| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2020/0230/З |
| Дугаар | 221/МА2021/0101 |
| Огноо | 2021-02-25 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2021/0101
|
“Б А И” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 605 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эын гаргасан давж заалдах гомдлоор, “Б А И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол Улсын Засгийн газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд, ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Нэхэмжлэгч “Б А И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Б А И” ХХК-ийн нөхөх олговор авахыг хүссэн хүсэлтээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1/7927 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар болон Засгийн газарт даалгах”-ыг хүсчээ. Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 605 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.14, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3, 4.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б А И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 1/7927 дугаар албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Б А И” ХХК-ийн нөхөх олговор авах тухай асуудлын талаар зохих шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргахыг Засгийн газарт даалгах гэснийг хэрэгсэхгүй болгож, Хамтран хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хариуцагдах нэхэмжлэлийн шаардлага байхгүй болохыг дурдсугай” гэж шийдвэрлэжээ. Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э дээрх шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...14753Х дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон 4547,26 га талбай нь ...“Б А И” ХХК тусгай зөвшөөрөлтэй талбайдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна” гэжээ. “Б А И” ХХК-ийн 14753Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу тогтоосон хилийн заагтай 812 га талбай нь давхцалгүй байгаа тул давхцалгүй хэсэгтээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх нь нээлттэй байсан. Гэтэл анхан шатны шүүхээс тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...“Б А И” ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр ...бусад зардалд зарцуулсан нийт 760.470.233.05 төгрөгийн нөхөн олговор авах хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү ...хүсэлтүүдийг тус тус гаргажээ. ...хариуцагч захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газрыг Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т ...зөвхөн хугацаа дууссан гэх үндэслэлээр асуудалд хандсан нь хууль бус байна, нэхэмжлэгчээс хандсан хүсэлтэд татгалзсан үндэслэл нь хууль бус болох нь тогтоогдсон гэж үзэж маргаан бүхий асуудлаар ...шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр зайлшгүй биелэгдэх агуулгад нийцнэ гэж дүгнэлээ” гэжээ. Гэтэл “Б А И” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбай нь хуулиар хориглосон, хязгаарласан талбайтай давхцаагүй хэсэг нь 812 га байхад нийт талбайд гарсан зардалд нөхөх олгох авах тухай шийдвэр гаргахыг даалгаж байгаа нь үндэслэлгүй юм. Нөгөө талаар Төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д заасан чиг үүргийнхээ хүрээнд “Б А И” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь уг компани хүсэлт гаргахдаа нийт талбайн хэмжээгээр нөхөх олговор авах хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс “Б А И” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу тогтоосон хилийн заагтай давхцаж байгаа га талбайн хэмжээнд хэдэн төгрөгний зардал гаргасан, давхцаагүй 812 га талбайд нөхөх олговор авах, эсвэл үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах байсан эсэх зэргийг бүрэн тодруулж дүгнэлт өгөөгүй. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 605 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т заасны дагуу хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ. ХЯНАВАЛ: Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. “Б А И” ХХК-ийн эзэмшлийн 14753 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 4547,26 га талбайгаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу тогтоосон хилийн заагт 812 га талбай давхцалгүй, мөн хайгуулын зардалд нийтдээ 760.470.233.05 төгрөг зарцуулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхээс нөхөн олговор олгох асуудлын талаар зохих шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. Иймд дээрх зардал нь давж заалдах гомдолд дурдсанчлан үнэхээр нийт талбайд гаргасан зардал уу, эсхүл хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон буюу давхацсан талбайд хамаарах зардал уу гэдгийг тодорхойлох, мөн давхцаагүй гэх 812 га-н хэмжээгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг багасган цаашид нэхэмжлэгчид эзэмшүүлэх боломжтой эсэх, нөхөх олговрыг хэрхэн тохиролцож шийдвэрлэх зэрэг нь хариуцагчийн бүрэн эрхэд хамаарна. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох”-оор, 4.3-т “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтоох”-оор, 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтоох”-оор, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “хайгуулын болон уурхайн талбай …-д ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар тус тус заасан бөгөөд нэгэнт хуульд заасан дээрх үндэслэлүүдээр хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон энэ тохиолдолд нөхөх олговор шаардах нь нэхэмжлэгчийн хувьд хуулиар олгогдсон эрх, үүнийг хангах нь хариуцагчийн хувьд хуулиар хүлээсэн үүрэг болно. Харин нөхөх олговрын хэмжээ, түүнийг төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хариуцагч хоорондоо тохиролцон тогтоох, хэрэв тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтоох боломжтой бөгөөд энэхүү харилцаатай агуулгын хувьд адил зохицуулалт Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д тусгагдсан. Шүүхийн шийдвэрээр “Б А И” ХХК-иас нөхөх олговор авах хүсэлт гаргахдаа Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолд заасан хугацаа хэтрүүлсэн, мөн тухайн жилийн төсөвт нөхөх олговрыг тусгах талаар эрх бүхий байгууллагаас чиглэл өгөөгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгосноос бус тус компанийн нөхөх олговор авах асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хариуцагчид заагаагүй, өөрөөр хэлбэл одоогийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээ “даалгасан” шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх явцад хариуцагч шийдвэрлэх бүрэн боломжтой, энэхүү эрхэд нь шүүхээс огт халдаагүй байна. Тухайлбал “..нийт талбайд гарсан зардалд нөхөх олговор авах тухай шийдвэр гаргах…”-ыг хариуцагчид даалгасан агуулгатай шийдвэр огт гаргаагүй болно. Нэхэмжлэгчээс хайгуулын нийт талбайн хэмжээгээр буюу давхцаагүй хэсэгтээ ч нөхөх олговор авахаар хүсэлт гаргасан учраас тухайн үед хүсэлтийг нь шийдвэрлэх боломжгүй гэж хариуцагч үзээгүй, харин ямар агуулгаар хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан талаар дээр тодорхойлсон тул гомдлын энэ хэсэг үндэслэлгүй. Түүнчлэн шүүх шийдвэр гаргахдаа “…давхцсан талбайд хэдэн төгрөгийн зардал гаргасан, давхцаагүй 812 га талбайд нөхөх олговор авах, эсхүл үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах байсан эсэхийг бүрэн тодруулж дүгнээгүй…” гэх боловч энэ талаарх нотлох баримт цуглуулах нь хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй юм. Учир нь нэхэмжлэгчийн нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан хариуцагчийн үндэслэл хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх нь энэхүү маргааны хувьд шүүхийн шийдвэрлэх цар хүрээнд хамаарахаас бус нөхөх олговрыг хэрхэн тооцох, давхцаагүй талбайг цаашид үргэлжлүүлэн эзэмшүүлэх боломжтой эсэхэд дүгнэлт өгөх эрхгүй. Иймд нотлох баримтыг дутуу цуглуулсан гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгах тухай давж заалдах гомдол бүхэлдээ үндэслэлгүй. Бодит байдалд тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 онд 3 жилээр сунгаснаар 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байснаас гадна тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар олгогдсон нөхөх олговор авах эрх нь тухайн тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ давхцаж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тохиолдолд л хэрэгжинэ гэж үзэж болохгүй. Нэхэмжлэгчээс давхцаагүй хэсэгтээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 760,4 сая төгрөгийн нөхөх олговор авах хүсэлтийнхээ хамт гаргасан болох нь мөн өдрөөр огноолсон 5 дугаар албан бичгээр тогтоогдох бөгөөд энэ нь хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа талаар шүүхийн шийдвэрт тодорхой дүгнэжээ. Гэвч тухайн үед хариуцагчаас энэхүү хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус, өөрөөр хэлбэл нөхөх олговор авах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэснийг энэ хүсэлтийг хамтад нь шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Хэдийгээр давж заалдах гомдолд дурдагдаагүй ч маргаан бүхий актын гол агуулга нь тогтоосон хугацаанд нөхөх олговор авах хүсэлтээ гаргаагүй гэж үзсэнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоолд заасан хугацааг энэ тохиолдолд хэрхэн тооцох, нийтэд зарласан гэх нөхөх олговор авах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалтад нэхэмжлэгчийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөл байсан эсэх талаар шүүхийн шийдвэрт үндэслэлтэй зөв дүгнэсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь: 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 605 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР ШҮҮГЧ Д.ОЮУМАА ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН |