Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2021/0196

 

 

 

 

 

 

 

 

 

“И т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 72 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Огийн гаргасан давж заалдах гомдлоор, И т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. И т” ХХК-ийн захирал А.Б 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 4 дүгээр хурлын дүгнэлтийн 19-д “И т” ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 72 дугаар шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын дэргэдэх Газар, барилгажилтын мэргэжийн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4 дүгээр хуралдааны И т” ХХК-ийн “аялал жуулчлалын цогцолбор”-ын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон дүгнэлтийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...И т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт хөгжлийн газрын Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлд холбогдох захиргааны хэргийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 72 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Тус газраас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичгийн дагуу Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 4 дүгээр хурлаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Бурхантай хөшөө орчмын ногоон байгууламж бүхий газар “И т” ХХК-д олгосон 2017 оны .... дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Гэвч шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсгийн 2 дахь хэсэгт ... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3, ...Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох заалтууд, Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.4, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/609 дүгээр захирамжаар батлагдсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн дүрэм”-ийн холбогдох заалтууд, холбогдох нотлох баримтуудыг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан илт хууль бус актын шинжийг агуулсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн хариу тайлбартаа болон шүүх хуралдаан дээр уг шийдвэрийг гаргахдаа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” албан бичгийг үндэслэсэн гэдгийг удаа дараа дурдсан. Мөн уг тайлбартай холбоотойгоор шүүх Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрыг гуравдагч этгээдээр татаж, хариу тайлбарыг авсан байдаг. Уг хариу тайлбар нь бичгийн болон утга найруулгын алдаатай байсан тул хариуцагчийн зүгээс хуульд заасан шаардлагыг хангуулж дахин тайлбар авах, гуравдагч этгээдийг шүүх хуралд биечлэн оролцуулах, мэтгэлцэх эрхээр хангаж өгөх тухай хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хангахгүйгээр хурлыг үргэлжлүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, /Мэтгэлцэх зарчим/, 96 дугаар зүйлийн 96.2-д заасныг зөрчсөн.

Гуравдагч этгээд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбараа бичгээр өгсөн, шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагагүй, байлцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэж бичгээр хүсэлт өгснийг зөвшөөрч хурлыг үргэлжлүүлсэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 02-03/405 дугаартай албан бичигт “...архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалж хариуг 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдье...” гэсэн. Уг бичгийн хариуг тус газраас 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 09/534 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байна. Үүнээс харахад шүүх уг захиргааны акт гарах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг тал бүрээс нь судлаагүй, баримтыг дутуу цуглуулсан нөхцөл байдал харагдаж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 72 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д заасны дагуу хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхээс Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 4 дүгээр хурлын дүгнэлтийн “И т” ХХК-д холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын хүрээнд “хүчингүй болгох” бус харин “илт хууль бусад тогтоох” байдлаар хангаж шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулаагүй байх тул шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

            Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын эрх, үүргийг хуульчилсан бөгөөд шүүх тэдгээр эрхүүдээс хуулийн 10.1.3 буюу “зураг төсөл, хайгуул, шинжилгээний ажлыг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах”, мөн Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.8-д заасны дагуу Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 3.4-т “Архитектур төлөвлөлтийн даалгаврыг аймаг, нийслэлийн ерөнхий архитектур батална” гэснийг тус тус хэрэгт хамааруулан үзсэн, бодит байдалд “И т” ХХК-ийн аялал жуулчлалын цогцолборын ... тоот архитектур төлөвлөлтийн даалгаврыг Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга 2017 онд баталсан байна.

            Шүүхээс маргаан бүхий дүгнэлтийг гаргасан Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл нь ерөнхий архитектурын баталсан дээрх архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох эрх хэмжээтэй эсэхэд дүгнэлт хийхдээ нотлох баримтыг хангалттай бүрдүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

            Учир нь зөвлөлийн хурлаар Хот төлөвлөлтийн хэлтсээс оруулсан жагсаалтын дагуу “И т” ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох асуудлыг хэлэлцээд зөвшөөрсөн дүгнэлт гаргасны дараа Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 09/535, 3 дугаар сарын 24-ний өдрийн 03/1049 дүгээр албан бичгээр “…Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаас архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгосон шийдвэр гарсан…” талаар нэхэмжлэгчид тус тус мэдэгджээ.

            Өөрөөр хэлбэл шүүхийн эрх хэмжээгүй гэж дүгнэсэн Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийг тус зөвлөлийн дээд шатны байгууллага болох Хот байгуулалтын хөгжлийн газраас “эрх хэмжээгүй” этгээд гэж үзээгүйгээс гадна зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Ерөнхий төлөвлөгөөний газраас ямар нэгэн эрхийн акт гарсан эсэх нь тодорхойгүй байна.

            Иймд архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох процессын талаар, тухайлбал энэ асуудлаар эцсийн шийдвэр гаргах эрх бүхий этгээд хэн болох, одоогийн хариуцагч Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл ямар эрх хэмжээтэй оролцдог болох, энэ талаарх захиргааны байгууллагын практик үйл ажиллагааг тодруулах шаардлагатай.

            Шүүх маргаанд шууд хамаарал бүхий албан тушаалтан болох Улаанбаатар хотын Ерөнхий архитектороос огт тайлбар аваагүй, энэ тохиолдолд түүний хууль тогтоомжоор олгогдсон эрхэд халдсан эсэхийг лавлаагүй атлаа “эрх хэмжээгүй” гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хангалтгүй.

            Мөн нэхэмжлэгчийн батлуулсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох үндэслэл нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 02-03/405 дугаар мэдэгдэл байх бөгөөд уг мэдэгдэлд иргэн Т.Наас гомдол ирүүлсэн талаар, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Бурхантай хөшөө орчмын ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбайг Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар ашиглагдаж байгааг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “түүх соёлын дурсгалт барилга байгууламж бүхий газар нутаг болон тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд хот байгуулалтын үйл ажиллагааг хязгаарлана” гэсэн заалтын хэрэгжилтийг хангуулах талаар тус тус тусгасан, иймд нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газар нь нийтэд илэрхий үйл баримт болох Бурхан багшийн хөшөө орчмын газартай газрын давхцалтай эсэх, хэрэв давхцалгүй бол нэхэмжлэгчийн төлөвлөсөн барилга баригдсанаар хуулийн дээрх заалт зөрчигдөх эсэх талаар холбогдох баримтыг бүрдүүлсэний үндсэн дээр хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасан заалтуудыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 72 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Огийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                        Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                        Э.ЛХАГВАСҮРЭН