Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 1050

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Х.Онолт,

хохирогч Б.Н ,

шүүгдэгч Б.Я  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Я г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908034361187 дугаар хэргийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянхонгор аймагт өрмийн туслах ажилтай гэх, ам бүл 3, эх, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ... дүгээр гудамж, ... тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 472 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, З  овогт Б.Я /РД:..../.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Б.Я  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” баарны гадаа иргэн Б.Н тэй маргалдаж, улмаар чулуу шидэж нүүрэн тус газар нь онож, эрүүл мэндэд нь “дээд уруул, уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал, 2 дугаар шүдний булгарал, угийн буйлны цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Я  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “....” бааранд 1 залуутай муудалцсан. Н тэй муудалцаад түлхээд зугтаасан чинь араас хэдэн залуучууд хөөгөөд зодсон. Чулуу байхаар нь аваад далайсан чинь хохирогч оногдсон. Хохирол төлөөгүй, төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ажил хийхээр яваад ирж чадаагүй. Дахиж ийм асуудал гаргахгүй гэж бодож байна” гэв.

Хохирогч Б.Н  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 6 дугаар сарын 28-нд найзын хамт “....” бааранд орсон. Энэ залуу намайг мөрлөөд, хэл амаар доромжлоод байсан. Гарч зугтаад юм шидсэн чинь намайг оносон. Хэдэн залуу түүнийг барьж авсан. Би шүдгүй болсон, хэцүү байна. Хохирол төлөөгүй, би шүдээ эмчлүүлж авмаар байна” гэв.

 

Эрүүгийн 1908034361187 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Н ийн: “2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр найз Б тай ...“....” бааранд орсон. Би 00 орох гээд явж байхад бүжгийн талбай дээр үл таних залуу намайг мөрлөөд нуруугаараа түлхээд байхаар нь “Яагаад байгаа юм” гэж хэлээд 00 орчихоод баарнаас гараад зогсож байхад Я  миний араас гарч ирэхээр нь би “чи яагаад намайг түлхээд байсан юм бэ” гэхэд тэр үед Б  гарч ирээд Янсанд “чи яагаад байгаа юм бэ” гэхэд Я  намайг хэл амаар доромжилж “янхан, гичий” гээд өмдний тэлээгээ сугалаад “бүгдийг чинь ална шүү” гэж орилж хашгираад Б гийн нуруу руу нэг удаа ороолгоод зугтаасан. ...Я  газраас цагаан өнгийн плита аваад шидэх үед миний дээд шүд рүү оносон. Миний уруулаас цус гараад үүдэн хоёр шүд хугарсан. Би орилж чарлаад байж байхад Б  Я  гэж залууг бариад аваад ирсэн. ...Би гомдолтой байна. Хугарсан эмтэрсэн шүдээ янзлуулмаар байна. Толгойн томографийн зураг авахуулж шүдний эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэмээр байна...” гэх мэдүүлэг /хх-7-8/,

Гэрч Б.Б ын: “...Би баарны гадаа гарахад Н  нэг бага шиг туранхай залуутай хэрэлдэж маргаад байж байхаар би Н ээс юу болсон талаар асуухад “намайг бааранд мөрлөөд, араас гарч ирээд хэл амаар доромжлоод байна” гэсэн. Би Я  гэж залууд хандаж “чи яагаад эмэгтэй хүнийг хэл амаар доромжлоод байгаа юм бэ” гэхэд “чи юу юм бэ, та нарыг бүгдийг чинь ална шүү” гээд өмдний тэлээгээ сугалаад миний нуруу руу нэг удаа ороолгоод хойшоо зугтаасан. Би хөөхөд газраас нэг чулуу аваад эргэж хараад шидэх шиг болсон. Тэр үед Н  миний ард “ёо ёо” гээд орилох чимээ гарсан. Н  Я  гэж залууг “чи намайг чулуугаар цохичихлоо” гээд дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх-17-18/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.06.29-ний өдрийн 8067 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Н ийн биед дээд уруул, уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 1-р шүдний хугарал, 2-р шүдний булгарал, угийн буйлны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна” гэжээ /хх-21/,

Шүүгдэгч Б.Я гийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ...би баарнаас гараад гүйж байхад нэг залуу миний араас хөөгөөд, өмсөж явсан яакнаас бариад авахаар нь яакаа хүзүүнээсээ мултлаад цаашаа гүйхэд урд зогсож байсан хоёр залуугийн нэг нь намайг хавирч унагаагаад, цохих гээд байхаар нь би босохдоо цагаан өнгийн хагархай плитаг аваад тэр хоёр залуу руу далайхад миний гарнаас мултлаад цаанаас ирж байсан Н ийн нүүрийг онохоор нь би цаашаа зайгаа барьж гүйгээд байрны буланд зогсож байхад Н  муухай орилоод байхаар нь санаа зовоод буцаад очиход 00-д мөргөлдсөн залуу намайг барьж аваад миний өмдний тэлээгээр миний хоёр гарыг ард боогоод, баарны 00 руу оруулсан...” гэх мэдүүлэг /хх-28-31/,

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан иргэн Б.Н ийн өргөдөл /хх-4/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-36/, эд хөрөнгө “бүртгэгдээгүй” лавлагаа /хх-37/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-47-49/, хохирлын баримтууд /хх-54-55/, торгох ял биелүүлсэн талаарх банкны орлогын мэдүүлгийн хуулбар /хх-59/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргаж өгсөн “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” тогтоолыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирлын 275.000 төгрөгийг төлүүлэх саналтай. Бусад хохирлын талаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж өгнө үү...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй. Би дахиж ийм асуудал гаргахгүй гэж бодож байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Я  согтуурсан үедээ 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “....” баарны гадаа иргэн Б.Н  рүү плита шидэж, дээд уруул, уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал, 2 дугаар шүдний булгарал, угийн буйлны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Н ийн “...Я  газраас цагаан өнгийн плита аваад шидэх үед миний дээд шүд рүү оносон. Цус гараад үүдэн хоёр шүд хугарсан...” гэх мэдүүлэг /хх-7-8/, гэрч Б.Б ын “...Я  ...газраас нэг чулуу аваад эргэж хараад шидэх шиг болсон. Тэр үед Н  ард “ёо ёо” гээд орилж хашгираад...” гэх мэдүүлэг /хх-17-18/, шүүх эмнэлгийн 8067 дугаар “1. Б.Н ийн биед дээд уруул, уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 1-р шүдний хугарал, 2-р шүдний булгарал, угийн буйлны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна” гэх шинжилгээ /хх-21/, шүүгдэгч Б.Я гийн яллагдагчаар өгсөн “...цагаан өнгийн хагархай плитаг аваад тэр хоёр залуу руу далайхад миний гарнаас мултраад цаанаас ирж байсан Н ийн нүүрийг онохоор нь...” гэх мэдүүлэг /хх-28-31/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан иргэн Б.Н ийн өргөдөл /хх-4/ зэрэг нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Я гийн хохирогч Б.Н  рүү плита шидэж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч 156.040 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн бөгөөд шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд шүүгдэгч хохирогчид 156.000 төгрөгийг төлсөн нь хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд гаргаж өгсөн “...Я гаас 156.000 төгрөг авсан ...шүдээ эмчлүүлж янзлуулах мөнгийг иргэний шүүхэд хандан шийдвэрлүүлнэ” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч нь “Цаашид шүдээ янзлуулах зардлаа иргэний шүүхээр шийдвэрлүүлнэ” гэх тул хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Чулуу ашиглан гэмт хэрэг үйлдсэн, хор уршиг бүрэн арилаагүй, өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Я д 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, урьдчилан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Дахиж бааранд ажиллахгүй. Хохирлыг төлж барагдуулна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, эмэгтэй хүнийг доромжилж, плита шидэж хүний эрх, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, баримтаар тогтоогдсон хохирол төлөгдсөн, хор уршиг бүрэн арилаагүй, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна/, шүүгдэгчийн хувийн байдал /2019 оны 4 дүгээр сард энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Харин хэмжээний хувьд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Я г 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.

Шүүгдэгч Б.Я гийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 8 цагийн ажлыг эдлэх ялаас хасах нь зүйтэй.    

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Я  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З  овогт Б.Я г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Я г 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Я гийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүний эдлэх ялаас 8 /найм/ цагийн ажлыг хасаж тооцсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Я  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Я  энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хохирогч Б.Н  нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Я д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Я д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР