шинж гэж шууд үүсдэг юм. Энэ нь ховдол доторхи шингэн нь байнгын хэлбэлзэлтэй хөдөлгөөнтөй байх ёстой боловч цус орж холилдоод ховдолын 3,4 дүгээр ховдолтой харьцах ёстой сүвүүдийг бөгөлдөг юм. Өөрөөр хэлбэл 3 дугаар ховдол маань 4 дүгээр ховдолтой усан сувгаар харьцдаг юм. Тэр сүвүүдийг нь бөглөнө гэсэн үг юм. Харин 4 дүгээр ховдол маань цаашаа нугасны залгаа можанд, лушкагын хувилыг бөгөлдөг гэсэн үг юм. Тэгээд ховдолоо бөглөөд ирэхээр тархины эд рүү шингэн нэвчээд тархины эд тойрсон хаван үүсгэдэг юм. Тэр ховдол бөглөрөөд хавагнаад ирэхээр тархины дотоод даралт ихсэнэ, улмаар тархи усжаад ирдэг юм. Ингэсэн тохиолдол комд ордог юм. Ийм гэмтэл авсан бол шууд буюу тэр даруйдаа толгой өвдөнө огиулж бөөлжих, тэнцвэр алдагддаг юм. Тэгэхээр алхаж гишгэхэд тэнцвэр алдагдах бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг юм” гэх мэдүүлэг /2хх-245-246х/,

  Хавтаст хэрэгт цугларсан сарын 28-ны өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №151 тоот дүгнэлт /1хх- 134-135х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №796 тоот дүгнэлт /2хх-248-249х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1131 тоот дүгнэлт /4хх-1-5х/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-4х/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-5х, 6-12х/, Камерын бичлэг хураан авсан тухай тэмдэглэл /1хх-14х, 20х, 24х, 28х/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-15х, 21х, 25х, 29х/, Камерын бичлэгт үзлэг хийж хуулбарлан авсан тухай тэмдэглэл /1хх-16х, 22х/, Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-30х, 31-32х/, Гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-33х/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-35-38х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-71х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-63х/, хохирлын баримтууд /3хх-189-223х/ зэрэг дээрх бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Цэнд нь мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.Бгээс баримтаар /3хх-189-223х/  8.160.834 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн газраас хураан авсан СиДи 1 ширхэг, Шүүхээс хурааж авсан СиДи 2 ширхэг, Шуурхай удирдлагын төвөөс хурааж авсан СиДи 1 ширхэг зэргийг хэрэгт хавсаргаж, Эл Жи загварын гар утас 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 63 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурдах нь зүйтэй.