Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 1033

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,  

улсын яллагч М.Сансарсайхан,

шинжээч О.Болороо,

хохирогч А...., өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

шүүгдэгч Д...., өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д....ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808057510773 дугаар хэргийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн Улиастай сум, ..., Богдын гол гэх газар оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Зээрд адуу овогт ...гийн ... /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Д.... нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 1 дүгээр буудалд байрлах айлын хашаанд иргэн А....тэй “гар утас худалдаж аваад мөнгө дутуу өглөө” гэх асуудлаас болж, маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... бид 2 урьд өдөр нь архи уусан. Өглөө нь шартаад байна гэхээр нь 1 шил архи авч уусан. Утаснаас болж маргаан үүсээгүй. Нялх нойтон хүүхэдтэй айлд агсамнаад байсан. Гараад “дахиад 1 шил архи аваад өгч чадахгүй юу” гээд намайг заамдаад байсан. Тэгэхээр нь би баруун гараараа зүүн талын хацар луу нь 1 удаа алгадсан. Хамраас нь цус ...жсон. Гараараа газар тулаад босоод ирсэн. Би эрүү, шанааг нь хугартал хүчтэй цохиогүй. Эмч ирээд явсан. Надтай явж байхдаа өөр хүнтэй маргалдаагүй. Ажил төрөл хийгээд хохирлыг төлнө. Гэм буруугаа хүлээж байна. Хөнгөн ял өгнө үү” гэв.

Хохирогч А.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Архи ууж байгаад утас авахаар болсон. Тал мөнгийг нь өгье гэснээс маргалдсан. Гадаа гараад маргалдаж байтал намайг цохиж унагаасан. Тэгээд би мэдэхгүй байна. Толгой өвдөөд их хэцүү байгаа. 1 чих сонсохоо больсон. ... намайг цохиогүй. ...т цохиулаад би ухаан алдаад унасан. Эмчилгээний төлбөрөө төлүүлмээр байна” гэв.

Шинжээч О.Болороо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хүнд гэмтэл авсан хүний толгой их өвднө. Хацар ясны хугарал нь тухайн газартаа өвднө. Түргэн тусламжийн эмч гавал тархины гэмтлийг шууд оношлох боломжгүй. Багажийн шинжилгээ хийж байж нарийн тогтооно. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн. Цусан хурааны нягтралыг үзэхэд суурийн хөндийд байгаа шингэн өтгөрсөн байгаа. Түүнийг харвал тийшээ цус ороод 2-3 хоног болсон байна гэж дүгнэсэн. Байрлалаас нь харахад газар унахад биш, цохилтоос үүссэн байсан. Хүнд гэмтлийн хувьд 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хацар ясны хугарал нь алгадахад үүсэхгүй. Зангидсан гараар цохиход үүснэ” гэв.

 

Эрүүгийн  1808057510773 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч А....ийн: “...2018 оны 12 дугаар сарын 07-ны өглөө 09 цагийн орчим ...ийн ахын гэрт байсан чинь хамт ажилладаг ... эгч “гэрт ирээрэй” гэж дуудсан. Дэлгүүр орж 0,75 литрийн хэмжээтэй архи, чихэр боов аваад ...гийн гэрт орсон. Тэр үед цаг 10 цаг өнгөрч байсан. Ингээд ... эгчийн гэрт ороод ... бид гурав архиа хувааж уусан. Архи ууж байхад ... өөрийнхөө барьж байсан гар утсыг худалдаж авахаар болоод ...т өгөөд 50000 төгрөг өгөх байсан чинь 30000 төгрөг өгчихөөд үлдсэнийг нь гаргаж өгөөгүй. Ингээд мөнгөнөөс болоод бид хоёр хоорондоо хэрэлдсэн. ...гийн гэрийн гадаа бие засах гээд гарсан юм. ... миний араас уурлаад “мөнгө нэхлээ” гээд хэрэлдсэн. Намайг цохих гэж дайраад зүүн талын шанаа руу маш хүчтэй цохисон. Би ...т цохиулснаас хойш ухаан алдаад юу болсныг санахгүй байна. ...Тархи толгой байнга эргэж дайвалзаж явахаар ярихаар толгой эргээд байдаг болчихсон.

...Би эрүүлжүүлэхээс гараад хамтран амьдрагч ...ийнд очиж хоночихоод маргааш өдөр нь найз С....ыг дуудаж тэднийд хоночихоод маргааш өглөө нь ах руу яриад эмнэлэг рүү очсон. Хэдний өдөр байсныг хэлж мэдэхгүй байна. Энэ хугацаанд ямар нэгэн хүнтэй зодолдож маргалдсан юм болоогүй, унаж бэртээгүй. Д....т зодуулснаас хойш байнга толгой өвдөж явсаар байгаад эмнэлэгт хэвтсэн. ...Миний хувьд гайгүй болчих байх гэж бодоод хэд хоносон юм. Мөн ах эгч нараасаа айгаад хүмүүст дараа болоод яахав гэж бодоод хэлээгүй юм. ...Хүнд гэмтсэн гэж мэдээгүй. ...ын хувьд гаднаас харагдах гэмтэл байгаагүй учраас сүртэй гэмтсэн гэж бодоогүй байх. Сүүлдээ өвдөөд болохгүй болохоор нь ахдаа хэлж эмнэлэгт хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх-15-17, 112-113/,

Гэрч Б....ийн: “...2018 оны 12 дугаар сарын 07-ны ...12 цагийн үед ...ийн дугаараас нэг охин залгаад “та ...ийн эхнэр үү, манайхаас ирээд ...ийг аваадахаач согтуу гадаа уначихсан хэвтэж байна” гэхээр нь би ...очтол ... тэр айлын амбаарыг налаад суучихсан, өмдөндөө шээчихсэн, нүүр ам нь цус болчихсон байсан. Би “цагдаа дуудчих” гээд тэр айлын охиноор цагдаа дуудуулсан чинь цагдаа ирээд түргэн дуудаж ...ийг үзчихээд “шингэн юм сайн уулга” гэж хэлээд явсан. Би ...ийг аваад гэртээ ирээд дулаацуулах гээд хөнжил нөмрүүлээд хэсэг хэвтүүлсэн чинь ... агсам тавьж орилж босож ирээд байснаа хамраас нь цус гарч эхлэхээр нь би түргэн дуудаж, дахин үзүүлсэн чинь ирж үзчихээд яваад өгсөн. Тэгээд байж байтал орилж хашгичаад агсам тавих үед нь ээж цагдаа дуудаад өгчихсөн. Өглөө нь ... “эрүүлжүүлэх байранд хоночихоод ирлээ” гэж ирээд унтаж байгаад үдээс хойш яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-22/,

Гэрч Я....ын: “Миний төрсөн дүү ... нь өнөөдөр эмэгтэй дүү ... луу яриад “надад тусламж хэрэгтэй байна, хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн гэсэн. Тэгээд би өөрийн биеэр ГССҮТ-д хүргэж өгсөн. Гэмтлийн хүлээн авахад үзүүлэхэд “наадах чинь 2-3 хоног болсон байна, дээшээ гарч амбулаторид үзүүлээрэй” гэсний дагуу ороход “тархины зураг авахуулаад ир” гэсэн. Авахуулсан зургаа гэмтлийн эмчид үзүүлэхэд “тархиндаа маш их гэмтэлтэй, хавантай, цууралттай байна” гэж хэлсэн. ...... нь ...той маргалдаж хэл амаар ойлголцохгүй болохоор түрүүлээд гарсан гэсэн. Араас нь ... гараад хэсэг хугацааны дараа айлын эхнэр гарахад ...ийн хамраас цус гарчихсан байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-18-20/,

Гэрч У....гийн: “...Манайд ууж байхдаа ... тэр хүнээс 30.000 төгрөгөөр гар утас худалдаж авч байсан. Удалгүй танихгүй эрэгтэй хүн түрүүлээд манайхаас нойл орох гээд гарах шиг болох үед араас нь ... гараад удалгүй ганцаараа орж ирээд суусан. Нөгөө танихгүй хүн орж ирээгүй 5-10 минут болсны дараа дүү усанд явах гээд гарахдаа “нөгөө танихгүй хүнийг манай амбаарын баруун урд байрлах контейнерын урд байсан модон ширээний урд доошоо хараад хэвтэж байна” гэхээр нь би очоод хартал нүүр ам нь цус болоод хувцас нь шороо болчихсон өмдөндөө шээчихсэн байхаар нь гэрт байсан өөрийнх нь яриад байсан гар утсаар нэг эмэгтэй хүнтэй холбогдоход төд удалгүй эхнэр нь гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би “та нөхрөө аваад яв” гэсэн чинь “би авч явж чадахгүй” гээд байхаар нь “та юу яриад байгаа юм бэ, ядаж цагдаа дуудаад аваад яв” гэж хэлээд би цагдаад дуудлага өгч, цагдаа ирээд түргэн дуудаж үзүүлээд нөгөө хүнийг эхнэрт нь хүлээлгэж өгөөд, тэр хоёр гэртээ харихаар такси бариад явсан...” гэх мэдүүлэг /хх-26/,

Гэрч С....ын: “...2018 оны өвөл 12 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна, орой Нарангийн голд эгчийнд жоохон хүүхдийг нь хараад байж байсан чинь хамт ажиллаж байсан найз ... утсаар “толгой тархи эргээд явж чадахгүй байна, нефтийн буудлаас ирээд аваадахаач” гэсэн. Очиж авахад хувцас нь цус болсон “толгой тархи өвдөөд байна, хамт ажиллаж байсан хүнд зодуулсан, бие өвдөөд байна” гээд суугаад байсан. Би дагуулж яваад эгчийнд хүн байгаагүй учраас бид хоёр хоночихоод өглөө 07 цагийн үед хамт гараад автобусны буудал дээрээс салсан. Бид хоёр архи дарс ууж, хэрэлдэж зодолдоогүй, шууд унтаад өглөө явцгаасан. ...Тэр өдөр ... шөнө “толгой өвдөөд байна” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-114/,

 Шинжээч О.Болороогийн: “Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. ...Дээрх гэмтлийг гаднаас хараад оношлох боломжгүй. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байх үед өвчний илрэл, шинж, тэмдэг бүгдээрээ тэр даруй оношлоход бэрхшээл үүснэ. 24 цагийн дараа шинжилгээ хийхэд илрэх боломжтой. Зүүн чамархай, суурь ясны зүүн хэсгийн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цус хуралт, баруун чамархайн суурь хэсэг, чамархайн дээд хэсэг, баруун зулайн дэлбэнд тархины эдийн няцрал нь дангаараа нэг удаагийн үйлчлэлээр үүсэх хүнд зэргийн гэмтэл байна. Харин зүүн хацар ясны хугарал, зүүн ясны хугарал, зүүн хацрын цус хуралт нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-34-37/,

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2019.07.18-ны өдрийн 932 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.2.3. А....-н биед тогтоогдсон зүүн чамархай, суурь ясны зүүн хэсгийн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цус хуралт, баруун чамархайн суурь хэсэг, чамархайн дээд хэсэг, баруун зулайн дэлбэнд тархины эдийн няцрал, гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Мөн зүүн хацар ясны хугарал, зүүн хацрын цус хуралт гэмтэл нь тусдаа мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хх-105/,

Шүүгдэгч Д....ийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нийлж архи ууж байгаад ...тэй хамт эгчийнд ирж хоноод өглөө нь ажилдаа явах замдаа бид хоёр дэлгүүр орж нэг шил 0,75 литрийн архи мөнгө нийлүүлж байгаад авч Уран... эгчийнд ...архиа хуваан ууж байхдаа ... бид хоёр гар утасны наймаа хийсэн. ... “чи ер нь ганц шил архи авчихаж чадахгүй байна уу” гээд хэрүүл хийгээд байхаар нь би “нялх хүүхэдтэй айлд битгий янз бүрийн юм яриад бай” гэж хэлтэл “чи гараад ир” гээд гэрээс түрүүлээд гараад явсан. Би араас нь гарч ирээд “чи одоо болиоч, нялх хүүхэдтэй айлд хоёулаа авсан архиа уучихаад явъя” гээд хэлтэл “чи юу гээд байгаа юм” гээд намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд зүүн шанаанд нь баруун гараараа нэг удаа алгадсан чинь ... газар ойчихоор нь би татаад босгох гэтэл “чи орж бай” гэсэн. Тухайн үед ... надад цохиулаад хамарнаас нь бага зэрэг цус гарчихсан байсан. ...Би түүнийг нэг удаа алгадсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-51-52/,

гэрч Д.ыгийн мэдүүлэг /хх-24/, хохирлын баримтууд /хх-56-60/, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Засаг даргын тодорхойлолт /хх-77/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-78-80/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-81/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-84/, хохирлын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-86/, өвчний түүх /хх-97/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл, үзлэгийн тэмдэглэл /хх-110-111/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирол, хор уршигтай холбоотой 3 хуудас баримтыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах, хохирогч баримтаар 902.000 төгрөг нэхэмжилснээс 300.000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Баримттай хохирлыг гаргуулж өгнө үү. Цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх болно...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн хувьд маргахгүй. “ДУБ” ХХК-ийн 120.000 төгрөгийн баримт давхардсан. 738.619 төгрөгийн баримттайгаас 300.000 төгрөгийг төлсөн. Сая шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй. Нотлох баримтын шаардлага хангуулаад жич нэхэмжлэх эрхтэй...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.... согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 1 дүгээр буудалд байрлах айлын хашаанд иргэн А....тэй маргалдан зодож зүүн чамархай, суурь ясны зүүн хэсгийн хугарал, зүүн хацар ясны хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цус хуралт, баруун чамархайн суурь хэсэг, чамархайн дээд хэсэг, баруун зулайн дэлбэнд тархины эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч А....ийн “...... бид гурав нөгөө авч орсон архиа хувааж уусан. ...... ...намайг цохих гэж дайраад зүүн талын шанаа руу маш хүчтэй цохисон. Би ...т цохиулснаас хойш ухаан алдаад юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-15-17, 112-113/, шинжээч О.Болороогийн “...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. ...24 цагийн дараа шинжилгээ хийхэд илрэх боломжтой. ...Зүүн чамархай, суурь ясны зүүн хэсгийн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цус хуралт, баруун чамархайн суурь хэсэг, чамархайн дээд хэсэг, баруун зулайн дэлбэнд тархины эдийн няцрал нь дангаараа нэг удаагийн үйлчлэлээр үүсэх хүнд зэргийн гэмтэл байна. Харин зүүн хацар ясны хугарал, зүүн ясны хугарал, зүүн хацрын цус хуралт нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-34-37/, шүүх эмнэлгийн 932 дугаар “1.2.3. А....-н биед тогтоогдсон зүүн чамархай, суурь ясны зүүн хэсгийн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цус хуралт, баруун чамархайн суурь хэсэг, чамархайн дээд хэсэг, баруун зулайн дэлбэнд тархины эдийн няцрал, гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Мөн зүүн хацар ясны хугарал, зүүн хацрын цус хуралт гэмтэл нь тусдаа мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжилгээ /хх-105/, гэрч Б....ийн “...... тэр айлын амбаарыг налаад суучихсан, өмдөндөө шээчихсэн, нүүр ам нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-22/, гэрч Я....ын “...гараад очоод хартал нүүр ам нь цус болоод хувцас нь шороо болчихсон өмдөндөө шээчихсэн байдалтай байхаар нь...” гэх мэдүүлэг /хх-26/, гэрч С....ын “...... утсаар “толгой тархи эргээд явж чадахгүй байна, Нефтийн буудлаас ирээд аваадахаач” гэсэн. Очиж авахад хувцас нь цус болсон “толгой тархи өвдөөд байна, хамт ажиллаж байсан хүнд зодуулсан, бие өвдөөд байна” гээд суугаад байсан...” гэх мэдүүлэг /хх-114/, шүүгдэгч Д....ийн яллагдагчаар өгсөн “...... ...намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд зүүн шанаанд нь баруун гараараа нэг удаа алгадсан чинь ... газар ойчихоор нь би татаад босгох гэтэл “чи орж бай” гэж хэлсэн. ...хамраас нь бага зэрэг цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-51-52/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шинжээчийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Д....ийн согтуурсан үедээ, хохирогч А....ийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Д....ийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Гэмт хэргийн улмаас хохирогч А....ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 781.828 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгснөөс шүүгдэгч 300.000 төгрөгийг төлсөн болох нь хохирлын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-86/, шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/-ээр тогтоогдлоо. Үлдэх 481.828 төгрөгийг шүүгдэгчээс 3 сарын хугацаанд гаргуулж, хохирогч А.... /Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 20 дугаар гудамж, 37 тоотод оршин суух, РД-АГ81010115/-д олгохоор шийдвэрлэв.

Хавтаст хэргийн 58, 59 дүгээр хуудсанд байгаа 4050, 3800, 8860 төгрөгийн үнийн дүн бүхий баримтуудыг энэ хэрэгт хамааралгүй гэж үзэн хохирлын дүнд оруулан тооцоогүйг тэмдэглэж байна. Харин хохирогч А.... цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээсэн ч хохирлоо төлөхгүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Хохирол төлөгдөөгүй, үлдэгдэл хохирлыг төлөхөөр завсарлага авсан атлаа төлөөгүй. Худлаа ичгүүргүй ярьж байгаа хувийн байдлыг харгалзан үзнэ үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Хувийн байдлыг харгалзан 2 жилийн ял өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хүний эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан, хохирол, хор уршиг арилаагүй, төлөгдөөгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/ зэргийг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Д....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д....ийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Зээрд адуу овогт ...гийн ...ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д....ийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д....т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д....ийн урьдчилан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.  

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Д....оос 481.828 төгрөгийг 3 сарын хугацаанд гаргуулж, хохирогч А.... /Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 2 дугаар гудамж, 372 тоотод оршин суух, РД-АГ82010115/-д олгож, хохирогч А.... гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д....т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д....т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР