Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 0256

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Б.Батаа, Г.Алтанцэцэг,  нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

иргэдийн төлөөлөгч Б.Я, Т.Э,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс /ШТЭД-0358/, Б.Бум-Аюуш /ШТЭД-1481/,

шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Б.Дашдорж /ШТЭД-0747/, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ц-д холбогдох эрүүгийн 1908 01904 0552 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны монтажчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн....дүгээр хороо, .... дүгээр гудамжны .....тоотод оршин суух, урьд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 361 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Бовогт Г.Ц /РД:............/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /драйгер багажаар шалгахад согтуурлын зэрэг 1.22% байсан/ 2019 оны 4 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ....дугаар хорооны нутаг дэвсгэр, ...... дүгээр гудамжны ...... тоотод “чи атаман юм уу гөлөг минь хоёулаа үзье” гэж хэлэн хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас Б.Б-г толгойн тус газар нь гараараа 1 удаа цохисны улмаас хүнийг алсан,

Г.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /драйгер багажаар шалгахад согтуурлын зэрэг 1.22% байсан/ 2019 оны 4 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэр, ........ дүгээр гудамжны ..... тоотод “бүгд миний эсрэг дайрлаа” гэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.М-тай зууралдаж, ноцолдож эрүүл мэндэд нь “баруун, зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт, зүүн шуу, баруун, зүүн өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 949 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар: /давхцаагүй байдлаар/ гэрч Б.У-н мэдүүлэг /1хх100/, гэрч Т.Б-н мэдүүлэг /1хх102/, гэрч Ч.Н-н мэдүүлэг /1хх108/, гэрч Д.Г-н мэдүүлэг /1хх113/, гэрч Х.Б-н мэдүүлэг /1хх119/, шүүгдэгчийн эрүүлжүүлэгдсэн тэмдэглэл /1хх192-193/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан тухай /1хх247/, хохиролтой холбоотой баримтууд /2хх14-49/,  амь хохирогчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /2хх50-61/, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /2хх175-176/, тэжээгчээ алдсаны тэтгэврийн дэвтрийн хуулбар /3хх11/,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: /давхцаагүй байдлаар/ гэрч Ц.Ч-н мэдүүлэг /1хх90/, гэрч Г.Ц ийн мэдүүлэг /1хх94/, гэрч М.Г ын мэдүүлэг /1хх96/, гэрч О.Ш ийн мэдүүлэг /1хх98/, гэрч Д.Г ын мэдүүлэг /1хх114/, шинжээчийн дүгнэлт /1хх162/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримт, хохирол төлсөн баримтуудыг /2хх191-192/ тус тус шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэлээ.  

Нэг. Шүүгдэгч Г.Ц ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх7-13/,

2. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх18-22/,

3. Шүүх эмнэлэг шинжилгээний газрын цогцост үзлэг хийсэн задлан шинжилгээний 887 дугаар дүгнэлтэд “Талийгаачид гэмтлийн гаралтай тархины суурь, хоёр талын чамархай, бага тархины аалзан бүрхүүл тоорх цус харвалт, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун дээд доод зовхи, хүзүүнд цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу баруун зовхи, чамархайд цохих, хүзүүнд үрэгдэх шүргэгдэх үед үүснэ. Тархины суурь, хоёр талын чамархай, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт нь үхэлд хүргэжээ. Баруун зовхины цус хуралт, зулгаралт, хүзүүний цус хуралт, зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байна. Нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ...” гэж тодорхойлжээ. /1хх204-206/,

4. Шинжээч эмч Ц.Г ын “...баруун чамархайн булчингийн цус хуралт нь тархины суурь, хоёр талын чамархай, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалттай шалтгаант холбоотой нэг дор үүссэн гэмтэл. Баруун дээд, доод зовхины цус хуралт нь мөн шалтгаант холбоотой нэг дор үүссэн гэмтэл. Баруун нүдний зовхинд нэг удаагийн хатуу мохоо зүйлээр цохигдсоны улмаас тэр дороо нас барсан. Тархины их гадаргууг хамарсан цус харвалт учир амь насыг аврах боломжгүй, гэмтэл авсан даруйд үхнэ...” гэх мэдүүлэг /1хх207-208/,

5. Шүүх эмнэлэгийн шинжээчийн 4379 дугаар дүгнэлтэд “...Б.М ны биед баруун, зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт, зүүн шуу, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /1хх156/,

6. Хохирогч Б.М ын “...Үүдний тамбурт байхдаа Ц , С, Б гурав нөгөөдөх амьдрал мэднэ гэсэн яриагаа ярьцгаагаад дахиад маргах шинжтэй болцгоосон. Тэр дунд Ц ууртай, бухимдангуу үгний өө хайгаад “чи муу яах юм гээд байгаа юм” гээд С ийг цохьчих гээд маргаад байсан. Тэгээд бид 4 үүдний өрөөнд орж ирээд Б нь түрүүлээд гутлаа тайлаад 2-3 алхаад том өрөөний үүдний орчим ирсэн. Б “хөгшин нь танайд ирэлгүй удаж дээ” гээд надтай ярьж байсан. Ард Ц, С хоёр маргалдаад Ц “чи намайг нэг цохьчхооч” гээд С болохоор “чамайг цохиж яадаг юм” гээд байсан. Тэгснээ Ц нь С ний хамар руу нь цохиод цус гаргасан… би Ц ны араас нь тэврээд авсан чинь огцом тонгойгоод би толгой дээгүүр нь даваад уначихсан. Намайг босч ирэх хооронд “пэд” гээд дуугарахаар нь харсан чинь гал тогооны өрөөнд дөнгөж ороод Б газар уначихсан ямар ч хөдөлгөөнгүй тэрийгээд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Манай эхнэр “Ц чи хүн алчихлаа ш дээ” гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /1хх57-59/, түүний гэрчээр өгсөн “...О Б дээр очоод хацар дээр нь зөөлхөн алгадаад “Б сэрээрэй, сэрээрэй, хөөе яачихваа босоорой, Ц чи хүн алчихлаа ш дээ” гээд орилоод байсан. Ц намайг “зүрх нь цохилж байна уу? үзээрэй, Б  арай үгүй байлгүй дээ, яана аа арай үгүй байлгүй дээ” гээд Ц орилоод сандарч байсан...” гэсэн мэдүүлэг /1хх79-81/

7. Гэрч О.О “...2019 оны 4 дүгээр 06-ны орой... Ц гал тогооны өрөөнд С ний нүүр рүү цохиж хамарнаас цус гаргасан. Тэгсэн Б Ц ыг тэврээд чи яагаад байгаа юм бэ гэсэн чинь Ц уурлаад Б ын баруун нүдний тийшээ гараараа нэг удаа цохьсон чинь Б газар унаад өгсөн. Тэгсэн Б ын бие нь их сонин болоод ирэхээр нь би айж сандраад шууд түргэн дуудсан юм…” гэсэн мэдүүлэг /1хх68-69/, дахин мэдүүлсэн “...Ц, С хоёр үүдний өрөөний зүүн урд хэсэгт усны 120 литрийн савны хажууд толгой толгойгоо нийлүүлсэн зогсож байснаа Ц нь С хамар руу цохиод газар унагасан. Тэгтэл Ц ыг манай нөхөр М ардаас нь тэврээд авсан. Ц хөлөө сарвайгаад С хөл орчим өшиглөөд авсан. ...Б болохоор Ц ыг ардаас нь барьж аваад өргөөд үүдний өрөөнөөс гал тогооны өрөөний хаалганы довжоо давж оруулаад хальт салаад зай авах хооронд Ц эргэж хараад Б ын баруун нүдний дээд орчим нь зүүн гараараа нэг удаа пид гээд цохьсон. Б тэр чигтээ доошоо эгцээрээ унасан. Ц буцаад манай нөхөр М руу гүйсэн. Б унангуутаа амьсгаагаа гүнзгий аваад боогдож байгаа юм шиг эвгүй дуугарсан. ... Миний харснаар Б ыг Ц аас өөр хүн цохиогүй...” гэсэн мэдүүлэг /1хх71-73/, 3 дахь удаагаа мэдүүлсэн “... Энэ үед Б “гөлөг чинь чи атаман юм уу” гээд ардаас нь тэврээд гал тогооны өрөө рүү оруулсан. Энэ үед Ц Б аас зайгаа аваад Ц зүүн гар тал руугаа биеэрээ эргэж хараад зүүн гараараа Б ын баруун нүдний орчим дээд хэсэг маш хүчтэй цохьсон. Цохилт нь ч “пад” гэж дуугарсан, Б газарт яг тэгшхэн тэр чигээрээ ямар ч авиа гаргаагүй дээшээ хараад пэд гээд унасан ...Маш богинохон хугацаанд тэрүүхэн хугацаанд болоод өнгөрсөн. Би Б ыг унангуут нь гүйж гал тогоо руу гүйж ороход Б нэг аймаар гүнзгий амьсгаа аваад дуугарсан, тэрнээс өөр ямар ч хөдөлгөөн хийгээгүй, нүд нь дээшээ хялайсан, бие нь аймар чангарсан байсан. Ц надтай зөрөөд М руу явах шиг болсон, гал тогооны өрөөнөөс үүдний өрөө рүү гарсан эсэхийг нь би анзаараагүй. Тэгээд би “хүн алчихлаа ш дээ Б” гэж орилоод М,  хоёр үүдний өрөөнөөс гал тогооны өрөөнд орж ирсэн. ...Ц гэнэт юу болсныг ухаарсан бололтой “би юу хийчих нь энэ вэ? Арай үгүй байлгүй дээ, би ганцхан цохьсон ш дээ, Б шалга л даа амьсгалж байна уу? түргэн дуудаарай” гээд сандарч байсан...” гэсэн мэдүүлэг /1хх75-77/,

8. Гэрч Х.С “....Ц дуу нь өндөрсөөд надтай ер нь хэрүүл хийх гээд байсан. Би ч дотроо хэрэлдээд дэмий гэж бодож байсан. Ц үүдний өрөөнд “чи намайг цохь” гээд байсан. Би “чамайг цохиж яах юм” гэж хэлээд би ер нь явья гэж бодоод байж байтал гэнэт тас гээд Ц миний хамар руу цохиод хамарнаас цус гаргасан. Би хамраа дараад доошоо суусан ... Б очиж салгаад зэргэлдээ гал тогооны үүд орчимд Б, Ц хоёр зууралдаад явсан. Тэр хоёр бие биенийгээ хэдхэн алхамын зайд түлхэлцээд зууралдаад гал тогооны өрөөний үүд орчим орж байсан. Тэгснээ пэд гээд дуугарсан чинь О “хүүе ээ хүн алчихлаа” гээд орилсон. Харахад Б гал тогооны өрөөний үүд хэсэгт дээшээ хараад унасан байсан. ...М яг Ц тай зууралдаж, ноцолдож байсан. Тэгэхээр М ны биед Ц гэмтэл учруулсан байна...” гэх мэдүүлэг /1хх63-64/,

9. Гэрч Х.Бын /СХД-н цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэв журмын цагдаа/ “...дуудлагын дагуу очиход гал тогооны өрөөнд дээшээ хараад унасан байдалтай, нас барсан хүн байсан...гэрийн эзэн М гэх залуу бид нар найзууд юм, манайд бүгдээрээ нийлж архи уугаад юм ярьж байгаад хоорондоо маргалдсан. Ц агсам тавиад байсан. Тэгээд Ц гэх залуу нь Быг нэг л цохьсон гэж ярьсан. Б шууд газар унаад амьсгалахаа больсон... Ц нь “би цохьчихсон юм, би одоо яах вэ” гээд уйлаад байсан. Цы найз охин нь гэх эмэгтэй ирчихсэн Ц нь найз охиноо тэврээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг /1хх119/,

10. Гэрч Д.Гийн “...шөнө 04 цагийн үед Ц над руу залгаад “найзыгаа цохьчихсон чинь сэрэхгүй байна, амьсгалахгүй болчихлоо” гэх хэлээд утсаа салгасан...би Жанцан дээр буугаад Цтай уулзахад “Бгийн гэрт нэг найзыгаа санамсаргүй цохьсон чинь амьсгалахгүй, хөдлөхгүй байна. Аав, ээж хоёр сая Бгийнд ирсэн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх113/,

11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Болдын /амь хохирогчийн эцэг/ “...би болсон хэргийн талаар мэдэхгүй, цагдаагийн хэлтэс дээр ирж дуулсан. Би гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /2хх141/,

12. Шинжээч эмч М.З “...Ц биед хүзүү, баруун хөх, цээж, баруун тохойд цус хуралт гэмтэл нь боох, зууралдах, нидрэх хүчний үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой. Баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох, цохих хүчний үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /1хх209/,

13. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн дэслэгч Ц.Баярсайханы 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 05 цаг 40 минутанд согтуурал хэмжигч багаж /драйгер/-аар шалгахад “...Г.Ц 1.22%-ын согтолттой гарсан болно...” илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /1хх26-27/,

14. Б.Мын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх29-32/,

          15. Г.Цы биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх33-37/,

          16. Шүүгдэгч Г.Цы яллагдагчаар өгсөн “...Б миний цээж рүү түлхэхдээ гараараа миний баруун шанаа руу цохьсон. М ардаас нь над руу дайраад байхаар нь би нийлж зодох гэж байна гэж бодоод Быг өөрөөсөө холдуулах гээд нүүрэнд нь гараараа савчсан чинь цохьчихсон. ...би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд найз нөхөдтэйгөө муудалцсандаа харамсаж байна...” гэх мэдүүлэг /1хх133-138/,

 

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Г.Ц:  

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон. 

Шүүхээс хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, мэтгэлцээнд дүгнэлт хийн улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Цыг хүнийг алах, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл дараах байдлаар тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтыг сэргээн тогтоовол дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 2019 оны 4 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянцагааны 4 дүгээр гудамжны 29 тоотод хохирогч Б.М /гэрийн эзэн/, амь хохирогч Б.Б, гэрч Х.Сэ, шүүгдэгч Г.Ц нар архи, согтууруулах ундааны зүйл уусан үедээ хоорондоо маргалдсан.

Улмаар шүүгдэгч Г.Ц нь агсам тавьж согтуурхан Х.Сийн хамрыг цохиж гэмтээсэн /гэмтлийн зэрэг бүхий хохирол учраагүй/, хохирогч Б.Мтай зууралдан зодолдож түүнд хөнгөн хохирол учруулсан.

Амь хохирогч Б.Б энэ нөхцөл байдлыг зогсоох зорилгоор шүүгдэгчийг түлхэн гал тогооны өрөөнд оруулах үед түүний нүүрэн тус газарт нэг удаа цохиж унагаасан, амь хохирогч унасан даруйдаа нас барсан нь үйл баримтаар тогтоогдож байна.

Тодруулбал: Үйл явдлыг шууд харсан гэрч О.Оийн /Б.Мын эхнэр/ “...Энэ үед Б “гөлөг чинь чи атаман юм уу” гээд Цы ардаас нь тэврээд гал тогооны өрөө рүү оруулсан. Ц ...эргэж хараад зүүн гараараа Бын баруун нүдний орчим дээд хэсэг хүчтэй цохьсон. Цохилт нь ч “пад” гэж дуугарсан, Б газарт яг тэгшхэн тэр чигээрээ ямар ч авиа гаргаагүй дээшээ хараад унасан ...Б унангуутаа амьсгаагаа гүнзгий аваад боогдож байгаа юм шиг эвгүй дуугарсан ...би “хүн алчихлаа ш дээ Б” гэж орилоод М, Сэ хоёр үүдний өрөөнөөс гал тогооны өрөөнд орж ирсэн...” гэх мэдүүлэг,

Мөн хохирогч Б.Мын “...Тэгснээ Ц нь Сий хамар руу нь цохиод цус гаргасан… би Цы араас нь тэврээд авсан чинь огцом тонгойгоод би толгой дээгүүр нь даваад уначихсан. Намайг босч ирэх хооронд “пэд” гээд дуугарахаар нь харсан чинь гал тогооны өрөөнд дөнгөж ороод Б газар уначихсан ямар ч хөдөлгөөнгүй тэрийгээд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. ...Ц намайг “зүрх нь цохилж байна уу? үзээрэй, Б Б арай үгүй байлгүй дээ, яана аа арай үгүй байлгүй дээ гээд байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Х.Сийн “...Ц миний хамар руу цохиод хамарнаас цус гаргасан. Би хамраа дараад доошоо суусан ... Б очиж салгаад зэргэлдээ гал тогооны үүд орчимд Болбаатар, Ц хоёр зууралдаад явсан. Тэр хоёр бие биенийгээ хэдхэн алхамын зайд түлхэлцээд зууралдаад гал тогооны өрөөний үүд орчим орж байсан. Тэгснээ пэд гээд дуугарсан чинь О “хүүе ээ хүн алчихлаа” гээд орилсон. Харахад Б гал тогооны өрөөний үүд хэсэгт дээшээ хараад унасан байсан. ...Мөнгөбагана яг Цтай зууралдаж, ноцолдож байсан. Тэгэхээр Мөнгөнбаганы биед Ц гэмтэл учруулсан байна...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдсон гэж дүгнэв.

Түүнчлэн шүүгдэгч Г.Ц амь хохирогчийг цохиж унагаасан үйл баримтыг дам байдлаар гэрч Х.Бын /СХД-н цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэв журмын цагдаа/ “...дуудлагын дагуу очиход ...гэрийн эзэн М гэх залуу бид нар найзууд юм, манайд бүгдээрээ нийлж архи уугаад юм ярьж байгаад хоорондоо маргалдсан. ...Ц гэх залуу нь Быг нэг л цохьсон гэж ярьсан. Мөн Ц нь “би цохьчихсон юм, би одоо яах вэ” гээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Гийн /хэрэг болсоны дараа очсон шүүгдэгчийн найз гэх/ “...шөнө 04 цагийн үед Ц над руу залгаад “найзыгаа цохьчихсон чинь сэрэхгүй байна, амьсгалахгүй болчихлоо” гэх хэлээд утсаа салгасан...” гэх мэдүүлгүүдээр давхар нотолж байна.

Амь хохирогчийн үхлийн шалтгаан нөхцлийг тогтоох зорилготой Шүүх эмнэлэг шинжилгээний газраас цогцост үзлэг хийсэн задлан шинжилгээний 887 дугаар дүгнэлтэд “...Талийгаачид гэмтлийн гаралтай тархины суурь, хоёр талын чамархай, бага тархины аалзан бүрхүүл тоорх цус харвалт, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун дээд доод зовхи, хүзүүнд цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу баруун зовхи, чамархайд цохих, хүзүүнд үрэгдэх шүргэгдэх үед үүснэ. Тархины суурь, хоёр талын чамархай, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт нь үхэлд хүргэжээ. Баруун зовхины цус хуралт, зулгаралт, хүзүүний цус хуралт, зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ...” гэж тодорхойлжээ.

Энэхүү дүгнэлттэй холбоотой шинжээч эмч Ц.Г “...баруун чамархайн булчингийн цус хуралт нь тархины суурь, хоёр талын чамархай, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалттай шалтгаант холбоотой нэг дор үүссэн гэмтэл. Баруун дээд, доод зовхины цус хуралт нь мөн шалтгаант холбоотой нэг дор үүссэн гэмтэл. Баруун нүдний зовхинд нэг удаагийн хатуу мохоо зүйлээр цохигдсоны улмаас тэр дороо нас барсан. Тархины их гадаргууг хамарсан цус харвалт учир амь насыг аврах боломжгүй, гэмтэл авсан даруйд үхнэ...” гэсэн мэдүүлэг гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас амь хохирогч Б.Быг шүүгдэгч Г.Цаас өөр цохиж, зодсон нөхцөл байдал тогтоогдоогүй ба амь хохирогч нүүрэн тус газраа цохигдсон хүчний үйлчлэлийн улмаас түүний тархины их гадаргууг хамарсан цус харвалт өгч амь насаа алджээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хохирогчийн нүүрэн тус газарт цохьсон 1 удаагийн үйлдлийн шууд шалтгаант холбоогоор нас баржээ.

Шүүгдэгч Г.Цыг хохирогчийг цохиж буй хууль бус үйлдлээ ухамсарлан мэдэж, хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Хэдий шүүгдэгчийн хувьд маргалдсаны улмаас амь хохирогчийг нэг удаа цохьсон нь хүнийг алах санаа зорилго /хүсэл/-той байсан гэж үзэх үндэслэл болохгүй ч түүний үйлдэл нь тодорхойлох боломжгүй хор уршгийг буй болгох үр дагавартай тул хор уршгийг зориуд бий болгосон байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн дүгнэлтээ “хэргийн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч айж сандарсан, юу болчвоо гэж байсан нь сэтгэл санааны цочролд орж гэмт хэрэг үйлдсэн байх боломжтой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байх боломжтой” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Учир нь санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидах нь хохирогчийн хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан зүй бус үйлдлээс шалтгаалж сэтгэл санааны хүчтэй цочролд /аффект/ орж, сэтгэцийн хэвийн байдал алдагдан үйлдлийнхээ хор аюулыг ухамсарлах, үйлдлээ удирдан жолоодох чадваргүй, хяналтгүй болсон үедээ үйлдлээ хэрэгжүүлсэнг ойлгодог. Хэрэгт авагдсан баримтаас шүүгдэгч өөрөө агсам тавьж согтуурхан, бусаддаа хүч хэрэглэсэн, мөн хохирогчийн зүй бус үйлдэл байсан нь тогтоогдоогүй тул шүүгдэгч сэтгэл санааны хувьд цочролд орсон гэж үзэх үндэслэлгүйг дурдаж байна. 

Мөн шүүгдэгч нь агсам тавьж, согтуурхан гэрч Х.Сийг цохьсон, тухайн үед хохирогч Б.М түүнийг болиулах гэхэд түүнтэй ноцолдож, унагаасны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хохирогчийн “...би Цы араас нь тэврээд авсан чинь огцом тонгойгоод би толгой дээгүүр нь даваад уначихсан...” гэх мэдүүлэг болон хохирогчийн биед үзлэг хийсэн тэмдэглэл болон дээр дурдсан гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр Б.Мы биед “...баруун, зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт, зүүн шуу, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ.

Тиймээс шүүгдэгч Г.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй юм. 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн Г.Ц биед учирсан “хүзүү, баруун хөх, цээж, баруун тохойд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй буюу бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл гэж шинжээч эмч мэдүүлжээ. Үүнээс үзвэл шүүгдэгч нь агсам тавьж бусадтай буюу хохирогч Б.М, амь хохирогч Б.Б нартай ноцолдож, зууралдаж байх үед түүний биед гэмтэл үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тиймээс түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, тухайн гэмтэл нь хэний хүчин зүйлээс шалтгаалан үүссэнийг нарийвчлан шалган тогтоох шаардлагагүй гэж дүгнэлээ.           

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Г.Ц нь амь хохирогчийн ар гэрт оршуулгын зардал, цалингийн зээлийн төлбөрт нийтдээ 17.500.000 төгрөгний хохирол төлсөн нь оролцогч нарын хуралдаанд гаргасан мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчийн насанд хүрээгүй хоёр хүүхэд болох У.Т, У.Б нарыг 18 нас хүртлэх хугацааны буюу хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах төлбөрт /тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг хасч тооцон/ нийт 21.325.200 төгрөгийг нэхэмжилжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01358 дугаар шүүхийн шийдвэрээр амь хохирогч Б.Б нь Б.Утай хамтын амьдралтай байсан, мөн У.Т, У.Б нарын төрсөн эцэг болохыг тогтоосон байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй”, мөн зүйлийн 508.3 дахь хэсэгт “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна”, мөн зүйлийн 508.4 дэх хэсэгт “бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл гэм хор учруулсны төлбөрийг нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь амь хохирогчийн дундаж цалинг 700.000 төгрөгөөр тооцон, дээр дурдсан насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг 18 нас хүртлэх хугацаагаар бодож нэхэмжлэхдээ тооцооллын алдаатай нэхэмжлэл гаргасан гэж дүгнэлээ.

Учир нь: Дээрх хуульд зааснаар гэм хорын төлбөрийн нэг хүнд оногдох хэмжээ 175.000 төгрөг /700.000:4/, үүнээс насанд хүрээгүй 2 хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тус тус 150.000 төгрөгөөр тогтоосонг /3хх11/ хасч тооцон зөрүүг 20.000 төгрөгөөр тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.   

Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсэгт зааснаар 16 нас хүртлэх хугацааны гэм хорын хохирлын төлбөрийг дээр дурдсаны дагуу тооцоход У.Б /2014.04.08-ны өдөр төрсөн/ 130 сар, У.Т /2016.12.17-ны өдөр төрсөн/ 150 сарын хугацаагаар буюу нийтдээ 5.600.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан /20.000 х 280 сар/ олгуулах нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт амь хохирогчийн төрсөн эцэг Т.Б хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байсан боловч биеийн эрүүл мэндийн байдлаар шалтгаалан оролцох боломжгүй болон итгэмжлэлээр иргэний нэхэмжлэлийн шаардах эрхийг Б.Т /амь хохирогчийн эгч/, Б.У нарт шилжүүлжээ.

Иймд шүүхээс тогтоосон амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдүүдэд олгох гэм хорын төлбөрийг тэдгээрийн хууль ёсны асран хамгаалагч Б.Ут олгуулж, 16 насанд хүрснээс хойшхи хугацааны төлбөрийг нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Хохирогч Б.Мын хувьд өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,  оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 10 жил 40 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргасан.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн байр суурийг дэмжсэн дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал, хохирлын мөнгийг нөхөн төлсөн, өнөөдрийн гэм буруутайд тооцсон шийдвэрээр тогтоосон төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан доод хэмжээгээр ял оногдуулах саналыг гаргасан.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай болохыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 646 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоосонг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Г.Цы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ бусадтай маргалдан, зодолдсон шинж байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, тэжээгчээ алдсаны гэм хорын төлбөрөөс бусад баримтаар нэхэмжилсэн хохирол, төлбөрийг нөхөн төлсөн байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, өмгөөлөгчийн дүгнэлтийг харгалзан дор дурдсанаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 8 жил 40 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтоов.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цы шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, цагдан хоригдсон 338 хоног, нийт 340 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ганболдын Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 /найм/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Цд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Цы урьд цагдан хоригдсон 340 /гурван зуун дөч/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдүүдэд олгох тэжээгчээ алдсаны гэм хорын төлбөрт 5.600.000 /таван сая, зургаан зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Г.Цаас гаргуулан Б.Ут /хууль ёсны асран хамгаалагч/ олгуулж, 16 насанд хүрсэнээс хойшхи хугацааны төлбөрийг нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР

                            ШҮҮГЧИД                                    Б.БАТАА        

                                                                                      Г.АЛТАНЦЭЦЭГ