Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 1202

 

 

 

 

 

 

 

                                   

Д.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Сансарсайхан,

шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,   

хохирогч А.Бат-Эрдэний өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулж,

                      

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар  даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/1033 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Д.Гт холбогдох 1808057510773 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

                                     

Д.Г нь 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 1 дүгээр буудалд байрлах айлын хашаанд иргэн А.Бат-Эрдэнэтэй “гар утас худалдаж аваад мөнгө дутуу өглөө” гэх асуудлаас болж, маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Д.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийн цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Гоос 481.828 төгрөгийг 3 сарын хугацаанд гаргуулж, хохирогч А.Бат-Эрдэнэ /Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 2 дугаар гудамж, 372 тоотод оршин суух, РД- АГ82010115/-д олгож, хохирогч А.Бат-Эрдэнэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжпэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Г давж заалдах гомдолдоо: “...Миний хувьд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн асуудал дээр маргах зүйлгүй. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Миний бие Завхан аймгийн Отгон сумын уугуул иргэн бөгөөд бага наснаасаа мал маллаж мал дээр өссөн бөгөөд аав ээж маань намайг бага байхад өнгөрсөн юм. Би ах, эгч, дүүгийн хамт амьдардаг бөгөөд амьдралын эрхээр “Улаанбаатар хотод ирж ажиллаж хөдөлмөрлөх” гэж ирээд ийм хэрэгт холбогдсонд маш их харамсаж байна. Миний хувьд залуу хүн цаашид ид ажиллаж хөдөлмөрлөх насан дээрээ торны цаана сууж ял эдэлж байгаадаа маш их харамсаж гэмшиж байна. Хохирогч Бат-Эрдэнээс дахин дахин уучлалт гуйж байна. Хохирогч Бат-Эрдэнэд нийт 800.000 төгрөгийг төлж барагдуулсан, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулах болно.

Миний бие анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан болон хувийн байдлыг харгалзан үзэж надад хуульд зааснаар доогуур ял оногдуулж өгөхийг эрхэм шүүгч нараас хүсч байна.

Миний бие цаашид ийм алдаа дахиж хэзээ ч гаргахгүй, алдаагаа засаж амьдралдаа шударгаар, хөдөлмөрөөр амьдрах болно. ...” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Д.Гийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хорих ялаар шийтгэсэн. Хэргийн зүйлчлэл болоод гэм буруугийн асуудал дээр маргах зүйлгүй болно.

Д.Г нь үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудал дээр маргах зүйлгүй бөгөөд хохирогч А.Бат-Эрдэнэд гэмт хэргийн улмаас учруулсан төлбөрт мөрдөн шалгах ажиллагаанд 300.000 төгрөг, шүүхийн шатанд 500.000 төгрөг нийт 800.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоогийн байдлаар шийтгэх тогтоолд шүүгдэгчээс гаргуулах заасан хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй болно.

Д.Гийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал тогтоогдсон болно. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, мөн зүйлийн 1.2-т зааснаар “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан...” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хуульчилж, гэмт хэргийн оногдуулах ялын хувьд хорих болон торгох ял гэсэн 2 төрлийн ялыг сонгох санкцтайгаар хуульчилсан байх бөгөөд шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хорих болон торгох ялыг сонгох санкцтайгаар хэрэглэхээр хуульчилсан. Мөн хорих ялын хувьд 2-8 жилийн хугацаагаар хорих ялын хувьд сонгох санкцтайгаар хуульчилсан байдаг.

Шүүгдэгч Д.Г нь хувийн байдлын хувьд ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн. Хохирогчийн буруутай үйлдэл хэрэг гарахад нөлөөлсөн болон шүүгдэгчийн хувьд үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч А.Бат-Эрдэний өмгөөлөгч Б.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, зөв гарсан гэж үзэж байна. Өнөөдөр шүүгдэгчийн зүгээс хохиролд 500.000 төгрөгийг нэмж хүлээлгэн өгсөн. Гомдол саналын хувьд хэлэх боломжгүй байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн хөнгөрүүлэхэд миний зүгээс татгалзах зүйлгүй...” гэв.

                                                                                                   

Прокурор М.Сансарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Гийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтуурсан үедээ хүний эрх чөлөөнд халдсан, мөн гэмт хэрэг үйлдсэн байдал, хандаж байгаа хандлага хувийн байдал, мөн хохирол нөхөн төлөгдөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж  шүүгдэгч Д.Гт 4 жилийн хорих ялаар шийтгэх саналыг эрүүгийн хариуцлагын  дүгнэлтдээ тавьсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Д.Г нь 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 1 дүгээр буудалд байрлах айлын хашаанд иргэн А.Бат-Эрдэнэтэй “... авсан гар уатсныхаа мөнгийг дутуу өглөө...” гэх асуудлаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь “...Зүүн чамархай, суурь ясны зүүн хэсгийн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цус хуралт, баруун чамархайн суурь хэсэг, чамархайн дээд хэсэг, баруун зулайн дэлбэнд тархины эдийн няцрал...” гэсэн хүнд зэргийн гэмтэл, “...зүүн хацар ясны хугарал, зүүн ясны хугарал, зүүн хацрын цус хуралт...” гэсэн хүндэвтэр зэргийн гэмтлүүдийг учруулсан болох нь:

хохирогч А.Бат-Эрдэнийн “...2018 оны 12 дугаар сарын 7-ны өглөө 09 цагийн үед Ганзоригийн ахын гэрт хамт байхад ажилладаг Гоо эгч “гэрт ирээрэй” гэж дуудсан. Дэлгүүр орж 0,75 литрийн хэмжээтэй архи, чихэр боов аваад Гоогийн гэрт орсон. Тэр үед цаг 10 цаг өнгөрч байсан. Ингээд Гоо эгчийн гэрт ороод Ганзориг бид гурав архиа хувааж уусан. Архи ууж байхад Ганзориг өөрийнхөө барьж байсан гар утсыг худалдаж авахаар болоод Ганзоригт өгөөд 50.000 төгрөг өгөх байсан чинь 30.000 төгрөг өгчихөөд үлдсэнийг нь гаргаж өгөөгүй. Ингээд мөнгөнөөс болоод бид хоёр хоорондоо хэрэлдсэн. Гоогийн гэрийн гадаа бие засах гээд гарсан юм. Ганзориг миний араас уурлаад “мөнгө нэхлээ” гээд хэрэлдсэн. Намайг цохих гэж дайраад зүүн талын шанаа руу маш хүчтэй цохисон. Би Ганзоригт цохиулснаас хойш ухаан алдаад юу болсныг санахгүй байна. ...Тархи толгой байнга эргэж дайвалзаж явах, ярихаар толгой эргээд байдаг болчихсон. ...” /хх 15- 17, 112-113/,

 

гэрч Б.Майцэцэгийн “...2018 оны 12 дугаар сарын 7-ны ...12 цагийн үед Бат-Эрдэнийн дугаараас нэг охин залгаад “та Бат-Эрдэнийн эхнэр үү, манайхаас ирээд Бат-Эрдэнийг аваадахаач согтуу гадаа уначихсан хэвтэж байна” гэхээр нь би ...очтол Бат-Эрдэнэ тэр айлын амбаарыг налаад суучихсан, өмдөндөө шээчихсэн, нүүр ам нь цус болчихсон байсан. Би “цагдаа дуудчих” гээд тэр айлын охиноор цагдаа дуудуулсан чинь цагдаа ирээд түргэн дуудаж Бат-Эрдэнийг үзчихээд “шингэн юм сайн уулга” гэж хэлээд явсан. Би Бат-Эрдэнийг аваад гэртээ ирээд дулаацуулах гээд хөнжил нөмрүүлээд хэсэг хэвтүүлсэн чинь Бат-Эрдэнэ агсам тавьж орилж босож ирээд байснаа хамраас нь цус гарч эхлэхээр нь би түргэн дуудаж, дахин үзүүлсэн чинь ирж үзчихээд яваад өгсөн. Тэгээд байж байтал орилж хашгичаад агсам тавих үед нь ээж цагдаа дуудаад өгчихсөн. Өглөө нь Бат- Эрдэнэ “эрүүлжүүлэх байранд хоночихоод ирлээ” гэж ирээд унтаж байгаад үдээс хойш яваад өгсөн...” /хх 22/,

 

гэрч Я.Эрдэнэбатын “...Миний төрсөн дүү Бат-Эрдэнэ нь өнөөдөр эмэгтэй дүү Бямбамягмар руу яриад “надад тусламж хэрэгтэй байна, хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн гэсэн. Тэгээд би өөрийн биеэр Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хүргэж өгсөн. Гэмтлийн хүлээн авахад үзүүлэхэд “наадах чинь 2-3 хоног болсон байна, дээшээ гарч амбулаторид үзүүлээрэй” гэсний дагуу ороход “тархины зураг авахуулаад ир” гэсэн. Авахуулсан зургаа гэмтлийн эмчид үзүүлэхэд “тархиндаа маш их гэмтэлтэй, хавантай, цууралттай байна” гэж хэлсэн. ...Бат-Эрдэнэ нь Ганзоригтой маргалдаж хэл амаар ойлголцохгүй болохоор түрүүлээд гарсан гэсэн. Араас нь Ганзориг гараад хэсэг хугацааны дараа айлын эхнэр гарахад Бат-Эрдэнийн хамраас цус гарчихсан байсан гэсэн...” /хх 18-20/,

 

гэрч У.Говиогийн “...Манайд ууж байхдаа Ганзориг тэр хүнээс 30.000 төгрөгөөр гар утас худалдаж авч байсан. Удалгүй танихгүй эрэгтэй хүн түрүүлээд манайхаас нойл орох гээд гарах шиг болох үед араас нь Ганзориг гараад удалгүй ганцаараа орж ирээд суусан. Нөгөө танихгүй хүн орж ирээгүй 5-10 минут болсны дараа дүү усанд явах гээд гарахдаа “нөгөө танихгүй хүнийг манай амбаарын баруун урд байрлах контейнарын урд байсан модон ширээний урд доошоо хараад хэвтэж байна” гэхээр нь би очоод хартал нүүр ам нь цус болоод хувцас нь шороо болчихсон өмдөндөө шээчихсэн байхаар нь гэрт байсан өөрийнх нь яриад байсан гар утсаар нэг эмэгтэй хүнтэй холбогдоход төд удалгүй эхнэр нь гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би “та нөхрөө аваад яв” гэсэн чинь “би авч явж чадахгүй” гээд байхаар нь “та юу яриад байгаа юм бэ, ядаж цагдаа дуудаад аваад яв” гэж хэлээд би цагдаад дуудлага өгч, цагдаа ирээд түргэн дуудаж үзүүлээд нөгөө хүнийг эхнэрт нь хүлээлгэж өгөөд, тэр хоёр гэртээ харихаар такси бариад явсан...” /хх 26/,

 

гэрч С.Чойдогжамцын “...2018 оны өвөл 12 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна, орой Нарангийн голд эгчийнд жоохон хүүхдийг нь хараад байж байсан чинь хамт ажиллаж байсан найз Бат-Эрдэнэ утсаар “толгой тархи эргээд явж чадахгүй байна, нефтийн буудлаас ирээд аваадахаач” гэсэн. Очиж авахад хувцас нь цус болсон “толгой тархи өвдөөд байна, хамт ажиллаж байсан хүнд зодуулсан, бие өвдөөд байна” гээд суугаад байсан. ...Бат-Эрдэнэ шөнө “толгой өвдөөд байна” гэж байсан...” /хх 114/,

 

шинжээч О.Болороогийн “...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. ...Дээрх гэмтлийг гаднаас хараад оношлох боломжгүй. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байх үед өвчний илрэл, шинж, тэмдэг бүгдээрээ тэр даруй оношлоход бэрхшээл үүснэ. 24 цагийн дараа шинжилгээ хийхэд илрэх боломжтой. Зүүн чамархай, суурь ясны зүүн хэсгийн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цус хуралт, баруун чамархайн суурь хэсэг, чамархайн дээд хэсэг, баруун зулайн дэлбэнд тархины эдийн няцрал нь дангаараа нэг удаагийн үйлчлэлээр үүсэх хүнд зэргийн гэмтэл байна. Харин зүүн хацар ясны хугарал, зүүн ясны хугарал, зүүн хацрын цус хуралт нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-34-37/,

 

Д.Гийн яллагдагчаар мэдүүлсэн “...архиа хуваан ууж байхдаа Бат- Эрдэнэ бид хоёр гар утасны наймаа хийсэн. Бат-Эрдэнэ “чи ер нь ганц шил архи авчихаж чадахгүй байна уу” гээд хэрүүл хийгээд байхаар нь би “нялх хүүхэдтэй айлд битгий янз бүрийн юм яриад бай” гэж хэлтэл “чи гараад ир” гээд гэрээс түрүүлээд гараад явсан. Би араас нь гарч ирээд “чи одоо болиоч, нялх хүүхэдтэй айлд хоёулаа авсан архиа уучихаад явъя” гээд хэлтэл “чи юу гээд байгаа юм” гээд намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд зүүн шанаанд нь баруун гараараа нэг удаа алгадсан чинь Бат-Эрдэнэ газар ойчихоор нь би татаад босгох гэтэл “чи орж бай” гэсэн. Тухайн үед Бат-Эрдэнэ надад цохиулаад хамарнаас нь бага зэрэг цус гарчихсан байсан...” /хх 51-52/,

 

хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “...А.Бат-Эрдэнийн биед тогтоогдсон зүүн чамархай, суурь ясны зүүн хэсгийн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цус хуралт, баруун чамархайн суурь хэсэг, чамархайн дээд хэсэг, баруун зулайн дэлбэнд тархины эдийн няцрал, гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Мөн зүүн хацар ясны хугарал, зүүн хацрын цус хуралт гэмтэл нь тусдаа мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-105/ гэх 932 дугаар шинжилгээний дүгнэлт, хохирогчийн өвчний түүх /хх-97/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Гийн 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр иргэн А.Бат-Эрдэнэтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь “...Зүүн чамархай, суурь ясны зүүн хэсгийн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цус хуралт, баруун чамархайн суурь хэсэг, чамархайн дээд хэсэг, баруун зулайн дэлбэнд тархины эдийн няцрал...” гэсэн хүнд зэргийн гэмтэл, “...зүүн хацар ясны хугарал, зүүн ясны хугарал, зүүн хацрын цус хуралт...” гэсэн хүндэвтэр зэргийн гэмтлүүдийг учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Д.Гийн нэг цаг хугацаанд нэг хохирогчийн эрүүл мэндийн эсрэг чиглэсэн үргэлжилсэн үйлдлээр хүнд зэргийн гэмтэл, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнд гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялыг оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Ийнхүү шийдвэрлэснээр шүүгдэгч Д.Гийн эрх зүйн байдал дордоогүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршгийн талаарх хохирогч А.Бат-Эрдэнээс хэрэгт гарган өгсөн хохирлын нотлох баримтуудыг анхан шатны шүүх зөв үнэлж, 481,828 төгрөгийг шүүгдэгч Д.Гоос гаргуулан олгохоор, цаашид гарах хохирол, хор уршгийн нэхэмжлэлээ жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Г “...Миний анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд зааснаар доогуур ял оногдуулна уу...”, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан “...Шүүгдэгч Д.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Анхан шатны шүүх Д.Гийн согтуурсан үедээ, хүний эрүүл мэндийн эсрэг халдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргээс хохирогчийн биед учирсан “зүүн чамархай, суурь ясны зүүн хэсгийн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цус хуралт, баруун чамархайн суурь хэсэг, чамархайн дээд хэсэг, баруун зулайн дэлбэнд тархины эдийн няцрал” гэсэн гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл, “зүүн хацар ясны хугарал, зүүн хацрын цус хуралт” гэсэн гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтлийн хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хоёр жилээс найман жилийн хугацаагаар хорих ял...”-аас Д.Гт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь их биш, тохирсон байна.

 

Шүүхээс Д.Гт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “....Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Шийтгэх тогтоолын 6 дахь заалтад заасан 481,828 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Д.Г нь төлсөн талаарх баримтаа давж заалдах шатны шүүхэд  гарган өгсөн тул энэ талаар тус магадлалд дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/1033 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Д.Г нь 500,000 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө хохирогч А.Бат-Эрдэнэд төлсөн болохыг дурдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                         ШҮҮГЧ                                                           Б.ЗОРИГ

 

             ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ