Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 257

 

 

П.Цолмонгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2016/01086 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Цолмонгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4 659 952 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтан-Одын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч П.Цолмон,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтан-Од,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Цолмон миний бие Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/75 дугаар тушаалаар Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдохоор тогтоогдож, улмаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилогдсон. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 476 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2015 оны 9 дүгээр 24-ний өдрийн 462 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговрыг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан огноогоор тооцож олгохоор шийдвэрлэсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилд эгүүлэн томилогдох хүртэлх хугацааг 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх нийт 5 cap 17 хоногийн цалингийн нөхөн олговор болох 4 659 952 төгрөгийг гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ажилгүй байсан хугацааны /5 cap 17 хоног/ Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга П.Цолмон нь шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар ажилдаа эргэн томилогдож ажилласан. Манай байгууллага Монгол улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, Монгол улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардан авсны дараа 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Б/62 дугаар "П.Цолмонг ажилд эгүүлэн томилох тухай" тушаалаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлэн тус газрын Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар ажилд нь эгүүлэн томилсон. Шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 2 202 836 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2 000 000 төгрөгийг тус тус 2 хуваан П.Цолмонгийн цалингийн 104400297056 дугаартай Төрийн банкин дахь дансанд шилжүүлсэн. Нэгэнт шүүхийн шийдвэрт цалингийн асуудлыг шийдвэрлэсэн, шийдвэрийн дагуу цалин олгогдсон, шүүхийн шийдвэр биелэгдсэн байхад 4 сарын дараа нэмж цалин нэхэмжилж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж байна. Иймд иргэн П.Цолмонгийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 4 362 460 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Цолмонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 297 492 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч П.Цолмонгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч П.Цолмонгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 84 749 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтан-Од давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй хэмээн маргах үндэслэлээ өмнөх шүүхийн шийдвэр биелэгдсэн, шийдвэрийн дагуу цалинг олгосноос 4 сарын дараа нэмж цалин нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна хэмээн тодорхойлсон. Шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд нь эгүүлэн авсан тушаал болон цалингийн олговрыг шилжүүлсэн тухай 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн №288, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №230 дугаартай төлбөрийн хүсэлт хэмээх санхүүгийн баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүх хурлын хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн шалтгаанаа үндэслэлтэй тайлбарлаагүй. Хүндэтгэн үзэх шалтгаан хэлж чадаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг шийдвэрлээгүй, нотлох баримтыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

            Нэхэмжлэгч П.Цолмон хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 659 952 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч өмнөх захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгосон гэж маргажээ.

 

            П.Цолмон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/75 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийг Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж тус шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 476 дугаар шийдвэрээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/75 дугаар тушаалыг хүчингүй болгож, П.Цолмонг урьд эрхэлж байсан Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 362 519 төгрөгийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулж П.Цолмонд олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож П.Цолмонгийн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 452 дугаар магадлалаар Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 476 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.                      /Хэргийн 11-26 дугаар тал/

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар тус газрын Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.Цолмонг томилогдон ажиллаж байсан ба Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/400 дугаар тушаалаар Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн эрх цуцлагдсан үндэслэлээр П.Цолмонг ажлаас чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч П.Цолмон нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 4 659 952 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох байтал хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2016/01086 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 659 952 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч П.Цолмонгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                   

                                      ШҮҮГЧИД                                         М.НАРАНЦЭЦЭГ

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ