Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 3909

 

 

 

 

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2017/03909

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  к ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: *******,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,******* нарт холбогдох,

 

62,084,302.67 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, М, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

к ХХК-иас хариуцагч Д, Ц нартай харилцан тохиролцож, 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 58,500,000.00 төгрөгийг тэдгээрт ажилтны орон сууцны зээлийн зориулалтаар олгосон бөгөөд зээлдэгчид энэхүү зээлээр *******,*******,*******,*******, тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авсан.

 

Тус зээлийн гэрээний хугацаа 25 жил байсан бөгөөд “Монголын ипотекийн корпораци” ХХК-нд худалдахаар 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл дүнгээр буюу 57,190,000.00 төгрөгийг 20 жилийн хугацаатай сарын 0.6 хувийн хүүтэй, 2033 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Өөрөөр хэлбэл, талууд ажилтны орон сууцны зээлийн гэрээний бүтээгдэхүүнийг ипотекийн зээлийн гэрээний бүтээгдэхүүнд шилжүүлсэн юм.

 

Гэвч тухайн зээлийг дээр дурьдснаар “Монголын ипотекийн корпораци” ХХК-нд худалдаагүй ба зээлдэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш ямар ч төлбөр хийхгүй өнөөдрийг хүрч байна.

Иймд, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 53,826,034.37 төгрөг, зээлийн хүү 7,780,669.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 477,598.95 төгрөг, нийт 62,084,302.67 төгрөгийг хариуцагчдаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаж байна.

 

  Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчид 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх зээл, зээлийн хүүгийн тооцооллоор 17,059,482.02 төгрөгийн хүү төлөх ёстойгоос 11,779,879.91 төгрөг, үндсэн зээлээс 5,248,,718.04 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 62,084,302.67 төгрөгийг нэхэмжилж байгаа юм.

 

Манай компанийн зүгээс өнгөрсөн хугацаанд хариуцагч нарт зээлийг зохих ёсоор төлөх талаар удаа дараа сануулсан боловч тэд ямар нэгэн арга хэмжээ аваагүй, орон сууцыг барьсан “Катеринг деливери” ХХК-нд холбогдуулан гаргах шаардлагыг бидэнд тавьж, үндэслэлгүйгээр зээлийг төлөхөөс татгалзаж байна. Өнөөдрийн байдлаар зээл төлөгдөхгүй 520 гаруй хоногийн хугацаа хэтрэлттэй байгаагаас улбаалан зээлдэгч тал холбогдох журмын дагуу 75 хувийн эрсдэлийн сан үүсгээд байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд хэрэгт 57,190,000.00 төгрөгийг 20 жилийн хугацаатай олгосон талаар холбогдох баримт байгаа, өмнөх зээлийн үлдэгдлийг ийнхүү 20 жилийн хугацаатай болгож өөрчилсөн тул зээлийг бодитоор олгоогүй гэж үзэхгүй.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.1.-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, мөн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2.-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн, аль эсхүл шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс тоолно гэж” заасан. Гэтэл талууд 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байхад тус гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан байна.

 

Иймд, үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний бие эхнэрийн хамт 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 58,500,000.00 төгрөгийг ажилтны орон сууцны зээлийн зориулалтаар авсан тухай маргахгүй, харин 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 57,190,000.00 төгрөгийг хүлээн аваагүй.

 

Бидний худалдан авсан буюу барьцаа хөрөнгө болох *******,*******,*******,*******, тоот орон сууцыг нэхэмжлэгч к ХХК-ийн гүйцэтгэх захирал ын хөрөнгө оруулалттай “Катеринг деливери” ХХК нь барьж гүйцэтгэсэн бөгөөд уг орон сууцны м.кв зөрүүтэй байсан тул илүү зээл төлөхөөс сэргийлж, зээлдүүлэгчид тухайн маргааныг шийдвэрлэтэл зээлийг хүүг түр зогсоохыг хүссэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1.-д зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэх, ийнхүү мэдэгдээгүй тохиолдолд татгалзах эрхээ алдахаар зохицуулсан. Улсын дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3 тоот зөвлөмжид гэрээнээс татгалзах, цуцлах маргаанд хуульд заасан татгалзах, цуцлах журмыг хэрэглэгдэхийг анхаарах нь зүйтэй гэсэн байна.

 

Гэтэл өнгөрсөн хугацаанд зээлдүүлэгчээс надад болон хамтран зээлдэгчид зээлийг төлөх, гэрээг цуцлах тухай мэдэгдэж байгаагүй, тус хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-т “үүрэг гүйцэтгүүлэгч этгээд үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхээр тодорхой үйлдэл хийх ёстой, хэрэв уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүнийг хугацаа хэтрүүлсэнд тооцно” гэж заасан.

 

Хэдийгээр хэрэгт талуудын хооронд 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 57,190,000.00 төгрөгийг 20 жилийн хугацаатай сарын 0.6 хувийн хүүтэй ипотекийн зээлийн зориулалтаар олгох тухай гэрээ байгаа ч надад болон миний эхнэрт бодитоор тус зээлийг олгоогүй тул хууль зөрчсөн гэрээ гэж үзэж байна.

 

Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр эвлэрүүлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд би нэхэмжлэгчид хэд хэдэн санал тавьж, 58,500,000.00 төгрөгийн зээлийг дуусгавар болсон талаар тодорхойлолт авах хүсэлт гаргахад нэхэмжлэгчээс “чиний 58,500,000.00 төгрөгийн зээлийн үүрэг дуусгавар болсон гэж бодож байна уу, үгүй” гэж амаар хариу өгсөн юм.

 

Өөрөөр хэлбэл, би 2 төрлийн зээлийн гэрээтэй, үүнээс 57,190,000.00 төгрөгийг хүлээн аваагүй байж зээлийн мэдээллийн санд буюу зээлдүүлэгчид бүртгэлтэй байж болохгүй тул ийнхүү хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, өнгөрсөн хугацаанд төлсөн 15,095,489.75 төгрөгийг буцаан нэхэмжилж байгаа юм.

 

Иймд, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэл болох 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгчээс 15,095,489.75 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.  

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч к ХХК-иас хариуцагч Ц, Д нарт холбогдуулан 62,084,302.67 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 53,826,034.37 төгрөг, зээлийн хүү 5,955,243.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 287,180.28 төгрөг, эдгээрийн нийлбэр 60,068,458.59 төгрөгийг нэхэмжилсэн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүү 1,825,425.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 190,292.20 төгрөг, 2,015,844.08 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 62,084,302.67 төгрөг нэхэмжилснийг хариуцагчид үл хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчид холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, 15,095,489.75 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг үндэслэн үндсэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд,

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч к ХХК болон хариуцагч Д, Ц нар 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 57,190,000.00 төгрөгийг сарын 0.6 хувь, жилийн 8 хувийн хүүтэй 20 жил буюу 240 сарын хугацаатай зээлэхээр тохирч, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар зээлдэгч Дын өмчлөлийн *******,*******,*******,*******, тоот хаягт орших 45 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалжээ /х.х-ийн 6-20/.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тэдгээрийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5.-д зааснаар тухайн зээлийг хариуцагчдад орон сууц худалдан авахад зориулан олгохоор тохирсон ба зээлдэгч Дын нэр дээр барьцааны зүйл болох орон сууцыг өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээг 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр олгосон байна /х.х-ийн 20/.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно”, 21.4.-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлийн мэдээллийн сангийн лавлагаа, тоот дугаартай депозит данс, , тоот дугаартай зээлийн дансны хуулгаар нэхэмжлэгчээс 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчид 58,500,000.00 төгрөгийг ажиллагсдын орон сууцны зээлийн зориулалтаар олгосон ба зохигчид уг зээлийг сарын 0.6 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай зээлсэн, хариуцагч барьцааны зүйл болох орон сууцыг худалдан авахад зарцуулсан болон уг зээлийн үлдэгдэл 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 57,190,000.00 төгрөг байсныг “Монголын ипотекийн корпораци” ХХК-нд худалдахаар 20 жилийн хугацаатай зээлийн гэрээ болгон өөрчилсөн зэрэг үйл баримтын талаар маргаагүй /57, 83, 125-130, 158/.

 

Өөрөөр хэлбэл, талууд Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А-122 тоот тушаалаар баталсан Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд заасан орон сууцны зээлээр баталгаажсан бонд гаргахад зориулан энэхүү зээлийн гэрээний нөхцлийг өөрчилсөн боловч тус байгууллагад шилжүүлээгүй байна /х.х-ийн 100/.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.-д үүрэг дуусгавар болох үндэслэлийн талаар зохицуулсан бөгөөд 236.1.3.-д “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болно” гэжээ. Тодруулбал, талууд 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр олгосон 25 жилийн хугацаатай зээлийн гэрээг ийнхүү 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болгож, түүний үлдэгдэл 57,190,000.00 төгрөгийг сарын 0.6 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай зээлийн харилцаа болгон өөрчилсөн байна.

 

Иймд, нэхэмжлэгч к ХХК болон хариуцагч Д, Ц нарын хооронд Иргэний хуулийн Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

    

Талууд, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр тэнцүү төлөлттэй байхаар тохирч, 479,366.34 төгрөгийг тогтмол төлөхөөр болжээ. Тодруулбал, Монгол банкны ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 тоот тушаалаар батлагдсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.1.18, 4.1.19.-д зааснаар “зээлийн хугацаанд зээл болон хүүг сар бүр тогтмол хэмжээтэйгээр төлж дуусгахыг бүрэн хорогдох, зээлийн хугацаанд бүрэн хорогддоггүй буюу зээлийн үндсэн төлбөрийг зээлийн хугацаа дуусах үед төлдөг зээлийг баллун зээл гэнэ” гэж заасны дагуу энэхүү зээл нь сар бүр үндсэн зээл, хүүгийн хамт төлөгддөг бүрэн хорогдох зээл байна /х.х-ийн 13, 14/.

  

Тус гэрээнийн 3 дугаар зүйлийн 3.4.-т “зээлийг ашиглах хугацаа 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2033 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 240 сар бөгөөд талууд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэх тусгай хугацаа буюу зээл, зээлийн хүүг сар бүрийн 25-ны өдөр төлөх”-өөр тохирсон байна. Өөрөөр хэлбэл, зохигчид зээлийн гэрээний ерөнхий хугацааг 240 сар, зээл төлөх тухайлсан хугацааг сарын 25-ны өдөр байхаар тохирч, зээлдэгч энэхүү хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд үүрэг зөрчигдөхгүйгээр ерөнхий хугацаанд дуусгавар болох ажээ.

 

Энэхүү гэрээний эргэн төлөлтийн хувиараар зээлдэгч нар 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүүнд нийт 21,217,493.03 төгрөг төлөхөөс үндсэн зээлд 4,987,007.02 төгрөг, хүүнд 16,230,486.01 төгрөг төлөх үүрэг хүлээсэн бол 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл үндсэн зээлд 5,912,692.00 төгрөг, зээлийн хүүнд 18,625,145.04 төгрөг, нийт 24,573,037.04 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна /х.х-ийн 13, 14/.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагчид 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл үндсэн зээлд 3,363,965.63 төгрөг, зээлийн хүүнд 11,779,879.91 төгрөг төлсөн тухай маргаагүй боловч хариуцагч нь зээлийн хүүгийн тооцооллын талаар маргасан /х.х-ийн 60/.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд хариуцагчид 2017 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 24,573,037.04 төгрөг төлөх ёстой байтал тус үүргээ зөрчиж, 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийг зохих ёсоор төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч к ХХК-иас хариуцагч Д, Ц нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийг түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт гаргуулахыг хүсчээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.3.3.-д тус тус зааснаар хэрэв зээлдэгч хуваарийн дагуу зээлийг төлөөгүй 60 хоногийн хугацаанд уг зөрчил үргэлжилсэн тохиолдолд гэрээг цуцална гэжээ. Түүнчлэн зээлийн зориулалт, түүнийг эргэ төлөх хугацаанаас үзвэл энэхүү гэрээ нь хиймэгц биелэх бус, харин урт хугацааны туршид үргэлжлэх гэрээ байх тул талууд гэрээг цуцлахдаа Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1.-д “хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж буюу цуцлах”, мөн 221.3.-д “гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал 219.3, 225.2.-т заасан зөрчлийг арилгах хугацаанд цуцлаж болно” гэж заасныг харгалзах шаардлагатай юм.

 

Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3.-д зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, аль эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцлаж болох ба уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.2.-т “үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж заасан.

 

Хэдийгээр хариуцагчид 2017 оны 11 дүгээр 25-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 5,912,692.00 төгрөг, зээлийн хүүнд 18,625,145.04 төгрөгийг төлөх ёстойгоос үндсэн зээлд 3,363,965.63 төгрөг, зээлийн хүүнд 11,779,879.91 төгрөг төлсөн ч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зөрчсөн хэвээр байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1.-д үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан хэдий ч зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай шаардлага үндэслэлтэй байна.

 

Учир нь, Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д “Банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ” гэж зааснаас үзэхэд банк нь бусдын мөнгөн хөрөнгийг өөрийн нэрийн өмнөөс зээлдүүлэх хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг этгээд болохын хувьд олгосон зээл төлөгдөхгүй байгаа тохиолдолд гэрээг цуцалж, буцаан шаардах нь гагцхүү түүний хүсэл зориг, ашиг сонирхолд нийцэж байгаа зүйл биш юм.

 

Ийм ч учраас Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д “Зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. .................................., тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй” гэж заасан.

 

 Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулгаар зээлдэгчид сар бүрийн 25-ны өдөр төлөх 479,366.34 төгрөгийг бүрэн, тогтмол төлдөггүй, зээлийг төлөх хугацааг хэтрүүлсэн, 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш 550 гаруй хоногийн хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй, Монголбанкны ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А-193/228 тоот тушаалаар батлагдсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д зааснаар уг зээл нь “муу” ангилалд хамаарч байх тул гэрээний 8 дугаар зүйлд заасан гэрээг цуцлах үндэслэл бий болсон байна /х.х-ийн 57/.

Хэдийгээр Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-т “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж заасан боловч нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэхэд шаардлагатай ямар үйлдэл, эс үйлдэл хийх ёстой байсан эсэх нь тодорхойгүй, тухайн орон сууц худалдах, худалдан авах гэрээг зээлдүүлэгч болон зээлдэгч нар байгуулаагүй тул нэхэмжлэгч тал орон сууцны доголдолтой холбоотой гомдлын шаардлагыг хариуцах этгээд биш гэсэн тайлбар үндэслэлтэй.

 

Иймд, зээлдүүлэгч нь зээлдэгчийг зээлийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгааг үндэслэн цаашид гэрээний харилцааг үргэлжлүүлэхээс татгалзаж байх тул дээр дурьдсны дагуу Иргэний хуулийн 221.1, 221.3.-д зааснаар зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлах шаардлага үндэслэлтэй байна.

                

Нэхэмжлэгчээс хариуцагчдад холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 53,826,034.37 төгрөг, зээлийн хүү 7,780,669.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 477,598.95 төгрөг, нийт 62,084,302.67 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Хариуцагчийн зүгээс үндсэн зээлд 3,363,965.63 төгрөг, зээлийн хүүнд 11,779,879.91 төгрөг төлсөн тухай маргаагүй, зээлийн хүүгийн тооцооллыг зөвшөөрөөгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.-д “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэж, мөн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж дагуу сарын 0.6 хувь, жилийн 8 хувийн хүүтэй олгосон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг үгүйсгэсэн баримтыг гаргаж өгөөгүй. 

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-д “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан.

 

                 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын гаргасан тайлбараар хариуцагч нар 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаан дахь зээлийн тооцооллоор 17,059,482.02 төгрөгийн хүүнээс 11,779,879.91 төгрөгийг төлж, 5,279,602.11 төгрөгийг төлөөгүй хуримтлагдсан байна /х.х-ийн 60/.

 

Гэтэл нэхэмжлэгч тал тус шүүхэд 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа тус өдөр хүртэлх зээлийн хуримтлагдсан хүүг 5,955,243.94 төгрөг буюу 675,641.83 төгрөгийг илүү нэхэмжилсэн байхаас гадна нэмэгдүүлсэн хүү 287,180.28 төгрөгийг хэрхэн яаж тооцсон талаар тооцоолол байхгүй, үндсэн зээлийг төлөх үүргийг хэзээнээс эхлэн ямар дүнгээр зөрчснийг үндэслэн уг нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаагаа тодорхой нотлохгүй байна.  

 

Иймд, зохигчид үндсэн зээлийн үлдэгдэл болон дээр дурьдсан хүүгийн талаар маргаагүй тул хариуцагчдаас эдгээрийн нийлбэр 59,105,636.48 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 962,180.28 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-д зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацанд зээлийг төлөөгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргасан тул хариуцагчид ийнхүү цуцлах хүртэл зээлийг төлөөгүй бол зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хэвээр байна.

 

Тодруулбал, зээлдэгч нар 57,190,000.00 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар авч, улмаар худалдах, худалдан авах гэрээний зүйлийг өөрийн нэр дээр шилжүүлж, өмчлөгч болсон байх тул тэдгээр нь зээлийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээг цуцлах хүртэлх хугацаанд зээлийн үр ашгийг хүртэж байгаа гэж тооцогдоно. Өөрөөр хэлбэл, гэрээг ийнхүү цуцлахад хэрэгжсэн буюу биелэгдсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцаа цаашид дуусгавар болдог тул цуцлах хүртэл гэрээний харилцаа буюу үүрэг хэвээр хадгалагдана.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээ, шүүхэд гаргасан нэхэмжлэл, зээл, хүүгийн тооцооллоор зээлдэгч 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл үүргээ гүйцэтгээгүй 128 хоног, 1 өдрийн зээлийн хүү 11,797.48 төгрөг, нийт 1,510,078.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 302,015.66 төгрөг болж байгааг дараах байдлаар тодорхойлвол:

 

1/ Үндсэн хүү

/53,826,034.37x8%=4,306,082.74 /жилийн хүү/. 4,306,082.74/365=11,797.48 /өдрийн хүү/. 11,797.48x128=1,510,077.44 төгрөг/  

 

2/ Нэмэгдүүлсэн хүү

/53,826,034.37x1.6%=861,216.54 /жилийн хүү/. 861,216.44/365=2,359.49 /өдрийн хүү/. 2,359.49x128=302,015.66 төгрөг/

 

Иймд, нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн хүүнд 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 190,418.67 төгрөгийг нэхэмжилснийг үндэслэн хариуцачдаас тус өдөр хүртэлх хугацааны хүүнд 1,510,077.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 190,418.67 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн хүү 315,347.97 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч к ХХК-иас хариуцагч Д болон Ц нарт холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1.-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж заасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч Дын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.-д “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно” гэж заасантай нийцэж байна /1-р х.х-ийн 15-19/.  

 

Түүнчлэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” зааснаас гадна 166 дугаар зүйлийн 166.1.-д “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж тус тус заажээ. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн байгуулсан барьцааны гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул тухайн гэрээ хүчин төгөлдөр юм.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгчийн зүгээс энэхүү хугацаанд хариуцагчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг тухай бүр шаардаж байсан гэх үйл баримтыг хариуцагч тал үгүйсгээгүй.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” гэж, түүнчлэн 41.2.-т “Энэ хуулийн 41.1.-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

Нэгэнт үүрэг гүйцэтгэгч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.

 

Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасны дагуу хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.     

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

 

            Хариуцагч нараас нэхэмжлэгчид холбогдуулан талуудын хооронд 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 15,095,489.75 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

           

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж, 56.4.-д “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж заажээ. “Хууль зөрчсөн” гэдэг нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, аль эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэлд хамаарах ба энэхүү зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ.

 

            Гэтэл хэрэгт нэхэмжлэгчийг 57,190,000.00 төгрөгийн зээлийг олгохдоо угтаа байж болохгүй, хуулиар зөвшөөрөөгүй, хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус буюу талуудад эрх зүйн ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй ямар үйлдэл хийсэн болох нь тодорхойгүй байна.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлийн мэдээллийн сангийн лавлагаа, тоот дугаартай депозит данс, , тоот дугаартай зээлийн дансны хуулгаар нэхэмжлэгчээс 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчид 58,500,000.00 төгрөгийг зээлдүүлсэн, талуудын тус зээлийг 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болгож, 57,190,000.00 төгрөгийн зээлийн харилцааг шинээр бий болгосон үйлдэл нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.-д “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасантай нийцэж байна.

 

            Иймд, нэхэмжлэгчийн хууль зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагчдын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүхээс дээр дурьдсныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч нараас үндсэн зээл 53,826,034.37 төгрөг, зээлийн хүү 6,789,679.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 190,418.67  төгрөг, нийт 60,806,132.59 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,278,170.08 төгрөгт холбогдох болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчдын гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авахдаа тэдгээрийн хүсэлтийг үндэслэн улсын тэмдэгтийн хураамж 373,700.00 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-д зааснаар шүүхийн шийдвэр гартал хугацаагаар хойшлуулсан тул дутуу төлсөн дээрх тэмдэгтийн хураамжийг хариуцагчдаас гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг үндэслэн хариуцагч Д, Ц нараас 60,806,132.59 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч к ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,278,170.08 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасныг үндэслэн хариуцагч Д, Ц нарын гаргасан нэхэмжлэгч к ХХК-нд холбогдох зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 15,095,489.75 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох тоот улсын бүртгэлийн дугаартай *******,*******,******* /13320/,*******, тоот хаягт орших 45 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 505,497.00 төгрөг, хариуцагчдын төлсөн 303,650.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчдаас 461,981.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 373,700.00 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн дүгээр зүйлийн.4,.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР