Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 112/2020/0019/З |
Дугаар | 221/МА2021/0208 |
Огноо | 2021-05-05 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2021/0208
ГАа Тс иТХд МАН бд Т.Б нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Л.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.М нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 9 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, ГАа Тс иТХд МАН бд Т.Б нэхэмжлэлтэй, ГАа Тс иТХд МАН бд Т.БТөлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Анхдугаар хуралдаан даргалагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 9 дүгээр шийдвэрээр:
“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.4 дэх хэсэгт заасныг баримтлан Төгрөг сумын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгосон санал хураалтыг хүчингүйд тооцуулж, дахин санал хураалт явуулахыг даалгах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хоёр. Нэхэмжлэгч ГАа Тс иТХд МАН бд Т.Б нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Төгрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарыг сонгох Анхдугаар хуралдаан болсон. Хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад АНаас Ж.Г, МАН Л.А нар тус тус нэр дэвшсэн. Ийнхүү Анхдугаар хуралдаанаар дэгээ батлаад санал хураалт хуульд зааснаар нууцаар явагдахаар болоход АНаас хуралд сонгогдсон Төлөөлөгч нар завсарлагаа авч орж ирээд саналаа илээр өгнө гэж маргаж эхэлсэн бөгөөд улмаар санал хураалт явуулахад цаасаа нийт төлөөлөгч нар луу харуулж хийж эхэлсэн. Ингээд нууцаар санал хураалт явуулна гэсэн яасан гэдэг асуудал сөхөгдөхөд саналаа ил харуулах эсэх нь бидний эрх гэх мэт үгсийг хэлж ил харуулж хийсэн нь тухайн танхимд байгаа бүх хүнд ил тод харагдаж байсан.
Түүнчлэн Захиргааны хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлэг болон хурлын тэмдэглэл зэргээс санал хураалт ил явагдсан болох нь нотлогдсон. Гэтэл анхан шатны шүүхээс санал хураалтын явцаас хийсэн бичлэг дээрээс ил санал хураалт явуулсан нөхцөл байдал харагдахгүй, нотлогдохгүй гэсэн ганцхан үндэслэлийг барьж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь учир дутагдалтай төдийгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Шүүхээс ямар учраас хурлын тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгийг үнэлээгүй болохоо хуулийн үндэслэлтэй тайлбарлаагүй. Шийдвэрийн үндэслэл болоод байгаа бичлэг нь гар утсанд хийгдсэн бичлэг байсан бөгөөд сидинд хуулбарлаж шүүхийн нотлох баримт шинжлэх үед бүрсийж, бүүдийж чанарын шаардлага хангагдахааргүй байхад зөвхөн түүнийг үнэлж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Зөрчлийн тухай хуульд сонгуулийн нууц санал хураалт ямар тохиолдолд ил болох, түүнд хариуцлага ногдуулах талаар дэлгэрэнгүй тусгасан байдаг бөгөөд иргэдийн саналаа өгөхөд хэн ч хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх эрхийг хангах үүднээс холбогдох заалтыг оруулсан гэж ойлгодог. Тиймдээ ч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох асуудлыг хуульд нууцаар явуулахаар зохицуулсан нь үүнтэй нэгэн адил ойлголт гэж үзэж байна.
Тухайлбал Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 30.2-т “саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан”-ыг хууль зөрчсөн байхаар хуульчилсан.
АНын бүлгийн гишүүдийн зүгээс бие биедээ хяналт тавьж ийнхүү саналаа бие биедээ харагдаж байхаар бусдадаа харуулж хийж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болсон.
Түүнчлэн Анхдугаар хуралдаанаас баталсан дэгд заасан Тооллогын комиссын тогтоол гараагүй байхад хууль бус тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг баталсан тогтоолыг гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ГАа Тс иТХд болон бусад албан тушаалтнуудаас Хурлын даргыг сонгох санал хураалт хэрхэн явагдсан талаар гэрчийн мэдүүлэг авсан атлаа тэдгээрийн мэдүүлгийг хоорондоо “зөрүүтэй” гэсэн үндэслэлээр огт үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасан “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэнтэй нийцээгүй, түүнчлэн хэрэгт авагдсан Анхдугаар хуралдааны санал хураалтын талаарх бүрэн бус бичигдсэн видео бичлэгийг үнэлж хэргийг шийдвэрлэхдээ уг бичлэгт бичигдсэн тухайн санал хураалтыг бичиж байгаа өөр этгээдийн хийсэн бичлэгийг мөн нотлох баримтаар авах, цаашлаад тухайн бичлэгүүд болон гэрчийн мэдүүлэг, хуралдааны тэмдэглэл зэргийг харьцуулан үнэлэх байдлаар хэргийг шийдвэрлэх үүргээ бүрэн биелүүлээгүй байна.
Шүүхийн үнэлсэн тэрхүү видео бичлэгийг хэргийн аль оролцогчоос гаргаж өгсөн талаар шийдвэрт тодорхой тусгаагүй, гэхдээ анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд тухайн үед Хурлын АН, МАНын Төлөөлөгчийн аль аль нь Анхдугаар хуралдааны санал хураалтын явцыг их бага хэмжээгээр бичлэгээр баримтжуулсан байх бөгөөд энэхүү үйл баримт нь одоогийн хэрэгт авагдсан бичлэгээр тогтоогдох тул тэрхүү бичлэгийг нотлох баримтаар авах нь дээрх хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасан “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэсэнд хамаарна.
Давж заалдах гомдолд шийдвэрийн үндэслэл болсон бичлэгийг “…гар утсаар хийсэн, дүрс нь бүрсгэр, чанарын шаардлага хангахгүй байсан…” төдийгүй Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 30.2-т заасан “саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчдын тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, …бусдад харуулсан” гэснийг зөрчсөн гэх агуулгаар үгүйсгэх боловч нэхэмжлэгч талаас хийгдсэн гэх хэрэгт авагдаагүй тэрхүү бичлэг нь энэ шаардлагыг хэрхэн хангаж байгаа болох, цаашлаад хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-т заасан “Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэсэнтэй талуудын хийсэн бичлэг хэрхэн нийцэх эсэхэд дүгнэлт өгөх байдлаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
“…Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж …Хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэж заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл хэлбэрийн хувьд саналын хайрцагт саналаа хийж байгаа боловч бодит байдалд хэн, хэний төлөө саналаа өгснөө илээр харуулж, эсхүл саналын хуудсан дахь тэмдэглэгээ нь харагдах байдлаар санал хураалт явагдсан, энэ нь гэрчийн мэдүүлгүүд болон Анхдугаар хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно…” гэж нэхэмжлэгч талаас маргаж буй энэ тохиолдолд энэхүү үйл баримтад зөвхөн нэг талын хийсэн видео бичлэгт тулгуурлаж дүгнэлт өгсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасан “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэсэнтэй нийцсэнгүй.
Дээрхээс гадна хэргийг дахин хэлэлцэж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулах нь зүйтэй байна.
Учир нь ГАа Тс иТХ дахь МАНын бүлэг гэсэн албан бланк дээр нэхэмжлэлийг бичиж, бүлгийн дарга Т.Б гарын үсэг зурж, намын хорооны тамгыг дарсан байхад Захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжид “…бүлгийн дарга Т.Баас гаргасан нэхэмжлэлээр…” гэжээ.
Өөрөөр хэлбэл Т.Б нь Хурлын төлөөлөгчийн хувиар, эсхүл Хурал дахь МАН-ын бүлгийг төлөөлж нэхэмжлэл гаргасны аль нь болохыг нэхэмжлэгчээс тодруулах шаардлагатай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 9 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН