Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 1048

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,  

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр,

шүүгдэгч А.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч А....ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808004200978 дугаар хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой. мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, aм бүл 7, эх, ах, эгч, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, 3 дугаар баг, ...тоотод оршин суух,

урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 2 жил 6 cap 5 хоногийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зуйлийн 145.4, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 10 жил 6 cap 1 хоногийн хорих ял шийтгэгдэж, Сэлэнгэ аймаг дахь Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 242 дугаар захирамжаар 6 сарын хорих ялыг өршөөн хасагдсан, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 05 жил 04 сар 08 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж ял эдэлж байгаа, Боржигон овогт ...гийн ... /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч А.... нь 2018 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн ... тоотод үйл ажиллагаа явуулах зориулалттай “...” караоке, баарны В1 давхрын цонхоор нэвтэрч, Дэлл маркийн зөөврийн компьютер, Соёрхол, Эвок, Голд Чингис, Улаанбаатар, Хар Чингис гэсэн нэртэй нийт 12 шил архи, Диролл бохь 5 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, “...” ХХК-д буюу хуулийн этгээдэд 350.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 12-нд найзындаа байсан. Тухайн үед сэтгэл санаагаар унаад уудаг байсан. Тэгээд ийм хэрэгт орсон. Энэ гэмт хэргийг үйлдсэндээ гэмшиж байна. Хохирлыг төлнө, хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн  1808004200978 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц....гийн: “2018 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө манай караокений в1 давхрын цонхны хаалтыг эвдээд хулгайч ороод эд зүйлс алдагдсан. Дэлл маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, Соёрхол архи 0,75 литрийн 5 ширхэг, 0,5 литрийн 2 ширхэг, Эвок архи 2 ширхэг, Голд Чингис 0,75 литрийн 1 ширхэг, Улаанбаатар 0,75 литрийн 1 ширхэг, Хар Чингис 0,75 литрийн 1 ширхэг, Диролл бохь 5 ширхэг алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-158-159/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018.01.19-ний өдрийн 04/053 дугаар дүгнэлтэд: “1. 2018 оны 01 сарын 12-ны өдөр СХД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг “SG” зочид буудалд хулгай орж эд зүйлс алдагдсан гэх хэргийн газраас илрүүлж бэхжүүлэн авсан 1 гэж дугаарласан гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцэх гарын мөр нь Папилон санд MN005410002946 гэсэн дугаараар бүртгэгдсэн ... овогтой ...ийн зүүн гарын эрхий хурууны хээнүүдтэй тохирч байна...” гэжээ /хх-33-36/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019.01.15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний 616 дугаар тайланд: “8 нэрийн эд зүйлийг нийт 350.900 төгрөг” гэжээ /хх-49-51/,

Шүүгдэгч А....ийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэг танил маань 21 дүгээр хороололд дуудахаар нь явж очоод тэнд байсан 3, 4 хүмүүстэй архи ууж байгаад орой нь SJ нэртэй караокенд пиво ууж үйлчлүүлж байгаад 90.000 гаруй төгрөгийн тооцоо гарахаар нь манай нэг найз Samsung Note 3 маркийн rap утсаа зөөгч эмэгтэйд зараад гарсан. Би нилээн муудаад бид нар 21 дүгээр хорооллын байрандаа очсон санагдаж байна. Өглөө сэрэхэд тэр байранд нилээн олон архины шил байсан. Би тэр караокеноос гарснаас хойших үйл явдлыг сайн санахгүй байна. Нэг жижигхэн вакум цонхыг түлхэж онгойлгож орсноо санаж байна. ...Би ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг /хх-84, 172/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-18/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-24/, хоригдол А....ийн хувийн байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт /хх-73/, ялын тооцооны лавлагаа /хх-74/, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-102-106/, шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-112/, шийтгэх тогтоолууд, шүүгчийн захирамжуудын хуулбар /хх-62-71, 91-92, 123-130, 131-139, 143-146, 147, 148, 161-165, 166, 167/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирогч “...” ХХК-ийн менежер ажилтай Д....ын гаргаж өгсөн зөвшөөрлийн хуулбар, мөн “Манай байгууллагад учруулсан хохирол болох 350.900 төгрөгийг бүрэн хүлээн авч хохиролгүй болсон. Гомдол саналгүй” гэх хүсэлтийг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А.... үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, хохирлын 350.900 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн асуудлаар маргахгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.... согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн ... тоотод байрлах “SG” караоке баарны В1 давхрын цонхоор нэвтэрч, Дэлл маркийн зөөврийн компьютер, Соёрхол, Эвок, Голд Чингис, Улаанбаатар, Хар Чингис гэсэн нэртэй нийт 12 шил архи, Дролл бохь 5 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, “...” ХХК-д 350.900 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч хуулийн этгээдийн төлөөлөгч Ц....гийн “...подволийн цонхоор хулгай ороод эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-43-44, 47, 159/, шинжээчийн 04/053 дугаар “...2. Шинжилгээнд тэнцэх гарын мөр нь Папилон санд MN005410002946 гэсэн дугаараар бүртгэгдсэн ... овогтой ...ийн зүүн гарын эрхий хурууны хээнүүдтэй тохирч байна...” гэх дүгнэлт /хх-33/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 616 дугаар “8 нэрийн эд зүйлийг нийт 350.900 төгрөг” гэх тайлан /хх-49-51/, шүүгдэгч А....ийн яллагдагчаар өгсөн “...Би тасарчихаад тухайн караоке руу орж эд зүйлс хулгайлсан гэж бодож байна... ...жижиг вакум цонхыг нь гараараа түлхсэн чинь онгойчихсон ба би тэр цонхоор ороод үүдний хэсэгт байдаг текэн дээрээс хэдэн шил архи, текний зүүн талд байсан тайз шиг юман дээр байсан Делл брендийн зөөврийн компьютерыг аваад хаалгыг дотор талаас нь онгойлгож гараад...” гэх мэдүүлэг /хх-84-85, 86-87, 172/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-18/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-24/, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-102-106/ зэрэг нотлох баримтуудаар болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А....ийн хохирогч “...” ХХК-ийн караоке баарны зориулалттай үйл ажиллагаа явуулдаг байрны В1 давхрын цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Гэмт хэргийн улмаас хохирогч “...” ХХК-д 350.900 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд хохирлыг төлсөн болох нь “...” ХХК-ийн менежерийн “...хохирол болох 350.900 төгрөгийг бүрэн хүлээн авч хохиролгүй болсон, ямар нэгэн гомдол саналгүй...” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар А....т 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 16 хоногийг нэмж, нийт эдлэх хорих ялыг 4 жил 11 сар 16 хоногоор тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч бага боловсролтой, ам бүл олуулаа. Тухайн үед хувийн амьдралын талаарх сэтгэл зүйгээс болж гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, учруулсан хохирлоо төлсөн, хулгайн 1 үйлдэл байгааг харгалзан 2 жилийн хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр, түүнээс дээш үйлдсэн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, орон байранд цонхоор нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч байгууллагад 350.900 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, хохирол төлөгдсөн, хохирогч “Гомдолгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд 3 удаа ял шийтгэгдсэн, одоо хорих ял эдэлж байгаа/ зэргийг харгалзан А....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А....т энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2019.07.18-ны өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, А....ийн биечлэн эдлэх хорих ялыг нийт 4 жил 5 сар 16 хоногоор тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж ...болно” гэж заажээ. Шүүх шүүгдэгч А....ийн урьд олон удаа ял шийтгэгдэж байсан, шийтгэх тогтоол гарах үед хорих ял эдэлж байгаа зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч А....ийн урьдчилан хоригдсон 2019 оны 7 дугаар сарын 18-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 77 /далан долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулах тооцох нь зүйтэй гэж үзэв. /хх-91-92, 96-97/.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүйний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Боржигон овогт ...гийн ...ийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А....ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А....т энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч А....ийн биечлэн эдлэх хорих ялыг нийт 4 /дөрөв/ жил 5 /тав/ сар 16 /арван зургаа/ хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А....т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А....ийн цагдан хоригдсон 77 /далан долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.... бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А....ийн эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А....т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР