Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 19

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Н.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Г,   

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын дарга  

Гуравдагч этгээд: Э.М, 

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа, хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны Нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх”,  

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр, нэхэмжлэгч Х.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр, гуравдагч этгээд Э.М, иргэдийн төлөөлөгч Ч.Энхбат нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хасбазарын Ганхуяг миний бие нь 1997-2001 онд МУИС-д суралцаж, геологич мэргэжил эзэмшсэн. 2003-2005 онд МУИС-ийн ГГЗФ-д петрологи-геохимийн чиглэлээр магистрийн зэргийг “Дорноговь аймаг дахь Эрдэнийн дүүргийн боржинлог чулуулгийн петрологи, петрохими, геохимийн онцлог” сэдвээр “Онц" үнэлгээтэй хамгаалсан болно. 

Миний бие нь 1991 онд ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн (Төрийн байгууллага) Геохимийн лабораторид лаборантаар эхлэн орж эрдэм шинжилгээний туслах ажилтан, эрдэм шинжилгээний ажилтан, Геохимийн лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээний '‘эргүүлэх ажилтан зэрэг ажлыг эрхлэн төрийн байгууллагад нийтдээ 24 жил ажиллаж байна. 

Энэ хугацаанд О.Төмөртогоо, Г.Бадарч, Д,Оролмаа, Ж.Бадамгарав, Д.Доржнамжаа, Д.Төмөрхүү зэрэг Монголын геологийн салбарт нэр, цуутай эрдэмтэн, докторуудтай мөр зэрэгцэн ажиллаж, “Монгол орны тектоник ба металлогени” 1999 он, “Монгол орны геодинамик ба нүүрстөрөгчийн хуримтлал” 2001 он, “Хангай, Хэнтийн бүслүүрийн тектоник, магматизм ба алтны хүдэржилт” 2003 он, “Тамир голын сав газрын магматизм” 2008 он, “Өмнөд Монголын арлан нум” 2013 он зэрэг төслийн судалгаанд гар бие оролцож, геохими, литологийн хэсгийг болон мөн петрографи, минераграфийн шинжилгээ, элсэн чулууны модаль шинжилгээний ажлыг тодорхой хэмжээнд гүйцэтгэн, тайлангийн зохиогчийн жагсаалтанд орсон байгаа. Эдгээр судалгааны явцдаа элсэн чулууны модаль шинжилгээ хийх Диккенсоний арга, аргачлалыг Монголд анх удаа нэвтрүүлж, судалгааны ажилдаа ашиглан хэрэгжүүлж, судалгааны түвшинг дээшлүүлж, олон улсын орчин үед хэрэглэгдэж буй түвшинд зэрэгцэх шинэлэг аргачлал нэвтрүүлсэн гэж сайшаагдсан. ГЭБХ-ийн Петрологийн лабораторид ажиллаж байх хугацаандаа шлиф, аншлиф бэлтгэлийн болон петрографийн шинжилгээний стандарт арга, аргачлалыг Японы ЖАЙКА- гаас хэрэгжсэн “Геологи, эрдэс баялгийн хүрээлэн” төслийн мэргэжилтнээс дагалдан суралцсан туршлага, арга барил дээрээ үндэслэн орчин үеийн шинэ түвшинд боловсруулан, улмаар тус лабораторийг СХЗГ-ын магадлан итгэмжлэлтэй лаборатори болгосон билээ. 

Үүний зэрэгцээ Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Лимонологийн хүрээлэн, Солонгосын КИГАМ, ШУА-ын ГЭБХ зэрэг гурван улсын хамтарсан Хөвсгөл нуурын ёроолын хурдсын геохимийн судалгааны гүний өрөмдлөгийн ажилд биечлэн оролцож, улмаар Хөвсгөл нуурын эрэгт судалгааны бааз байгуулах ажлыг амжилттай удирдан ГЭБХ-д судалгааны суурин бааз байгуулж хүлээлгэн өгсөн. 

Миний бие 2014 онд геохими, литологийн судалгааны ажилд мэргэшиж, дадлагажсан, олон жил энэ чиглэлээр ажиллаж туршлагатай болсон байдал дээрээ тулгуурлан төрийн албаны шалгалтыг өгч тэнцсэнээр “Төрийн жинхэнэ албан хаагч” болж төрийн албан хаагчийн тангарагийг өргөн АМГ-ын Региональ геологийн тасгийн лаборатори, геохимийн судалгааны мэргэжилтэн (хуучнаар) болсон. Энэ хугацаандаа төрийн албыг үнэнчээр хариуцлагатай гүйцэтгэж 39 тайлангийн стратиграфийн бүлгийн давхарга зүй ялгалт, литологи, геологийн шийдвэрлэгдээгүй болон эрдэмтдийн маргаантай асуудлуудыг орчин үеийн петрологи, геохимийн ажлуудад тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй шийвэрлэхэд өөрийн мэргэшсэн мэргэжлийн дагуу арга аргачлал, зөвлөмжөөр хангаж ирсэн. 

Мөн Монгол улсад геохими, эрдэс судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа лабораториудын талаар судалгааг анх удаа хийсэн. 2014 оны 09-р сарын 30 өдөр болсон “Эрдэс баялгийн салбарт лабораториудын оролцоо” сэдэвт зөвлөлдөх уулзалтад “Лабораториудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн 33 аж ахуйн нэгжид лаборатори, геохимийн ажлын талаар санал боловсруулж албан тоот бичгээр заавар, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж ирсэн. Мөн хилээр нэвтрүүлэх онцлог барааны тодорхойлолт буюу дээжний хөдөлгөөнийг хариуцан ажиллаж ирсэн. Уул уурхайн салбарт хэрэглэгдэж байгаа 90 гаруй үндэсний стандартаас 11 стандартыг батлахад Уул уурхай, ашигт малтмалын стандартчиллын техникийн хорооны хуралд оролцон үндэсний стандарт болгоход зохих засвар, санал, дүгнэлтийг гарган батлуулж ажилласан. 

Ашигт малтмалын газрын Региональ геологийн тасгийн геохимийн судалгааны мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа төрийн албаны хууль тогтоомж, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг ямагт биелүүлэн сахилгын болон бусад ямар ч зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд сүүлийн 2 жил дараалан төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг маш сайн гэсэн үнэлгээтэйгээр /2014 онд 96,1, 2015 онд 90,8/ дүгнүүлж байсан нь миний ажилдаа бүтээлчээр ажиллаж байсны баталгаа болно. 2016 онд Байгаль орчны геохимийн чиглэлээр Солонгосын КИГАМ-ийн 21 хоногийн сургалтанд оролцон геохимийн мэргэжлээ ахиулан дээшлүүлсэн. 

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтууд байдаг. Хариуцагч ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн хариу тайлбартаа “...шинэ бүтэц орон тоо ажлын байранд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг сонгон шалгаруулж, ажлын байрны шаардлага хангахгүй ажилтныг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Сонгон шалгаруулалт зарлаж, Э.Мг томилсон” гэж дурдсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар  орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах ёстой. Өөрөөр хэлбэл тухайн албан тушаалд хоёроос дээш албан тушаалтан байгаа тохиолдолд сонгон шалгаруулалт явуулах ёстой байсан. Гэтэл тухайн албан тушаалд ганц хүн байсан. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй юм. Тушаалд “...албан тушаал цөөрсөн Х.Гийг ”гэж албан тушаал цөөрсөн гэдгийг дурдсан байгаа. Гэтэл хариуцагч шүүхэд анх гаргасан хариу тайлбартаа “албан тушаал хасагдсан”, хяналтын шатны гомдол гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг үндэслэсэн гэсэн өөр, өөр байдлаар тайлбарлаж байгаа учраас нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй байна.

Үнэхээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар сонгон шалгаруулалт явуулсан гэж үзвэл ерөнхий болон тусгай шаардлагыг хагийн илүү хангасан албан тушаалтныг томилох ёстой. Гэтэл уг шаардлагыг нэхэмжлэгч Х.Г нь гуравдагч этгээд Э.Мгээс илүү хангаж байгаа гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Гийг Геологи хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

Нэхэмжлэгч Х.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, хайгуулын салбарын менежмент хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэний албан тушаалд томилуулах” гэж дээрхи шаардлагуудыг тодруулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.  

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын газрыг Газрын тосны газартай нэгтгэн Ашигт малтмал, газрын тосны газар болгон өөрчлөн байгуулахаар шийдвэрлэсэн.

Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар Ашигт малтмалын газар болон Газрын тосны газрын орон тоо/246/-г бууруулж, өөрчлөн байгуулагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын орон тоог 61-ээр цөөрүүлэн нийт 185 орон тоотой байхаар баталсан. Ийнхүү Улсын Их хурал, Засгийн газрын тогтоолуудаар орон тоог цөөрүүлсэнтэй холбоотойгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 25-ны 10 дугаар тушаал, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн а/01 дүгээр тушаалаар тус газрын бүтэц, зохион байгууулалтыг шинэчлэн баталсан.

Ашигт малтмалын газрыг Ашигт малтмал, газрын тосны газар болгон өөрчилж, тоог цөөрүүлсэнтэй холбоотойгоор Ашигт малтмалын газрын Геологийн албаны бүтцэд байсан “геологийн судалгаа, дээж, лаборатори хариуцсан мэргэжилтэн”-ийн орон тоог хасч, уг албан тушаал/ажлын байр/-ын гүйцэтгэж байсан чиг үүргийг “геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалын ажлын байрны чиг үүрэгт нэмж өгсөн.

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтад “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх,) эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн Дээрх хуулийн заалтын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн а/04 дүгээр тушаалаар шинээр батлагдсан орон тоо, уг орон тооны албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуурыг хангасан ажилтнуудыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу шалгаруулж, дүгнэлт гаргах “Ажлын хэсэг”-ийг байгуулсан.

Ашигт малтмалын газар /хуучнаар/-ын даргын 2016 оны 8 дугаар сарын 03-ны Б/114 дүгээр тушаалаар тус агентлагийн мэдэлд шилжүүлсэн албан хаагчдыг шинээр батлагдсан орон тоо, ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуурыг хэрхэн хангаж байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс дүгнэлт гаргаж, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан.

Уг Ажлын хэсгийн дүгнэлтээр орон тоо цөөрсөн, хасагдсан бөгөөд шинэ бүтэц, орон тооны ажлын байранд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг сонгон шалгаруулж, ажлын байрны шаардлага хангахгүй байгаа ажилтныг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. 

Шинээр байгуулагдсан Геологи, хайгуулын хэлтсийн бүтцэд “Геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалын /ажлын байр/-д тавигдах Ерөнхий шаардлагын “мэргэжил/чухал шаардпагатай” хэсэгт “геологи, эрдэс баялгийн менежмент”-ийн мэргэжилтэй байх шаардлага тавигдсан бөгөөд нэхэмжлэгч Х.Гийн хувьд “геологич” мэргэжилтэй байсан тул уг ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангахгүй байсан. 

Дээр дурдсан сонгон шалгаруулалт явуулсан Ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/82 дугаар тушаалаар Х.Гийг ажлаас чөлөөлж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буюу 2,032,308 төгрөгний тэтгэлгийг олгосон нь Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу хийгдсэн хууль ёсны үйлдэл болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “...төрийн албанд 1 жил хүрэхгүй хугацаанд санхүүгийн чиглэлээр буюу хайгуулын ажлын зардлын доод хэмжээ хариуцсан мэргэжилтэн хүнийг ажилд томилж...” гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд томилогдсон Э.М нь хуучин Ашигт малтмалын газрын Геологийн албаны “хайгуулын ажпын зардлын доод хэмжээ хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаал/ажлын байр/-д ажиллаж байсан бөгөөд санхүүгийн мэргэжилтэн биш юм.

Шинээр батлагдсан геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлагад нийцсэн “геологи, эрдэс баялгийн салбарын менежмент”-ийн мэргэжилтэй байх шаардлагыг геологийн менежмент мэргэжилтэй Э.М хангаж байсан бөгөөд сонгон шалгаруулах Ажлын хэсгийн дүгнэлтээр тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг нэхэмжлэгч Х.Гаас илүү хангаж байсан тул уг албан тушаалд томилогдсон болно.

Иймд нэхэмжлэгч Х.Гийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд Э.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Ашигт малтмалын газрыг Ашигт малтмал, газрын тосны газар болгон өөрчилж, орон тоог цөөрүүлсэнтэй холбоотойгоор Ашигт малтмалын газрын Геологийн албаны бүтцэд байсан “геологийн судалгаа, дээж, лаборатори хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоог хасч, уг албан тушаалын гүйцэтгэж байсан чиг үүргийг “геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалын ажлын байрны чиг үүрэгт нэмж өгсөн. 

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтад “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-н тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажилуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан. 

Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/114 дүгээр тушаалаар тус агентлагийн мэдэлд шилжүүлсэн албан хаагчдыг шинээр батлагдсан орон тоо, ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуурыг хэрхэн хангаж байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн а/04 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс дүгнэлт гаргаж, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан. 

Уг Ажлын хэсгийн дүгнэлтээр орон тоо цөөрсөн, хасагдсан бөгөөд шинэ бүтэц, орон тооны ажлын байранд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг сонгон шалгаруулж, ажлын байрны шаардлага  хангахгүй байгаа ажилтныг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. 

Шинээр байгуулагдсан Геологи, хайгуулын хэлтсийн бүтцэд “Геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаал /ажлын байр/-д тавигдах Ерөнхий шаардлагын “мэргэжил /чухал шаардлагатай/” хэсэгт англи хэлний ярианы болон бичгийн мэдлэгтэй “геологи, эрдэс баялгийн менежмент”-ийн мэргэжилтэй байх шаардлага тавигдсан.

Э.М миний хувьд англи, чех хэлтэй, 2007 онд Баянхонгор аймагт бүрэн дунд боловсрол, 2007-2010 онд Чех улсад institute of VUT, Masarykova univerzita, 2010-2014 онд Монгол Улсын их сургуулийн геологи, газар зүйн сургуулийг тус тус төгссөн. Геологи, хайгуулын салбарт сэдэвчилсэн судалгаа, геологийн зураглал, газрын тос, эрдэс баялгийн олон төсөл хөтөлбөр хамтын ажиллагааны хүрээнд хэрэгждэг. Эдгээр хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийн хүрээнд явагддаг хурал-протукол, семинар, захидал, гэрээ зэргийг гадаад хэлнээс орчуулах, англи хэл дээр бичиг баримт боловсруулах мөн гадаад дотоодын лабораториудтай хамтран ажиллах талаар харилцан мэдээлэл солилцон судалгаа, дүн шинжилгээ хийн цаашид салбарын менежментийг сайжруулах мөн тулгамдаж буй асуудлын талаар санал боловсруулан ажилладаг. Нэхэмжлэгчийн өмнө хийж байсан геохимийн судалгааны ажилтай “геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа” хариуцсан мэргэжилтний ажлын байр нь чиг үүргийн хувьд огт хамааралгүй өөр ажил юм. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “...төрийн албанд 1 жил хүрэхгүй хугацаанд санхүүгийн чиглэлээр буюу хайгуулын ажлын доод хэмжээ хариуцсан мэргэжилтэн хүнийг ажилд томилж...” гэсэн нь үндэслэлгүй байна. 

Учир нь геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд томилогдсон Э.М нь хуучин Ашигт малтмалын газрын Геологийн албаны “хайгуулын ажлын зардлын доод хэмжээ хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд ажиллаж байсан бөгөөд санхүүгийн мэргэжилтэн биш юм. 

Шинээр батлагдсан геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах шаарлагад заасан “геологи, эрдэс баялгийн салбарын менежмент”-ийн мэргэжилтэй байх шаардлагыг геологийн менежмент мэргэжилтэй Э.М миний бие хангаж байсан тул сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлтээр уг албан тушаалд томилогдсон болно. Иймд нэхэмжлэгч Х.Гийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Г.Ганхуягийг ажлын байранд нь эргүүлэн томилуулах, Мөн Э.Мг ажлын зохих байранд томилуулах саналтай байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Х.Г нь “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа, хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх” гэж эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно. 

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12, Засгийн газрын мөн оны 8 дугаар тогтоолоор Ашигт малтмалын газар, Газрын тосны газрыг нэгтгэж, Ашигт малтмал, газрын тосны газар болгон өөрчилснөөр Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/114 дүгээр тушаалаар  тус газрын албан хаагчдыг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, шинээр өөрчлөн байгуулагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын мэдэлд шилжүүлсэн улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/10 дугаар тушаалаар  Ашигт малтмал, Газрын тосны газрын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвчийг баталсаны дагуу Ашигт малтмал, Газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн а/01 дүгээр тушаалаар  Ашигт малтмал, Газрын тосны газрын бүтэц орон тоог шинэчлэн тогтоосон байх ба 34 орон тоотой ажиллаж байсан Геологийн албыг 26 орон тоотой Геологи, хайгуулын хэлтэс болгон өөрчилсөн байна. 

Хариуцагч нь маргаан бүхий 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/82 дугаар тушаалаар  нэхэмжлэгч Х.Гийг Геохими болон лабораторийн судалгаа хариуцсан мэргэжилтэн-ий ажлаас “орон тоо цөөрсөн” үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг баримтлан үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэгийг олгохоор шийдвэрлэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...орон тоо цөөрсөн тул сонгон шалгаруулалт явуулж, сонгон шалгаруулалт явуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гуравдагч этгээд Э.Мг ажлын байранд авч үлдэж, харин Х.Гт хуульд заасан тэтгэлэг олгохын тулд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-г баримтлан чөлөөлсөн...” гэх агуулгаар маргааны бүхий актын хууль зүйн үндэслэлийг тайлбарласан болно. 

Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, орон тоо нь цөөрсөн бол эрх бүхий албан тушаалтан албан хаагчийг шалгаруулж авахаар зохицуулсан” гэж, харин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг “төрийн албан хаагчийн орон тоо нь хасагдсан буюу огт байхгүй болсон тохиолдолд өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, дахин мэргэшүүлэх, нэг удаагийн тэтгэлэг олгох зэргээр төрийн албан хаагчид эдлүүлэх баталгааг олгосон зохицуулалт” гэж ойлгохоор байна .

Маргааны үйл баримтыг дээрх хуулийн зохицуулалттай холбогдуулан авч үзвэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуурыг хангасан гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан шалгаруулалтыг явуулсан байгаа нь хариуцагч орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр маргаан бүхий актыг гаргажээ гэх үзэхээр байна. 

Тодруулбал, нэхэмжлэгч Х.Гийн урьд ажиллаж байсан Геохими болон лабораторийн судалгаа хариуцсан мэргэжилтэнээр түүнээс өөр хүн ажиллаж байгаагүй тул  орон тоог цөөрүүлсэн гэж үзэх боломжгүй бөгөөд энэ ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь шинээр бий болсон гэх Геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгтэй агуулгын хувьд ижил байх тул чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шинээр бий болсон гэх Геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт үг үсгийн өөрчлөлт оруулж, Геологи, эрдэс баялгийн менежментийн мэргэжилтэй байх ажлын байрны шаардлага тавьсанаар Х.Гийн урьд ажиллаж байсан ажлын байрны орон тоо хасагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй.

Түүнчлэн Геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлага нь төрийн байгууллагад 2-оос доошгүй жил ажилласан байх ёстой байтал төрийн албанд 1 жил хүрэхгүй хугацаанд ажилласан Э.Мг тухайн ажил, албан тушаалд  томилсон нь хууль бус гэсэн агуулгаар маргаж байгаа нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна. 

Учир нь гуравдагч этгээд Э.М төрийн байгууллагад 2-оос доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй болох нь түүний нийгмийн даатгалын дэвтэр,  төрийн албан хаагчийн анкет  зэрэг баримтуудаар тогтоогдож  байна.

Ийнхүү чиг үүрэг нь агуулгын хувьд хэвээр хадгалагдан үлдсэн, геологийн инженер мэргэжилтэй байх шаардлагыг хангасан төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ хариуцагч зөрчсөн төдийгүй огт өөр чиг үүрэг бүхий Хайгуулын ажлын зардлын доод хэмжээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан ажилтантай харьцуулан шалгаруулалт явуулж, түүнээс бага оноо авсан үндэслэлээр Х.Гийг ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн, 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн тогтвортой байх зарчмуудтай нийцэхгүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх төрийн албан хаагчид хуулиар олгосон баталгааг зөрчсөн зөрчил гэж үзнэ.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/82 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул уг актыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Гийг “Геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй. 

Шүүх Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгож, Х.Гийг “Геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг дуусталх хугацаагаар зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгах нь зүйтэй байна.

Х.Гийн ажиллаж байсан хугацааны цалингийн цэсийг тооцон үзээд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан буюу хүчинтэй болсон 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг дуусталх хугацааны 11.535.172 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасан болохыг дурьдах нь зүйтэй.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгож, Х.Гийг “Геологи, хайгуулын салбарын менежмент, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд тогтоосугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Х.Гт 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 11.535.172 төгрөгийг (арван нэгэн сая таван зуун гучин таван мянга нэг зуун далан хоёр) төгрөгийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Ц.БАТСҮРЭН

                                           ШҮҮГЧ                    Л.БАТБААТАР

                                                    ШҮҮГЧ                      Н.ДАМДИНСҮРЭН