| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2020/0876/З |
| Дугаар | 221/МА2021/0223 |
| Огноо | 2021-05-12 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2021/0223
“М И Э Ж” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, цахимаар гомдол гаргагчийн төлөөлөгч Г.М, хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О, М.О нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 46 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргагчийн давж заалдах гомдлоор, “М И Э Ж” ХХК-ийн гомдолтой, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 46 дугаар шийдвэрээр:
“1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М И Э Ж” ХХК-иас гаргасан, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М И Э Ж” ХХК нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар шийтгэлийн хуудасны “2015 оны тайланд тусгагдсан 171.580.727.27 төгрөгийн Аж ахуйн нэгжийн орлогод холбогдох” хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож” тус тус шийдвэрлэжээ.
Хоёр. “Мон Инж Эм Жи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...“М И Э Ж” ХХК нь Архангай аймгийн Хангай суманд 320 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга барихаар тендерт шалгарч 2015 онд ажлаа эхэлсэн. Ингээд “М Г Э И” ХХК-иас ... тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 363.636.363.63 төгрөгийн барилгын материалыг 2015 оны 6 дугаар сараас 2015 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд татаж авсан.
Бүх бараа материал, бичиг баримтууд хуулийн дагуу хийгдсэн. Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалыг баримтлан ажилласан. Хоёр тал харилцан хүлээн зөвшөөрч татварын тайланд тусгагдсан нь баримтаар нотлогдсоор байтал 36.363.636.40 төгрөгийн нөхөн төлбөр, 10.909.090.90 төгрөгийн торгууль, 7.272.727.30 төгрөгийн алданги ногдуулж, нийт 54.545.454.60 төгрөгийг татварын байгууллагын байцаагч нар манай байгууллагаар төлүүлэхээр акт тавьсан байна.
Дээрх төлбөрийг тавихдаа хэтэрхий нэг талыг барьж “М Г Э И” ХХК-тай холбоотой хэргийг Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон байтал манай байгууллагыг хуурамч падаан бичүүлж улсыг хохироосон гэж үзсэн. Бид мөнгөө төлж бараа материалаа аваад 320 хүүхдийн сургуулийг барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн.
Түүнчлэн бид татварын хуулийг зөрчиж ямар нэгэн хуурамч хууль бус үйлдэл гаргаагүй, цаг тухай бүрд тайлангаа өгч уг үйл баримтаа татварын хэлтсээр баталгаажуулан ажиллаж байсан.
Иймд бидний гомдлыг хангаж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Хэргийн 181 дүгээр талд авагдсан 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөр огноолсон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Анхбаярын гарын үсэг зурагдсан байх боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа, өөрчилсөн зүйл байхгүй гэдгээ, шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн болох нь тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон “М И Э Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.М нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаагүй гэсэн байр суурь илэрхийлж буй энэ тохиолдолд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй “татгалзал”-ыг зөвхөн дээрх баримтад үндэслэж татгалзсан гэж дүгнэх нь хангалтгүй.
Нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан нь ийнхүү бүрэн тогтоогдохгүй байх тул шийдвэрийн Тогтоох хэсгийн 2-т “…шийтгэлийн хуудасны “…2015 оны тайланд тусгагдсан 171.580.727.27 төгрөгийн Аж ахуйн нэгжийн орлогод холбогдох” хэсгээс татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66, 60 дүгээр зүйлд нийцсэн гэж үзэх боломжгүй, түүнчлэн анхан шатны шүүхийн огт дүгнэлт өгөөгүй энэхүү үйл баримтад давж заалдах шатны шүүх нөхөн дүгнэлт хийх боломжгүйгээс гадна хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй байна.
Нэхэмжлэгчийг зарим шаардлагаасаа “татгалзаагүй” гэж үзвэл хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д заасны дагуу “шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй” гэх нөхцөл байдал үүснэ, харин “татгалзсан” гэж үзвэл тухайн татгалзлыг батлах ажиллагаа хуульд заасан журмаар явагдаагүй гэж үзэх бөгөөд үүнийг давж заалдах шүүхээс зөвтгөх боломжгүй.
“М И Э Ж” ХХК-ийн 2013-2017 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон гэх зөрчлүүдээс Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнөх хугацаанд хамаарах зөрчилд ногдуулсан хариуцлага болох торгууль, алдангийн дүн хэд болох, түүнийг өршөөлд хамруулах үндэслэл байгаа эсэх нь хэрэгт авагдсан баримтаас тодорхойгүй байна.
Иймд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн дэмжиж байгаа эсэхийг тодруулж, хариуцагчаас шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийн задаргааг дээрх хугацааны хамаарлаар гаргуулсны үндсэн дээр хэргийг дахин хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 46 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН