Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1248

 

А.Гт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1048 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1808004200978 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

...................................., 19........... ......... дугаар сарын ..............ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, ах, эгч, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, 3 дугаар баг, Гандангийн 8 дугаар гудамж, 8 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:М.........../,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 cap 5 хоногийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт тус тус зааснаар 10 жил 6 сар 1 хоногийн хорих ял шийтгэгдэж, Сэлэнгэ аймаг дахь Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 242 дугаартай захирамжаар 6 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хассан, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эдлээгүй үлдсэн 5 жил 4 сар 8 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, ял эдэлж байгаа.

А.Г нь 2018 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 22г тоотод үйл ажиллагаа явуулах зориулалттай “СЖ” караоке, баарны В1 давхрын цонхоор нэвтэрч, “Дэлл” маркийн зөөврийн компьютер, Соёрхол, Эвок, Голд Чингис, Улаанбаатар, Хар Чингис гэсэн нэртэй нийт 12 шил архи, Диролл бохь 5 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, “Би Эс Ти Жи” ХХК-д буюу хуулийн этгээдэд 350.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ........... овгийн ..................ийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар А.Гийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Гт энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, А.Гийн биечлэн эдлэх хорих ялыг нийт 4 жил 5 сар 16 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар А.Гийн цагдан хоригдсон 77 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Г бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх урьд нь ял шийтгэгдсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлах үндэслэлгүй гэж үзсэн. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний цаашдын амьдралд боломж олгож, надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч А.Гийн өмгөөлөгч А.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ саналыг дэмжиж байна. А.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт нэг удаагийн үйлдлээр холбогдон анхан шатны шүүхээс 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч нь хохирогчид учруулсан 350.900 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруу дээр маргаагүй, хэргээ үнэн зөвөөр мэдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй. Иймээс А.Гт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хөнгөрүүлж, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах буюу нэг жилийн хорих ял оногдуулж өгөхийг хүсэж байна.” гэв.

 

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэх хэрэгт гэм буруутайд тооцож анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гарсан. Давж заалдах гомдлоос харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэсэн байгаа. Энэ нь заавал хэрэглэнэ гэсэн ойлголт биш. Анхан шатны шүүх үзэхдээ А.Гийг урьд олон удаа ял шийтгэгдэж байсан, шийтгэх тогтоол гарах үед хорих ял эдэлж байсан зэрэг хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзсэн. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг прокурорын зүгээс үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1048 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

А.Г нь 2018 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 22г тоотод үйл ажиллагаа явуулах зориулалттай “СЖ” караоке, баарны В1 давхрын цонхоор нэвтэрч, “Дэлл” маркийн зөөврийн компьютер, Соёрхол, Эвок, Голд Чингис, Улаанбаатар, Хар Чингис гэсэн нэртэй нийт 12 шил архи, Диролл бохь 5 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, “Би Эс Ти Жи” ХХК-д буюу хуулийн этгээдэд 350.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бат-Өлзийгийн “...2018 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө манай караокений В1 давхрын цонхны хаалтыг эвдээд хулгайч ороод эд зүйл алдагдсан байсан. “Дэлл” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, Соёрхол архи 0.75 литрийнх 5 ширхэг, 0.5 литрийнх 2 ширхэг, Эвок архи 2 ширхэг, Голд Чингис архи 0.75 литрийнх 1 ширхэг, Улаанбаатар архи 0.75 литрийнх 1 ширхэг, Хар Чингис архи 0.75 литрийнх 1 ширхэг, диролл бохь 5 ширхэг алдагдсан. ...” гэх мэдүүлэг /хх 47/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 19-21/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 22-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 04/053 дугаартай дүгнэлт /хх 33/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 49-51/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 102-106/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

            Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцсэн байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч А.Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Шүүгдэгч А.Гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс А.Гт Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, энэ хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 4 жил 5 сар 16 хоногийн хорих ялаар тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “...надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн шүүгдэгч А.Гийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч А.Г нь өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 cap 5 хоногийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт тус тус зааснаар 10 жил 6 сар 1 хоногийн хорих ял шийтгүүлж, эдлээгүй үлдсэн 5 жил 4 сар 8 хоногийн хорих ялаас чөлөөлөгдөж байсан бөгөөд дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал нь түүний засрал хүмүүжлийг олоогүй байдлыг илтгэж байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж хуулчилсан бөгөөд түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг нэмж нэгтгэсэн нь хуульд нийцсэн байна.

 

Хэдийгээр энэ гэмт хэргийг хорих ял эдэлж байхдаа үйлдээгүй байх боловч түүний нийт эдлэх ялын хэмжээг дээрх Эрүүгийн хуулийн зүйл, заалтад заасан зарчмаар тогтоосныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй.

 

Шүүгдэгч А.Гт оногдуулсан ялын хэмжээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын хэмжээнээс их биш байна.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1048 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1048 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

 ШҮҮГЧ                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                      Д.МЯГМАРЖАВ