Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00819

 

“К Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/03909 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 403 дугаар магадлалтай,

“К Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

Д.С, М.Цнарт холбогдох

62 084 302.67 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 15 095 489.75 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.Сын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхцогт, Б.Насанбаяр, хариуцагч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К Б”ХХК-иас хариуцагч Д.С, М.Цнартай харилцан тохиролцож, 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 58 500 000 төгрөгийг тэдгээрт ажилтны орон сууцны зээлийн зориулалтаар олгосон бөгөөд зээлдэгчид энэхүү зээлээр Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар дугаар хороолол, 75 дугаар байр, 119 тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авсан. Тус зээлийн гэрээний хугацаа 25 жил байсан бөгөөд Монголын ипотекийн корпораци ХХК-нд худалдахаар 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл дүнгээр буюу 57 190 000 төгрөгийг 20 жилийн хугацаатай сарын 0.6 хувийн хүүтэй, 2033 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Өөрөөр хэлбэл, талууд ажилтны орон сууцны зээлийн гэрээний бүтээгдэхүүнийг ипотекийн зээлийн гэрээний бүтээгдэхүүнд шилжүүлсэн юм. Гэвч тухайн зээлийг дээр дурьдснаар Монголын ипотекийн корпораци ХХК-нд худалдаагүй ба зээлдэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш ямар ч төлбөр хийхгүй өнөөдрийг хүрч байна. Иймд, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 53 826 034.37 төгрөг, зээлийн хүү 7 780 669.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 477 598.95 төгрөг, нийт 62 084 302.67 төгрөгийг хариуцагчдаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаж байна. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчид 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх зээл, зээлийн хүүгийн тооцооллоор 17 059 482.02 төгрөгийн хүү төлөх ёстойгоос 11 779 879.91 төгрөг, үндсэн зээлээс 5 248 718.04 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 62 084 302.67 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Өнөөдрийн байдлаар зээл төлөгдөхгүй 520 гаруй хоногийн хугацаа хэтрэлттэй байгаагаас улбаалан зээлдэгч тал холбогдох журмын дагуу 75 хувийн эрсдэлийн сан үүсгээд байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд хэрэгт 57 190 000 төгрөгийг 20 жилийн хугацаатай олгосон талаар холбогдох баримт байгаа, өмнөх зээлийн үлдэгдлийг ийнхүү 20 жилийн хугацаатай болгож өөрчилсөн тул зээлийг бодитоор олгоогүй гэж үзэхгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, мөн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн, аль эсхүл шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс тоолно гэж заасан. Гэтэл талууд 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байхад тус гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан байна. Иймд, үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 58 500 000 төгрөгийг ажилтны орон сууцны зээлийн зориулалтаар авсан тухай маргахгүй, харин 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 57 190 000 төгрөгийг хүлээн аваагүй. Бидний худалдан авсан буюу барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар дугаар хороолол, 75 дугаар байр, 119 тоот орон сууцыг нэхэмжлэгч ”К Б”ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ариунболдын хөрөнгө оруулалттай Катеринг деливери ХХК нь барьж гүйцэтгэсэн бөгөөд уг орон сууцны м.кв зөрүүтэй байсан тул илүү зээл төлөхөөс сэргийлж, зээлдүүлэгчид тухайн маргааныг шийдвэрлэтэл зээлийг хүүг түр зогсоохыг хүссэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэх, ийнхүү мэдэгдээгүй тохиолдолд татгалзах эрхээ алдахаар зохицуулсан. Улсын дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3 тоот зөвлөмжид гэрээнээс татгалзах, цуцлах маргаанд хуульд заасан татгалзах, цуцлах журмыг хэрэглэгдэхийг анхаарах нь зүйтэй гэсэн байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд зээлдүүлэгчээс надад болон хамтран зээлдэгчид зээлийг төлөх, гэрээг цуцлах тухай мэдэгдэж байгаагүй, тус хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч этгээд үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхээр тодорхой үйлдэл хийх ёстой, хэрэв уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүнийг хугацаа хэтрүүлсэнд тооцно гэж заасан. Хэдийгээр хэрэгт талуудын хооронд 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 57 190 000 төгрөгийг 20 жилийн хугацаатай сарын 0.6 хувийн хүүтэй ипотекийн зээлийн зориулалтаар олгох тухай гэрээ байгаа ч бодитоор тус зээлийг олгоогүй тул хууль зөрчсөн гэрээ гэж үзэж байна. Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр эвлэрүүлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд би нэхэмжлэгчид хэд хэдэн санал тавьж, 58 500 000 төгрөгийн зээлийг дуусгавар болсон талаар тодорхойлолт авах хүсэлт гаргахад нэхэмжлэгчээс чиний 58 500 000 төгрөгийн зээлийн үүрэг дуусгавар болсон гэж бодож байна уу, үгүй гэж амаар хариу өгсөн юм. Өөрөөр хэлбэл, би 2 төрлийн зээлийн гэрээтэй, үүнээс 57 190 000 төгрөгийг хүлээн аваагүй байж зээлийн мэдээллийн санд буюу зээлдүүлэгчид бүртгэлтэй байж болохгүй тул ийнхүү хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, өнгөрсөн хугацаанд төлсөн 15 095 489.75 төгрөгийг буцаан нэхэмжилж байгаа юм. Иймд, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэл болох 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгчээс 15 095 489.75 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/03909 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Д.С, М.Цнараас 60 806 132.59 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “К Б”ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 278 170.08 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг үндэслэн хариуцагч Д.С, М.Цнарын гаргасан нэхэмжлэгч “К Б”ХХК-нд холбогдох зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 15 095 489.75 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-0000000000тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар дугаар хороолол /13320/, 75 дугаар байр, 119 тоот хаягт орших 45 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 505 497 төгрөг, хариуцагчдын төлсөн 303 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчдаас 461 981 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 373 700 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 403 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/03909 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Сын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 905 881 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.С хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Хяналтын журмаар гаргаж буй гомдлын агуулга: Учир нь: 1. Миний бие 2016 оны 02 болон 03 дугаар сард Капитал банкны Гүйцэтгэх захирал А.Ариунболдын нэр дээр “Зээл, зээлийн хүүг зогсоолгох тухай” хүсэлт хүргүүлсэн бөгөөд энэ хүсэлтийн хариуг нэхэмжлэгч Капитал банкны зүгээс өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа билээ. Миний энэхүү хүсэлтэнд Капитал банкны зүгээс албан бичиг, утас, мэйлээр болон өөр ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй, ирүүлээгүй учир миний бие “К Б”хүсэлтийг хүлээн авсан юм байна гэж ойлгоод зээл төлөхөө зогсоосон бөгөөд түүнээс санаатайгаар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн үйлдэл биш болно. Үүнийг ч батлах мэт “К Б”ХХК нь Монгол банкны зээлийн мэдээллийн санд 2017.03.31-ний өдрийн байдлаар миний зээлийг “Хэвийн зээл” хэмээн тооцож, өөрийн балансад бүртгэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Зээлийн мэдээллийн сангийн харилцаа нь Зээлийн мэдээллийн тухай хуульд заасны дагуу зохицуулагддаг харилцаа бөгөөд уг хуульд тусгайлан зааснаар арилжааны банкууд нь өөрийн зээлийн талаарх мэдээллийг үнэн зөвөөр тайлагнах үүрэгтэй байдаг. 2. Хууль тогтоогчийн зүгээс гэрээний тогтвортой, найдвартай байдлыг хадгалах, гэрээнд оролцогч талууд хэн дуртай нь гэрээнээс татгалздаг, гэрээг дуусгавар болгодог байх эрхийг хязгаарлах, гэрээнд оролцогчдын эрхийг адил тэгш хангах үүднээс Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ.” гэж хуульчилсан байх бөгөөд үүнийг Улсын Дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №3 тоот зөвлөмжид “...Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах маргаанд гэрээнээс татгалзах, цуцлах хуульд заасан журам зайлшгүй хэрэглэгдэхийг анхаарах нь зүйтэй байна.” гэж баталгаажуулан дурдсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч Капитал банкны зүгээс надад болон хамтран зээлдэгч М.Цэцэгээд ямар нэгэн байдлаар гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдэл огт өгөөгүй байж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнийг анхан шатны шүүх хүлээн авч, зээлийн гэрээг цуцалсан явдал нь хуульд нийцэхгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр юм. 3. Анхан шатны шүүх тооцооллын хувьд маш алдаатай шийдвэр гаргасан. Учир нь нэхэмжлэгч “К Б”ХХК нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байхад нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримт хуурамч тул нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасаар байтал илт хуурамч баримтыг үндэслэн тооцоолол хийж 60 806 132.59 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа буюу 2017.04.28-ны өдөр зээлийн хүү 5 955 243.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 287 180.28 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл миний зүгээс нэхэмжлэлийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй тул мэргэшсэн шинжээч томилуулах талаар хүсэлт гаргасны дараа нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргаж өгсөн. Зээлийн хүүний тооцоолол гэх баримтаар зээлийн хүү 5 279 602.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 012 224.38 төгрөг нэхэмжилж байгаа болохоо нотолж, баримт гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан байгаа болно. Нэхэмжлэгч “К Б”ХХК нь үүний дараа буюу 2017.11.03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ зээлийн хүү 7 780 669.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 477 598.95 төгрөг нэхэмжилж байгаа болохоо тайлбарладаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрөө удаа дараа тооцооллын хувьд илт зөрүүтэй баримтууд гаргаж өгч, эргэлзээтэй байдлыг бий болгож байхад тэдгээр баримтуудыг үнэлж, миний зүгээс гаргасан шинжээч томилох хүсэлтийг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчсөн явдал гэж үзэж байна. 4. Мөн нэхэмжлэгч “К Б”ХХК нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө нэг талын санаачлагаар гэрээг цуцалж, гэрээний үүрэгт мөнгөн төлбөр гаргуулах шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлсэнийг шүүх хүлээн авч, нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Учир нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгээгүй байх тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх боломж хууль зүйн хувьд нээлттэй бөгөөд харин гэрээг хугацаанаас өмнө өөрийн санаачлагаар дуусгавар болгосон тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. 5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь тухайн зээлийн мөнгийг бодитоор олгоогүй, хариуцагч нарт зээлийг захиран зарцуулах эрх үүсээгүй, зөвхөн өмнөх зээлийг хувиргах зорилготой байсан гэдгээ тайлбарлаж, нотолсоор байтал, хариуцагч нарын зүгээс зээлийг хэрхэн яаж зарцуулсан болох нь тодорхойгүй, мөнгө хүлээн авсан гэх ямар нэгэн баримт байхгүй байсаар байхад зээлийг хууль ёсны дагуу олгосон байна гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл бодитоор уг мөнгө хариуцагч талд ирээгүй, үүнийг хариуцагч тал захиран зарцуулаагүй гэдэг дээр талууд маргаагүй байхад ийм дүгнэлт хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. 6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасны дагуу өмнөх үүргийг солихоор талууд харилцан тохиролцсон байна гэж дүгнэсэн. Хариуцагч бидний зүгээс 2017.11.16-ны өдөр 2012.05.04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх талаар тодорхойлолтыг гаргаж өгөхийг нэхэмжлэгчээс шаардсан бөгөөд энэ тухай баримт хэрэгт авагдсан байгаа билээ. Гэтэл нэхэмжлэгч “К Б”ХХК нь өмнөх үүрэг дуусгавар болсон эсэх талаарх тодорхойлолтыг гаргаж өгөхөөс татгалзаж байгаа бөгөөд энэ талаарх тодорхойлолтыг одоог хүртэл гаргаж өгөөгүй байгаа юм. Нэхэмжлэгчийн энэхүү үйлдэл нь шүүхийн “...талууд гэрээний үүргийг солихоор тохиролцсон байна.” гэсэн дүгнэлттэй нийцэхгүй байна. Нэхэмжлэгч “К Б”ХХК-аас үүрэг дуусгавар болсон эсэх талаарх тодорхойлолтыг гаргаж өгөхгүй байгаа нь: А. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн “236.3.Үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээн авсныг гэрчлэх баримт бичгийг үүрэг гүйцэтгэгчийн шаардлагаар олгох үүрэгтэй.” Б. 236.10. Дараахь үйлдэл хийхээс үүрэг гүйцэтгүүлэгч татгалзсан тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхөөс татгалзах эрхтэй: 236.10.1.үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тухай баримт бичиг олгох; 236.10.2.энэ хуулийн 236.7-д заасан нотлох бичгийг буцааж өгөх буюу түүнийг хүчингүй болгох; 236.10.3.үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тухай баримт бичигт нотлох бичгийг буцааж өгөх боломжгүй болсон тухай тэмдэглэл хийх буюу үүрэг дуусгавар болсон баримт хийж өгөх.” гэснийг тус тус зөрчиж байгаа болохыг хоёр шатны шүүх анхаарч үзээгүй. Түүнчлэн 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр авсан зээлийн үлдэгдэл 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 57 190 000 төгрөг байсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, эхний зээлийн гэрээний хугацаа дуусаагүй үед зээлийг өөр зээлээр хаах шаардлага байсан эсэх, шинээр олгож буй зээлээр түрүүчийн зээлийн үлдэгдлийг хааснаар хоёрдахь зээлийг олгосон гэж үзэх эсэх, энэхүү ажиллагаа нь хууль тогтоомж, холбогдох эрх зүйн актуудад нийцэх эсэх, өмнөх зээлийн үлдэгдлийг хугацаанаас өмнө хаахаар талууд тохиролцсон эсэх талаарх асуудлыг хоёр шатны шүүх тодруулаагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд хэрэгт энэ талаар хангалттай баримт байхгүй байсаар байхад өмнөх үүргийг талууд сольсон гэж дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч “К Б”ХХК нь хариуцагч Д.С, М.Цнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 62 084 302.67 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар маргаж, 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 15 095 489.75 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. “К Б”нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо хариуцагч нар зээлийг хугацаандаа төлөхгүй үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээг цуцалсан гэж үзэж, зээлийн үлдэгдэл төлбөрийг хүүгийн хамт буцаан гаргуулахыг хүссэн байна.

Хоёр шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч үндсэн нэхэмжлэлийн үндэслэл буюу зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээг цуцлах үндэслэл, журмын талаарх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүйн улмаас Капитал банкны нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг зөрчсөн тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой гэж үзэв.

 

Зохигч талууд 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, Д.С, М.Цнар нь 58 000 000 төгрөгийг зээлж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 75 дугаар байр, 119 тоот 2 өрөө орон сууцыг худалдаж авсан байна. Үүний дараа 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр зээлийн үлдэгдэл дүн 57 190 000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээ байгуулж, 2033 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаагаар, сарын 0,67 хувь, жилийн 8 хувийн хүү төлөх нөхцлийг тохирч, улмаар 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр барьцааны гэрээ байгуулжээ.

2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ нь бие даасан, тусдаа гэрээ биш бөгөөд өмнөх 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээний үргэлжлэл байх ба 58 000 000 төгрөгийн зээлээс хүү, үндсэн зээлийн төлөлт хийж үлдэгдэл 57 190 000 төгрөгийн зээлийн гэрээг талууд хүсэл зоригийн дагуу байгуулсан, гэрээний тохиролцоо хууль зөрчөөгүй, зээлийн гэрээ хүчин төгөлдөр байна. Барьцааны гэрээ Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлагыг хангажээ. Иймд зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. 

Хэрэгт байгаа баримтаас үзвэл хариуцагч нар 2016 оны 4 дүгээр сарын 24-нөөс эхлэн хуваарийн дагуу зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх боловч үүргийн зөрчил ялимгүй тул гэрээг цуцлах үндэслэл тогтоогдоогүй болохыг хоёр шатны шүүх анхаараагүй нь буруу байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэжээ.

Хариуцагч нар Капитал банкны гүйцэтгэх захирлын хөрөнгө оруулалттай Катеринг деливери ХХКомпаниас худалдан авсан орон сууцны талбайн хэмжээ дутуу учраас уг асуудлыг шийдвэрлэх хүртэл зээл төлөөгүй гэж байгаа нь үндэслэл муутай боловч нийт биелүүлэх үүргээс үндсэн зээлд 1 623 034 төгрөгийг, зээлийн хүүд 5 752 392 төгрөгийг төлөөгүй нь ялимгүй зөрчил гэж үзэхээр байна. Түүнчлэн урт хугацаатай гэрээг цуцлах тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нэмэлт хугацаа тогтоох, үр дүн гараагүй бол гэрээнээс татгалзах эрхтэй болохыг мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан. Нэхэмжлэгчийн зүгээс үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон, үүргээ гүйцэтгэхгүй бол гэрээг цуцлах талаар зээлдэгч нарт мэдэгдээгүй байна.

Иймд гэрээг цуцлах үндэслэл тогтоогдоогүй тул “К Б”ХХК-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 403 дугаар магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2017/03909 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Д.С, М.Цнарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 62 084 302.67 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэгч “К Б”ХХКомпанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг …нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 505 497 төгрөг, хариуцагч нарын төлсөн 303 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж өөрчилж, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 905 881 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА