Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 807

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Х.Ням-Эрдэнэ,

ялтан Г.Б, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 546 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Г.Б, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Б-д холбогдох эрүүгийн 1706000000003 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Г.Б, 1983 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:.../,

Г.Б нь 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн .... тоот иргэн Л.Н-н хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд цоожийг эвдлэн нэвтэрч Эрдэнэт хивс 1 ширхэг, 7 метр цагаан даавуу, цэнхэр өнгийн одтой хуулиастай 11 метр хулдаас, ногоон шар оруулгатай дрож зэрэг эд зүйл хулгайлж 320 000 /гурван зуун хорин мянган төгрөг/-ийн хохирол,

мөн 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн ... тоотод байрлах Л.М-ын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор орж 42 инчийн самсунг брендийн зурагт хулгайлж 560 000 /таван зуун жаран мянган төгрөг/-ийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Г.Б-ы үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Б-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Г.Б-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-ы урьд цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Б-аас нийт 560 000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.М-т олгохоор шийдвэрлэжээ.

Ялтан Г.Б-ы гаргасан давж заалдах гомдолд: “...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч Нэргүйгийн хохиролыг эд зүйлсийг биетээр нь өгсөн. Харин хохирогч М-ын хохиролыг шүүх хурлын дараа төлж барагдуулсан. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Иймд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Г.Б-ы өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Б нь өөрийн үйлдсэн 2 удаагийн үйлдлийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ би өмгөөлөгчийн хувьд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Хавтас хэргийн 1 дүгээр талд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол байдаг. Тогтоох хэсэгт: Б. овгийн Д.Э, Г.Б нар нь 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Улаанхуарангийн 10-258 тоотод оршин суух иргэн Нэргүйн гэрээс эд зүйл хулгайлсан. Гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай гэсэн прокурорын тогтоол байдаг. Гэтэл хавтас хэргийн 36 талд Энхтөрийг гэрчээр 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр мэдүүлэг авсан “...өчигдрийн хивсийг Б эгчид Б бид 2 зарж байгаад цагдаад баригдсан...”, Хавтас хэргийн 38 талд гэрч Б 2017 оны 7 дугаар сарын 22-ны “...Б нэг хүнтэй хамт явсан...”, хавтас хэргийн 42 талд гэрч Ц 2017 оны 7 дугаар сарын 20 “...2 залуу орж харагдсан, 2 залуу нэг нэг юм үүрч гарч яваа харагдсан. Нэг нь юмаа даахгүй гуйвж байсан...” гэсэн мэдүүлэг байдаг бөгөөд хавтас хэргийн 51 дүгээр талд 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Б яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө мөн Э-тэй явсан тухай мэдүүлдэг. Хавтас хэргийн 55 дугаар талд яллагдагчаар дахин мэдүүлэхдээ Э бид хоёроос өөр хэн нэгэн хүн энэ хэрэгт хамааралгүй гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Хавтас хэргийн 66 дугаар талд мөрдөгчийн тогтоол. 2017 оны 7 дугаар сарын 7 “...Эрүүгийн 00003 тоот хүнийг яллагдагчаар хувийн баталгаа гаргуулсан. Баталгаа гаргасан Д.Э, хавтас хэргийн 69 дүгээр талд хүнийг тусгаарлах прокурорын 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн Д:970600796 дугаар тогтоолоор “...Э нь хаана байгаа нь тодорхойгүй үндэслэлээр...”  гэж тусгаарласан байдаг. Энэ нь 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Э-ийг ямар үндэслэлээр гэрчээр асуусан нь ойлгомжгүй, түүнийг яагаад яллагдагчаар татахгүй байгаа зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд хаана байгаа нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр тусгаарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүй гэсэн үндэслэл биш гэж үзэж байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 6 цагийн дотор явуулна гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Хавтас хэргийн 21 дүгээр талд мөрдөгчийн санал 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Эд мөрийн баримтыг хураан авах тухай “...Эрдэнэт хивс 1 ширхэг, 7 метр цагаан даавуу, цэнхэр өнгийн одтой хуулиастай 11 метр хулдаас, ногоон шар оруулгатай дрож зэрэг түр хураан авсан....”, Хавтас хэргийн 29 дүгээр талд Эд зүйлийн үнэлгээ байдаг. Энд 2 ширхэг хивс гэж үнэлэгдсэн байгаа. Энд яагаад дрож хурааж авсныг хивс болгон үнэлсэн гэдэг нь эд зүйлийг ялангуяа хохиролын үнэ өөрчлөгдөх боломжоор хангаж байгаа нь прокурорын хяналт хэт сул байгаа бөгөөд яллагдагчаар татагдсан Д.Эд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлийн 2,3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байгаа гэж үзэж байна. Г.Б нь өөрт холбогдох хэргээ хүлээн зөвшөөрч хохиролоо нөхөн төлсөн тул түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү...” гэв.

Прокурор Х.Ням-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн давж заалдах гомдолд Г.Б-д холбогдох хэргийн мөрдөн байцаах ажиллагаа үндэслэлгүй явагдсан гэж байна. Үүнд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа зөвхөн Г.Б дээр татсан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах нь хүн тус бүрд татах ёстой гэж хуулийн заалт байгаа. Тэр утгаараа Г.Б гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Г.Б-ыг хувийн батлан даалтад авч Э шиг шалгах гэсэн боловч, түүний ар гэрийн зүгээс эцэг Г-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг байгаа “бид нар батлан даалтад авах боломжгүй өөрөө гэрээсээ юмаа аваад явчихдаг” гэсэн. Э-ийг яллагдагчаар татсан гэж өмгөөлөгч хэлж байна. Э-ийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй. Гэрчээр хувийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохоор Э-ийн үйлдэл оролцоог нь шалгахын тулд тухайн үед мэдүүлэг авч шалгасан. Энэ хугацаанд Э нь мөрдөн байцаалтын үед оргож, ирээгүй улмаас хэргийг тусгаарласан байгаа. Нэгэнт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа хүн тус бүрд нь гэсэн үүднээс Г.Б-ыг эрүүгийн хэрэг үүсгэж татаж шалгасан. Урьдчилсан хэлэлцүүлэгт прокуророос зүйл хэсгийн 2 дахь хэсэг гэдгийг урьдчилсан хэлэлцүүлэгт орхигдуулсан учраас засварлаж явуулсан. Ийм учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж оролцож байгаа тул ялтан Г.Б, ялтны өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг  хянаж үзлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар “... шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана...” гэж хэрэгжихээр зохицуулжээ.

Хавтас хэргийн 99 дэх талд “Прокурорын хүсэлт” буюу “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хэргийг зүйлчлэхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д гэж алдаатай бичсэнийг засах” хүсэлтийг  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4 дэх хэсгийг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

 Гэтэл анхан шатны шүүх нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр прокурорын хүсэлтийг хэлэлцээгүй бөгөөд зүйлчлэлийг хэрхэн ойлгож зассан тухай шийтгэх тогтоолдоо ч  дүгнэлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “...Прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана...” гэж хэрэгжихээр зохицуулжээ.

Хавтас хэргийн 1 дэх хуудсанд  “...Д.Э, Г.Б нар нь 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 10-258 тоотод оршин суух иргэн Д.Н гэрээс эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар” татсан прокурорын тогтоол байна. 

Мөн хавтас хэргийн 69 дэх хуудсанд “Прокурорын Тогтоол” буюу “Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай” тогтоолын “тогтоох” хэсэгт: “...1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол баталсан 1706000000003 дугаартай хэргээс 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 10-258 тоотод оршин суух иргэн Д.Н-ийн байшингийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, хивс, дрож, хулдаас зэрэг эд зүйлс хулгайлсан гэх 170600796 дугаартай хэргийг тусгаарласугай...” гэж  хохирогч Д.Нэргүйн эд зүйлээ алдсан хэргийг тусгаарлажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт     “хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим “яллагдагчид” холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэсэн заалтыг зөрчиж, яллагдагч Д.Э-д холбогдох хэргийг биш, Д.Э, Г.Б нарын холбогдсон хохирогч Д.Нэргүйн эд зүйлээ алдсан хулгайн хэргийг “бүхэлд” нь тусгаарлажээ.

Дээрх тогтоолоос үзэхэд хохирогч Д.Нн 2017 оны 7 сарын 6-нд эд зүйлээ алдсан хэрэг тусгаарлагдсан байхад ялтан  Г.Б-д энэ хэрэгт ял сонсгож, яллагдагчаар татаж,  хэргийг дангаар үйлдсэн гэж дүгнэн прокурор яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх түүнийг  үндэслэлтэй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Хэрвээ прокурор энэ хэргийг “бүлэглэн гүйцэтгэсэн” гэж үзэж байгаа бол хэргийг зөв тусгаарлах бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлд “бүлэглэн гүйцэтгэх” заалтыг журамлах эсэхийг анхаарах шаардлагатай байжээ.

Анхан шатны шүүх дээр дурдсан зөрчлийг анхаарч хянан хэлэлцэлгүй, дүгнэлт хийж хэргийг  эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 буюу “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсвэл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал”  шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Иймд ялтны өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн давж заалдах гомдлоос “Д.Эд холбогдох хэргийг буруу тусгаарласан” талаарх гомдлыг  хүлээн авч, анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Бд холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 546 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Б-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Г.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ