Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1172

 

188/2019/1003/Э

 

 

 

 

  2019          11            21                                             2019/ДШМ/1172    

 

Б.Я-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Р.Энх-Оюун,

шүүгдэгч Б.Я-гийн өмгөөлөгч Г.Батболд,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 1050 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Я-гийн өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.Я-д холбогдох 1908034361187 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

.......... Я-, 1996 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ......... ажилтай, ам бүл 3, эх, эгчийн хамт Сонгинохайрхан ....... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:......./,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 472 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;

 

Б.Я- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэрлэн” баарны гадаа иргэн Б.Нарангэрэлтэй маргалдаж, түүнтэй хамт явсан Б.Батбаярыг өмднийхөө тэлээгээр ороолгон зугтааж явахдаа плитаны хагархай авч шидэн Б.Нарангэрэлийн эрүүл мэндэд дээд уруул, уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал, 2 дугаар шүдний булгарал, угийн буйлны цус хугаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Я-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ...... Я-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Я-г 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Я-гийн цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүний эдлэх ялаас 8 цагийн ажлыг хасаж тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Я- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Я- бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хохирогч Б.Нарангэрэл нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Б.Я-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Я-гийн өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.Я-гийн өмгөөлөгчийн хувьд өөрийн үйлчлүүлэгчийн гэм буруугийн талаар маргахгүй, харин түүнд оногдуулсан шийтгэлийн төрлийг эс зөвшөөрч байна. Шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө шүүх хуралдааны явцад илэрхийлсэн. Мөн тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэг, тодорхой хэмжээний цалин хөлс авдаг тул торгох ял оногдуулсан тохиолдолд шүүхээс тогтоосон хугацаанд төлөх боломжтой. Харин нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулбал хөдөө орон нутагт хийдэг ажлаа хийж чадахгүй нөхцөл байдал үүсч байна. Тиймээс шүүгдэгч Б.Я-д оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Я- нь урьд хүний эрүүл мэндэд хохирол учруулж 700.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, шүүх хуралдаан болохоос өмнө төлж барагдуулсан. Өмнөх гэмт хэрэгтээ ял шийтгүүлснээс хойш 2 сарын дараа дахин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүх түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

          Б.Я- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэрлэн” баарны гадна иргэн Б.Нарангэрэлтэй маргалдаж, түүнтэй хамт явсан Б.Батбаярыг өмднийхөө тэлээгээр ороолгон зугтааж явахдаа плитаны хагархай авч шидэн тэр нь Б.Нарангэрэлийн нүүрэн тус газар онож, эрүүл мэндэд нь дээд уруул, уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал, 2 дугаар шүдний булгарал, угийн буйлны цус хугаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Б.Нарангэрэл нь “...Би “боль” гэж хэлээд Батбаярын араас гүйж байхад Я- газраас цагаан өнгийн плита аваад шидсэн нь миний дээд шүд рүү онож, дээд уруулаас цус гараад үүдэн хоёр шүд хугарсан. ...” /хх 7-8/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч Б.Батбаярын “...Би Я-д “чи яагаад эмэгтэй хүнийг хэл амаар доромжлоод байгаа юм бэ” гэж хэлэхэд “чи юу юм, та нарыг бүгдийг чинь ална шүү” гэж хэлээд өмдний тэлээгээ сугалж аваад миний нуруу руу нэг удаа ороолгоод хойшоогоо чиглээд зугтаасан. Би араас нь хөөж явахад газраас чулуу аваад эргэж хараад шидэх шиг болсон. Тэр үед Нарангэрэл миний ард ёо ёо гээд орилох чимээ гарсан. ....Нарангэрэлийн уруул, амнаас нь цус гарсан, шүд хугарчихлаа гэж хэлээд нилээн бухимдалтай байсан. ...” /хх 17-18/,

 

Б.Я-гийн яллагдагчаар өгсөн “...Намайг гүйж байхад миний урд зогсож байсан хоёр залуугийн нэг нь намайг хавирч унагаагаад дээрээс цохих гээд байхаар нь би газар байсан хагархай плитаг аваад далайхад миний гараас мултраад цаанаас ирж байсан Нарангэрэлийн нүүрийг оносон. ...” /хх 28-31/ гэх мэдүүлгүүд,

 

“...Б.Нарангэрэлийн биед дээд уруул, уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний хугарал, 2 дугаар шүдний булгарал, угийн буйлны цус хугаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон. …” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 8067 дугаартай дүгнэлт /хх 21/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Я-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний Б.Нарангэрэлийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд нарын зүгээс Б.Я-г хөдөө орон нутагт ажил эрхэлдэг байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулах тухай гомдол гаргажээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

 

Өөрөөр хэлбэл шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхээс бусад тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний саналаар /хүсэл зоригт нийцүүлэх/ биш гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан өөрийн эрх хэмжээний хүрээнд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах учиртай.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.Я- нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 472 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан ба торгох ялыг биелүүлмэгц дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь өмнө үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй, ялын зорилго хангагдаагүй гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч Б.Я-гийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял нь түүний гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

           

Харин анхан шатны шүүх шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүний эдлэх ялаас 8 цагийн ажлыг хасаж тооцсон нь зөв боловч биечлэн эдлэх нийт ялын хэмжээг тогтоолгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолын 3 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Я-гийн өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 1050 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Я-гийн цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүний эдлэх ялаас 8 цагийн ажлыг хасаж тооцсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Я-гийн цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 8 цагийг хасаж, биечлэн эдлэх ялыг нийт 712 /долоон зуун арван хоёр/ цагаар тогтоосугай. ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Б.Я-гийн өмгөөлөгч Г.Батболд, Ц.Гансүх нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН                                         

                                    ШҮҮГЧ                                                             Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН