Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 36

 

 

 

 

 

    

  2020             1               7                                            2020/ДШМ/36

 

 

 

            Г.Ц-д холбогдох эрүүгийн

                                                                      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Г.Ц-ы өмгөөлөгч Б.Дашдорж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Туяа, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 147 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Ариунтуяагийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 39 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Г.Ц-д холбогдох эрүүгийн 1908019040552 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн Г.Ц, 198.. оны 5 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны монтажчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ...........хамт ..............тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .........../;

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 361 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

Г.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /драйгер багажаар шалгахад согтуурлын зэрэг 1.22% байсан/ 2019 оны 4 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянцагааны 4 дүгээр гудамжны 29 тоотод “чи атаман юм уу, гөлөг минь 2-лаа үзье” гэж хэлэн хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас Б.Б-ыг толгойн тус газар нь гараараа 1 удаа цохисны улмаас хүнийг алсан,

мөн Г.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /драйгер багажаар шалгахад согтуурлын зэрэг 1.22% байсан/ 2019 оны 4 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянцагааны 4 дүгээр гудамжны 29 тоотод “бүгд миний эсрэг дайрлаа” гэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.М-тай зууралдаж, ноцолдож эрүүл мэндэд нь “баруун, зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт, зүүн шуу, зүүн өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Ц-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхээс гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хохирогч, шүүгдэгч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой асуудлыг эргэлзээгүй байдлаар шалган тогтоогоогүй гэж үзлээ. Үүнд:

1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4373 дугаартай дүгнэлтэд “... Х.Сод-Эрдэнийн биед хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба... эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ.

2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоолд /1хх-60/ “... биед хөнгөн хохирол учруулсан байх тул...” гээд Х.Сод-Эрдэнийг мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор тогтоожээ. Улмаар түүнээс хохирогчоор мэдүүлэг авсан байх боловч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй үндэслэлээр гэрч гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

            Учир нь хохирогчоор тогтоосон тухайн тогтоолыг үндэслэлгүй гэж прокурор үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.18 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд прокурор нь холбогдох шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах боломжтой байхад энэхүү ажиллагааг хийгээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж дүгнэв.

            Нөгөө талаас Х.Сод-Эрдэнийн биед үзлэг хийхэд “хамар битүүрнэ, хөндүүрлэнэ” гэсэн зовиуртай гээд хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцралтай гэж дүгнэжээ. Энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д “Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэгэн зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, ...зулгаралт үүсээгүй, зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно” гэж заасантай нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Тиймээс ямар шинжээрээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй болохыг дахин тодруулах шаардлагатай гэж үзэв.

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4378 дугаартай дүгнэлтэд “Г.Ц-ы биед хүзүү, баруун хөх, цээж, баруун тохойд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэжээ. /1хх-62/

Иймд шүүгдэгч Г.Ц-ы хувьд өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардлага гаргах, холбогдох ажиллагааг явуулах хүсэлт гаргах нь түүний Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх болно. Гэтэл шүүгдэгчийн эрүүл мэндэд учирсан хохирол хэний, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд шалган тогтоогоогүй нь хэргийн байдлыг бодитоор тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа бүх талаас нь бүрэн гүйцэд хийгдсэн гэхэд учир дутагдалтай болжээ.

Тиймээс шүүгдэгч нь эрүүл мэндэд учирсан хохирлынхоо хувьд хохирогч болох эсэх, энэхүү гэмтэл үүсгэгдэх шалтгаан нөхцөлд гэм буруутай этгээд байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай гэж дүгнэлээ.

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4379 дугаартай дүгнэлтэд “Мөнгөнбаганы биед баруун, зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт, зүүн шуу, баруун, зүүн өвдөгт цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ.

Хохирогч Б.Мөнгөнбаганы эрүүл мэндэд учирсан гэмтэл нь ямар шинжээрээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь тодорхойгүй, мөн ямар нөхцөл байдалд үүссэнийг нарийвчлан шалган тогтоох шаардлагатай гэж үзэв.

Мөн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж байгаатай холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Болд, түүний өмгөөлөгч нараас амь хохирогч Б.Б-ын төрсөн хүүхэд болох У.Түвшинтөгс, У.Болдбаяр нар тэжээгчээ алдсаны тэтгэлэг гаргуулахтай холбоотой иргэний нэхэмжлэл гаргасан. Энэ тохиолдолд хүүхдүүдийн эх Б.Ууганбаяр нь нэхэмжлэгч байх эсэхэд дахин дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзсэн.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “нотолбол зохих байдал”-ыг бүрэн шалгаагүй, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан шаардлагад нийцээгүй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Ариунтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэргийг прокурорт буцаах шүүхийн тогтоолын 1 дүгээр үндэслэлийн тухайд:

Эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагч Г.Ц- нь Х.Сод-Эрдэнийн хамар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон болох нь тогтоогдсон боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг, шинжилгээний газрын шинжээчийн №4379 дугаартай дүгнэлтээр “... Х.Сод-Эрдэнийн биед хамар зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн байх тул яллагдагч Г.Ц-ы Х.Сод-Эрдэнийг цохисон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэгдэх асуудал бөгөөд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой өөр нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, өөр шинжээчид даалгана” гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Х.Сод-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийн дүгнэлттэй танилцсан, хүлээн зөвшөөрч байгаа болон гомдол саналгүй талаараа мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлт 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн -216/422 дугаартай “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дугаар зүйлд “...шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй...жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүлгүй/ зулгаралт, цус хуралт... үед гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно” гэснийг зөрчөөгүй тусгай мэдлэгийн хүрээнд уг дүгнэлтийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хэргийн бодит байдалд нийцээгүй, тусгай мэдлэгийн хүрээний шинжээч эмчийн мэдлэгээс хальсан дүгнэлт хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

2 дугаар үндэслэлийн тухайд: Г.Ц- нь яллагдагчаар мэдүүлэхдээ “... Болдбаатар миний цээж рүү түлхэхдээ гараараа миний баруун шанаа руу цохьсон...”, мөн дахин мэдүүлэхдээ “...Болдбаатар гал тогооны өрөө рүү түлхээд оруулахдаа миний баруун шанаа руу нэг удаа цохьсон юм...”, Г.Ц- сэжигтнээр мэдүүлэхдээ “... тэгээд Сод-Эрдэнэ бид 2 үүдний тамбурт нь ороод бие биенээ нэг, нэг удаа цохьсон. Би Сод-Эрдэний хамар руу нэг удаа цохьсон, Сод-Эрдэнэ миний зүүн талын шанаа орчим нэг удаа цохьсон. Энэ үед Мөнгөнбагана, Болдбаатар хоёр Сод-Эрдэнэ бид хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Золжаргалын гаргасан “...Ц-ы биед хүзүү, баруун хөх, цээж, баруун тохойд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч М.Золжаргалын “... Г.Ц-ы биед хүзүү, баруун хөх, цээж, баруун тохойд цус хуралт гэмтэл нь боох, зууралдах, нидрэх хүчний үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой. Баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох, цохих хүчний үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг зэргээр Г.Ц-ы эрүүл мэндэд талийгаач Б.Б-, Х.Сод-Эрдэнэ нар түүнийг цохисон, харин Б.М- салгах гэж зууралдсан үйл баримт тогтоогдсон байх ба Г.Ц-ы эрүүл мэндэд учирсан дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж тусгай мэдлэгийн хүрээнд мэдүүлсэн байх тул прокуророос хэн нэгнийг гэм буруутай гэж дүгнэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэлгүй бөгөөд, харин зөрчлөөр арга хэмжээ авахуулахаар холбогдох албан бичгийг хэрэгт хавсаргасан байна.

3 дугаар үндэслэлийн тухайд: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг шинжилгээний газрын шинжээчийн №4379 дугаартай дүгнэлтээр “... Б.Мөнгөнбаганы биед баруну, зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт, зүүн шуу, баруун, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /1хх-156х/, хохирогч Б.Мөнгөнбаганы “...Ц-ыг цааш нь түлхээд гаргах гэхэд Ц- зөрөөд буцаж алхахаар нь Ц-ы нуруунаас тэвэрч авахад Ц- доошоо огцом тонгойсон чинь би Ц-ы хүзүүг дараад унасан. Тэр хооронд Болдбаатар Ц-ыг болиулах гээд бариад авсан. Би тэгээд газар уначихаад босч ирэхийн хооронд пид хийгээд дугарсан. ...Ц- бид 2 нэлээн зууралдсан. Бие биенээ заамдалцаад, бие биенийхээ заамдалцсан гарыг тавиулах гээд майкныхаа захаар хүзүүгээ үрээд байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-57-59х/ зэрэг нотлох баримтаар Б.Мөнгөнбаганы эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь гэмтлийн шинжээрээ хөнгөн зэрэгт хамаарна гэж тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч эмч дүгнэлт гаргасан атал шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй тусгай мэдлэгийн хүрээний шинжээч эмчийн мэдлэгээс хальсан дүгнэлт хийж байна гэж үзэж байна.

Түүнчлэн шүүх “хохирогч Б.Мөнгөнбаганы эрүүл мэндэд учирсан гэмтэл нь ямар шинжээрээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь тодорхойгүй, мөн ямар нөхцөл байдалд үүссэнийг нарийвчлан шалган тогтоох шаардлагатай” гэсэн нь ямар мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэх гэж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...хохирогч нас барсан...тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг мөрдөгч, прокурор хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно гэсний дагуу амь хохирогчийн төрсөн эцэг Т.Болдыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон ба хүүхдүүдийн тэжээн тэтгэгчээ алдсантай холбоотой иргэний нэхэмжлэлийн асуудлыг Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх хүсэлт гаргасан билээ. Түүнчлэн дээрх хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тогтоосон билээ.

Иймд шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн зүйлийн 1.3 дахь заалтад заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх тул шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Г.Ц-ы өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа. Өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрдөг. Х.Сод-Эрдэнэ болон Б.Мөнгөнбаганын үйлдэл дээр маргадаггүй. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлэх эсэх асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой байсан. 

Г.Ц-ы хувьд хоолой нь боосон асуудал Б.Мөнгөнбаганы үйлдлээр, баруун шанаа руу цохьсон нь талийгаач Б.Б-ын үйлдлээр учирсан гэж мэдүүлдэг. Хохирогчтой холбоотой үйлдлүүдийн нөхцөл байдлын хүрээнд хөнгөн зэргийн гэмтлийн асуудал хэрхэн шийдвэрлэгдэх вэ гэдэг талаар тухайн шатны прокурорт өмгөөлөгчийн зүгээс гомдлоо гаргасан. Гэвч Б.Б- нас барсан учир хэргийн үйл баримтын хүрээнд яллагдагчаар татах боломжгүй байдал үүссэн. Хохиролтой холбоотой асуудлыг анхан шатны шүүх шүүх хуралдаанаараа шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх хүсэлтэй байгаа. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа тул хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлмээр байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Туяагийн өмгөөлөгч Б.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Уг хэрэг 1 жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд хохирогч хэргийг хурдан эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлүүлж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Ц-д холбогдох хэргийг прокурор Ц.Ариунтуяагийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх гэрч Х.Сод-Эрдэнэ, хохирогч Б.М-, шүүгдэгч Г.Ц- нарын биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдтэй холбогдуулан зарим ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байна.

Тодруулбал, шинжээчийн 2019 оны 4373 дугаартай дүгнэлтэд “Х.Сод-Эрдэнийн эрүүл мэндийг сарниулаагүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн байхад мөрдөгч түүнийг “хохирогч”-оор тогтоон мэдүүлэг авсан, улмаар гэмтлийн зэрэг тогтоогдоогүй үндэслэлээр “гэрч” гэж үзсэн нь ойлгомжгүй, үүнийг прокурор бүрэн эрхийн хүрээнд холбогдох шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах ажиллагаа хийгээгүй, Х.Сод-Эрдэнийн “хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь ямар шинжээрээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй болохыг дахин тодрууулах шаардлагатай гэжээ.

Шинжээчийн 2019 оны 4373 дугаартай дүгнэлтээр “Х.Сод-Эрдэнийн эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэж тусгай мэдлэгийн хүрээнд тогтоосныг хэргийн оролцогчдоос хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан, эсхүл дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах талаар санал хүсэлт гаргаагүй ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д “Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед  гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно” гэж заасантай уг дүгнэлт нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул анхан шатны шүүхийн энэ заалт үндэслэлгүй.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ц-ы эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг хариуцах гэм буруутай этгээд байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай гэжээ.

Шинжээчийн 2019 оны 4378 дугаартай дүгнэлтээр “Г.Ц-ы биед хүзүү, баруун хөх, цээж, баруун тохойд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн байх ба уг дүгнэлтийнхээ талаар шинжээч эмч М.Золжаргал “дээрх гэмтлүүд нь бүгд нийлээд хөнгөн зэрэгт хамаарна, тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэж мэдүүлсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ц-ыг талийгаач Б.Б-, гэрч Х.Сод-Эрдэнэ нар цохиж, хохирогч Б.М- тэднийг салгах гэж зууралдсан үйл баримт тогтоогдож байгаагаас үзэхэд, Г.Ц-ы биед учирсан цаг хугацааны хувьд тус тусдаа эхлэл төгсгөлтэй, тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтлийг хэн нэгэнд хариуцуулах боломжгүй юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд тухайн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

  Түүнчлэн шүүх “хохирогч Б.Мөнгөнбаганы эрүүл мэндэд учирсан гэмтэл нь ямар шинжээрээ хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь тодорхойгүй, ямар нөхцөл байдалд үүссэнийг нарийвчлан шалгах шаардлагатай” талаар дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Учир нь, шинжээч эмчийн 2019 оны 4379 дугаартай дүгнэлтээр “Б.Мөнгөнбаганы биед баруун, зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт, зүүн шуу, баруун, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдсон нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарах”-ыг тогтоожээ.

Энэ дүгнэлтийг хохирогч Б.Мөнгөнбаганы мэдүүлэг болон бусад нотлох баримтуудтай харьцуулахад, шүүгдэгч Г.Ц-ы үйлдлийн улмаас үүссэн байж болохоор байгаа тул дахин нарийвчлан шалгах үндэслэлгүй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой нэхэмжлэлийг шүүх нотлох баримтад тулгуурлан энэ хэргийн хамт нэг мөр, эсхүл зарим нэхэмжлэлийн шаардлагын талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг заах замаар шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шүүгдэгч Г.Ц-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 147 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Ц-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Хэргийг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцтэл шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                                                    Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ