Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/00376

 

Л.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн  Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02284 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2017/02323 дугаар магадлалтай,

Л.Б-ийн нэхэмжлэлтэй,

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч С.Өнөрзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Л.Б-, Э.Нямжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэл, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Л.Б- нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 9 сарын 19-ний өдрийн Б/380 дугаар тушаалаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирлаар томилогдсон. 2016 оны 9 сарын 7-ны өдөр Насан туршийн боловсролын үндэсний төвийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх ажлын удирдамж-ыг баталсан байдаг. Тус удирдамжийн дагуу хийсэн шалгалтаар Насан туршийн боловсролын үндэсний төвийн төсвийн тайлан, төслийн гүйцэтгэл, ажил үйлчилгээнүүд нь холбогдох хууль тогтоомж, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, түүнд нийцүүлэн гаргасан Сангийн сайдын  заавар,  журмуудыг  зөрчсөн  гэж  үзэн  2016  оны  9  сарын 26-ны өдрийн 10/1647дугаартай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас дотоодын аудитын дүгнэлт гаргасан. Улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2016 оны 11 сарын 4-ний өдрийн Б/11 дугаартай тушаал гаргаж нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.7-д зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Сангийн сайдын заавар, журмуудыг зөрчсөн гэж тусгасан боловч яг ямар хууль, заавар, журмын ямар заалт, холбогдох хэсгийг зөрчсөн талаар нарийвчлан тусгаагүй үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Насан туршийн боловсролын үндэсний төвд шалгалт хийсэн мэргэжилтнүүд нь хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу улсын байцаагчийн эрхгүй мэргэжилтнүүд байсан. Үүнээс үзэхэд тус дотоод аудитын дүгнэлт нь хууль бус дүгнэлт болох нь харагдаж байна.

Иймд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 11 сарын 4-ний өдрийн Б/11 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг тус яамны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговрыг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дотоод аудитын 2016 оны 9 сарын 26-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам шүүхэд гаргасан тайлбартаа: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 9 сарын 7-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу Насан туршийн боловсролын үндэсний төвийн 2015 он, 2016 оны эхний 8 сарын санхүү, үйл ажиллагаанд дотоод аудит, хяналт шалгалтыг газар дээр нь шалгах, санхүүгийн үйл ажиллагааны тайлан мэдээ, бусад материалуудтай тулган шалгах, холбогдох албан тушаалтнаас гаргасан баримт бичгийг нягтлах хяналт шалгалтыг хийж 2016 оны 9 сарын 15-ны өдөр дотоод аудитын ажлын тайланг гаргасан. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 2016 оны 9 сарын 26-ны өдрийн 10/647 дугаар бүхий аудитын дүгнэлт гаргаагүй болно. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэгт Дотоод аудитор нь санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй байна гэж заасан байдаг ч Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Дотоод аудитын дүрэм-ийн 4.7-д Төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудиторт санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, ахлан байцаагчийн эрх олгож болно гэж заасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 8 сарын 29-ны өдрийн Б/21 тоот тушаалаар тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 сарын 15-ны Б/02 тоот тушаалын хавсралтаар батлагдсан ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангасан тул Банзарын Батсайханыг дотоод аудитор, Бямбаагийн Батгэрэлийг хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтнээр тус тус томилсон байна. Уг ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан албан хаагч нар ажил үүргээ гүйцэтгэсэн болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02284 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Б-ийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8.116.176 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Л.Б-ийн ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дотоод аудитын 2016 оны 9 сарын 26-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 144.808 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2017/02323 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02284 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг 3, 5 дах заалтыг 4, 6 дах заалтыг 5, 7 дах заалтыг 6 гэж тус тус дугаарлан өөрчилж хариуцагчийн өмгөөлөгч С.Өнөрзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч С.Өнөрзаяагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144.810 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Өнөрзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дугаар сарын 08-ны өдрийн 210/2017/МА02323 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан гомдолд огт дүгнэлт хийгээгүй, магадлалдаа тэр талаар тусгаагүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т заасантай гэсэнтэй нийцээгүй. Учир нь хариуцагчийн өмгөөлөгч миний бие анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг баримтлан шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж хариуцагчид мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан “.....эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэснийг зөрчиж, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаараа захирамж гаргаагүй. Ийнхүү захирамж гаргаагүй явдал нь тухайн захирамжид гомдол гаргах хариуцагчийн эрхийг эдлүүлээгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа энэ талаар ямар ч дүгнэлт хийхгүйгээр анхан шатны шүүхийг “маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй” гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/0284 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дугаар сарын 08-ны өдрийн 210/2017/МА02323 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирлын  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Ажил олгогч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б/11 дүгээр тушаал гаргаж, нэхэмжлэгчийг Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирлын ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах заалтыг үндэслэл болгожээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2016 оны 9 дүгээр сарын 15-ний өдрийн ажлын тайланд нэхэмжлэгчийг 7 төрлийн зөрчил гаргаж, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан  талаар  дурдсан боловч тэрээр уг зөрчлүүдийг  гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Ажил олгогч нь ажилтныг ажлаас халахдаа тушаалын үндэслэлийг нотлох үүрэгтэй, тодруулбал, аудитын ажлын тайланд дурдсан зөрчил нь баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан зохицуулалт нь ажилтан зөрчил гаргасан бол ажил олгогч нь 6 сарын дотор зөрчлийг илрүүлэх, зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын арга хэмжээ авах агуулгатай.  Хариуцагч нь ажилтны гаргасан зөрчлийг илрүүлж тогтоосон бол хуулиар тогтоосон хугацаанд сахилгын шийтгэл ногдуулах эсэхийг шийдвэрлэх бөгөөд хугацааг баримтлаагүй тохиолдолд тушаалыг хуульд нийцсэн гэж үзэхгүй.

Шүүх ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэх эсэх, зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хуулийн хугацаа зэрэг тухайн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ тухайгаа шийдвэр, магадлалд тодорхой тусган нэхэмжлэлийг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т нийцжээ.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дотоод аудитын дүгнэлтийг хүчингүй болгох шаардлагаасаа татгалзсаныг давж заалдах шатны шүүх  шаардлагаа багасгасан гэж үзэж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй байна. 

Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно.

Хариуцагч шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа нотолж чадаагүй бөгөөд шүүх шинжээч томилох шаардлагагүй гэж үзэн хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-г зөрчөөгүй тул энэ талаарх гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2017/02323 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 144.810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ