Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 806

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

ялтан Б.Ж /хорих 461 дүгээр ангиас цахим сүлжээгээр/

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 378 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Ж гаргасан давж заалдах гомдлоор Б.Ж-д холбогдох эрүүгийн 201725030795 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

З овогт Б.Ж, 1990 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Увс аймгийн Ховд сум 3 дугаар баг Ачит гэх газарт оршин суух хаягтай,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 1067 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгэгдэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 788 дугаар магадлалаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар уг ялыг өршөөн хэлтрүүлсэн, /РД:,,,,,/,

Б.Ж нь “фэйсбүүк” цахим сүлжээ ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон “Ка Марина” гэх хуурамч нэрээр, өөр хүний зураг ашиглан хохирогч П.Ц-тай танилцаж, “дүүгийн эмчилгээний мөнгө хэрэгтэй байна” гэх мэтээр удаа дараа хуурч 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 7 320 000 төгрөг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Б.Ж-ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Ж-ыг цахим хэрэгсэл ашиглан, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ж-ыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ж-д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Ж болон хохирогч П.Ц нарын хооронд бичсэн мессежийн зурган хуулбарыг хэрэгт хавсарган үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Жаас 7 320 000 төгрөгийг гаргуулж, хохирогч П.Ц-т олгохоор шийдвэрлэжээ.

Ялтан Б.Ж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ туйлын ихээр харамсан маш их гэмшиж байна. Миний бие 2015 оноос хойш “Нарлаг” цайны газар мөн Өмнөговь аймагт уурхайд тогооч хийж байгаад 2016 оны 11 сард ажилаасаа гараад Эрдэнэтэд байдаг нагац эгч Х-г асарч байх хугацаандаа хохирогч гэх П.Ц-тай өөрийн зурагтай “фэйсбүүк” хуудсаараа танилцаж байсан. Хэсэг хугацааны дараа хэн, хэн нь “фэйсбүүк” хуудасныхаа нэрийг сольж харилцах болсон П.Ц гэх хаягаа “Урслан Иркутсик” болгож өөрчилсөнд би Маринака болгож өөрчилж харилцах болсон. Хэн, хэн маань хуурамч нэр хүний зураг ашиглаж байсан гэдгээ мөрдөн байцаалтын явцад хэлсэн байдаг. Анх 2016 оны 12 сарын сүүлээр нүүр нүүрээ харан уулзсан эхний удаа дүү нь гэж уулзсан нь үнэн. Дараа дараагийн уулзалтаар би өөрийгөө гэдгээ хэлж ойлгуулсан. Мөн үнэнгээ хэлж өөрийн амьдралаа танилцуулсан бөгөөд тухайн үед Ц-тай дотно харилцаанд орж улмаар их дассан байсан. Надад анхнаасаа хуурч мэхлэх, залилах гэсэн санаа зорилго байгаагүй бөгөөд байнгын холбоотой байж туслалцаа дэмжлэг авч хаан банкны 5065227680 тоот картыг өөрөөс нь авч ашиглаж байсан нь үнэн. П.Ц нь 2017 оны 3 дугаар сарын дундуур аав, ээж минь найз охинтой чинь уулзаж танилцъя гэж байна гэхээр нь санаа зовоод бас тунирхсан байсан болохоор харилцаагаа таслая гэж хэлсэн гэтэл тун удалгүй “Эх нялхас” дээр хүрээд ир гэж дуудсанаар найз болох Т-тэй цуг очсон. Намайг очиход ээж, бэргэн эгч, дүү охины хамт байсан. Тэнд байсан хүмүүст үнэн байдлыг нэгд нэгэнгүй үнэн зөвөөр хэлэхэд хүлээж авахгүй элдэв муу үгээр дайрч  доромжилж тэд ойлголцохыг огт хүсээгүй учир би тэр хүмүүсийг орхиж явсан. 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр  ээж чамайг цагдаад өг гээд байна. Удахгүй би өргөдлөө буцаагаад авчихнаа гэж ярьсан. Ингээд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтэс дээр байна гэхээр би очиж үнэн учрыг нь ээж А-д нь тайлбарласан боловч хүлээн авахгүй өөдөөс шууд доромжилж гүтгэсэн. Мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгөхдөө надтай удаа дараа уулзсан, уулзалт бас дотно харилцаанд орсон гэдгээ үгүйсгээд байгаа. Ийм байдлаас болж ийм хэрэгт холбогдсондоо туйлын ихээр гэмшин маш их харасаж байна. Шүүх хуралдаанаас өмнөхөн шүүгчийн туслахын өрөөнд миний өмгөөлөгч Г.Баярмаа болон шүүгчийн туслах Г.А-ийн хажууд би П.Ц-ийг шүүх хуралд оролцож үнэнээр хэлээч гэсэн боловч би оролцохгүй мөн хохирол болох 7 320 000 төгрөгөө авахгүй надад чамайг ял өгөөд явуулах хүсэл алга байна гэсэн тэгэхээр нь бичгээр хүсэлт бичээд өг гэсэн боловч бичиж өгөлгүй явсан байсан. Б.Ж би хохирогч гэх П.Ц-ийн 7 320 000 төгрөгийг 100 хувь төлж барагдуулна. Хэрэг үүссэний дараа мөнгийг  нь бага багаар төлөх гэсэн боловч авахаас байнга татгалзаж байсан. Б.Ж би шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн өгсөн хугацаанд түргэн төлж дуусгахаа амлаж байна. Би өөрийн болчимгүй бэлэнчлэх сэтгэлгээ, залхуу зангаасаа болж ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшин харамсаж байна. Б.Ж миний өндөр настай аав, ээж минь байдаг. Аавын минь биеийн байдал хүнд, уушигны сүрьеэ өвчин улам хүндэрч 2 дугаар шатандаа орсон усжилт явагдаж байгаа байнга эмчийн хяналтанд байдаг харж асрах хүнгүй байгааг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд шийтгэх тогтоол хуульд нийцэж гарсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Б.Ж нь “фэйсбүүк” цахим сүлжээ ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон “Ка Марина” гэх хуурамч нэрээр, өөр хүний зураг ашиглан хохирогч П.Ц-тай танилцаж, “дүүгийн эмчилгээний мөнгө хэрэгтэй байна” гэх мэтээр удаа дараа хуурч 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 7 320 000 төгрөгийг  шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч П.Ц-ын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...Би 2016 оны 11 сард фэйсбүүкээр Ка Марина гэх эмэгтэйтэй танилцсан. Тэгээд тэр эмэгтэйтэй нилээн удаан мессенжерээр харилцан дотносож улмаар хайртай дуртай болсон хамт амьдрана сууна гэх мэтчилэн харилцдаг болсон. Тэр эмэгтэй анх надад өөрийнхөө нэрийг Марина гэдэг 1990 онд төрсөн ээж, аав нь өнгөрчихсөн нэг дүүтэйгээ хамт амьдардаг газрын мэргэжилтэн гэж танилцуулсан. Ингээд Маринатай танилцаад 1 сар орчим болж байхад Марина хөдөө хамаатны хүн нь нас барсан гээд буцах зардал байхгүй гэхээр нь би 40 000 төгрөг --- тоот Э гэж хүний данс руу шилжүүлсэн. Түүний дараа Марина дүү Эрдэнэтэд тархины хагалгаанд орох гэж байна хагалгааны 3 500 000 төгрөг дутаад байна гэж надруу уйлаад ярьсан. Тэгээд би 2016 оны 11 сарын 7-ны өдөр цалингийн зээл аваад 2016 оны 11 сарын 8-ны өдөр яаралтай гээд ,,,,дугаартай Э гэж хүний дансаар шилжүүлсэн. 2016 оны 12 сард Марина бүх бичиг баримтаа алдчихлаа гээд банкнаас мөнгө авах боломжгүй байна гээд надаас банкны виза карт гуйхаар нь би өөрийнхөө хэрэглэхгүй байсан ,,,, тоот дансандаа карт захиалж өгсөн. Тухайн үед Марина манай дүүд өгчихөөрэй гэсэн бөгөөд дүү нь гээд намхан нуруутай 25-28 орчим насны нүүрээ нилээд буддаг эмэгтэй 17-р сургуулийн автобусны буудлын эсрэг талд байрлах Соёл үйлчилгээний төвийн гаднаас авч байсан. Марина тухайн үед надтай ,,,, ,,,, ,,,, ,,, дугаарын утсуудаар холбогддог байсан. Надаас мөнгө авах гээд ,,,, Э,, ,,,, Э, ,,,, Б гэсэн дансуудаар мөнгө авдаг байсан. Би Маринад 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 03 дугаар сарын сүүл хүртэл нийт 10 000 төгрөгөөс 2 300 000 төгрөг хүртэл цувруулан нийтдээ 7 320 000 төгрөгийг өгсөн байна. Сүүлд нь он сарыг сайн санахгүй байна 2017 оны 3 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна Марина өөрөө Сэлэнгээс гараад ирж байгаа гэж надад хэлсэн бөгөөд замдаа осолд ороод эмнэлэгийн машинтай ирж байна гэсэн. Тэгээд эх нялхас дээр манай ээж очсон байсан бөгөөд би араас нь очсон. Манай ээж Маринагийн дүү гэж танилцуулсан эмэгтэйтэй юм яриад сууж байсан. Тэгээд тэр эмэгтэй чи Маринагийн машиныг авч явсан олж ир гээд маргалдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14, 56/

Ялтан Б.Ж-аас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэгт: “...2016 оны 10 сарын сүүлээр байх яг хэдэн гэдгийг нь сайн мэдэхгүй байна, өөрийнхөө “,,,,” гэсэн фэйсбүүк хаягийнхаа нэрийг нь “КА МАРИНА” гэсэн нэртэй болгож өөрчилж, Цэрэнпунцаг гэх залуутай танилцсан юм. Тухайн үед байсан Ц-ийн фэйсбүүк хаягынх нь нэрийг санахгүй байна. Тэгээд өөрийнхөө фэйсбүүк найзуудынхаа дотор казак эмэгтэй хүний зургийг нь тавьж өөрийгөө гэж Ц-т итгүүлсэн юм. Тэгээд бид хоёр фэйсбүүк хаягаараа танилцаад өөрийнхөө ,,,, гэсэн дугаарыг Ц өгсөн юм, би дугаараа өгөхөөс өмнө Ц өөрийнхөө ,,,, гэсэн дугаараа надад өгч байсан. Тэгээд удалгүй надад 5000 төгрөгийн нэгж явуулсан юм. Тэгээд хэсэг бид хоёр фэйсбүүк болон утсаар ярьж мессеж бичиж харьцаж байгаад, би Ц-с мөнгөгүй болчихлоо гэж хэлээд 30 000 төгрөг АТМ дээр зогсож байсан танихгүй залуугийн дансаар авсан. Дараа нь 2016 оны 11 дүгээр сарын эхээр байх Эрдэнэтэд очиж 7 хоносон. Тэр үед Ц-с дүүгийн бие муу байна хагалгаанд оруулах гэж байна гэж хэлээд АТМ дээр зогсож байсан хүнийг гуйж дансаар нь 2 300 000 төгрөг авсан. Тухайн дансаа ашиглуулсан хүнд 10 000 төгрөг өгсөн. Тэр хүний нэрийг санахгүй байна. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын үед хот руу орж ирээд Ц-тай биечлэн уулзаад өөрийгөө Маринагийн найзын дүү “Зулаа” гэх хүн гэж танилцуулсан. Тухайн үед би Ц-т Марина эгч картаа хаячихлаа картгүй байгаа Эрдэнэтэд дүүгээ сахиж байгаа гэж хэлээд Ц-ийн ,,,, тоот данстай Хаан банкны виза картыг нь авсан. Тэгээд Ц-с хэдэн удаа авснаа санахгүй байна, өөрийнхөө өгсөн дансаар нь 500 000, 200 000, 50 000 мянгаар нилээд олон удаа мөнгө авсан юм. Яг хэдэн удаа гэдгийг санахгүй байна. Мөнгө авах үедээ дүүгийн эмний мөнгө, хагалгаанд оруулах гэж байна хагалгааны мөнгө гэж хэлээд авдаг байсан. Би царайлаг эмэгтэй хүний зургийг фэйсбүүкт тавьж танилцвал арай дээр бол уу гэж бодоод өөр хүний зураг тавьж Ц-тай танилцсан. Би Ц-т өөрийгөө зураг дээр байгаа хүн мөн гэж итгүүлсэн. Би өөрийгөө Марина гэж нэрлээд аавыг Коля гэдэг казак хүн гэж хэлсэн. Тухайн үед ажил төрөлгүй, мөнгөгүй хэцүү байсан болохоор Ц-т өөрийгөө фэйсбүүкт байгаа хүүхэн мөн гэж итгүүлээд мөнгө төгрөг авсан нь үнэн...” гэсэн мэдүүлэг /хх 20-21, 59-61/,

Гэрч Б.А-аас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 1 сарын үед Ц-ийн ах Ц нь надад Ц цалингийн зээл авчихсан байна гэж хэлэхээр нь асуухад найз охины дүү өвдөөд тэгээд найз охиндоо өгөөд явуулчихсан гэж хэлсэн.. тэгтэл тэр эмэгтэй танай хүүхэдтэй ямар ч холбоо байхгүй, танай хүүхэд чинь надаар дамжуулж  Маринад 2, 3 удаа юм өгч явуулсан, би бол хамаа байхгүй гэж хэлсэн...,  нийт хэдэн удаа мөнгө шилжүүлснийг мэдэхгүй 8 000 000 орчим төгрөг болж байсан. Тэгээд би Ц-тай явж цагдаад гомдол өгсөн... “ гэсэн мэдүүлэг /хх 15-16/,ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 66/, хохирогч П.Ц-ийн 5065227680 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга, /хх 31-41/, орлогын мэдүүлэг /хх 42/, шүүгдэгч Б.Ж-аас бичсэн мессежүүд зурган хэлбэрээр /хх 86-113/,хохирогч П.Ц-ий  яллагдагч Б.Ж-тай харьцсан 28 хуудас мессежний хуулбарыг хүлээн авсан эд зүйлийн баримт, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт бүрдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн  заалттай нийцжээ.

Хэрэгт буй баримт нь Б.Ж-ыг “фэйсбүүк” цахим сүлжээ ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар “Ка Марина” гэх хуурамч нэрээр, өөр хүний зураг ашиглан хохирогч П.Ц-тай танилцаж, “дүүгийн эмчилгээний мөнгө хэрэгтэй байна” гэх мэтээр удаа дараа хуурч 2016 оны 11 сараас 2017 оны 3 сар хүртэлх хугацаанд /хх-39-50/ П.Ц-ын өгсөн ХААН банкны 5065227680 дугаар бүхий виза карт, мөн гудманд таарсан танихгүй хүмүүст  10000 төгрөг шагналд нь өгч тэдний дансыг ашиглан нийт 91 удаагийн шилжүүлгээр 7 320 000 төгрөгийг П.Ц-аас залилан авсан болохыг тогтоож байна.

Ялтан Б.Ж нь  “үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна,хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөх”ийг хүсч давж заалдах гомдол гаргажээ.

Б.Ж нь энэ хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байна

Мөн ялтан өмнө нь “залилах” гэмт хэргийг үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 1067 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгэгдэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 788 дугаар магадлалаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар уг ялыг өршөөн хэлтрүүлэгдсэн байх боловч засарч хүмүүжилгүй дахин бусдыг “залилах” гэмт хэргийг үйлджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, Мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн   1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн бол хүндрүүлэхээр” хуульчилжээ.

Анхан шатны  шүүх Б.Ж-ын үйлдсэн хэргийн хэр хэмжээ, хохирол төлбөр төлөгдөөгүй,үйлдсэн хэрэгтээ гэмшдэггүй, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, ял шийтгэл  тохирсон байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж ялтан Б.Ж-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 378 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Ж-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ                                                       

                                    ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                               

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ